МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ Х.ЦОГТСАЙХАН: ТЭР БОГИНОХОН ХУГАЦААНД баяр талархал, уучлал, ухаарал ЗЭРЭГЦДЭГ ЮМ БИЛЭЭ

Тэлмэн
2018 оны 5-р сарын 15 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшил дэврээсэн "Тод магнай" сэтгүүл уншигч танаа учран золгоод хэдийнэ найман өвлийг үджээ. Энэ хугацаанд 96 дугаараар та бүхэнтэйгээ учран золгосон байх юм. Сэтгүүлийн маань зочин хойморт тухлан саатаж өөрийн болоод өвөг дээдсийнхээ үүх түүх, амжилтын товчоон, удамт хурдан хүлгүүд, уяаны арга барилынхаа талаар хуваалцсан 92 эрхмийн нэг нь Төв аймгийн Баян сумын уугуул, "Баатрууд тэнгэр" ХК-ийн захирал, дөрвөн үеийн удамт уяач Хэнгэрэгийн Цогтсайхан байсан. Тэрээр одоогоос зургаан жилийн өмнө "Тод магнай" сэтгүүлийн 13 дахь дугаарын зочноор уригдан оролцож, төрийн наадамд дөрвөн үеэрээ морь түрүүлгэсэн бахдам түүхийнхээ талаар хуучилж байжээ. Харин энэ удаа бид Монгол Улсын Манлай уяач Х.Цогтсайханыг зочин хоймортоо урин залж, хууч дэлгэн хөөрөлдлөө. таалан соёрхоно уу.

-Одоогоос зургаан жилийн өмнө сар шинийн босгон дээр тантай ярилцаж байжээ. Сүмбэн зээрд төрийн наадамд түрүүлж,“Их хурд”-д айрагдан чансаа өндөр азарганы хоёрдугаарт эрэмбэлэгдээд байсан бахдалт үе шүү дээ. Харин та хараахан улсын цолонд хүрээгүй байсан үе. Өнөөдөр бол миний өмнө Монгол улсын Манлай уяач сууж байна. Сэтгүүлийн урилга хүлээн авсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Зургаан жилийн өмнө биднийг ярилцахад “Тод магнай” сэтгүүл олны хүртээл болоод төдийлөн удаагүй байсан бол өнөөдөр уяачдын хүсэн хүлээдэг унших дуртай хэвлэл нь болжээ.Уяачдын төв хэвлэл болсон “Тод магнай” сэтгүүлдээ дахин уригдаж байгаадаа баяртай байна. 
-Баярлалаа. Сэтгүүл маань хэдийнэ найман нас хүрсэн байна.
-Цаг хугацаа хурдан байна шүү. 
-Тийм шүү. Төв аймгийн Баян сумаас Монгол Улсын Манлай уяач цолтон гурав төрөн гарсны нэг нь та.
-Тийм ээ. 2016 онд Монгол Улсын Манлай уяач цолыг хүртсэн. Үүнээс өмнө манай сумаас талийгаач Д.Оюунбилэг болон УИХ-ын дарга М.Энхболд нар Манлай уяач цолыг хүртээд байсан юм. 
-Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижий, аавынхаа нэрийг дуудуулан төрийн тэргүүнээсээ цол гардан авах тэрхэн агшин олон зүйлийг бодогдуулдаг гэдэг. Өөрөөр хэлбэл,агшин зуурт амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг мэдэрдэг гэлцдэг. Тэр үеийнхээ мэдрэмжээс хуваалцаач?
-Нээрэн л тэр богино хугацаанд их зүйл бодогддог юм билээ. Баяр талархал, уучлал, ухаарал зэрэгцдэг байх.Тэр сайхан нутагт ийм сайхан ижий, аавын үр болж мэндэлсэндээ талархан, удам угсааныхаа нэр хүндийг улам бүр өндөрт өргөж явах юм шүү гэсэн бодол төрсөн. Малч, тэр дундаа хурдан хүлгийн хийморьтой өвөг дээдсээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн дөө. Зөвхөн цол авах агшинд ч бус би цаг ямагт адуу хэмээх хийморилог малыг адгуулж ирсэн өвөг дээдсээрээ бахархаж, тэдний минь буян заяа түшиж өдий зэрэгтэй явна даа хэмээн боддог юм. 
-“Удам сайтын үр, угшил сайтын унага” гэж буянт дээдсээрээ бахархахгүй байхын аргагүй. Хэнгэрэг гуай хэдэн оны хүн бэ?
-Миний аав Г.Хэнгэрэг 1920 онд Төв аймгийн Баян сумын нутаг Жаргалант хэмээх газар төрсөн. 1938 онд цэрэгт татагдаж хязгаарын цэрэгт алба хааж байх үед эх орны дайн 1939 онд эхэлж, эх орноо хамгаалах тулалдаанд гар бие оролцож явсан ахмад дайчин хүн байсан. Төрийн өндөр одон медаль болох Халх голын “Бид ялав” медаль, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас хүртэж байсан.
1942 онд цэргийн албанаас чөлөөлөгдөж нутагтаа ирээд нагац ах Падын туслах уяачаар ажиллаж эхэлсэн гэдэг. Тэр үед Падын хүрэн азарга ид хурдан байсан үе нь.
-Хүрэн азаргыг унаж байсан гэдэг билүү. Би андуураад байна уу?
-Цэрэгт явахаасаа өмнө унаж байсан гэдэг юм. Халагдаж ирснээсээ хойш хоёржил хүрэн азарганы туслах уяачаар ажиллаад, 1944 оны бичин жилийн зуднаар адууны оторт явж, 1945 оны хавар дахин цэрэгт татагдан Халх голын чөлөөлөх дайнд оролцсон юм билээ. 
-Хэнгэрэг гуай хэдэн нас хүртлээ хурдан морь унасан юм бэ?
-Бие жижигтэй хүүхэд байсан болохоор 15 нас хүрээд хурдан мориноос хасагдсан гэдэг юм.Тэгээд чөлөөлөх дайн дуусч, цэргээс халагдаад ирэхэд нь нагац ах нь хүрэн азарганыхаа төл Сарт хэмээх хар хязаалан үрээбэлэглэсэн гэдэг. Сарт хар Төв аймгийн баяр наадамд нэлээд хэдэн удаа түрүүлж, айрагдан улсын баяр наадамд 10-ын дотор хэд хэд ирсэн гэнэ лээ. 
-Аав тань хүрэн азарганы тухай бишгүй ярьдаг байсан байх?
-Нэлээн босоо зэгзгэр биетэй, их номхон дөлгөөн. Харин уяа нь орохоороо ааш араншин нь бага зэрэг эвгүйтдэг байсан гэж ярьдаг байсан.Харин Пад гуайн тухайд Төв Халхын дээхнэ үеийн том уяачдын тоонд багтдаг байсан шүү хэмээдэгсэн. Аавын ярьсныг өнөөгийн морь судлаачид, түүхчид ч бас баталдаг юм билээ. 
-Маргахын аргагүй үнэн. Таны аав тэр мундаг уяачаас олон зүйл сураа байлгүй.
-Аав маань нагац ахыгаа их гярхай мундаг уяач гэдэг байсан. Үүнтэй холбогдуулаад олон түүх ярьдаг. Миний санахын хэдэн оны ч юм бэ дээ, нэг наадмаар Пад гуайн уяаныхан улсын баяр наадамд оролцохоор ирээд буучихсан байж. Гэтэл “Хэнтий аймгаас уяачид ирж байна” гэсэн яриа гарч. Үүнийг дуулсан өвгөн мордож яваад хүрэн буурал даага хөтөлчихсөн ирсэн гэдэг. Тэр нь хожмоо улсын баяр наадамд хоёр, гурван ч удаа түрүүлсэн мундаг азарга болсон гэнэ лээ. Хожим өөр хүний нэр дээр уягддаг болсон юм гэдэг байх шүү. Энэ мэтчилэн адуу танихдаа гарамгай, морины уяа засалдаа их сайн, гярхай хүн байсан гэнэ билээ. Аав маань “Би ахыг олон жил дагасны хувьд морины тухай, морины уяа засал, морь шинжих тухай нэлээн суурь мэдлэгтэй болсон шүү” гэж ярьдаг байсан.

МАНАЙ ГЭРИЙНХНИЙ ХУВЬД ХОЁР ТҮРҮҮ, ГУРВАН АЙРАГ ХҮРТСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ ХАМГИЙН САЙХАН НЬ 
-Ингэхэд Хэнгэрэг гуай ямар хурдан хүлгүүдээр наадаж байсан билээ. Аавынхаа уяж хурдлуулж байсан хүлгүүдээс манай уншигчдад танилцуулаач?
-Улсын баяр наадамд аавын нэртэй морьд айрагдаж байгаагүй байх. Цуваанд нь байдаггүй юм. Харин Төв аймгийн баяр наадамд бол нэлээд хэд бий.Тухайлбал, хүрэн азарганы төл Сарт хар байна. 1959 онд анх мал нийгэмчлэхэд аав минь хэдэн адуугаа авч үлдэнэ гээд ээжийн саалийн үнээнүүдээс өгч байсан гэдэг. Тухайн үед чинь нэг айлд байх малын тоо толгойг заадаг байсан шүү дээ. Ээж минь хэдэн хүүхдээ тарагтай, сүүтэй байлгахын тулд үхрээ авч үлдмээр байсан ч аав өрхийн тэргүүнийхээ хувиар “хэдэн адуугаа авч үлдэнэ” гэсэн шийдвэр гаргасан юм гэнэ лээ. Тэр нь бас олон бишээ. Унааны тав, зургаан морь, унагалах дөрөв, таван гүү, Сартын төл болох нэг азарга нийлсэн 20 хүрэхгүй адуу юмуу даа.
Тэгж байтал Хэнтий аймгаас хурдан адуутай Дулаан Дамдинжав гэдэг хүн ирж, манай нутагт суурьшиж. Аав яахав, моринд дуртай юм болохоороо очиж танилцаад дотно нөхөрлөцгөөх болж. Тэгээд нэг өдөр “Би таны адуунаас нэг азарган үрээ авъя” гэсэн юм байна. Дамдинжав гуай ч дөрөв, таван хонгор үрээ зааж. Аав нутгийнхаа ганц нэг өвгөн болон үеийн уяачидтайгаа хамт очсон байж л дээ. Тэдний дунд байсан “дал”хэмээх Гөлөгөө гуай“цайварзэгэлхонгор үрээг авбал их хурдална. Гэхдээ чи адууны суурь сайтай хүн. Дээр нь олон хүүхэдтэй.Тиймээс улаан хонгорыг нь авбал дээр байх. Үр төл сайтай юм” гэж. Тэгээд Дамдинжав гуай гурвуул ярилцаж байгаад улаан хонгорыг нь авч Сартынхаа төл гүүнүүдийг хураалгаад, олон сайхан адуутай болж. 
-Хонгор азарга уягдаж байгаагүй юм аа даа?
-Уясан гэсээн. Бүдүүрснээсээ хойш сумын баяр наадамд 10 дотор л давхиж байснаас айрагдаж чадаагүй гэнэ лээ. Харин үр төлүүд нь хурдалсан гэдэг юм.
Намайг хоёр, гуравдугаар ангийн хүүхэд байхад аав маань хаврын амралтын үеэр ирээд “багийн даргатай уулзана аа” гэдэг юм байна. Учрыг нь лавлавал, малаа нийгэмчлэхэд тоо дутаад, Сартынхаа төл хээр гүүг нийгэмчилсэн.Түүнийгээ буцааж авах санаатай гэв. Бүх юм нарийн чанга байсан цаг. Тэгээд багийн дарга Жавзан гуайтай /манай сумын уяач Довдонбалжирын аав/ уулзаад, хээр гүүгээ авахаар цохуулаад оронд нь өгөх адуугаа зүсэлчихлээ гэж байсан. Удаа ч үгүй адуучин Батсүх гуайг Улаан худагт байхад нь очиж хээр гүүгээ аваад хонгор азаргандаа хураалгасан. Нэлээд харьчихсан гүү байсан. Гэтэл тэр жилээ болон хойтон хавар нь дараалаад сувайрчихлаа. Тэгээд 12 дугаар сарын эхээр малын тооноос өмнө Жаргалантын урдаас хээр гүүгээ барьж аваад, тогоо тослохоор шийдээд уячихсан байсан чинь ногтоо таслаад яваад өгчихсөн байсан. Удам угшлыг нь бодсон уу, аав маань ардаас нь явсангүй тэр чигээр нь орхичихсон юм. Гэтэл хавар нь эр хээр унага гарсан байсан. Юм гэдэг сонин шүү. Тэр хээр даагандаа сумын наадамд айрагдаж, шүдлэн, хязаалан, соёолондоо тус тус түрүүлсэн. Бүдүүрсэн хойноо хоёр ч түрүүлж, хоёр, гурван ч удаа айрагдсан. Хэнгэрэгийн хээр гэхээр Баянгийнхан андахгүй дээ.
Үүнээс гадна хонгор азарганы төл өөр эхтэй хул, хонгор морьд нь бас сайн давхиж байсан. Сарт харын төлүүд ч сайн давхидаг байсан. 
-Аав тань морь уяж байсан он жилүүдийнхээ тухай ярихдаа хэдэн оны, ямар наадмыг онцлон дурсах дуртай байсан бэ?
-Манай хээр азарга, хул морь хоёр түрүүлж, соёолон халиун үрээ, хязаалан хар үрээ хоёр айрагдаж, хээр азарга маань даагандаа айрагдсан тэр нэг жилийн сумын баяр наадмыг ярих дуртай. Тэр жилийн наадам л манай гэр бүлийн хувьд хамгийн сайхан дурсамжтай нь байсан даа.
-Манлай эцэг, эхээс хэдүүлээ билээ. Ах дүү нараас тань хэн, хэн нь аавынхаа уяаны эрдмийг залгамжлан авч явна вэ?
-Долуулаа. Хоёр эмэгтэй, таван хүү. Хоёр дүү маань хөдөө байдгаас нэг нь ноднин жил бурхан болчихлоо. Талийгаач дүү маань аавыг дагаж олон жил морь уясан, өөрөө ч сайн уядаг байсан. Айлын отгон хүүхэд болохоор голомтоо сахиж, аавынхаа эрдмийг залгамжилж авсан хэрэг л дээ. Өөрийн унаган адуугаараа Төв аймгийн баяр наадамд хоёр, гурван морь айрагдуулж, Багахангай дүүргийн наадмаас нэлээн хэдэн айраг, түрүү хүртэн хоёр жилийн өмнө аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон юм. 
-Дүү тань улсын баяр наадамд оролцож байгаагүй юм уу?
-Оролцолгүй яах вэ. Миний сүүлийн үеийн амжилтууд дүүтэй маань нягт холбоотой. Лутсайхан гэж сайхан залуу байлаа.

“ЧИ Л БИШ БОЛ ӨӨР ХЭН ААВЫГ ЧИНЬ ЗАЛГАМЖЛАХ ЮМ” ГЭСЭН МАНЛАЙ НАЙЗЫНХАА ҮГИЙГ ХЭДЭН ӨДӨР БОДСОН 
-Хурдан мориноос хасагдчихсан байсан үе гэлээ. Таныг хурдан морь унаж байсан гэж боддоггүй байлаа. Хэдэн настайгаасаа эхэлж унасан бэ?
Би таван настайдаа морь унаж сурсан. Бидний багад Майн баяраар морь уралддаг байлаа.Тухайн үед аав минь намайг морь унуулж сургах гээд надад зүсэлж өгсөн хонгор морийг уячихсан байсан юм. Тавдугаар сар гарчихсан байтал нэг их том үнэгэн лоовууз өмсгөөд явуулчихсан. Битүү хөлөрчихсөн амьтан хонгор морьтойгоо 10-аадаар ирж байснаа огт мартдаггүй юм. Түүнээс хойш би 13 нас хүртлээ сумандаа хурдан морь унасан. Аймаг болон улсын баяр наадамд явж байгаагүй. 
-Тусад эрт орсон уу?
-Малчин айлын том хүү болохоор эрт тусад орсон доо. Миний бага нас адуутай салшгүй холбоотой. Бид 11 сарын 15-д хүртэл сургууль, хөдөө гэр хоёрынхоо хооронд мориор явдаг. Өглөө 06:30-ын үед босоод л чөдөрлөж тавьсан морио барьж унаад сургуульдаа явна. Үдээс хойш хичээл тараад ирэхэд гүү саах цаг болчихсон байдагсан. Тэгээд унага татаж, хонь хургаа эргүүлнэ. Үхэр, тугалаа ойртуулна гээд хөдөөний ажил юу эс мундахав дээ.
-Амсхийх чөлөөгүй байтал өдөр өнгөрчихсөн байдаг...
-Яг тийм. 
-Хэр адтай уралдаанч байв?
-Гайгүй шүү. Нагац ах аавд маань нэг сайхан зээрд азарга бэлэглэсэн юм. Би түүнийг унаж, сумын баяр наадамд хэд хэдэн удаа айрагдуулж байлаа. Мөн цавьдар болон зээрд морь, зээрд азарга гурваа их унасаан. Ийнхүү наймдугаар анги төгстөлөө хөдөө, мал ахуйтайгаа нягт холбоотой байгаад, аймгийн төв рүү сургуульд явсан. Аравдугаар ангиа төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд дөрвөн жил суралцаж дүүргээд,Дорноговь аймгийн Зүүнбаян суманд дөрвөн жил ажилласан. Цэргийн хүнд чөлөө зав бага шүү дээ. Жилдээ ганцхан удаа амарна. Гэвч тэр амралтаар нь наадам таарахгүй. Ингээд л би мориноос хэсэг хугацаанд хөндийрсөн дөө.
-Тэгээд хэдий үеэс хурдан морьтой эргэн холбогдох боломж нээгдсэн бэ?
-1990-ээд оны эхээр юмуу даа, цэргээс халагдаж, энгийн болоод бизнес хийх санаатай эхэлж байсан юм. Гэтэл манай талийгаач Манлай /Д.Оюунбилэг/ тааралдаад “Аав тань насан өндөр боллоо. Чи л морь уяж, адууныхаа үүлдэр угсааг сайжруулахгүй бол өөр хэн аавын тань ажлыг залгамжлах юм” гэдэг байгаа. Нэлээд хэд хоног бодсоны эцэст залгаад “Хурдан морь уяна гэдэг хийморь лундаатай сайхан ажил. Би шийдлээ” гэж хэлсэн. Тэр цагаас хойш Манлайтайгаа хамтарч морь уях эрдэмд шамдсан даа. Эхэндээ ч аавынхаа унаган адуунуудаас л уяж байлаа. Хоёр жилийн дараагаас Өлзийт хороололд морьдоо оруулж тэжээхийн сацуу ганц нэг адуу худалдаж авсан. 
-Анхны айраг түрүүгээ удаан хүлээсэн үү. Уяач хүний хувьд анхны айраг, түрүү гэдэг амьдралын давтагдашгүй, мартагдашгүй сайхан үнэ цэнэтэй дурсамжуудынх нь нэг байдаг.
-Адуугаа тэжээлд оруулсан хавраа анхны айргаа авч байлаа. Аавынхаа адууны угшилтай саарал морь, Сүхбаатар аймгаас авсан цавьдар азарга, саарал соёолонгоо Лүн суманд болсон хаврын уралдаанд мордуулж, саарал морио түрүүлгээд, цавьдар азаргаа аман хүзүүдүүлэн, саарал азаргаа дөрөвт давхиулсан. Тэгээд л айраг, түрүү тасраагүй дээ. 2007 онд Өвөрхангайн ойд хүрэн шүдлэн түрүүлгэж, тэр жилээ “Их хурд-4” уралдаанд саарал азарга зургаалуулсан.
-2008 оны төвийн бүсэд соёолон айрагдуулсан байдаг. Тэр хаанахын адуу вэ?
-2008 онд Заамарт болсон төвийн бүсийн уралдаанд миний хамар цагаан хул соёолон дөрвөөр давхисан. Хул үрээ Дорнод аймгийн Дашбалбар сумын Батчулуун гэдэг хүний унаган адуу байгаа юм. Нутгийнхан нь Иван л гэдэг юм билээ. Би хязаалан үрээ авч байсан юм. 
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн байсан бэ?
-Сумандаа түрүүлж, айрагдаж л байсан юм билээ. Надад ирснээсээ хойш төвийн бүсэд айрагдсан.

“ЗҮҮД БИШ БАЙГАА ДАА” ГЭЖ БОДООД ӨӨРИЙГӨӨ ЧИМХЭЖ БАЙХАВ 
-Сүмбэн зээрдийг 2008 онд авсан гэдэг билүү?
-Тийм. Сүмбэн зээрд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ганбаатар гэдэг хүний унаган адуу юм билээ. Эцэг халзан азарга нь Сэргэлэн сумын 80 жилийн ойгоор түрүүлснийг дуулсан байх. Ганбаатараас Монхорын Баяр гэдэг хүн а??вч талийгч Манлайгаар уяулдаг байсан юм. Тэр үед нь манай талийгч дүү Лутсайхан, Буянтоо /МУ-ын Алдарт уяач Буянтогтох/ хоёр харчихаад “зүгээр адуу болох юм байна” гэдэг байсан юм. Надад ч бас эвтэйхэн харагдаад, тэгээд нөгөө хэдтэйгээ зөвшилцөж байгаа давсан даа. Нарийндаа бол бэлгэнд шахуу ирсэн адуу даа. Аваад удалгүй Шийр хайрханы тахилга уралдаанд түрүүлгэсэн. 
-Тэр жилээ улсад уралдаагүй билүү?
-Жаахан тамирдуу байсан болохоор давхиулаагүй. Харин  н????амар нь Үнээ хайрханы тахилгад түрүүлгээд, дараа жил нь Багануурт болсон хаврын уралдаанд түрүүлж, улсад 40-өөдөөр давхиад, давхар уяагаар Завханы бүсэд зургаалсан. Очирваанийн хурдад Сүмбэнгээс гадна бас нэг хүрэн хязаалан, хамар цагаан хул маань зургаалчихсан шүү дээ. 
-Уяачид зуу, зургаа хоёр адилхан гэлцдэг. Нэг уралдаанд гурвуулаа зургаалчихаар юу бодогдож байв?
-Манлай маань “Өвгөөн, зургаа гэдэг чинь хаалга тогшоод л байгаа юм ш дээ” гэж намайг их тайвшируулдаг байсан. 2007 онд “Их хурд” болдог жил миний хоёр адуу бас зургаалсан. Ингээд би томоохон уралдаануудад зургаан адуу зургаагаар давхиулчихаж байгаа юм. Жижиг уралдаануудад ч бас зургаалчихаад л байсан юм. Тэгэхэд найз маань “Том юмны л хаалга тогшоод байгаа юм шүү дээ. Илүү л сайн хөдөлмөрлөх хэрэгтэй” гэсэн. Нээрэн ч найзын маань үг дараа жил нь биеллээ олсоон. 
-Хойтон жил нь буюу 2010 он таны хувьд мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн он жилүүдийн нэг байсан байх?
-Тэгэлгүй яахав. Манайхан тэр жил Цагаан хөтөл, Хүй долоон худагийн сунгаанд морьдоо сунгасан. Цоглог зээрд хавчиг азарга сунгаануудад үзүүрт ирээд , Сүмбэн араас нь холбодог байсан. Тэгээд би Манлайд “Өвгөөн, зээрд азаргаа Төв аймгийн баяр наадамд уралдуулбал ямар вэ” гэж асуусан чинь манай хүн хэсэг бодож байснаа “Би чамд нэг сонин юм ярьж өгьe” гээд:
“Нэг жил Сэргэлэнгийн Дамдин гуайн хүрэн азарга, буурал морь хоёр их хурдан байж гэнэ. Гэтэл Дамдин гуай улсын баяр наадмаас өмнө Баян суманд очиж, уралдуулах гэж байгааг дуулсан нутгийнх нь нэг хашир уяач “сайн байгаа үед нь улсад л уралдуулсан нь дээр” гэж зөвлөсөн юм билээ. Тэр ёсоор нь улсын баяр наадамд ирээд, хоёулаа түрүүлж байсан түүхтэй” гэсэн. Ийм түүх сонссон хүн өөр юу гэхэв, Манлайгийнхаа зөвлөгөөг дагаад зээрд азаргаа улсын баяр наадамд уралдуулсан даа. Би уг нь аймагтаа наадчихаад бүсэд уралдуулъя гэсэн бодолтой байсан юм. 
-Дамдин Манлайн түүх зөв шийдвэрт хүргэжээ. Азарга уралддаг 11-ний өглөөг өнөөдөр юм шиг тод санаж байгаа байлгүй. Тэр үеийг зураглаач?
-Өглөө нь зээрд азаргаа уяан дээр авчраад уясан чинь сормуус нь дэрвийгээд, өнгө нь жигтэйхэн гоё болчихсон, үе үе эвшээж дөрвөн хөл дээрээ зогсоогоороо унтаад их тогтуун байсан. Тэгээд яг мордоход нь Манлай маань “Өвгөөн, энэ зээрд азарганы амьсгаа нь их зөв байгаа юм байна” гэсэн юм.
Азарга эргээд Цагаан хөтөл давахад Тугал ухаа нэлээд хол тасарчихсан, манай зээрд ар дээр нь явж байсан. Гэтэл тайлбарлагч залуу “Батсуурийн халзан” гээд л зарлаад байдаг. Би ч зээрдийгээ давхилаар нь таньсан л даа. Тэгээд холбоотой явсаар үзүүр дээрээ дайраад түрүүлчихсэн. 
-Итгэл унаж байсан билүү?
-Тийм. Манай Итгэл их туршлагатай хүүхэд л дээ. Тиймдээ ч үзүүр дээр дайруулаад, түрүүлгэсэн /инээв/. Бид хэд ч бөөн баяр хөөр болцгоогоод, бараг л гүйх нь холгүй гараад, машиндаа сууцгаасан. Очсон, цагдаа ойртуулдаггүй. Гэтэл нэг залуу намайг “Ах аа, миний араар морд” гэдэг юм. Тэр залуу хоёр хүн сундалчихсан явснаа нэгийг нь буулгачихаад намайг сундалж хөлсний хашаа руу хүргэж өгсөн. Тэгээд оронгуутаа зээрд азарганыхаа хөлснөөс адис авсан даа. 
-Буянтоо та хоёр тэврэлдээд, нулимс унагаж байгаа зураг байдаг. Үзэж байгаа бид хүртэл сэтгэл дотроо огшиж, хамрын самсаа шархирдаг юм чинь эзэн та нарт бол үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг биз дээ?
-Өвөг дээдэс маань хурдан морины босоо цагаан хийморьт сүсэглэж, олон оныг адууныхаа уяан дээр өнгөрөөсөн улс. Улсын баяр наадмаас түрүү хүртэж, аавыгаа баярлуулсандаа л хамгийн ихээр омогшсон. Дээр нь манай удмынхан дөрвөн үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан ховорхон завшааны эзэд болцгоосон. Ямар сайндаа “Зүүд биш байгаа даа” гэж бодоод өөрийгөө чимхэж байхав /инээв/.
-Залгаад “Их хурд”...
-Морь уяж байгаа хүн бүр л айрагдаж, түрүүлнэ л гэж уралдуулдаг учраас олныхоо жишгээр залбираад л мордуулсан даа.
-“Их хурд”-ын өмнө уяа нь алдарсан гэдэг үнэн үү?
-“Их хурд” долоодугаар сарын 21-нд болсон юм. Зээрд азарга маань хөшөөд, нэг их хөдөлж өгөхгүй байсан. Тар хийсэн ч олигтой хөдөлж өгөхгүй, нөгөө хэдээсээ хоцорчихоод байлаа. Манлай маань “Энэ зээрд азарганы хөдөлгөөн байхгүй болчихлоо” гэхээр нь би тайвшруулах санаатай “Наадах чинь бие хаа томтой адуу. Сэргэлт удаан байх. Гарах байлгүй дээ” гэсэн юм. Нээрэн л бидний тооцоо зөв болж, зээрд азарга маань “Их хурд”-ын өмнө сэргэчихсэн. 
-Дараа жил нь Сүмбэн зээрд улсын баяр наадамд таваар давхисан. Тэр жил уяа нь хэр байсан бэ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилийнхээсээ дутуу байсан уу?
-Сүмбэн зээрд маань улсын баяр наадамд түрүүлэхдээ долоотой байсан. 2011 онд наймтай, ид залуу сайхан азарга. Гэвч тэр жил айхтар ханиад гараад, Сүмбэн зээрд маань бас ханиачихсан тэгээд эмчилгээ хийлгэж байгаад мордуулахад айрагдсан. Өөрөөр хэлбэл, уяаны алдаа мадаг байгаагүй. 
-Та хавар уралдуулдаггүй юм уу?
Сүмбэн өвлийн уралдаанд нэг их дээшээ гардаггүй юм. 
-2012 он, түүнээс хойш...
-2012 онд ороог нь гаргаж чадаагүй. Цээжинд явж байгаад унжиж арав дотор орсон. Харин хойтон жил нь Манлай маань бурхан болж, Буянтай уясан. Талийгч ханиадтай бол морьдоо мордуулахаас өмнө заавал халууныг нь үздэг байсан юм. Тэр жил бас зээрд азарга жаахан ханиадтай байсан юм билээ. Унтаад байхаар нь “сайхан амарч байна” гээд байсан чинь ханиадтай, түүндээ зовиурлаад байсан байна лээ. Тэгээд халуунтай байхад нь мэдэлгүй мордуулаад арай л унагаачихаагүй. Хүүхэд маань сайн тулдаа цээжинд гарахгүй болохоор нь татаад шогшоод ирсэн байна лээ. Тэгээд үзсэн халуун нь 40 гарчихсан байсан. Ханиадыг нь эдгээгээд “Их хурд”-д мордуулсан арав гаргаж давхиад, Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд наймласан. Хойтон жил нь буюу 2014 онд Баян сумын 90 жилийн ойд түрүүлээд, улсад 10 гаргаж давхисан. Тэгээд л зодог тайлсан даа.
-Харьцангуй залуухан азарга зодог тайлсан юм байна?
-Тийм ээ. Залуу азарганууд олноороо гарч ирж байсан болохоор тэдэнтэй уралдуулж, хөлийг нь бэртээгээд яахав гэж бодсон. Нөгөөтэйгүүр үр төлийгнь авах нь зүйтэй гэж үзсэн хэрэг л дээ. 
-Төлүүд нь хурдалж байна уу?
-Хязааландаа улсын баяр наадамд 30-аар давхисан нэг азарга бий. 
-Манлайн нэрийг гарган хурдалсан хүлгүүдийг нэг бүрчлэн ярина гэвэл цаг, цаас нэлээд орох байх. Тиймээс төлөөлөл болгон олноо Алаг-Уулын хэмээн алдаршсан хар морины түүхээр яриагаа үргэлжлүүлье?
-Би Дорнодын Батчулуун, хүрэн морины маань эзэн Баадай хоёртой гайгүй сайхан харилцаатай байдаг юм. Тэгсэн нөгөө хоёр маань “Манай суманд нэг хар морь гарч ирээд байна. Өвлийн хоёр ч жижиг уралдаанд түрүүлчихлээ” гэж яриад утсаар дарсан бүдэгхэн зургийг нь илгээсэн. Зурагнаасаа хурдан хурц гэж танигдах зүйлгүй байсан ч “энэ хар морийг авъя” гэж шийдсэн. Хүний далд зөн совин зарим үед тод мэдрэгддэг шүү дээ. Хар морийг авахад миний дотор хүн авах нь зүйтэй хэмээн дэмжиж байсан л даа. Тэгээд Баадай маань Бямбадорж гэдэг эзэнтэй нь очиж уулзаад аваад ирсэн. 2009 оны өвөл шүү дээ.
-Тийм эрт авсан билүү ?
-Тийм. Долоон настай морь ирсэн.Тэр жил хар морь тамир муутай, манай уяанд их насны морьд олон, дээрээс нь уралдаанч хүүхэд хүрэлцэхгүй байсан болохоор Алаг-Уул гээдминий хөдөөний ажлыг хариуцдаг, моринд дуртай дүүдээ “за, миний дүү аваачаад уя” гээд өгөөд явуулчихсан юм. Алаг-Уул маань уяад, орон нутагтаа уралдуулж байгаад Архангай аймгийн 90 жилийн ой, хангайнбүсийн уралдаанд түрүүлгэж, Өвөрхангайн даншигт аман хүзүүдүүлсэн. Тэр цагаас морь сонирхогчид Алаг-Уулын хар гэхээр андахаа байсан юм.
-2015 оны Дүнжингаравт таны нэр дээр уралдаж түрүүлсэн.
-Тэгсэн. 2014 оны өвөл авчраад талийгаач дүү, Цэрэнбямба хоёр маань уяж “Дүнжингаравын хурд”-д түрүүлгэсэн. Дараа нь Говьсүмбэрт болсон бүсийн уралдаанд түрүүлж, өнгөрсөн зун Цагаан хөтөлд болсон “Хүрээ цам”-д айрагдлаа. Түүнээс хойш нэг их амжилт гаргаагүй ээ.
-Нэлээд харьчихаж байгаа байх шүү. Одоо хэдтэй билээ?
-Одоо 15, 16 хүрч байна.
-Та монгол адууны амжилтаар Манлай уяач цолонд хүрсэн. Гэхдээ цаашид дан монгол адуугаар уралдах боломж улам бүр хумигдаж байх шиг.
-Үнэхээр тийм болж байна. Тиймээс сүүлийн үед адууныхаа үүлдэр угсааг сайжруулах үүднээс Москвагаас Англи, Араб азарга оруулж ирсэн. Түрүүчийн үр төлүүд нь уралдаж байна.Манай адууны цэвэр монгол нь ч гэсэн чанартай л даа. Шийтэрийн зээрд, Падын хүрэн, Санжаабүүрэгийн цавьдар, Асгатын Махбуриадын улаан, Лхамсүрэнгийн хар, Норовын хүрэн, Буяндэлгэрийн Жинст хонгор, Дорнодын Ядамсүрэнгийн зэгэл, Хэнтийн Дагмид мээрэн, Өвгөн ноён, Дулаан Дамдинжав, Нэрэнжимээзэрэг Халхын цуут хурдуудын удмаас авсан. Мөн манай сумын Ам цагаануудын угшлаас бий. 
-20 гаруй жил Халхын хамгийн сайн угшлын адуунуудыг цуглуулжээ. Энэ ч утгаараа адуу мал сонирхсон улс ирдэг л байх?
-Архангай, Баянхонгор, Завхан руу бэлгэнд ганц хоёр адуу өгсөн. Архангай аймгийн 90 жилийн ойн наадмаар манай адууны угшилтай хээр соёолон айрагдлаа гэж дуулдсан. Бас нэг саарал морь тэнд очоод, түрүүлж, айрагдаад л байгаа дуулдана лээ. Манай унаган тамгатай адуу энд тэнд очоод айрагдаж, түрүүлж байгааг дуулах ч бас сайхан л юм байна. Түүнээс өөрөөр би адуу малын наймаа арилжаа хийгээд байдаггүй. 
-Олон жилийн хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарж чанаржуулсан адуун сүрэг хийгээд уяаны эрдмээ өвлүүлэн үлдээх гэдэг нэгэн чухал асуудал бий. Уяачдын хүүхдүүд багаасаа хурдан морь дагаж өсдөг болоод ч тэр үү, энэ тал дээр санаа зовох асуудал харьцангуй бага юм шиг санагддаг. Хүүхдүүд тань адуунд хэр эвтэй вэ?
-Манайх хүү, охин хоёртой. Хоёулаа л хот хүрээнд өссөн. Гэвч хүү маань одооноос адуу малд ойртож эхэлж байна. Би ч бас эднийгээ хөдөө орон нутаг, нүүдэлчин ахуй, мал аж ахуйтай нь холбож өгөх бодол, зорилготой байдаг юм. Мөн дөрвөн ач зээтэй. Ач зээ нар маань одоогоор бага байгаа ч бас л адуунд элэгтэй болох шинжтэй байна шүү/инээв/.
-Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг. Тэр дундаа уяачийн гэргий байна гэдэг их тэсвэр тэвчээр, уужуу ухаан шаарддаг юм шиг ээ. Өөрөөр хэлбэл, уяачийн ажлыг гэргий нь ойлгодоггүй бол тэр хүн яагаад ч амжилт гаргаж чадахгүй байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Миний хань багаасаа спортоор хичээллэсэн хүн. Сагсан бөмбөг, волейболоор олон жил хичээллэсэн. Энэ бол багийн спорт. Тэр ч утгаараа хамт олонтой, багаар ажиллах чадвартай. Тиймээс ч миний ажлыг бүрэн дүүрэн ойлгож, бүхий л сэтгэл зүтгэлээрээ дэмжиж тусалдаг юм. Цаг үргэлж миний дэргэд байж, баяр гунигийг минь хуваалцдаг.
-Биеэ засаад гэрээ зас гэдэгчлэн сумынхаа уяачдын холбоог удирдаад нэлээд хэдэн жил болчихлоо. Баян суманд морин спортыг хөгжүүлэх зорилгодоо ойртож байна у?
-Би одоогоос 10-аад жилийн өмнө буюу 2005, 2006 оны үед Баян сумын МСУХ-ны тэргүүнээр сонгогдож байлаа. Тухайн үед тэргүүнээр ажиллаж байсан Хуягбаатар маань ажил төрөл нь амжихгүй болоод “Дараагийн тэргүүнээ сонгооч” гэсэн саналыг холбооныхондоо тавьсан юм билээ. Тэр саналын дагуу талийгаач Манлай, Мөнхцог, Довдонбалжир, Ганбаатар нарын уяачид Улаанбаатар хотод хуралдаж надад тэргүүнээр ажиллах санал тавьсан. Манай сум эртнээс адуу сайтай, уяачид нь эрдэмтэй гэгдэж ирсэн газар. Тэр ч утгаараа Зууны манлай хүлэг манай сумаас төрсөн. Ийм баялаг түүхтэй нутгийнхаа уяачдын холбооны үйл ажиллагааг эрчимжүүлье, адууныхаа үүлдэр угсааг сайжруулъя, орон нутгийн уралдаануудыг зохион байгуулалттай болгоё гэсэн сэтгэлээр энэ албыг аваад 10-аад жил болжээ. Ажил аваад холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлж, нэгдмэл, нэг зорилго, зорилттой болгохоор зорьж, нутгийн уяачид, тэр дундаа залуучуудад хурдан морь уяж сойх эрдэм болон адууны үүлдэр угсааг сайжруулах тухай зөв ойлголт, зөв мэдлэг өгөхийн тулд Манлай уяач Оюунбилэг агсан тэргүүтэй хүмүүстэй уулзалт ярилцлага зохион байгуулж байлаа. Би Оюунбилэг агсныгаа уяачдын холбооны ажил үйлсийг нэгдмэл зохион байгуулалттай болгоход ихээхэн нөлөө үзүүлсэн хүн гэж боддог юм. Үүнээс гадна ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд дөрвөн багтаа үүлдэр угсаа сайтай азарга өгсөн. Түүгээр нь адууныхаа цусыг нэлээд сэлбэж байна. 
-Шийтэрийн зээрдийн нэрэмжит уралдааныг танай холбоо зохион байгуулдаг байх аа?
-Манлай уяач Оюунбилэг агсан бид хоёр адуу болон туршлага судлах зорилгоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Шилийн богд, Алтан Овоогоор хэд хоногийн аялал хийсэн юм. Тэгэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, яруу найрагч Амартайван, Босоо дэлт хүрэн азарганы эзэн Ганбат нар бидэнтэй хамт явсан. Бид Алтан овоон дээр гараад зогсож байхдаа “Зууны манлай хүлгийн талаар хүмүүсийн ам дамжсан яриа байдгаас биш бодит дуу, шүлэг ч байдаггүй юм байна” гэж ярилцаад, зээрд азарганд зориулсан дуу зохиох саналыг Амартайванд тавьсан юм. Сүхбаатар аймгийн төв орох замдаа биднээс янз бүрийн зүйлс тодруулж байснаа өглөө нь бид хоёрт нэг шүлэг өгсөн. Түүнийг нь Ардын жүжигчин А.Энхтайванд өгч, ая хийлгээд, зун нь Баян сумынхаа баяр наадмын үеэр клипний зургийг авч дуутай болсон байгаа юм. Мөн бид холбоогоо байгуулах үедээ л Шийтэрийн зээрд азарганы нэрэмжит наадмыг зохион байгуулж занших талаар ярилцаж, зорилт тавьсан байсан. Энэ дууг зохиох үед Баян сумын МСУХ-ны тэргүүнээр Хуягбаатар, Баян сумын Засаг даргаар Чулуунбат ажиллаж байсан юм. Ингээд бид Чулуунбат даргатай уулзаж, уралдаан зохион байгуулах саналаа хэлэхэд, их сайхан хүлээн авч дэмжсэн. Ийнхүү бид Чулуунбат, Хуягбаатар нарынхаа дэмжлэгтэйгээр тэр намартаа Шийтэрийн зээрд азарганы нэрэмжит наадмыг нутагтаа зохион байгуулсан юм. Түүнээс хойш дахин нэг удаа зохион байгуулсан. 
-Төв аймгийн Баян сум улсын баяр наадмаас авсан айраг, түрүүний тоогоороо нэлээд дээгүүрт бичигддэг. Дээхнэ үеийн тэр цуутай хүлгүүдийн удам угшил одоо хүртэл хадгалагдаж чадаж байгаа юу?
-Манай сумын морьд 1940-өөд оны сүүл үед улсын баяр наадамд дээгүүр амжилт үзүүлж байсан. Гэвч түүнээс хойш энэ амжилтын буухиа хэсэг хугацаанд тасарсан. Үүнд нийгэм цаг үеийн байдал нөлөөлсөн гэж хэлж болно. Яагаад гэхээр миний аав ч бас тухайн үеийнхээ гайгүй сайн уяачдын нэг байлаа. Тэгээд “Та яагаад улсын баяр наадамд оролцдоггүй байсан юм бэ” гэхээр “Нэгдлийн 1000 хоньтой, хавар хонио төллүүлээд, зургаан сараас ноосоо авч эхэлж, төлөвлөгөө нормоо биелүүлнэ. Энэ их ажлын хажуугаар тэгж явах цаг зав байхгүй шүү дээ” гэдэг байсан юм. Манай азарга, их нас хоёр гурван жил дараалан гайгүй давхисан. Тэгээд нэг жил нь “Улсын наадамд явж уралдмаар байна. Чөлөө өгөөч” гэтэл “Хонь хариулах, ноос авах хүнээ өөрөө ол” гэсэн юм гэнэ лээ. Аав маань тийм хүн олж чадаагүй болохоор наадамд яваагүй. Энэ мэтээр нэгдэл нийгмийн нөр их ажил, норм төлөвлөгөөтэй холбоотойгоор хурдан морь уях цаг тэр бүр гардаггүй байсан учраас амжилтын буухиа хэдэн жилийн турш тасарсан юм билээ. Гэвч манай сумын хурдны удам угшил одоо ч хадгалагдсаар байгаа. Үүний баталгаа болж, манай сумын унаган адуу болох Дөлгөөн хонгор “Их хурд” уралдаанд түрүүлсэн байх жишээтэй. 
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг уяачдаа бүртгэлжүүлсэн үү?
-Бүртгэлжүүлсэн. Манай сумаас гурван Манлай, хоёр улсын Алдарт уяач төрсөн. Хоёр Алдарт нь ММСУХ-ны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсан, хүү Энхмөнх нар. Манайд аймгийн Алдарт уяач цолтой 10 гаруй хүн бий. Төв аймаг Улаанбаатар хоттойгоо ойрхон байдгаас гадна улсынхаа төвд оршдог гэдэг утгаараа орон нутгийн наадамд ч харьцангуй олон газраас олон уяач ирж оролцдог. Энэ ч утгаараа аймгийн Алдарт уяач цолны болзол, шалгуур өндөртэй. 
-Гэтэл зарим аймгаас нэг жилд аймгийн Алдарт уяач цолтон 99 төрж байна шүү дээ. Энэ нь ч сайнаасаа илүү мууг дагуулж байна. Өөрөөр хэлбэл, цолыг ингэж чихэр боов шиг тарааснаар уяачдын гавьяа цолыг үнэгүйдүүлж байна?
-Тийм шүү. Би аймгийн МСУХ-ны тэргүүлэгчийн хувьд цол зэрэг олгох хуралд оролцдог юм. Материалаа ирүүлсэн 50-иад хүнээс шүүж, шигшсээр 10-аад нь л болзол хангадаг. Өөрөөр хэлбэл,манай аймаг уяачдад цол олгохдоо Баяр наадмын тухай хуулийн заалтыг яг таг биелүүлсэн хүнд л олгодог. 
-Ойрын хугацаанд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлуудаасаа сонирхуулаач?
-Сумын МСУХ-гоо өөрийн гэсэн байртай болгох асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн сүүлийн жилүүдэд нийгэм даяар хурцаар тавигдаж байгаа уралдаанч хүүхдийн асуудалд онцгой анхаарал тавин ажиллаж байна. Манай галд л гэхэд байгуулагдсанаас хойш 30, 40 хүүхэд нэгдлээ. Зарим нь эхнээсээ уяач болохоор зорьж байгаагаа илэрхийлж байна. Тиймээс манай галынхан нутгийн туршлагатай уяачдад дагалдуулахаас гадна заримыг нь гадаадад сургууль соёлд явуулах ажил зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд манай галаас 2-3 хүүхэд ХААИС-д малын эмч, зоотехникчээр, мөн 2-3 хүүхэд гадаадад сурч байна. Тэд сургуулиа төгсөж ирээд мал аж ахуйн чиглэл, тэр дундаа хурдан морь, уяачийн ажил, сумынхаа адууны угшлыг сайжруулахын төлөө ажиллана байх гэж бодож байна. Тиймээс ч цаашид уралдаанч хүүхдийнхээ боловсрол мэдлэгт анхаарах ажлыг сум даяар хэрэгжүүлэхийг зорьж байна. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Баян сумаас төрөх дараагийн дээд цолтон буюу Тод манлай уяач болоорой гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.188

    Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.

    Reply