ХУРДАН МОРИНЫ УЯАН ДЭЭР ЭЛЭЭСЭН НЭГЭН ЖАРАН

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 18 -нд

Баян-Адарга сумынхаа түүхт 100 жилийн ойд зориулав 

/Цуврал-4/

 ТЭРГҮҮН ЗҮЙЛ

  ДАМЖСАН ХИЙМОРЬ

                                                                              Энэ морин хүлгийн хүлэси гаргажа

                                                                              Хүлыень хүнгэлхн тулада хүтэлэн ябагуулагча

                                                                             Үдэр сүниин цагта, үнэн сэдьхэл, үнэн зориг еэр

                                                                             Зүдхэмжэлэн оролдогчо хүндэтэ нүхэр

                                                                                /Эртний морь цоллогооны үгээс.../

Энэ морин хүлгийн хөлсийг нь гаргаж

Хөлийг нь хөнгөлөхийн тулд хөтлөн явуулагч

Өдөр шөнийн цагт үнэн сэтгэл, үнэн зоригоор

Зүтгэмжлэн оролдогч хүндэт нөхөр. . . хэмээн Халх Монголын эртний жаяг заншлаар түрүүлж айрагдсан хүлгийн цолыг дуудахдаа уяа сойлгыг нь тааруулсан эрдэмт уяачийг нь заавал алдаршуулан дуурсгадаг уламжлалтай байв. Халхад цуутай хурдтай хаан дов Хан Хэнтий аймгийн наадамд гал уяанаасаа таван түрүү, таван айраг авч, Хэрлэнгийн Хөдөө аралд болсон Чингэс хааны түмэн өлзий гийсний 840 жилийн ойн Төрийн их тахилгад зориулсан улсын их даншиг наадамд их насны улаан морь нь түрүүлж торгон жолоогоо өргүүлэн Түмэн эхээр цоллуулсан хурдан хүлгийг эрхшээгч зүтгэмжит эзэн хүндэт эрхэм болбоос МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ГОНЧИГИЙН СОДНОМ болой.

Нэгэн мянга есөн зуун тавин зургаан оны улаан бичин жил төрсөн тэрбээр дөрөвхөн настайдаа хотол төгс хэмээгч цагаан хулгана жил хурдны морины нуруунд мордож уяан зэлэн дээр ирснээс хойш бүхэл бүтэн нэгэн “жаран”-аас илүү хугацааг морины хийморьт зориулсан байна. Морь уяж хурдлуулна гэдэг түрүүлж, айрагдах нь гол нь биш, хүлгийн шандас үзэх хийморилог сорил учраас атаа жөтөө гэх зүйл хэзээ ч байж болохгүй хэмээн ярих морины эл амьд судар Г.Содном абугайн унасан газар бол Монголын Нууц Товчоо шаштирт Бидэр хошуу хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Биндэрийн овооны дорно бэл Рашаан хадны зүүн талд, Өглөгчийн голын урд эрэг. Харин аав Магсарын Гончиг нь Баян-Адарга сумын нутагт Гучитын уулын өвөрт Онон голын эрэг дээр мэндэлж,  Байшинтын дивизэд холбоочиноор цэргийн алба хааж байхдаа ЗХУруу цэргийн сургуульд явахаар шалгараад байсан ч тэр дивизэд болсон хордлогоос болж нүд нь гэмтээд дөрвөн жил албаа хаагаад халагдаж ирэв. Цэргээс ирээд ээж, дүүгийнхээ хамт Баян-Адарга сумынхаа Арангатын овооны орчмоор нутаглаж байгаад Гурванбаян руу нүүжээ. Ээж Самбуугийн Алтангэрэл нь Гурван харуултайд төрсөн хун шувуун гарвалт Буриад хүн байсан байна. Өвөө Самбуугийн ах Содном нь номтой эрдэмтэй хүн байсанч их хэлмэгдүүлэлтийн үед цөллөгт яваад сураггүй болсон тул өвөө Самбуу нь ахыгаа дурсаж зээ хүүдээ Содном хэмээн ахынхаа алдарыг хайрласан нь хожмоо Их хүлэгч, улсын Манлай уяач болж энэ цаг үедээ манлайн хийморио унаж эргэж ирсэн нь энэ буюу.

Идэр залуу Гончигийн Содном 1974 онд цэргийн албанд татагдаж Өвөрхангай аймгийн Хархорин суманд 45 хоног карантилагдаж, дараа нь Орхоны Сангийн Аж ахуйн Сант толгойд албаа хааж байтал Улаанбаатар хотын Барилгын 8-р ангид шилжүүлж тэндээ 2 жил болов. Сүүлийн 6 сарыг Хөвсгөлийн Хатгалд хааж хугацаагаа дуусгаад 1977.09.15-нд халагдаж нутагтаа ирсэн байна. Батширээтэд 1 жил бригадын зарлага хийж, нэг жил орчим адууны манаанд явж байгаад нэгдлийн 650 эм төлөг авч төллүүлэн тасралтгүй 10 гаруй жил маллаад Батширээт сумын хамгийн анхны хувийн аж ахуйтан болсон байна. Арав  гаруй жил нэгдлийн малыг маллахад гавшгайч болон сум аймгийн аваргын болзолыг хангаж байсан ч намын гишүүн биш учраас Засгийн газрын жуух болон баярын бичгээр урамшуулаад л өнгөрдөг байж. 1989 онд Нэгдлийн гишүүдийн хурал дээр “хувийн аж ахуйтан болох хүсэлтэй хүн байна уу” гэхэд нь гараа өргөөд босоход хүмүүс айж сандарч болгоомжлон “чи боль, буруудаж хэрэгт оров” гэж араас нь бүс, ханцуй хормойг нь татаж хориглож болгоомжилж байв, энэ асуудал яригдахад ганцаараа тийм хүсэлт гаргаснаар анхны хувийн аж ахуйтан болов.  Тэр жил нэгдлийн 25 орчим адууг түрээсээр хариуцаж байсан ч хувьчлалаар адуу аваагүй аж. Адуу авах ч шаардлагагүй, учир нь ааваас нь өвлүүлсэн хурдны шандастай унаган голомтынх нь сүрэг дээрээ өөрөө нэгдлийн хонь маллаж байхдаа цуглуулсан адууных нь тоо толгой боломжийн хэмжээнд хүрсэн байж. Тэр үед хангайн бүсэд нэг айл 5-аас илүү адуутай байхыг зөвшөөрдөггүй байсан учир сумын төв дээр байгаа малгүй хүмүүсийн нэр дээр адуугаа хувааж тоолуулаад норм болох дэл сүүлийг нь хариуцаж, бас идэш уушинд нь тусална. Харин нэгдэл тарахад нэгдлийн хонь сайн маллаж байсан тул 300 гаруй хонь ямаа, 10 гаруй үхэр хувьчлалаар авсан байна. Хувьчлалаар авсан богоо дараа нь адуу болгож хувиргах болов.  

Миний аав Магсарын Гончиг залуу цагаасаа авга ах Багимадын Доржийнд адуу малтай ноцолдож мал адуулах арга ухаанд суралцсан, найз нөхөдтэйгээ морь уяж улс хувьсгаын барь хүлгийн тоосоо өргөж явсан хүн. Би цэргээс ирээд аавынхаа арав орчим адуунаас уяж сойж уяачийн гараагаа эхэлсэн. Дараа жил нь аав  маань хусуур, сойзоо шилжүүлж өгсөн. Тэр цагаас хойш уяа сойлгоо гардан хийж эцгийн хусуурыг наадмаас наадмын хооронд хурдан хүлгүүдийн хөлсөнд дэвтээж явна даа, хүүхдүүд маань бас дажгүй л уяж сойж байна, эд нарын маань дараагийн үе яахыг би одоогоор мэдэхгүй л байна хэмээн хачиргүй үнэнхүү дурсамжуудыг хүүрнэх ахмад Манлайгаас даруу төлөв зан, тохь тух, нөмөр нөөлөг мэдрэгдэнэ. Манлай уяачтай нэгэн өдрийн хугасыг хуучилж өнгөрөөснөө үргэлжлүүлэн хуваалцая.

 ДЭД ЗҮЙЛ

 СОДНОМ УГСААНЫ АДУУГ БҮРЭЛДҮҮЛЭВ

Ааваасаа өвлөж авсан адуун дээрээ нэмж Биндэрийн салхи Намсрай гэдэг хүнээс хоёр унагатай гүү, нэг азарга авсан маань Мөнххааны Баадуу Доржийн угшилтай. Тэр хоёр гүүний нэг нь 11-12 хүртлээ унагалаагүй, сум шиг хурдан хөдөлгөөнтэй учраас хулжиж зугтсан ороо морь уургалдаг уургач гүү байж. Над дээр ирэхдээ охин унагатай ирсэн нь хожмоо гүү болж олон сайхан хурдан хүлэг гаргасан алтан сав байсан. Миний өөрийн бүрдүүлсэн адууны гүү талын угсаа энэ. Харин эцэг тал нь миний аавын маань адууны цагаан бор азарганаас улбаатай. Тэр үед морийг нууж хааж уяна. Морь уядаг хүмүүсийг заавал нэгдэл нийгмийн юм л уяж хурдлуул гэсэн нам засгийн ганц л хатуу болзолтой. Хоньчин хүн хонио л хариулах ёстой. Хашаа саравч, амбаарын ард, эсхүл саравчин дотор амьтны нүднээс далд уяа сойлгыг нь хийж байгаад уралдуулах өглөөнөө эрт мордож, үдшээр л голцуу ирнэ. Хонь хариулж олсон мөнгөө урд хойноо хямгадан байж сонирхож шохоорхсон адуугаа авна. Тэр үед дамын наймаа хийгээд баригдвал шоронд орно. 1983 онд худалдаа хийж хүнээс үрээ авсан шалтгаар түрүүлж айрагдах боломжтой морьдыг маань уралдуулахгүй хасаж намайг ч, хүлгүүдийг маань ч хэлмэгдүүлж байлаа. Хүнийг ч адгуусыг ч хэлмэгдүүлдэг тийм л цаг үе байлаа ш дээ.

Батширээт сумын уугуул Жигжидийн Ичинхорол гуай далаад оны дундуур Галшарын Ангасай Банзрагч гуайгаас улсад айрагдсан хүрэн азарганых нь угшилтай хүрэн азарга, тахийн удамтай зээрд, халзан хоёр гүүтэй нь нутагтаа авчирч Батширээт сумыг хурдны угшилтай болгосон хүн дээ. Халзан гүүнээс нь 2 эр төл гарсныг нь Их Мөнгөн, Бага Мөнгөн гэж нэрлэж олон жил босоо хурдалснаар тэр хоёрын үр төл Батширээтэд мөнгөн угсааны адуу үүссэн. Эх халзан гүү нь олон жил охин унага гаргаж байгаад нэг эр төл гарсан нь суманд айрагдсан юм билээ. Би азарга тавих үрээ сураглаад очсон чинь өвгөн надад тэр үрээгээ 3500 төгрөгөөр зарна гэсэн, би авчихсан. Мөнгөний угсааны адуу манай адуунд ингэж өсөж үржиж хурдалсан. Одоо үед адууны үүлдэр угсааг сайжруулах, чанаржуулах үүднээс гаднаас өөр угсааны адуу авчирч нийт уяачид маань шинэ цагийн Монгол адууны үүлдэр угсааг бий болгож байна. Хуучны туршлагатай адуучдын уламжлалт аргаараа гаргаж авдаг нутгийн шилмэл омгууд тэдэнтэй өрсөлдөхөд хэцүү болсон учраас нийтээрээ ингэж байх шиг байна. Завхан аймгийн харьяат Монгол Улсын Тод Манлай уяач Б.Содномцог 2008 онд надад Англи азарга бэлэглэсэн. 2009 онд хоёр охин төл, 2010 онд хоёр эр төл хүлээн авсан. Хоёр эр төлийг нь азарга болгосон доо. Галшар угшлын адууг хэрхэн үүсгэснийг чи сайн судлаарай, адууны цусыг сайн холилдуулж байсан нь дээр, ингэж байж адууны чанар сайжирна хэмээв.

 ГУТГААР ЗҮЙЛ

 УЛАМЖЛАЛТ МОРИН СОЁЛОО ТЭЭЖ, ӨВЛӨН УЛАМЖЛУУЛАХЫН ЖАРГАЛ ЗОВЛОН

 Хурдан морийг уралдуулахад түрүүлж айрагдуулах нь хамгийн гол биш, хамгийн чухал зүйл нь хүлгийн шандас үзэх хийморьлог сорил наадгай учраас атаа жөтөө гэж хэрхэвч байж болохгүй, уралдсан хүлэг, унасан хүүхэд мэнд л ирж байвал тэнгэр бурхан, тэнхээт хүлгийн харгуйдаа залбирч явах хэрэгтэй.

Ичинхоролоо гуайгаас авсан Мөнгөний угсааны дээрх хүрэн үрээ маань надад ирээд хязааландаа Бэрхийн уурхайн наадамд аман хүзүүдэж, соёолондоо сумандаа бас аман хүзүүдээд, тэрний дараагийн хоёр жилд дараалан түрүүлээд, 1989 онд Биндэр сумын ойд дөрвөөр давхиж байсан юм. Тэрнээс гадна Уртын Дамдинжав гуайн надад хөтөлж авчирч өгсөн, залуудаа маш их хурдан байсан угшил сайтай азарга байсан юм. Тэр намар Өмнөдэлгэрт даага уралдана гэхээр нь тийшээ явж даагаа түрүүлүүлж ирчихээд адуундаа тавих гээд очтол азарга маань байдаггүй. Тэр өдөртөө сураглаад олоогүй, маргааш нь Биндэрийн овооны баруун талын Ханангийн жалганы хамар дээр хорлогдчихсон байхад нь олсон. Толгойг нь аваад айлын амбаарт хийчихээд явж байхад хамт шахуу морь уядаг хуурай ах маань таараад олсон бол болж гээд өнгөрсөн. Хэд хоногийн дараа хадлан дээр байтал Жүмпэрэл ажаа шогшиж ирээд нөгөө хүрэн азарга чинь өвчин тусаад бас үхэх гэж байна гэхээр өвс хамах гэж байсан ажлаа хаяад давхисан. Гэтэл Мөнгөний угсаанаас надад ирээд олон түрүүлдэг хурдан хүрэн азарга маань өвчин тусчихсан юм шиг гэдэс нь дүүрээд, нус нь гоожоод хачин юм болчихсон саравчин дотор зогсож байхаар нь Жүмпэрэл ажаа бид хоёр биеийг нь үзтэл зөв талын ташаан толгойных нь урд талын хонхор бөөрнөөс калибрын сумны нүх олсон. Одод түгэхээр үхэх биз гэж хэлэлцээд унагатай гүүнүүд, даагануудыг нь хашаад явсан. Өглөө эрт иртэл нөгөө газраасаа хагас бээрийн газар яваад уулын энгэрт үхчихсэн байсан. Нөгөө сумны шархыг хутгаар зүсч нүхийг мөшгивөл бөөрийг нь няцлаад умсыг нь нэвтэлж. Бид хоёр дээр хонины хүүхэд ирээд гурвуулуу хамжиж бүх хомоолыг нь няцалж үзлээ, тэгтэл нөгөө хүү сум орсон талын эсрэг талын хальс арьсны завсраас сумны тугалгыг олоод гаргаад ирсэн. Өмнөх азаргыг Ханангийн хамар дээр хорлосон хүн мөн энэ хүрэн азаргыг хорлосон нь хожмоо хуулийн өмнө очиж хэргээ хүлээсэн.

 Ингээд хоёр азарга нь хоёулаа зүй бусаар хорлогдож буянт сүргүүд нь эзгүйрэв, толгой, туурайг нь ганзагалаад явж байхад уяа нь чангарч, ир нь жагсаж яваа морины хийморьтой залуу уяачид юу эс бодогдохов дээ. Эр хоёр загалын туужид эзэн Чингэс хаан:

Эвий минь,

Хайрлан авч

Хайран хоёр загал минь

Хагацан газардлаа,

Хазаараа эгэлдэрч яаж харина...

Эмээлээ үүрч

Эргэж яаж буцна...

Эвий минь

Урамтай их

Уралдаан болоход

Юугаа хагсаах билээ,

Учиртай их ав болоход

Юугаа унах билээ ... хэмээн энэлэн гашууддаг. Түүн лүгээ уяа сойлгын эрдэм нь ид бадарч яваа залуу уяачийн хурдны шилмэл ажнай, сүргийн манлайнуудыг хэдхэн хоногийн зайтай ингэнэ гэдэг нь Монгол ёс жудагт байж боломгүй зүйл. Энэ мэтчилэн гадагш явж морь уралдуулсан гээд бүтэн сарын хөдөлмөр өдрийн хөлсийг өгөхгүй байх, нэгдэл намын удирдлагаас элдвээр гоочлох асуудлууд бишгүйдээ байсан ч тэглээ гээд няцаж шантарч, гуньж гутарч хусуур сойзоо сэврээж, хурдан хүлгийнхээ зэлийг хумьж хураасангүй, улам хатуужив.  Буурлын буян, буман сүргийн угсаанууд байгаа болохоор үргэлжлүүлээд сайн сайн залуу азарга сэлгэж тавиад уяа улам чангарч, улсын дов хүртэл уралддаг боллоо.

Хурдан моринд гурав дөрвөн зүйл зохицож байж сайн давхидаг нь уясан эзэн, унасан хүүхэд, уяж сойдог дов, ус ургамал юм. Хурдан морийг байгальдаа тохируулж уяж, эдлэхээс гадна удам угсааг нь сайн таацуулж, цус генийг нь холилдуулж байх хэрэгтэй. Түүнчлэн морь унах хүүхдийг сургахад асар их хөдөлмөр ордог бөгөөд багад нь түшигтэй номхон моринд унуулж мориноос унагахгүйгээр сургавал цаашдаа сайн уралдаанч болдог. Сайн унадаг сэргэлэн хүүхэд барагтай сулхан морийг сайн хурдлуулж чаддаг. Морины ид уяа сойлгын үед ар гэр орхигддог тул гэр бүлийн хүний хөдөлмөр их, гэрийн хүн ар гэрээ авч явахаас гадна морины нэмнээ, унаач хүүхдийн хувцас, хоол унд гээд бүх зүйлийг хариуцаж зохицуулдаг. Би харин азтай, багадаа уралдааны морь цуг унаж гийнгоо дууг хамтдаа цурайтуулж өссөн, аргамаг хүлгийг шүтэн биширч, хайрлан хүндэлдэг Тогтохтойгоо 1979 онд гэр бүл болсон хэмээн хүүрнэн суухуйд нар шингэх дөхөж байв. Би үдийн хойхно очсон бөгөөд тэр өдрийнхөө уяа морьдыг тавьж байхтай нь таарсан юм. Морийг өглөө эртхэн барьж, эртхэн үдийн халуун шатахаас өмнө ажил төрлийг нь хийгээд орой эртхэн тавих нь одоо үеийн адуунд тохиромжтой хэмээх нь Манлай уяачийн жаран жилийн туршлага биз ээ.

 ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

  АМЖИЛТЫН ХУРААНГУЙ

 Би довноосоо гарч Батширээтээс өөр суманд морио уралдуулахын тулд отор хөөх, нүүдэл хийх маягаар Хурахын голоор зусаж Хурх, Өмнөдэлгэрт уясан хүлгүүдээ уралдуулдаг байлаа. Тэгэхгүй бол өөрийн сумаас гарахаар нэгдэл, намын дарга нар арга хэмжээ аваад хэцүү. Тэгээд ер нь 1990-ээд оноос би Сариг руу гарч зусчихаад, Хурх, Өмнөдэлгэрийн Талын булаг хавиар голцуу нутаглаж байгаад Өмнөдэлгэрт шилжээд орчихсон. Би 2002 онд Өмнөдэлгэрт байхдаа УЛСЫН АЛДАРТ УЯАЧ цол хүртсэн юм шүү дээ, тэр жилээ удмын голомт Баян-Адарга нутагтаа ирж суурьшсан даа.  Морин соёл судлаач Ж.Саруулбуянгийн аав, манай аавын найз Жүмбэрэл гуай ерээд оны эхээр манайд тав зургаан адуугаа захиж үлдээсэн. Тэр нь сайхан өсөөд гуч гарсан даа. 1999 онд Ж.Саруулбуян хотод ойрхон улсын наадамд уяж сойё гэж бодсон юм байлгүй, хулхи ногоонтой ЗИЛ-130-тай ирээд адуугаа ачаад явсан. Төв аймагт Тод Манлай Уяач Г.Сандуйжавынд аваачсан юм билээ. 2001 онд Ардын хувьсгалын 80 жилээр очиход зуданд адуу нь дуусаад ганц улаан морь нь үлдсэн байсан. Ж.Саруулбуян тэрнийгээ надад өгч явуулсан. Тэр улаан морь миний өөрийн хурдан хонгорын маань төл л дөө, сүүлийг нь үнээ идчихсэн шодойсон улаан юм л ирсэн.

Авчраад засаж зохируулаад уяа сойлгыг нь орууллаа даа. Их гоё байна аа, идээшиж дассан нутагтаа ирчихсэн. Уудаг ус, иддэг өвс нь, тарладаг дов нь таарч байгаа бололтой. Би ер нь морийг хэт их тэжээлээр шахаж уяхыг таашаадаггүй. Цаг үеэ дагаад зохист багахан хэмжээгээр хэрэглэлгүй л яахав. Тарианы пойлонд орсон адуу амьсгаа суугаад олон жил уралдаж чадахгүй болоод байх шиг санагддаг. Нөгөө талаар тэжээл үнэтэй, адуун дотроосоо хараад явахаар тэрийг нь ч уячмаар санагдаад, энийг ч уячмаар санагдаад нэг насанд л гэхэд зарим нь долоо найм болно, ингээд зургаан наснаас барихаар их олон болчихож байгаа юм, энэ болгоны тэжээлийг бэлдэхэд эдийн засагт амаргүй шүү дээ.

Хэтэрхий их тэжээл хэрэглэхгүй байгаагийн гурав дах шалтгаан бол манай Адарга нутгийн өвс ногоо, ус ургамалын чанар гойд сайн байгаад юм. Ургамалын төрөл зүйл арвин, ус нь цэнгэг тунгалаг, хөрсний үржил шим сайн, цаг агаар таатай. Энэ шимтэй ус ургамал ямар ч тэжээлээс дутахгүй уяа моринд хурдлах үндсэн тамирыг нь суулгачихдаг.

 2002 оны зун Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум Хэрлэнгийн хөдөө аралд Эзэн Богд Чингэс хааны түмэн өлзий гийсний 840 жилийн ойн Төрийн их тахилга улсын их даншиг наадамд улаан морио аваад явлаа. Улаан морь маань сайхан уралдаж түрүүлж ирж түмэн олноо баярлуулсан даа.

1994 онд Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын 150 жилийн ойн Зүүн бүсийн даншигт азарга маань айрагдсан, тэгээд 1995 онд анх удаа улсад очиж морь уяж төрийн их баяр наадамд хонгор зүстэй хязаалан үрээгээ айргийн долоод, 1996 онд хүрэн шүдлэнгээ есэд хурдлуулж нийслэл хавиар улсын алдар цуутай уяачидтай танил болж эхэлсэн.

Ерээд оны эхээр Сэцэн хааны хүлэг уяачдын холбоог анх байгуулахад Батширээт сумаас амжилтаараа төлөөлөгчөөр сонгогдож очиж үүсгэн байгуулах хуралд оролцоход нь АЙМГИЙН АВАРГА УЯАЧ буюу одоогийнхоор АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ цолыг нь олгожээ. Харин 2015 оны байдлаар амжилтыг нь жагсааж дүгнэхэд улсын наадамтай дүйцэхүйц Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмуудад үзүүлсэн амжилтууд нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол шаардлага хангасан тул МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ хэмээх эрхэм дээд цолыг нь олгосон байна.

Монгол улсын Манлай уяач Гончигийн Содном ах улс бүсийн чанартай дүйцэхүйц Засгийн газрын тогтоолтой шигшмэл хурдан хүлгүүдийн уралдсан томоохон даншиг наадмуудаас 13 айраг түрүү, аймагт 14 түрүү, 20 гаруй айраг, сумаас 60 гаруй айраг түрүү хүртээд байна.

 ЭНЭХЭН НИЙТЛЭЛЭЭ ЖАРГААХ ТӨГСГӨЛИЙН ЗҮЙЛ

 Монгол улсын Манлай уяач Гончигийн Содном бээр Баян-Адарга, Батноров, Биндэр хэмээн чандманьлсан гурван сумын уулзвар цэгт Эмээлийн Хөх Чулуу хайрханаа түшиглэн, ид шидийн рашаан болсон Хөх чулууны булгаас аргамаг хүлгүүдээ ундаалан олон жил уяа сойлгоо жигдрүүлж байна. 1999 онд Биндэр сумын Алтангэрэлийн Бэх-Очир эрхэмийн санаачилсан “Онон-Хурд” наадмын зургаадах цомыг 2009 онд Г.Содном уяач зохион байгуулахдаа  “Хийморь дамжсан удмын тэнгэр” нэртэй товчхон өврийн дэвтэрээ эмхэтгүүлэн хэвлүүлж байжээ. Бүтэн нэгэн жаранийг хурдан хүлгийн уяан дээр элээсэн энэ эрхэмийн удам угсаа,  түүх намтар, амжилт туршлага, алдаа оноо,  адууны тухай эрдэм мэдлэг, уяа сойлгын арга барил гээд сонсоод бичээд суувал бүхэл бүтэн дурдатгал, адууны тухай нэг сэдвээр тогтохгүй олон бүлэгтэй гарын авлага сурах бичиг, намтар роман болох тул хожмоо дэлгэрэнгүйгээр нь найруулан хавтаслах талаар хэлэлцэн тохирч эл өдрийхөө яриаг хумилаа. Тэрхүү номоороо эргэн уулзалдах хүртлээ өд бэхээ түр эврээе.

 УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ Г.СОДНОМЫН НААДМЫН АМЖИЛТУУДААС

 

  • 1979 онд Баян-Адарга сумын наадамд соёолон хүрэн морь нь аман хүзүү, сөөнгө хар даага нь аман хүзүү,
  • 1980 онд Батширээт сумын наадамд Будан азарга нь гуравт,
  • 1981 онд Батширээт сумын наадамд хязаалан саарал үрээ нь тавласан бол өөр нэгр морь нь наашлахын наймд давхижээ.
  • 1982 онд Биндэр сумын наадамд Будан азарга нь тавд,
  • 1983 онд хүнээс адуу худалдаж авсан гэсэн шалтгаанаар намын дарга наь наадамд оролцуулахгүй хэмээн хүнтэй, морьтой нь хэлмэгдүүлжээ.
  • 1984 онд Хурхын САА-д болсон олон сумын уралдаанд Их насны халиун морь нь айргийн тав, Хонгор халзан соёолон нь түрүүлж анхны түрүү магнайгаа авчээ.
  • 1985 онд Бэрхийн уурхайн ойд хоёр азарга нь айргийн дөрөв, тавд цувран ирж, хязаалан зээрд үрээ, хонгор шүдлэн хоёр нь аман хүзүүдэж, бүр шүдлэн нь түрүү магнай хүртсэн нь бас л давтагдахад ховор амжилт болж. Ийнхүү амжилтыг нь жагсаахад одоогийнхоор бол айраг, түрүүнийх нь тоо 1985 онд СУМЫН АЛДАРТ УЯАЧИЙН болзол хангасан жил нь болж таарч байна.
  • 1986 онд Баян-Адарга сумын наадамд Будан азарга нь аман хүзүүдэж, Их насны цагаан морь нь айргийн гуравт давхиж, хүрэн соёолон болон будан хязаалан нь аман хүзүүдэж, хүрэн халзан үрээ нь айргийн дөрөвт хурдалж дааганаас бусад наснаас аман хүзүү, айраг авсан байна.
  • 1987 онд сумын наадамд Хавчиг зээрд азарга нь түрүү магнай, Их насны хүрэн морь нь түрүү магнай, Их насны цагаан морь нь аман хүзүүдэж Гончигийн Содном гэдэг уяач уясан болгоноо айрагдуулдаг байсан бол зорьж ирсэн наадам болгондоо жил өнжихгүй түрүү магнайг нь нэг хоёроор нь тогтохгүй авдаг болсон нь харагдаж байна.
  • 1988 оны сумын наадамд Зээрд азарга нь түрүү магнай, Их насны хүрэн морь нь түрүү магнай, Их насны зээрд морь аман хүзүүдэж өмнөх жилийн амжилтаа давтав. Ингэснээр сумын Алдарт уяачийн болзолыг хоёр дахин хангаж байгаа тоон үзүүлэлт болохыг тоолоод үзээрэй.
  • 1989 онд Биндэр сумын 50 жилийн ойгоор өөрийн зээрд азаргаа түрүү магнайд, хүрэн шүдлэнгээ аман хүзүүдүүлсэн бол Жүмбэрэл ажаанхаа хүрэн соёолонг уяа сойлгыг нь тааруулж айргийн тавд хурдлуулжээ.
  • 1990 онд Баян-Адарга сумын наадамд Хонгор азаргаа айргийн гуравт, Шүдлэн бор үрээ нь түрүү магнай, Хязаалан шар цоохор үрээ нь айргийн гуравт, зээрд даага нь айргийн дөрөвт тус тус хурдалжээ.
  • 1991 онд Гурван баяны 10 жилийн ойгоор хонгор азарга нь айргийн тавд хурдалж, зээрд шүдлэн нь аман хүзүүджээ.
  • 1992 онд Мөрөн сумын наадмаар соёолон цоохор морь нь айргийн гуравт, хязаалан хүрэн үрээ нь айргийн гуравт, шүдлэн зээрд үрээ нь айргийн тавд хурдалжээ.
  • 1993 онд Өмнөдэлгэр сумын 70 жилийн ойд соёолон хүрэн морь нь айргийн гуравт, хязаалан хүрэн үрээ нь аман хүзүүдсэн байна.
  • 1994 онд Бэрхийн уурхайн 40 жилийн ойд соёолон хүрэн азарга нь түрүү магнай, хээр халзан даага нь түрүү магнай,  Хардэл жанжин бэйс өвгэн ноён Пүрэвжавын 150 жилийн ойд зориулсан зүүн бүсийн даншиг наадамд хээр халзан азарга нь айргийн тавд хурдалсан.
  • 1995 онд Анхны улсын наадамдаа хүлгийнхээ шандасыг сориход хязаалан үрээ нь долоод давхижээ.
  • 1996 онд мөн улсын наадамд шандас юугаа сорьж мөн хязаалан насанд арванхоёрдугаар байрт хурдлуулав.
  • 1997 онд Батширээт сумын наадамд Жүмпэрэл ажаагийнхаа/Ж.Саруулбуянгийн/ алдарт улаан соёлонго түрүү магнайлуулав, Хээр халзан соёолонгоо аман хүзүүдүүлэв, Хүрэн халзангаа мөн түрүү магнайлуулав, бор халзангаа гуравт, хүрэн халзангаа тавд, цавьдар даагаа гуравт давхиулав.
  • 1998 онд Хан Хэнтий аймгийн наадам хаан довонд Хүрэн азаргаа айргийн гуравт хурдлуулж аймгийн наадмаас анхны айргаа хүртэв.
  • 1999 онд мөн хаан дов Хан Хэнтий аймгийнхаа наадамд зээрд морио аман хүзүүдүүлж өмнөх жилийн амжилтаа урагшлуулав.
  • 2000 онд Өмнөдэлгэрийн наадамд Хар халзан азаргаа айргийн тавд, Буурал халзан соёолонгоо аман хүзүүдүүлэв.
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор Ардын хувьсгалын 80 жлийн ойгоор Багануур дүүрэгт хоёр соёолонгоо уралдуулахад нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдэн цувж ирсэн бол их насанд ухаа халзан морио айргийн гуравт, хар халтар даагаа айргийн гуравт тус тус хурдлуулсан.
  • 2002 онд Хан Хэнтий аймгийн наадам хаан довонд хоёр азаргаа айргийн гурав, дөрөвт цувуулж, соёолон, хязаалан, даагаа түрүү магнайд хурдлуулж, бас нэг даагаа аман хүзүүдүүлж, мөн өөр нэг хязаалан бас шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулсан нь нэг наадмаас долоон айраг түрүү авсан амжилт болов.
  • 2003 онд мөн Хан Хэнтий аймгийнхаа хаан довонд 3 азарга уралдуулахад хоёр нь түрүүлж, нэг нь айргийн гуравт, хоёр соёолонгийн нэг нь аман хүзүүнд нэг нь айргийн дөрөвт, гурван даага нь айргийн тав зургаа долоод хурдалж өмнөх жилийн амжилтаа давтан бататгав.
  • 2004 онд Норовлин сумын 80 жилийн ойд хоёр шүдлэнгийн нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдэж цувж ирэв, мөн даага нь аман хүзүүдэж, азарга болон хязаалан нь айргийн гуравт хурдалсан бол мөн энэ жил Батноров сумын наадамд даагаа айргийн дөрөвт, шүдлэнгээ айргийн тавд хурдлуулаад Галшар сумын 80 жилийн ойд залгуулан очиж хоёр шүдлэнгээ уралдуулахад түрүү магнай аман хүзүүгээр цувж ирж Норовлингийн амжилтаа давтжээ. Мөн түүнлэн Галшар сумын ойд хязаалан нь айргийн гуравт давхисан байна.
  • 2005 онд Бэрхийн 50 жилийн ойд их насны хоёр морь нь нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдэж иржээ. Мөн энэ жил Зүүн бүсийн Дорнод хурд наадамд соёолонгоо тавлуулав.
  • 2006 онд Хэнтий аймгийн Зүүн бүсийн наадамд их насны морь нь айргийн дөрөвт хурдалсан бол мөн энэ жил Чингэс хааны 800 жилийн ой - Хэрлэнгийн хөдөө аралд болсон наадамд хязаалан нь айргийн тавд хурдлав.
  • 2007 онд Хэнтий аймгийн наадамд азарганаас бусад ТАВАН НАСАНД ТАВАН ТҮРҮҮ, мөн таван айраг хүртэж тэр болгон давтагдахүй ховор амжилтын түүхийги бичжээ. Мөн энэ зун Өлзийт тосгоны 30 жилийн ойд хоёр их насаа уралдуулахад айргийн гурав, дөрөвт цувж ирсэн бол соёолон нь мөн айргийн гуравт давхив. Мөнхүү энэ жил Батноров сумын Хоёр түмэн адууны баярт их насны гурван морио уралдуулахад нэг нь түрүү магнайд ирж, нөгөө хоёр нь айргийн дөрөв таваар цувжээ. Энэ зун л гэхэд Н.Содном Манлайгийн уяж сойсон хүлгүүдийн 8 нь түрүү магнайлж, 8 нь айрагдаж, 16 хүлгийг хурдлуулсан байна.
  • 2008 онд Хэнтий аймгийнаа баяр наадамд уралдсан хоёр хязаалангийнх нь нэг нь түрүүлж, нэг нь айргийн гуравт орсон бол их насны морь мөн л түрүү магнайлжээ. Мөн энэ зун болсон Алтан Дарь овооны наадамд их насны морь айргийн дөрөвт хурдалж, Бага нуурын наадмын их насанд аман хүзүүдэв.

2008 он хүртэлх амжилтыг нь ийнхүү сийрүүллээ. Түүнээс хойшхи цувааг бүрэн цэгцэлснийхээ хойно дараа дарааийн бичвэрээрээ толилуулах болно. Томоохон наадмуудаас л гэхэд 2015 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ойгоор зээрд азаргаа айрагдуулсан бол мөн онд Засгийн газрын тогтоол шийдвэрээр Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан Зүүн бүсийн наадамд ногоон морь нь, 2019 онд Дорнодын Зүүн бүсийн хурдад хүрэн халзан азарга нь аман хүзүүдсэн байна.

2023.07.11. Дуурлиг, Нарсны булаг Шарайд Жарантай овогт Цэдэвдоржийн Чойжамц

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна