Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас өөр Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхэд байхгүй

Сэтгүүлч
Лхагва, 16:26 минут

АХ-ын жилийн ойд Бүлтгэр халзан азаргаа түрүүлгэсэн Баасанхүүгийн Мөнхбилэг хэмээх хэвлүүхэн хүүтэй цөөн хором ярилцлаа. Цангинасан дуутай, цовоо цолгиун, сэргэлэн, хайр татам хүү аж.

-Сайхан намаржиж байна уу? Сурлага өндөр үү?

-Сайхаан. Сурлага өндөр.

-Ингэхэд аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?

-Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуульд.

-Танай ангид морь унадаг хүүхэд олон бий юу?

-Дөрөв байгаа. Азбилэг,Дагвадорж, Нямбуудорж тэгээд би.

-Найзууд нь энэ зун хэрхэн наадсан байна вэ?

-Энэ хавиараа уралдсан гэсэн. Би л хот руу явсан байна лээ.

-Чамайг азарга түрүүлгэхийг харсан гэнэ үү?

-Бүгдээрээ зурагтаар үзсэн гэсэн. Тэгээд баяр хүргэж байна лээ. Хүүхдүүд “Чи азарга түрүүлгэсэн тиймээ” гээд л байдаг юм.

-Гоё санагддаг?

-Тийм.

-Улсын наадамд хэдэн насны морь унасан билээ.

-Таван насны морь унасан. Халзан азаргаа түрүүлгээд, их морио  24, сонгомол дээдээ 21, сонгомол дундаа есөд давхиулсан. Шүдлэнд мордож чадаагүй хасуулчихсан.

-Бүлтэн халзан хэдэн жил унаж байгаа юм бэ?

-Хоёр жил. Өнгөрсөн жжил соёолонд бас унасан.

-Өнгөрсөн жил гараа алдсан уу?

-Тавиачийн морь их үргэдэг. Торноосоо үргээд хойшоо тарлаад... Тэгээд гараа алдчихсан. Хойноос явсаар байгаад 26-д орсон. Тэгээгүй бол айрагдах байсан юм.

-Энэ жил айрагдана, түрүүлнэ гэж бодсон уу?

-Бодсон. Сунгаануудаар хурдан байсан юм. Дээр нь би өнгөнд гарсан. 12 луу нэг ороод, 7,8 руу хэд хэд орсоон. Дөрөв рүү бас нэг орсон юм байна. Тэгээд л араас нь дайраад түрүүлсэн дээ.

-Зураг харахад үзүүр дээрээ эргэж хараад л яваад байсан байна лээ. Арын азаргаа харсан уу?

-Тэгсэн. Ойртоод ирвэл хөдөлнө гээд л...

-Аль хэсэгт ирээд түрүүлэх нь гэж бодсон бэ?

-Дөрөв дэх гэрийн орчим ирээд...Халзан азарга угаасаа хөдөлдөг юм чинь, дайрна даа гэж бодсон. Тэгээд л түрүүлсэн.

-Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хуваалцсан бэ?

-Ээжтэйгээ. Утсаар ярьж хэлсэн чинь “Баяр хүргэе миний хүү сайн байна” гэсэн.

-Улсын Ерөнхийлөгчтэй уулзах ямар санагдсан бэ?

-Гоё. “Мундаг хүү байна” гээд бэлэг өгсөн. Манай найзууд дунд надаас өөр Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхэд байхгүй.

-Улсын наадмын дараа Өвөрхангай аймагт болсон бүсийн уралдааныг зорьсон. Ямар амжилт үзүүлсэн билээ.

-Дөрвөн насны морь унасан. Шүдлэн айргийн гурав, их морь зургаа, сонгомол дунд айргийн дөрөв, сонгомол дээд 17-д давхисан. Өвөрхангайн зам өлий ихтэй хэцүү юм билээ.

-Их хурдын тухайд...

-Их хурдад гурван насны морь унасан. Азарга 15, их морь ес, сонгомол дунд хадуураад 11-д давхисан.

-Уралдааны замд хүүхдүүд биенээ шоглодог гэх юм билээ. Үнэн болов уу?

-Үнэн ш дээ. Дээрлэхдэг. Би дуугардаггүй болохоор гайгүй ээ.

-Томчуудад хэлж анхааруулмаар юм байна. Хүсэхгүй бол хариулахгүй байсан ч болно. Энэ зун хэр их мөнгө цуглуулсан бэ?

-Гурван сая төгрөг, бас нэг унага. Унага нь охин. Олон болгож авна. Харин мөнгөө ээж, аавдаа өгсөн. Уг нь унадаг дугуй авахуулъя гэж бодож байсан чинь  хамаатнууд нийлээд аваад өгчихсөн.

-Уралдаанч хүүхдүүд унадаг дугуйнд их дуртай байдаг юм шигээ...

-Гоё ш дээ. Хичээлдээ ирж очихдоо унана. Даан ч миний урд дугуй хагарчихсан. Засуулна даа.

-Уралдахаас өмнө болон уралдааны замд ямар нэг тарни уншдаг юмуу?

-Мэгзэм уншина ш дээ. /тун итгэлтэй хариулав/ Ум хрэ базар гүрдо хаянхярваа хүлү хүлү хум пад гээд.

-Уучлаарай, мэдэхгүй болохоор...

-Би хоёр жил хурдан морь унаж байна. Морь унахдаа дандаа уншдаг.

-Морь унах хэцүү юу?

-Юу нь хэцүү байхав. Айрагдах нь сайхан.

-Морь сайн унадаг шигээ хичээлээ сайн хийж байгаа гэдэг итгэлтэй байна. Мөнхбилэг ямар хичээлд илүү сонирхолтой вэ?

-Биеийн тамирын хичээлд дуртай. Хичээлдээ гайгүй дээ. B голдуу авдаг даа. Нэг удаа F авсан.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаараа бодож байгаа юу?

-Уяач болно доо. Амраа ахаас суралцаж л байна.

-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Зүгээр дээ. 

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.