Аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэв: Морь уяхыг төрт ёсны үйл хэрэг хэмээн үздэг учраас дүрэм журмаа сахин биелүүлдэг

Сэтгүүлч
2021 оны 11-р сарын 18 -нд

Хоёр халзан тодорч, хотлыг шуугиулахаас бүүр өмнө өнгөрсөн зууны сүүлээр төр түмний их цэнгэл наадамд уясан морио айрагдуулан Онгон сумынхаа алдрыг дуурсган Монгол даяар зарлуулсан эрхэм бол Базарширийн Доржпүрэв Алдарт юм. Тэрээр 1953 оны хавар Хавиргын булаг хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Сангийн яам, Монгол банкны Тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж, аймаг сумынхаа хүндэт дэвтэрт бичигдсэн байна. 

-Онгон нутгийнхаа алдрыг дуурсган төрийн наадамд анх морь айрагдуулсан хийморилог эрхэмтэй уулзаж буйдаа талархалтай байна. Онгончуудын бахархал болсон тэр наадмын дурсамжаар яриагаа эхэлье хэмээн бодлоо. 
-Би багын л морь, бөхөд сонирхолтой хүүхэд байсан. Оюутан байхдаа хаана л барилдаан болно очиж үздэг. Хагас, бүтэн сайны барилдааныг ер нь алгасахгүй шүү. Сургууль төгсөж ирснээсээ хойш энд тэндхийн уралдааныг алгасахаа байсан. Тэгж байгаад 1998 оноос адуутай болъё хэмээн шийдэхэд хамгийн их дэмжсэн хүн бол Манлай уяач Түвдэн агсан. 
-Манлай уяачтай хэрхэн танилцсан юм бэ? 
-1998 онд танилцсан. Тэр үед би “Хаана ямар уралдаан болов, хэний морь түрүүлж, айрагдав” гэдгийг цээжээр мэддэг хорхойтон байлаа. Тэгээд Түвдэн ахтай хуучилж суутал “Чи моринд дуртай хүүхэд юм. Танай нутаг ч хурдтай газар шүү дээ. Нутгаасаа адуу мал авчраач, ах нь уяж өгье” гэсэн юм. Тэгэхээр нь миний эртний найз, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын, Улсын сайн малчин, Гавьяат малчин Цэрмаагийн Зандартай очиж уулзсан “Надад нэг аятайхан морь бий. Хүүхэд шуухад ч байхгүй, би уяж чадахгүй юм. Тэр хээр морио өгье. Чи Түвдэн ахаар уяулж үз” гэдэг юм. Хээр морь их сайхан морь оо. Хэлбэр хийцийн хувьд Ононгийн Аварга хээртэй их төстэй. За тэгээд, морио очиж авахаар болсон Түвдэн ах завтай байж таараад “Ах нь яваад ирье” гэдэг юм. Ингээд би нэг машин олж өгөөд явууллаа. Морио ч авчирлаа. Наадам нэлээн дөхчихсөн байхад Зандар найз маань ирээд уяан дээгүүр очтол “Ажил нь дутуу байх шиг байна. Гэхдээ чи бид хоёр Түвдэн ахад юу хэлэх вэ” гэдэг юм. За тэгээд наадам болсон хээр морь 40 хэдээр давхилаа. Хэд хоногийн дараа төмөр замын ой болсон 20 хэдэд ордог юм. Тэгсэн Түвдэн ах “Энэ жил хээр мориныхоо барилыг нь оллоо” гэснээс өөр онц гойд юм хэлсэнгүй. Харин наадам дуусаад намар орой болсон хойно “Ах нь энэ жил хээр морийг чинь олигтой уяж чадсангүй ээ. Асуудал байсан юм. Ачиж ирж байхдаа машин дээрээс унаад чирэгдэхээс наагуур юм болсон. Тэгээд тодорхой ажил хийж чадалгүй хөнгөн ажиглаад байлаа” гэдэг юм. 
-Айхтар юм болохоо шахаж...
-Харин тийм. Гол нь тэр жил нэгдүгээр төрөхийн 80 жилийн ой тохиогоод манай гэр бүлийн хүн (Бүлтэн), Үйлст эмч хоёр Гавьяатад тодорхойлогдсон юм. Тэгсэн Үйлст тэр жилдээ Гавьяат эмч болоод, Бүлтэнгийн тодорхойлолт үлдчихэж. Ингээд морь ч айрагдсангүй, Бүлтэн ч шагнал авсангүй. Наадмын дараа би “Ирэх жилийн наадмаас өмнө чиний гавьяатын асуудал шийдэгдэж магадгүй юм байна. Тэгвэл цолыг чинь улсын наадмын айргаар мялаавал ямар вэ” гэсэн манай хүн моринд дуртай юм болохоороо “Түүн шиг сайхан юм гэж хаа байх вэ” гэдэг юм. Тэгэхээр нь намар “нутгаасаа хурдан адуу авна аа” гээд Түвдэн ах, Зандар бид гурав одоогийн Мөнххаан, хуучны Бүрэнцогт орж Гансүх гэдэг хүнээс хүрэн шүдлэн авсан нь Мэнгэт хүрэн маань юм. Үрээгээ тэнд нь орхиж өвөлжүүлээд, наадмын урдхан авчирсан. 
-Тэр жил та хэдэн насны морь уясан бэ?
-Зандар найзаасаа авсан нөгөө хээр морь, Мэнгэт хүрэн, бас нэг хүрэн үрээ гээд гурван адуу уясан. Сунгаан болгон дээр миний гурван морь өнгөлдөг. Тэгсэн Түвдэн ах “Чи ахынхаа рекордыг давтах гээд байна шүү. Ах нь улсын наадмаас гурван түрүү авч байсан юм. Сунгаанд гурван морь чинь гурвуулаа өнгөлөөд байна” гэдэг юм. Тэгж байсан 7-р сарын 9-нд Бүлтэн Гавьяат эмч болоод бид хэд 10-нд уяан дээрээ очлоо. Маргааш нь хээр морь айрагдсан ч будилсан гээд тооцсонгүй. 


-Дутуу эргэсэн юм уу? Нэг тийм зурвас үе байсан шүү. 
-Далан тойрч уралддаг байх үед л дээ. Тэр жил их насны даамлаар УИХ-ын гишүүн байсан Буд ажиллаад, бид хамт дагая гэсэн машин нь дүүрчихээд чадаагүй. Тэгээд Түвдэн ах бид нар Айдасын даваан дээр амдаад зогсож байсан чинь хээр морь тархины хүрэн морьтой цуг гараад ирэхгүй юу. Чиглүүлэгчийн машин байгаагүй тул хүүхдээсээ асуусан “Сая энүүхэнд иртэл мотоцикльтой хүн ирээд тугтай машиныг болиулчихлаа” гэдэг юм. Тэгээд яахав “Одоо наадах чинь хүчингүй боллоо. Морио битгий албад, ингэсгээд бариа руу орчих” гэж хэлээд явуулсан. Бид хэд уяан дээрээ ирчихээд байтал хүүхэд ч хүрээд ирлээ. Буулгаад, хээр мориндоо Түвдэн ахаар хадаг зүүлгэж, уяагаа гурав тойруулчихаад, айргаар мялаагаад тавихдаа “Маргааш хүрэн үрээндээ л найдвар тавья” гэсэн юм. Тэгээд тэр бэлгэ ёсоор болж маргааш нь хүрэн үрээ маань аман хүзүүдэж, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Б.Доржпүрэвийн хэмээн цоллуулж, нутгийнхаа нэрийг төрийн наадмын түүхэнд анх удаа дуудуулж байлаа. Төрийн их баяр наадамд морь айрагдуулаад Төв цэнгэлдэх хүрээлэнд орно гэдэг бол эр хүний нэг бахархал юм даа. Даанч ховор тохиолдоно. Намайг төрийн наадмын торгон дэвжээнд хөтөлж оруулсан Түвдэн ахаараа цаг ямагт бахархаж явдаг юм. 
-Гээдэн хээрийн эзэн Монхор гуай уг нь Онгоны хүн юм байна лээ шүү дээ. Тэр жил Гээдэн хээр түрүүлж, таны Мэнгэт хүрэн аман хүзүүдсэн байдаг. 
-Тийм. Гэхдээ Монхор Батлан хамгаалахын нэр дээр “Алтан хоромсог” компанийн захирал гэж цоллуулсан. Хурдан морины цуваа үзэж байхад манай Онгон сумаас төрийн их баяр наадамд морь айрагдах нь бүү хэл зорин ирж уралдаж ч байгаагүй бололтой юм билээ. 1999 онд анх Мэнгэт хүрэн маань айрагдаж, Бүлтэн маань Гавьяат хүртэж манайхан сайхан наадаж байлаа. Улсын наадмын дараа Өгөөмөрт Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн ойд зориулсан том уралдаан болж, хээр морь маань тасархай түрүүлсэн. 
-Төрийн наадмын анхны айргийг авчирсан хүрэн үрээнийхээ удам угшлыг лавшруулж судалсан уу? 

-Санжмятавын Гансүх гэдэг залуугаас авсан. “Эцэг нь Асгат гаралтай хонгор азарга. Эмнэг соёолон үрээ аваад сургаж азарга тавьсан. Эх нь манай хөгшин хүрэн азарганы төл гүү” хэмээн эзэн залуу нь ярьсан. Гэтэл Бураа Пүрэвжав гуай амьд сэрүүн байхдаа “Манай адуун сүргээс төрийн наадамд анх айрагдсан нь Мэнгэт хүрэн” хэмээн хэд хэдэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Тэгэхээр нь би Гансүхээс лавласан “Эх талд нь Пүрэвжав гуайн адууны цус байх талтай” гэж байна лээ. 
-Сунгаанд гурван адуу өнгөлөөд байсан гэсэн. Нэг нь ямар адуу вэ? 
-Түвшинширээгийн Чилаа Лхагваа гэдэг хүний адууны угшилтай хүрэн шүдлэн байсан юм. Улсын наадамд 50 дотор давхисан.
-Улсын наадмын дараа Өгөөмөрт уралдаж хээр морио түрүүлгэсэн гэлээ. Бүсийн уралдаануудад оролцоогүй юм уу?
-Улсын наадамд морь айрагдуулаад ханачихсан юм шиг байна лээ. Ахиж уралдъя гэж бодоогүй. Харин нутаг орон руугаа хурдан очъё, Алтан овоондоо мөргөе гэж бодсон. Тэр жил Алтан овооны их тахилгатай байсан. Аав ээждээ золгоё, ханийнхаа Гавьяат эмч болсон тухай дуулгаж ах дүү нартайгаа баяраа хуваалцахыг хүссэн. Би ер нь алдар цолны төлөө нэг жил олон уралддаггүй. Харин морьдоо хайрлаад олон жил уралдахыг хичээдэг. 
-Уг нь наадах чинь тун зөв баримтлал. Мэнгэт хүрэн олон жил уралдаж чадсан уу?

-Жижиг наадмуудад хэд хэд айрагдаж, түрүүлсээн. Хавчиг болдог жилээ өвлийн уралдаанд уралдаж байгаад хөлөндөө эмзэглэлтэй болчихсон юм. 


-Хавчиг гэхээр 2001 он болж таарах нь ээ дээ. 
-Тийм. Тэр жил Баяраа уяж байсан. Би 2000 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэний баяраа нутаг нугийнхантайгаа хуваалцаж сумандаа уралдаан зохион байгуулсан юм. Тэр үед манай Сүхбаатар аймгийн “Монгол адуу” нийгэмлэгийн дарга байсан Дондовын Адьяа гуай “Миний дүү нутаг орныхоо нэрийг гаргалаа. “Адуу” нийгэмлэгийн адуунаас сонирхвол сонирхоорой” гэсэн юм. “Монгол адуу” нийгэмлэгт манай Сүхбаатарын бүх л угшлын гайгүй адуунууд цуглачихсан байсан үе л дээ. Хөгширсөн, хөл гар нь асуудалтай болсон удам угшил сайтай азарга олныг цуглуулаад үржил хийж байсан юм. Тэгээд би гурван адуу авсны нэг нь 2001 онд аман хүзүүддэг бор азарга. Бор азарга Халзан сумын тэжээлийн аж ахуйн жолооч байсан Шагдарсүрэнгийн бор азарганы төл юм билээ. 2000 онд туранхай, эмнэг хязаалан авчраад Түвдэн ахад өгсөн. Жаахан ажил хийсэн болоод ганц нэг үсэргэхэд уяаны хэд дотроо гайгүй хөдөлчихөөд байсан юм. Тэгсэн Түвдэн ах “Яах вэ, номхорч л байг” гээд улсад мордуулаад 50 дотор ирлээ. Дараа жил нь онд сайхан ороод, гүү хураагаагүй соёолон азарга улсад аман хүзүүдсэн. Тэр жил Түвдэн ах маань “Тэгш ойд сайхан уралдана” гэж байсан ч харамсалтай нь тэрийгээ үзэж чадалгүй наадмын өмнөхөн бурхан болчихсон шүү дээ. Төмөр замын нэр дээр уралдуулахаар Сүхбаатар сумаас авчирсан халзан азарга түрүүлж, манай бор аман хүзүүдэн сайхан наадсаныг тэнгэрийн орноос харсан байх. Хоромхон богино хугацаа ч гэлээ, бид сайхан нөхөрлөж гэж боддог юм.
-Бор соёолонгийн уяаг хэн тааруулсан бэ?
-Цээлийн Баяраа.
-Бүсэд уралдаагүй юу? Цуваанд байдаггүй.

-Уралдуулаагүй. Дараа жил нь хавчиг азарга хурдан байхдаа бас хөлөндөө оёг олчихсон юм. Баяраагийнх зундаа энүүхэн Туул голын ойролцоо адуу авчраад гүү барьдаг. Барих гэж байгаа нь гээд дов сондуултай газар хөөж байгаад эвгүй гишгүүлчихсэн юм шиг байна лээ. Эцэг бор азарга нь мөн хавчигтаа хөлөндөө гэмтэл авч байсан юм билээ.
-Хурдан адуунууд тань хавчигтаа хөлөндөө гэм олчихоод байдаг бололтой. Дом хийж цээр үргээх ёстой байдаг юм болов уу?
-Бор азарга хавчиг болдог жилээ их хурдан байсан ч уяаны алдаа гарсан уу, хадуураад байдаг болчихсон юм. Сунгаанд тархилж гарангуутаа замаасаа гарчихна. Улсад сайн хүүхдээр унуулаад явуулсан мөн л хадуурч, айлын гадаа очоод эргэж нийлүүлсээр байтал олигтой амжилт үзүүлж чадаагүй. Миний бор азарга адуунаас анх барихад хамар ам нь тачигнаад, хэр баргийн хүн ойртуулахгүй шүү. Баригдах ч үгүй. Барих гэж байгаа нэг л сэжиг төрүүлэх юм бол зулраад, толгой дээр гараад зогсчихдог. Тэгсэн хэр нь уяа нь орохоороо их тайван, номхон болчихдог сонин адуу шүү. 
-Үр төлүүд нь хурдалж байна уу?
-Давхидаг юм аа. 
-Бор азаргыг залгаж хурдалсан хүлэг тань юу билээ. 

-Хурдан шарга азаргатай Чулуунбаатар гэж хүнтэй би ах дүүсийн холбоотой л доо. Тэр маань 2000 онд аймгийн Алдарт уяач болоод уралдаан зохион байгуулахад шарга азарганыхаа төл шарга даагыг өгсөн юм. Түүгээр нь би азарга тавиад 2007 онд төл хүрэн даагыг нь улсын наадам болон Боржигоны бүсэд таваар давхиулж байлаа. Тэр жил би улс, бүсийн уралдаанаас гурван айраг хүртсэн юм.
-Нөгөө нь ямар насны морь байсан бэ? 
-Боржигоны бүсэд Буган морь айргийн дөрөвт хурдалсан. Түүний дараа 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд халтар шүдлэнгээ аман хүзүүдүүлж, сартай зээрд даага гуравласан. Аман хүзүүддэг халтар үрээ одоо азарга болчихсон. Жижигхэн биетэй жинхэнэ монгол адуу. Улсад л олигтой давхиулж чадаагүй ч “Тайжийн хурд”-аас эхлээд бага наадмуудад олон түрүүлгэж, айрагдуулсаан.Дорноговь аймагт болсон хаврын бүсийн уралдаанд зургаалахад урд нь 2-3 эрлийз үрээ орчихсон юм. 
-2014 оны баруун бүсэд хоёр даага түрүүлгэж байсныг тань санаж байна. 

-Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой баруун бүсийн уралдаанд эрлийз, монгол хоёр даага түрүүлсэн. Эрлийз ангилалд Ялалт хүрэн, монголд халтар даага түрүүлж байлаа. Миний Ялалт хүрэн бол улсын баяр наадмын нэг айраг, бүсийн уралдааны хоёр түрүүтэй. 
-Даагандаа улсад айрагдаж, бүсэд түрүүлсэн...
-2016 онд хязааландаа Таван толгойн уурхайн 50 жилийн ой, говийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Үүнээс гадна хоёр ч бүсийн уралдаанд зургаад давхисан. 2015, 2017 онуудад Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд тус тус зургаалсан. 
-Хэний ямар азарганы төл вэ?
-Манай галын (Морин эрдэнэ) Батмөнхийн эрлийз халтар азарганы төл. Эх нь монгол гүү.
-Улсын цолны болзол тооны хувьд давсан, чанарын хувьд дутдаг гэдэг санагдана. Ингэхэд та улс, бүсийн уралдаанаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа юм бэ?

-Тооны хувьд Манлай болчихоод байгаа. Одоогоор улс, бүсийн уралдаанаас 12 айраг, түрүү хүртээд байна. Дээд нас буюу чанарын асуудал бий. Тооны хувьд үүнээс ч олон байх боломжтой байсан. Төрийн их баяр наадмаар 2-3 ч удаа харамсалтайгаар хасагдсан хүн шүү дээ.
-Хэдэн онд вэ?
-Даагандаа улс, бүсэд айрагдсан хүрэн үрээг хойтон жил нь мордуулалгүй аваад үлдчихсэн байсан. Үрээгээ мордуулчихаад Цэцийн Жанцан гуай, Батмөнх гуай бид гадаа сүүдрэвчинд хүлээнгээ “Одоо эргэх дөхөж байгаа байх” гээд ярилцаж байсан чинь “Таны үрээ хүрээд ирлээ” гэдэг юм. Яав ийв гэсэн, “Мордоод явж байсан чинь хойноос нь дугаараар дуудаад аваад үлдчихлээ” гэдэг юм. Тэгсэн хүүхдийг нь (Бат-Очир) фургонд суулгаад, морийг нь аваачаад уячихаж. Тэгээд үрээнүүд явсны дараа, “Одоо чи харь” гээд буцаасан гэж байна. Жижигхээн биетэй, жинхэнэ монгол үрээ шүү дээ. Баасанхүү генерал руу утасдсан чинь “Ямар нэг асуудал болоогүй. Хэдэн үрээ хоцорсон. Тэд л хасагдсан, өөр асуудал байхгүй” гэсэн. Тэрний өмнө 2006 онд байх аа хар морь, Буган морь их хурдан байхад бас будилсан гээд тооцоогүй. Хоёулаа биш юмаа гэхэд нэг нь ядаж айрагдах байсан. Ховдод түрүүлдэг халтар үрээг шүдлэнд нь мөн улсад мордуулаагүй аваад үлдчихсэн. Тэрийг жижиг гэж л хасдаггүй бол өөр хасах үндэс байхгүй. Би арга ядаад эхтэй нь ачиж очоод телевизийнхнийг дуудаж ярилцлага өгсөн. Гэтэл зурагтаар ч гаргаагүй, цаанаа бодлого байсан юм шиг байна лээ. Энэ мэтээр хэд хэдэн айргаа алдаж, хэлмэгдсэн хүн дээ. Ёс уламжлалаа бодоод тэр болгон дээр хэл ам таталж чадахгүй юм. Түүнээс цол хэргэм авъя гэж зорьсон бол хүн амьтнаар уяулаад ч болох нь ээ давхиулчихаар сайхан хурдан буянгууд надад бий. 
-Ёс жудгийн тухай ярихаар заримдаа их бухимддаг шүү. 
-Тэгэхээс аргагүй юм. Би эрлийз адууг хурдан байхыг үгүйсгэж байгаа юм биш. Тэртэй тэргүй уяачдын холбоо, төр засаг нь зөвшөөрөөд, тусад нь ангилал гаргаад уралдуулж байна. Гол нь манай уяачдын ёс зүйгүй байдлаас болоод элдэв маргаан, үл ойлголцол гардаг. Үүнийгээ л больчихмоор байна. Миний хувьд морь уяхыг төрт ёсны үйл хэрэг хэмээн үздэг учраас дүрэм журмаа сахидаг. 
-Морь уях нь төрт ёсны хэрэг гэснээс таны дээдчүүл хүлгийн хурд ирлэж байв уу?
-Би малчин ардын хүүхэд. Аав минь морь уяж байгаагүй. Харин ээжийн дүү морь уядаг. Би хүүхэд ахуй цагаасаа эхлээд зуны амралтаараа тэднийд очиж хурдны морь унадаг байлаа. Миний аав морь уяхгүй ч их сониуч зантай, техник сэтгэлгээтэй хүн байсан. Унадаг дугуйнаас эхлээд моторт дугуй (ямаан дугуй гэдэг), улаан Яв, Иж мотоциклиудыг анх сумандаа авч унасан хүн. Мөн айлуудын оёдлын машин, Эх орон-52 радио нь ажиллахгүй бол аавыг дууддаг. Аав очоод өнөөхийг засчихдаг.
-Гарын дүйтэй хүн байж.
-Мод, төмрөөр юм хийнэ. Сумын туслах бригадад дархан, мужааны ажил голлон хийж байсан. Сүүлд намайг дунд сургуульд байх үед хотод ирж цахилгаан гагнуурчны мэргэжил эзэмшээд, сум орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан хүн дээ. 
-Хүүхэд ахуйдаа нагацынхаа уясан морьдыг унаж хурдлуулж явсан нь хожмоо таныг морь уяхад хүргэсэн юм уу?
-Намайг долдугаар ангид ордог жил манай суманд дунд сургууль байгуулагдсан юм. Дээд сургууль төгссөн, ёстой ромбоных нь будаг үнэртсэн сайхан залуу багш нартай дунд сургууль байгуулагдаж, бид анхны долдугаар ангийн сурагчид болж байлаа. Тэр үед төр засгаас хилийн сумыг боловсон хүчнээр хангах бодлого баримталж байсан юм уу даа. Наймдугаар ангийг 22-лаа төгсөхөд багш намайг “Аравдугаар ангидаа ор” гэсэн юм. Харин миний хувьд морь мал, хөдөөгийн амьдралыг илүүтэй сонирхдог байсан тул хурдхан шиг сургуулиа төгсөж ирээд нутагтаа амьдрахын хүслэн. Яагаад гэхээр тэр үед манай сумын санхүүгийн ажилтан байсан Хөдөлмөрийн баатар Гомбо гуай, нягтлан бодогч Мажигсүрэн (Маягийн халзан морь гэж ярьдаг) нар морь уядаг. Зун уяан дээр нь очоод тэдний яриа хөөрөөг сонсох амттай сайхан санагдана. Тиймээс сургуулиа төгсч ирээд тэдэн шиг ажиллангаа морь хар уях юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байлаа.Тэгсэн ашгүй дөрвөн эмэгтэйг аравдугаар ангид оруулах, бусдыг нь техникумд суралцуулахаар шийдвэрлэж. Тэгээд санхүү эдийн засгийн техникумын хуваарийг авсан ч, гуравдугаар курсээсээ Сангийн яамны нэр дээр гадаадын дээд сургуульд суралцах сайхан боломж олдсон. Тэр үед хоёрхон техникум Дээд боловсролын хороонд харьяалагдахын зэрэгцээ салбар яамандаа харьяалагддаг байсан. Түүний нэг нь санхүүгийн техникум юм. Тийм болохоор надад техникумаас дээд сургуульд суралцах боломж тохиосон нь тэр. Тэгээд сургуулиа төгсөж ирээд Сангийн яаманд 10 гаруй жил ажиллаад, Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихэд мэргэжил нэгт нөхдийн санал болгосноор анхны арилжааны банкуудын нэг Ардын банкийг бидний гурван хүн байгуулж байлаа. 


-Санхүүч мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ морь уях хүүхэд насны мөрөөдөл биеллээ олжээ. Танай хүүхдүүдэд таны нэгэн адил бодол төрдөг болов уу?
-Би гурван хүүхэдтэй. Хоёр том нь охин. Бага нь хүү. Дур сонирхлын хувьд манайхан гэр бүлээрээ моринд элэгтэй. Наадам дөхөхөөр том багагүй цөм уяан дээрээ очдог юм. Ач зээ нар хүртэл шүү. Одоо уралдаж байгаа хэдэн морь бараг бүгдээрээ хүүхдүүдийн нэртэй. Ховдод түрүүлдэг халтар гэхэд эмч охины охин Мичидмаагийнх. Ялалт хүрэн гэхэд анхны ач хүүгийн маань өмчний адуу. Өмчнийх нь адуу түрүүлж, айрагдахаар бай шагналыг нь хадгаламжинд нь хийдэг. Тэгсэн хэрнээ морь тэжээх болон бусад бүхий л зардлыг хэн гаргах уу, өвөө л гаргана (инээв).
-Хүү морь уях уу?
-Манай хүү улсын байгууллагад ажилладаг болохоор ажил төрөл нь амждаггүй юм шиг байна лээ. Сонирхол бол бий. 
-Ярилцлагаа энд хүргээд жаргаая. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.

- Баярлалаа. Хоёр халзан мориноос эхлээд Онгон сумын нэрийг дуурсгасан олон сайхан хурдан хүлгүүд төрж, тэр хэрээр нутгийн залуус урмаар тэтгэгдэж байна. Энэ өвөл нутагтаа очсон, айл болгоны хашаанд нэгээс хоёр адуу тэжээлгээстэй байна лээ. Орчин үеийн уяаны арга барилд суралцаж буй нутгийнхаа залуучууд, хүүхдүүдээр бахархах сэтгэл төрсөн шүү. Удахгүй манай сумын түүхт ой болно.Үүнийг тохиолдуулаад сумынхаа нийт уяачид, тэр дундаа сумынхаа МСУХ-ны удирдлага залуучууддаа ийм сайхан ажлыг зохион байгуулж буйд талархал илэрхийлэн, илүү их амжилтыг хүсье.

А.Тэлмэн


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.77.136

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.

    Reply