Аймгийн Алдарт уяач С.Эрдэнэбат: Манай ажаа төрийн наадмаас нэг түрүү, гурван айраг хүртсэн уяач

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 07 -нд

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Сундуйн Эрдэнэбат 1961 оны зун Зуунмод сумнаа төржээ. Бага балчраас морь уяхад суралцсан тэрээр энэ нутгийн ихэнх уяачдын нэгэн адил тээврийн тэрэгний залуурч. Энэхүү хөдөлмөрөө үнэлүүлж Хөдөлмөрийн Алдар медаль, Онц тээвэрчин цол тэмдгээр шагнагдсан бол уяачийн хувьд ММСУХ-ны Уяачийн алдар одонтой.     

-Манзушир хутагтын шавь болох цагаан Гэндэнгийн удмын хүн юм байна. Таны аав бүдүүн Сундуй гэж хүн энэ нутгийн сайн уяачдын нэг байсан гэдэг. Манай уншигчдад аавынхаа талаар ярьж өгөөч?

-Миний эцэг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Гомбын Сундуй гэж хүн байсан. Дээдчүүл нь адуу сайтай улс байсан тул ажаа бага балчраасаа хурдан морь уяж, 1966 онд улс хувьсгалын 45 жилийн ойгоор зээрд морио таваар давхиулж байсан юм. Тэр зээрд морь уг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын адуу. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат нэрт уяач Ганжуур гуай авчраад нэг жил уясан ч олигтой давхиагүй юм гэнэ лээ. Ганжуур гуайн хүү Сундуй манай ажаа хоёр нэр нэгтэй, найзууд. Тэгээд Сундуй гуай ажаад нөгөө зээрд морийг өгч. Ажаа уяад 45 жилийн ойгоор айрагдуулж, түүнээс хойш арав дотор нэлээд хэдэн удаа давхиулсан. Үүнээс гадна манай ажаа төрийн наадамд их насны морь түрүүлгэсэн хүн.

-Хэдэн онд билээ?

-1972, 1973 оны үед байхаа  даа. Чулуунбат гээд  дүүгийнхээ нэрэн дээр уралдуулж түрүүлгэсэн байдаг юм.

-1974 онд юм байна. “Баянцагаан угшилтай энэ хээр морийг “Царцаа” Дашням гуай  багад нь шинжиж таниад бага зэргийн засал хийсэн гэдэг. Хээр морь тэр жил Данзаннямын хээрийг ид хурдан байхад нь дийлж түрүүлсэн” гэсэн тайлбарыг А.Баярмагнай гуай хийсэн байна.

-Аан наадах чинь мөн мөн. Наад хээр морь чинь Баянцагааны 2-р багийн харьяат Жанцанбалбар гуайн унаган адуу л гэдэг юм. Урьд нь уяж байгаагүй байх аа. Манайд ирээд л түрүүлж байсан юм.

-Чулуунбат гэж төрсөн дүү нь үү?

-Эгчийнх нь хүүхэд. Манай эцэг бүдүүн Сундуй гэж морь малан дээр мордож чаддаггүй хүн байсан. Тэгээд энэ дүүгээ дэргэдээ дагуулж уяаны ажилдаа туслуулдаг байсан юм билээ. Улмаар хээр морийг авч өгч, улсад нэг түрүүлгэж, нэг айрагдуулсан. Сүүлд 1977 онд улсад таваар давхисан наад хээр морь чинь. Энэ дүүгийнх нь нэр дээр бас нэг цавьдар азарга айрагдсан байх ёстой.

-Чулуунбатын цавьдар азарга 1979 онд гурвалсан байна. Баянцагаан угшлын энэ хурдан азарга Чулуунбатаар дамжин дууч Цэрэнгийн Хэнмэдэхэд очиж тэдний хурдан цавьдар зээрд азарганы уг язгуур нь болсон түүхтэй гэсэн байна. /А.Баярмагнайн “Зуун жилийн айраг түрүү” номноос иш татав/ Цавьдар азарганыхаа талаар ярьж өгөөч?

-Хязаалан эмнэг үрээ Тожил гуай сургаж уяад өөрийн хамаатны хүн болох багийн дарга Гомбынхоо нэр дээр Баянцагаан сумын наадамд түрүүлгэсэн юм. Тэгээд соёолон жил нь бид нар цуг улсын наадамд явж зургаад оруулсан юм. Тэрний дараа жил хавчиг азарга анх улсын наадамд дөрвөөр давхисан.


-1977 онд юм байна.

-Тийм. Дараа жил нь 1978 онд аман хүзүүдээд, 1979 онд Чулуунбат ахын нэр дээр гурваар давхисан. Наймтай азарга гурваар давхиад, хойтон жил нь би цэрэгт явчихсан чинь аав эзгүй хойгуур Хэнмэдэх гуайд зарчихсан байсан юм.    

-Улсад хоёр айрагдчихсан азарга тухайн үед ямар ханштай байсан юм бэ. Аав тань ямар өртгөөр цавьдар азаргыг авч байсан бэ?

-8000 төгрөгөөр зарсан гэдэг байх шүү. Тухайн үедээ бас л өндөр ханш. Цавьдар азарга Гомбо гуайн нэр дээр уралддаг ч Тожил гуай уядаг. Манайхны уяа нэг байсан юм. Цавьдар азаргыг аман хүзүүддэг жил аав наймаа хийж аваад, гурвалдаг жил нь би Баянцагаанаас Тожил гуайтай цуг уяж ирээд айрагдуулж байлаа. Би тэгэхэд овоо болчихсон байсан.

-Хэнмэдэх гуайд хэдээр зарагдсан юм бэ?

-Авсан үнээрээ өгсөн гэсэн.

-Цавьдар азарганы үр төлүүдээс үлдсэн үү?

-Манайд ганц жил болохдоо эр зээрд унага үлдээсэн юм. Тэр нь азарга болж. Түүний төлүүд хоёр, гурван гүү үлдсэн. Тэр гүүнүүдийн үр төлүүд манай адууны суурь болж байна. Тэр цавьдар азарга сайхан зэгзгэр, хөнгөн ястай адуу байсан. Дээд удмыг нь хөөвөл Царцаа Дашням гуайн адуу гэнэ лээ. Гомбо гуай зэлэн дээрээс нь сонгож аваад ойрын хамаатан болох Тожил гуайгаар уяулсан юм билээ.

-Сундуй гуай төрийн наадмаас нэг түрүү, гурван айраг хүртжээ. Сум орон нутагтаа хэрхэн наадаж байсан бэ?

-Улсад айрагддаг цавьдар морь нь сум орон нутгийн чанартай наадамд сайн давхиж байсан. Түүнийг залгаад хээр морь хурдалсан. Ер нь манай ажаа их насны морь гайгүй давхиулдаг байсан шүү.

-Сундуй гуай хэдэн хүүхэдтэй юм бэ? Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би дөрөв дэх нь. Манайх найман хүүхэдтэй. Дөрвөн хүү, дөрвөн охинтой байсан. Би ухаан орсон цагаасаа аавыгаа дагасан даа. Ажаа маань Тожил гуай, Дашням гуайн хүү Ёндомжамц болон Эрдэнийн Гэсэрваань, Сэргэлэнгийн Даш, Дамдин гуай нартай дотно  сайхан нөхөрлөдөг хүн байсан.

-Ингэхэд ямар ажил алба эрхэлж байсан юм бэ?

-Сэргэлэн суманд  нягтлан хийдэг байсан. Насаараа тэр ажлаа хийсэн.

-Барилдаж ноцолдож байсан болов уу? гэж бодогдлоо.

-Залуудаа ч ганц нэг барилдаж байсан юм гэнэ лээ. Улсын баяр наадамд хоёр удаа дөрөв давчихсан гэж ярьдаг байсан. Манай ажаа чинь 1928 оны хүн. Төв аймгийн нутаг Цээлийн Цохиол гэдэг газар төрсөн юм гэнэ лээ. Хожмоо  намайг дагуулж очдог байсан.

-Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсэн Алдарт 2008 онд орон нутгийн дээд цолонд хүрч байж. Хэдий үеэс өөрийн нэртэй морьд мордуулсан бэ?

-1984 онд цэргээс халагдаж ирээд л эцгээс үлдсэн цөөхөн адуунаасаа  уясан. Намайг цэргээс ирэхэд эцэг маань хүрэн шүдлэн, зээрд даага, хүрэн гүү зүсэлж өгсөн юм. Хүү минь моринд дуртай гээд  Гэсэрваань гуайн Дунд хүрэн азарганд царцаа Дашням гуайн адууны хүрэн гүүг аваачиж тавьсан юм билээ. Тэгээд нөгөөх нь намайг ирэхэд овоо хөөрхөн өсчихсөн. Болоогүй хүрэн шүдлэн нь даагандаа Эрдэнэ сумын 60 жилийн ойд аман хүзүүдчихсэн байсан. 1985 онд Гэсэрваань гуай намайг ирсэн сургаар хүрэн гүүг даагатай нь авч үлдээд төл нь болох гурван тооны адууг авчирч өгөхдөө “Чамд байгаа дээр нь өгчихье” гэсэн юм. Ингээд би Царцаа Дашням гуайн адууны өлгөр хөх цавьдар азаргаа үрээнүүдтэйгээ уясан. Цавьдар азарга нас нь нэлээд хэвийчихсэн байсан юм. Тэднийг залгаад  Бавууш гуайн адууны цавьдар үрээ гарч ирсэн. Цавьдар үрээ маань 1991 онд улс хувьсгалын 70 жилийн ойгоор наймд давхисан. Аймагт болсон их сунгаанд түрүүлээд, улсын наадмаар арай айрагдаж чадалгүй наймд орсон. Цавьдар азарга маань улсын наадамд хоёр ч удаа наймлаад, хоёр ч удаа 11-д давхисан. Төл нь болох зээрд морь хязааландаа аймгийн наадамд зургаалаад, соёолондоо гуравласан. Их насанд нийлээд хаврын уралдаанд олон айрагдаж, түрүүлсэн. Бас нэг төл хээр азарга нь соёолондоо  аймгийн наадамд зургаалаад, хавчиг болон долоо, наймтайдаа гурван жил дарааллан аймагтаа айрагдсан.Тэгээд өвөл нь /2009 онд/ Дүнжингаравт айрагдаад, зун нь улсын наадамд зургаалуулсан. Дараа жил нь /2010 онд/ Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд Батсүх гээд хуурай дүүгийн маань нэр дээр дөрвөлсөн. Би өгсөн юм.

-Батсүхийн Шагай хээр гэдэг нь байх нь.

-Яг тийм. Хээр азарга маань улсын бүсийн уралдаанд хоёр айрагдаад, 2010 оны “Их хурд-5” уралдаанд есөлж, Дарханы 50 жилийн ойд гурвалсан. Мөн 2013 онд АХ-ын 92 жилийн ойгоор 18-д давхисан. Үүнээс гадна сум орон нутгийн чанартай наадам болон хаврын уралдаанд 20-иод удаа айрагдаж түрүүлсэн.

-Хэд хүртлээ уралдсан юм бэ?

-14 хүртлээ уралдахдаа 25, 26 медаль авсан байна лээ. Дааганаасаа эхлээд л уралдаж, соёолондоо анх айрагдсан адуу байгаа юм. Баян суманд Шийтэрийн зээрд азарганы нэрэмжит уралдаан болсон шүү дээ. Түүнд айрагдсан. Сүүлд “Агт Эрдэнэ” галын мялаалга наадам болоход бас айрагдсан.

-Эцэг нь Бавууш адууны цавьдар азарга. Харин эх нь ...

-Эх тал нь болохоор Тод манлай уяач Ононгийн адууных болно. Бэлгэнд ирсэн шүдлэн байдаснаас гарсан гүүний төл байгаа юм, хээр азарга. Ононгийн адууны байдсан гүүг аймагт түрүүлдэг зээрд азарга хураагаад охин халтар унага гарсан. Тэр нь миний хээр азарганы эх. Ойлгогдож байна уу?

-Ойлгох гээд л байна ...

- Эхийнх нь эцэг болох зээрд азарга 1991 онд аймагт түрүүлсэн.

-Бавууш гуайн адууны гэдэг үү?

-Тийм ээ. Яахав дээ манай эцэг Тожил гуайгаас нэг байдас аваад Бавууш гуайн адуунд тавихгүй юу. Тэгээд намайг цэргээс ирэхэд “Тэнд нэг үрээ бий, аваарай миний хүү” гэсэн юм. Тэгээд би очиж зээрд шүдлэн авчирч байлаа. Өөрөөр хэлбэл Бавууш гуайн адууны зээрд азарга, Ононгийн адууны  гүү хоёрын дундаас халтар гүү гарсан. 

-Эх талыг нь сайн ойлголоо. Бавууш гуайн адууны цавьдар азарга тань эх талд нь ордог юм байна. Тэгвэл эцэг нь ямар азарга юм бэ?

-Гэсэрваань гуайн хүрэн азарганы төл хүрэн азарга.

-Хээр азарганы төлүүд хурдалж байна уу?

-Одоохондоо төлүүдээс нь айрагдсан адуу алга л байна.

-Адуу малын арилжаа наймаа хэр хийдэг вэ? Гадагшаа гараад хурдалж байгаа адуу бий юу?

-Бий, бий. Чулуунбат гээд хамаатны ахдаа өгсөн зээрд халзан шүдлэн азарга болоод аймагт аман хүзүүдэж, Сэргэлэнгийн 80 жилийн ойд түрүүлсэн. Ах маань цааш нь өөр хүнд зарчихсан юм билээ. Түүний төл нь Манлай уяач  Х.Цогтсайханы улсад түрүүлж, Их хурдад айрагддаг Сүмбэн зээрд шүү дээ.

-Дуулаагүй түүх байна.

-Сэргэлэнгийн 90 жилийн ойгоор утасдаад асууж байна лээ. Би мэдэхээ хэлсэн. Мөн Зүүнхараа руу эгчийнхээ хүүхдэд хонгор үрээ өгсөн нь хязаалан, соёолондоо Зүүнхараа, Баруунхараад түрүүлсэн гэнэ лээ. Сүүлд хээр азаргыг Дүнжингаравт айрагдахад энд ирж наймаар давхиж байна лээ. Харамсалтай нь хойтон жил нь хөлгүй болчихсон гэсэн. Уг нь аюулын хурдан адуу болохоор байсан.

-Ингэхэд Сундуйн гуайн хүүхдүүдээс танаас өөр морь уядаг хүн бий юу?

-Байхгүй ээ. Уг нь багадаа бүгд л морь унаж байсан. Тэгээд сургууль ном дүүргэж, улсын ажил хийгээд хөндийрцгөөсөн дөө. Би л жолооч хийхийн хажуугаар морь уядаг юм. Тэгэхээс ч аргагүй. Яагаад гэхээр би хар багаасаа ганцаараа адуу маландаа давхидаг хүүхэд байлаа. Хүмүүст ямар сонсогдохыг мэдэхгүй. Гэхдээ эцэг маань намайг багад адуунд давхиулахдаа “Эр хүнд хань болдог юм” гэж хэлээд тамхи шүдэнз өвөртлүүлж байсан.

-Тэгэхэд та хэдэн настай байсан юм бэ?

-2-р ангийн хүүхэд байсан.

-Ээж хориглож зэмлээгүй юу?

-Манай ээж Анагаахын дунд сургуулийн эм найруулагчийн ангийг төгсөөд насаараа Төв аймгийн эмийн санд ажилласан. Тэгсэн хэр нь зэмлээгүй. Манай ажаа өөрөө тамхи татдаггүй хүн. Тэгсэн хэр нь намайг хориглоогүй л юм.

-Бүсгүй надад бол бэрх л дуулдаж байна. Эрчүүдийн ертөнцийг ойлгохгүй л явна.

-Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Түүнд авах гээхийн ухаанаар хандаж, хэмжээ хязгаарыг нь баримталж чадвал алдаж эндэх нь гайгүй л юм шиг санагддаг. Аавыгаа дагаж олон сайхан уяачийн хуучийг дуулж өссөнийх алдаагүй л гэж боддог.

-Нээрэн тийм сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Аавын хээр морь түрүүлдэг жил юм. Данзанням гуайн хээр морь олигтой эвлэдэггүй, давхил нь ордоггүй гээд Тожил гуай дээр ирлээ. Тэгсэн чинь Тожил гуай “За харуй бүрий болохоор эмээллээд олигтойхон унадаг хүүхдээр унуулаад,  хөнгөн хөлтэй морьтой аваад ир. Би үдшээр тарлаадахъя” гэсэн. Нөгөөдөр наадам болох гэж байгаа шүү дээ. Тэгээд  тарласан сунгаанд ч олигтой давхихгүй байсан хээр морь улсад аман хүзүүдсэн. Тожил гуай аргагүй сайн уяач байсан шүү. Маргааш уралдах адууны гэдсийг тэмтэрч үзээд хоолыг нь тааруулдаг байж билээ.

-Та өөрийгөө ямархан хэмжээний уяач гэж дүгнэдэг вэ?

-Морь уяхад нэг насаараа суралцдаг гэдэг. Суралцаж л явна. Ямар ч байсан хүн гуйхгүй адууныхаа хар гэдсийг авчихдаг л болсон.

-Эрдэнэбат Алдартын хамгийн сайхан наадмын дурсамжийг хуваалцмаар санагдлаа.

-1991 онд зээрд азарга аавын нэр дээр уралдаж аймагт түрүүлэхэд манайхан цөмөөрөө баярласан. Түүний дараа хээр азаргаа Дүжингаравт айрагдахад бас их баярласан.

-Ийм баяр бахдалыг мэдрэх дараагийн үеийн уяачид бэлтгэгдэж байна уу? Том хүү морь уядаг дуулдсан.

-Зуунмод сумын 30 жилийн ойгоор сумын Алдарт уяач цол хүртсэн. Одоо аймгийн Алдарт уяач цолны болзол хангачихсан байх аа. Хоёр нь дүү нь моринд дуртай, ахдаа туслаад явдаг юм.

-Үе дамжин морь уях төрийн хэрэгт шамдаж буй та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.

-Моринд дуртай, морь сонирхдог монголчууддаа, уяачиддаа хурдан адууны босоо цагаан хийморь дэлгэрэх болтугай  хэмээн ерөөе.

-За тэр ерөөл бат сайхан оршиж, тэгш дүүрэн жаргах болтугай. 

А.Тэлмэн

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.