Аймгийн Алдарт уяач Д.Энхтайван: Хүний нүд орсон адууг зохисон үнээр зарчихад гэмгүй

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 09 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Энхтайвантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдий үеэс морь мал уяж уяачийн гараагаа хэлсэн бэ?
-Би багаасаа хөдөө адуу мал хариулж өссөн. 1971 онд наймдугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө мал дээр гарсан. Нагац ахыгаа дагаж морины уяа тааруулах болсон. 1975 онд цэргээс ирэхэд сум сангийн аж ахуй болоод мал нь нийгэмчилэгдсэн байсан. Төмөр замд ажилд орсон чинь мориндоо цаг гаргаж чаддаггүй. Дараа нь нефть баазад ажилд орж арай завтай болсон  нь намайг адуутай ойртуулсан. 1982 онд хонгор Морьтын Цэндийн хээр азарганы төл хээр хязааланг Дарцаг Мэндээ гэж хүнээс худалдаж авсан. Өндөршилийн Гунгаа гээд аавын найз нь надад буурал гүү бэлгэнд өгсөн. Тэр нь охин даага, буурал эр унагатай ирсэн. Өөрийн адууны бор шарга гүү надад байсан. Ингээд хоёр гүү, нэг үрээг адууныхаа эх суурь болгон хээр үрээ, эхтэйгээ ирсэн буурал хоёроороо азарга тавьж байлаа.
- Анх хоёр эрийгээ л уясан байлгүй. Хаана хаана давхиулж байв?
- Тэгэлгүй яахав. Залуудаа сайхан хурдан буянг уяж чадахгүй үе бишгүй л байлаа.  Ахмадуудыг дагаад л ажлын зав чөлөөгөөр ганц хоёр юмаа уяна. Уяа тааруулах болоод уул усны тахилга жижиг наадамд морь оруулдаг ч сумын наадамд айраг авч барахгүй арваад жил явсан. Ингэж явсаар анхны Боржигон наадамд хээр азаргаа 33-т, буурал азаргаа 50-н хэдэд оруулаад магнай хагартал баярлаж билээ. Удалгүй хоёр азарганы төлүүд давхих болж хүү маань ч морь унадаг болсон. Ингээд л 2001 онд Баянтал сум байгуулагдахад би дөрвөн адуутай очиж хээр азарганы төл цоохор даага аман хүзүүдэж, шүдлэн үрээ наймд давхиулсан. Тэр жилээ Чойр хотын цагдаагийн байгууллага, хотын хэдэн жилийн ой ч билээ тэрэнд шүдлэн үрээ түрүүлгэн, соёолон хээр морь тавлуулсан нь анхны сумын наадмын хишиг байсан. Тэгээд Боржигоны Ламын гэгээн гэж байсан юм шиг байгаа юм. Цагаандэлгэрт нэг том наадам болоод Боржигон чигийн мундаг уяачид цөм цугласан. Сумын наадмын талбайд бүгд нийлэн сунгаан хийж миний хоёр соёолон дараагаараа, шүдлэн үрээ, их морь түрүүлээд, даага дөрөвлөж бүгд сайн давхисан. Говьсүмбэрийнхэн баг болоод хамгийн ахмадаас нь Эрдэнэцогт гуай, Бавуу Жамсран, Шарав Дамдинжав гуай, Авхүү гуай, мөн миний үеийн олон залуу уяачид явсан. Би хөтөчөөр нь явж, миний 69-д майхан хөсгөө ачаад  уяачдаа суулгаад л поргонтой түрүүлээд гарна. Сум сумаараа эгнээд буучихсан. Манайх 10 майхантай, нэг майханд дөрвөөс таван уяачтай болохоор 16 уяа эгнүүлчихсэн. Хамгийн сүүлд Манлай уяач Дэжээ гуай бууж байсан. Тэр наадамд миний соёолон дөрвөөр давхисан чинь будилаад маргааш нь ахиж уралдаад наймаар ирсэн. Шүдлэнд Максын Ганбаагийн Босоо хээр түрүүлж, Айрагийн уяач Айлтгүйгийн бор, Дуламсүрэн начингийн зээрд, Аюуш Манлайн хээр дараагаараа ороод миний цоохор шүдлэн тавд давхисан. Анх бүсийн хэмжээний наадамд морь айрагдуулсан нь тэр.
- Хэдэн оны наадам юм?
-2002 оны наадам, Дундговийн 60 жилийн ой болоод эндээс Мэнгээ Дашзэвэг, Банзар хоёрыг дагаад би гурван үрээтэй очсон. Тэгэхэд Нагаранзын хүрэн халзан морийг Дуламсүрэн Манлай уяад, ах дүү гурвуулаа очин тэрийг Дундговьд түрүүлгэж байсан. Цагаандэлгэрт айрагддаг миний цоохор шүдлэн 200 гарч мордоход 13-т давхин сайхан наадсан. Моринд давхих, давхихгүй цаг гэж байна. Морины уяаг бүрэн сурсан уяач гэж байхгүй. Би одоо ч уяаны эрдэмд суралцсаар л явна.
- Тэгэлгүй яахав. Уяа эвлүүлнэ гэдэг чинь их утга агуулсан үг.
-Тийм. Уяач эвлүүлнэ, эвлэсэн адуу өөр өнгө зүстэй болдог. Надад уяаны эрдэм олон хүн заасан. Талийдаг аймгийн Алдарт уяач Дамдинжав, Авхүү гуай, энэ Банзар ах, Мэнгээ ах, Эрдэнэцогт гуай эдэнтэй цуг морь уядаг байлаа. Эдний буянд л өдий зэрэгтэй явж ойр хавийн аймаг, сумын наадмаас айраг, түрүү хүртэн энэ сайхан цолыг авлаа.
- Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар хурдан хүлэг байсан бэ?
- Сүхбаатарын Мөнххааны Бат-Өлзий Дарханы өвлийн наадамд хавчиг хүрэн морь түрүүлгэхэд нь би аваад зун нь аймгийнхаа наадамд уяж гуравлуулаад, Баянталд аман хүзүүдүүлсэн. Ингээд 2013 онд аймагт гурван түрүү, есөн айраг авсан амжилтаар аймгийн Алдарт уяач болсон. 2014 онд Баянтал суманд Сэрээгийн Шинэбаатарын улсад долоолсон хээр морь түрүүлж, миний хүрэн морь аман хүзүүдэн давхар уяагаар аймагт аман хүзүүдээд, Угтаалын 90 жилийн ойд давхар уяагаар тавд, Далангийн ойд мөн тавд давхисан. Дэлгэрэхийн Буянаа гэж моринд дуртай, тэр авъя гээд шалаад болдоггүй. Тэгээд би “хүний нүд орсон адууг зохисон үнээр нь өгчихсөн нь дээр гэж” боддог болохоор үнэ тохироод өгчихсөн. Энэ жил Алтанширээгийн бооцоотой наадамд аман хүзүүдээд, Хутагтын хурдад 14-т давхисан байна лээ. Сая тэр дүү зүчээ авчихсан энд ирээд надтай тэжээнэ гээд яриад байгаа.
-Нэг морийг л гурав түрүүлгэж, ес айрагдуулсан юм уу, тэр нь ямар морь юм?
-Үгүй ээ. Аймгийн Алдарт уяач болохдоо гаргасан амжилт нь. Өмнө өөрийн морьдоос суманд буурал халзан морь, хүрэн үрээ түрүүлгэсэн, шарга халзан морь, хүрэн халзан мориор их наадсан. Ёндон гуай бид хоёр нэг жил нийлж уяад ойр хавиар сайн наадсан. Би хортой нөхцлөөр эрт тэтгэвэрт гараад хэдэн малтай болоод адуугаа дагаад хөдөө гарсан. 2000 оны зуданд хоёр азарга адуугаа уруудуулан гадаа байсан хоёр морьтойгоо үлдсэн.  Дараа нь явж хоёр унагатай гүү, азаргаа олж ирсэн. Ингээд малгүй болчихоордгутарч явсан ч савтай малнаас төл аваад сайхан л болсон. Буурал гүүнээс нэг цоохор унага хавар нь энд ирсэн хойно гарсан.
-Тэр цоохор унага  уягдсан уу?
-Даагандаа Баянталд аман хүзүүдээд, аймагт зургаалан, шүдлэндээ Ламын гэгээний наадамд тавд давхиад, Дундговийн 60 жилд 13-т орсон. Хязаалан уялгүй өнжөөд соёолон уясан ханиад гараад давхиагүй. Азарга тавиад хөл нь сэвтэй болсон шарга халзан гүү хураалгаад ганц хүрэн халзан морь гарсан.
- Цоохон азарганы дараа ямар морь тань хурдалсан бэ?
- Дэлгэрхааны Бөөн Дондогийн угшилтай хонгор азарган үрээ авсан нь аймагт хоёр айрагдан, Багануурын өвлийн уралдаанд 17-д, Дэжээ гуайн улсын Алдарт болоод хийсэн наадамд аман хүзүүдсэн.
- Та хүн авъя гэхээр өгчихдөг гэлээ. Танай адуунуудаас гарсан нь яаж давхих уу?
-Гадагшаа гарсан адуу гайгүй л дуулддаг юм. Дэлдгээ нэртэй хээр морь Агт-Эрдэнийн Манлай уяач Оюунбилэг агсанд очоод Багануурт айрагдан, Налайхын наадамд хоёр түрүү, мөн Багахангайд түрүүлсэн гэдэг. Яг эзэн нь хэн билээ наймаа хийгээд байдаг жаахан шар залуу Баянталын наадамд айрагдуулаад байхад 1000 юанаар авч байсан. Тэр нь тухайн үедээ гурван сая төгрөг хавьцаа болсон. Дараа нь Оюунбилэг  Манлай ирээд хээр азарганы эхийг нь асууж байсан.  Нахиу Цээмээ гэж өвгөний адуунаас дэлдэн Норов гэдэг өвгөн, Эрдэнцогт гуай хоёроор шинжүүлж байгаад авсан зээрд гүүнээс хоёр эр төл гарсан. Хоёулаа л сайхан давхидаг морьд. Ахыг нь би сумын уяачдын холбооны тэргүүн Бадамсүрэнд бэлгэнд өгсөн. Мөн миний хээр азарганы төл шарга халзан морь байсан. Адуу хүрэн өвсөнд гэдэс нь дүүрээд багасаад байхаар нь аймагт айрагдсан шарга хязаалангаа анх тэжээж үзлээ. Боломж бололцоо муу ганц адуу тэжээсэн. Зун нь соёолон уяад аймаг, сумандаа аман хүзүүдүүлээд, 11 уралдахдаа хоёрт нь айргаас мултарсан. Тэр жил нэгдүгээр бригадын Цагаантолгойн тахилгат шарга соёолонгоо түрүүлгээд зогсож байтал Баянжаргалан сумын Чимэд-Очирын Цэрэндондов “Тайван ахаа Ерөнхий сайд М.Энхболдын улсад түрүүлсэн хээр хязаалангийн мялаалга наадам Баян сумын Өгөөмөрт болно. Та тэнд очиж уралдах уу” гэлээ. Тэр шөнөдөө шарга үрээгээ ачаад гараад Чойр орж хоноод маргааш нь амралтгүй Рашаан элгэн орж хоноод нөгөөдөр өглөө нь Энхболд гуайн наадам хийх газар давхиад очсон. Өө тэнд чинь түм түжигнэж, бум бужигнасан жигтэйхэн сайхан наадам болж байна. Тэр чинь намар оройн уралдаан 15 км-т байх гэж бодоод шарга морио амраалгүй давхиулсан. Улсын Алдартнууд ч их ирсэн байсан. Тэгсэн цагаан хоолойгоор “Говьсүмбэрийн Энхтайваны шарга халзан морь өнгөлж байна” гээд зарлагдаад эхэлсэн. 10 км явлаа өнгөлсөөр, 15 явлаа өнгөлж байна л гэж байна. Тэгээд бариан дээр байдаггүй, тэгсэн 18км-ээс тавьчихсан байдаг золиг юм. Тэр наадамд зарлагдсаар яваад аргагүй хол амралтгүй уралдсан болохоор наймд орсон. Гэртээ ирээд есөн сарын сүүл арван сар гарах гэж байсан манай хөгшний утсаар хүн яръя гэж байна гэнэ. Хэн байдаг билээ гэсэн “Төв аймгийн Заамараас Мөнхбат гэдэг хүн байна. Таны шарга морийг чинь авъя” гэж байна. “Чи ирж үз. Би хүн сонирхож байвал зарчихдаг юм” гэсэн. “Үзэлтгүй ээ, би мэдэж байгаа, тэнд тэгж тэгж уралдсан” гээд судалчихсан байна. “Та машинтай биз дээ,  ачаад Улаанбаатарт Драгон дээр аваад ир. Би Төв аймгийн Заамараас маргааш гарна” гэлээ. “За чи ямар хүүхэд ингээд байна, би зургаан сая төгрөгнөөс нааш өгөхгүй дээ” гэсэн чинь “Мөнгөнд асуудал байхгүй, ах та зүгээр ачаад гараад ир” гэсэн.
- Та тэгэхээр нь юу гэсэн?
- Би ийшээ гараад нөгөө шарга морио хөдөөнөөс барьж авч ачаад л хүүхэдтэйгээ хоёулаа гарсан. Баянжаргалангийн гүүр хаалттай Зайсангаар тойроод шөнө 11-ийн үед л орсон. Тэр хооронд “Ирж байна уу” гээд залгаад байсан. Драгон дээр ирснээ хэлтэл нэг жийптэй залуу давхиад ирлээ. Өнөө залуу “Морь мөн байна, та бууж ирээд машинд суу” гээд хүү биднийг дагаад явсан. Шөнө Улаанбаатарт газар мэдэхгүй, яваад л байсан. Тэгж тэгж нэг хашаанд ороод “за морио буулгачихъя, өвс тавьчихсан байгаа” гээд морио буулгаж уяад гэрт орсон. Хоол унд хийчихсэн утсаар танилцсан хоёр уулзсан. Манай охин оюутан хотод байсан. Хүү ч дүүгийндээ очиж хононо гэхээр нь  “за яв яв, аав нь үлдлээ. Өглөө хүргүүлээд очъе” гээд би бас архинд дуртай татчихна. Хадам нь аятайхан өвгөн байна. Хоёулаа ярьж байгаад нэг чингис, хэдэн пиво уугаад унтлаа. Өглөө нь хөөрхөн унтчихаж босоод ирсэн цай чаначихаж. Би ч цай олигтой уулгүй гараад “морио хараадах тэгээд ярина даа” гээд хүнд өгөх гэж байгаа хүн чинь медаль өргөмжлөлийг нь бүгдийг нь аваад очсон. Өнөө залуу үзээд “за би мэдэж байгаа ах минь, намайг нэг хүн ав гэсэн. Би уг нь Архангайн уугуул Төв аймгийн Заамарт байдаг юм” гээд манай хүүгээс хоёр, гурав ах юм. Ах наашаа ороод ир гээд тэнд нэг өрөөнд орсон авгай нь бас байна. “За мөнгийг нь тоолоод өгчих, машин чинь гайгүй бол Заамар хүргээд өгчих замд хазаарын юм өгье” гэж байна. “Өө ах нь тийшээ тангаагаад явж барахгүй, хазаарын адуу ч яахав мөнгөө л өгчих" гэлээ. Зургаан сая төгрөг тоолж өгчихөөд, нэг их хадаг 100000 төгрөг хазааранд нь өгч байгаа юм гээд өглөө. Наймаа хийсэн гээд нэг шил архи задаллаа. Өөрөө уухгүй юм, тэрнээс нь 100 татчихаад, 100-ын уутанд мөнгөө хийгээд үүрчихлээ. “За ахыг хүргэж өгье хаана билээ” гэлээ. Урд нь уучихсан 100 татчихсан хүн чинь тамхи авнаа гээд л замд зогсоолоо. Би оръё гэсэн нөгөө залуу орлоо. Би ч яахав Шонхор, Алтаннавч л татах юм чинь. Дүү татдаггүй айхтар тамхийг хоёр хайрцагыг нэг Чингистэй авч өглөө. Тэгээд намайг буулгаад явахдаа авсан, өгсөндөө өлзийтэй гээд л явсан. Дараа нь очоод Төв аймгийн Заамарт хоёр гурав түрүүлээд сайхан давхисан гээд ярьж байсан. Сүүлдээ ярихгүй байхаар нь надад ахынх нь утас байдаг ахруу нь ярьсан чинь дүү тэгээд хөлийг нь аваад наашаа явуулж чадаагүй. Гэхдээ тэр хавьдаа олон сайхан давхисан гэж байсан. Хамгийн дээд үнэ хүрсэн нь тэр, зургаан сая төгрөг гэдэг тухайн үедээ их мөнгө, морины буян яаж зүгээр байх уу ядахдаа харж байгаад хоёр гүү авна. Ингэж л адуугаа өсгөж явдаг.  Сүүлийн үед ч уяа хэцүү болоод тэжээл энэ тэр гээд зарлага ихтэй болж дээ. Одоо ч зарлагадаж байж юм олдог цаг. Тэгэхгүй бол тэжээлгүй адуугаар хаана ч давхихгүй. Сүүлийн үед тэжээж сурч байна. Хүү бас моринд дуртай, намайг залгамжлаад морь уяж байгаа.  Ноднин сумын шилдэг уяач болсон Өсөхбаяр гэдэг юм. Сумын Алдарт уяачид эрэмбэ нь их ойртчихсон. Сумдын ойн хишиг  аймгийн айраг, түрүүнд ороод явчихдаг юм байна. Ноднин гурван суманд очоод айрагдчихсан, аймагтаа айрагдчихсан. Энэ жилээс өөрийнх нь хүүхэд таван настай морь унасан. Их цоглог энд тэнд айрагдана.
- Хүүхэд дуртай байж л морь давхидаг, дургүй хүүхэд мордуулахаар морь явдаггүй гэдэг.
- Яг үнэн. Морины хүүхэд гэдэг хамгийн шовгор нь. Миний унаач Монхоон гээд одоо том залуу болсон онцгой байдалд ажилладаг. Цоохор чинь их сонин ааштай явахдаа хүүхэд нь дуугарахгүй бол шууд л булигана. Бас адуу адууны онцлог гэж их сонин юм байх. Ааш аяг, уяа нь байхад нь давхил хийчихээд л тойруулаад явж байхад чинь гэнэтхэн араас ирээд хазаад зуугаад авна, ойртуулах ч үгүй их сонин. Эцэг хээр азарга нь тийм байсан. Сунгааны урд орой жаал хоолыг нь хасаад тавиад өглөө эрт босоод барих гэсэн байдаггүй сунгаа өнгөрлөө. Тэгсэн хойно хэдэн жаалууд хэдэн гүүгээр хашаад хэвтүүлчихээд сунгаа алдуулчихсан. Буруу уяатай булгина, ааш аягийг нь даган их зөөллөж уяна. Уяа нь таараад зөв бол их сайхан ааштай. Морь болгоны онцлог гэж байх юм.
- Та одоо нутаг орондоо ахмад уяачдын тоонд орж байна уу?
-Манай залуучууд гал болсон бүгд адуутай. Морь уядаггүй хүн гэж Сүмбэр суманд бараг байхгүй. Хүн болгон уяна. Хойгуур орох нь хамаагүй, би ч гэсэн залуу насандаа 10-н хэдэн жил айрагдаагүй, сайхан давхиад ирлээ. Сунгаа, таранд хаяа түрүүлчихээрээ хөөрөөд л давхиж явлаа.
-Нутгийн залуучууд асууж зөвлөж, та бас мэддэг чаддагаа хэлдэг л байлгүй.
-Тиймээ, хэлнэ. Мэдэж байгаа юмаа хүнээс нуусны хэрэггүй гэж би боддог юм. Миний хүү энэ чинь ийм байна, энийгээ жоохон тэгмээр юм уу, дотроо юмтай байна, чи тэжээлээ тэгж өг, тэжээлийн хор гээд аюултай юм болно шд. За ийм л байна.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна