"Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёолонгууд

Сэтгүүлч
6 цагийн өмнө

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой, "Их хурд-10" Монголын шигшмэл хурдан морины уралдааны соёолон насанд 131 хурдан хүлэг бүртгүүлснээс 100 нь гарааны зурхайгаас эргэжээ. Энэ уралдаанд гурават хурдалсан  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бямбажавын Баярмагнайн бор соёолонг  хэмжилт давсан гэсэн шалтгаанаар хасч, арын морьд нэг байр урагшлан баригдсан. 

Бор соёолонгийн уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батмөнхийн Булгадай уядаг бөгөөд есөн настай Наранбаатарын Боорчи хүү унаж хурдлуулсан юм.

Бид уламжлал ёсоор эхний 10-т хурдалсан хүлгүүдийн гэрэл зураг, танилцуулгыг хүргэж байна. 

1. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Мөнхийн Нямноровын Цом бор. Уяа сойлгыг Тод манлай Т.Ихбаяр, аймгийн Алдарт уяач Доржнамжилын Батмөнх. Уралдаанч 11 настай Түвшинтөгсийн Баяртүвшин. 

2. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүгийн хул. Уяа сойлгыг Тод манлай Д.Мөнхбат. Уралдаанч 14 настай Лхагважаргалын Төгсжаргал.

3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул "Чин овоо" ХК-ийн захирал, нийслэлийн Алдарт уяач Батсуурийн Чинзоригийн Шувуу хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл. Уралдаанч 10 настай Солтанатын Жансерек.

4. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын буурал. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач М.Цэрэнжав. Уралдаанч 11 настай Тэмүүлэн. 

5. Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэвэгмидийн Гончигсүрэнгийн хээр. Уяа сойлгыг нийслэлийн  Алдарт уяач Цэнддоржийн Нямдорж. Уралдаанч 10 настай Болор-Эрдэнийн Ганхүлэг.

6.Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул,  "Монгол од"ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн Мөнхзоригийн хээр. Дорнод аймгийн Баян-Уул сумын Энхбарсын унаган адуу. АХ-ын 104 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд наймд хурдалж, хангайн бүсэд түрүүлсэн.  Уяа сойлгыг Тод манлай уяач М.Алтан-Очир. Уралдаанч 11 настай Бат-Эрдэнийн Оргилхангай.

7.Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Эрдэнэбатын Түмэн-Одын халиун. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Г.Даваадалай. Уралдаанч 10 настай Ганзоригийн Хаш-Эрдэнэ.

8.Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Дондовын Бадрахын хээр. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 10 настай Батбаясгалангийн Баттулга. 

9. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан. Уяа сойлгыг Б.Ганбаяр. Уралдаанч 15 настай Батхүүгийн Бадар-Ууган. 

10.Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Энхболдын Батбаярын хул. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч есөн настай Сүх-Очирын Баярбаясгалан. 

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна