Аймгийн Алдарт уяач Ж.Зоригоо: Таван цул жижиг байх юм бол морь хурдалдаг

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 08 -нд

Увс аймгийн Завхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жалцавын Зоригоо гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай уншигчдад морьтой холбогдсон түүхээсээ ярьж өгөөч?
-Манайх хэдэн үе дамжсан хурдан морьтой айл. Миний аав Жалцав гэж олон хурдан морьтой, жороо оруулдаг, адуу шинжиж танихдаа мундаг хөгшин байгаад 74 хүрч бурхан болсон. Энэ нутаг орон, ойр зэргэлдээ аймаг, сумынхан андахгүй. Ийнхүү аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэхээр боловсролын салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гараад л морь уях болсон юм. Би боловсролын салбарт 40-өөд жил ажиллалаа. Үүнээс сургуулийн захирлыг 10 жил хийлээ. Дараа нь биеийн тамирын багшийг  20 гаруй жил хийгээд тэтгэвэртээ гарсан. Энд ажиллаж байхдаа Боловсролын болон Биеийн тамирын тэргүүн ажилтан болж, төрийн дээд одон Алтангадасаар энгэрээ мялааж явлаа. Багш болохоосоо өмнө морь уядаг л байлаа. Сумын төвд ажиллаж байхдаа зуны амралтаараа морь уяж, ганц нэг айраг, түрүү авчихдаг байсан юм. Одоо би 75 настай. Биеийн тамирын багш хийж явсных бие хаа эрүүл сайхан л байна. Гэхдээ өөрөө гардан уяад, нойр хоолгүй явж чадахгүй, тэнхээ хүрэхгүй юм. Одоо бол хүүхдүүддээ уяаны талаар зааж зөвлөх л ажил хийж байна даа.
Өнгөрсөн хугацаанд адууныхаа чанар чансааг сайжруулах ажлыг их хийлээ. Ингээд зүүн бүсээс хурд цуглахаас өмнө хангайн бүс, Хан Хөхийн адуунаас дөрөв, таван  азарган үрээ авчирч, манай адуу ч их сайжирсан. Хөхийн адуу бол манай Завхан голын адууг бодоход хөрслөг, арай товируун, яс чанар сайтайгаараа онцлогтой. Сүүлд Сүхбаатар, Хэнтийгээс мал авдаг боллоо.
-Аавын тань нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Намайг морь унадаг байхад аавын Хатирт хээр гэж хурдан морь байлаа. Суманд ес түрүүлж, гурав айрагдсан. Хурднаасаа гадна онцгой хатиртай морь байсан юм. Захиргаадалтын тэр үед улсаас сумынхаа онцгой морьдын амжилтын талаар тодорхой бичиж явуулах даалгавар ирсэн. Ингээд сумын даргатайгаа бид хамтарч Хатирт хээрийн тухай тухай бичиж явуулсан нь АХ-ын 90 жилийн ойгоор “Баяр наадмын магнай хурдан хүлгүүд” номонд хэвлэгдсэн байдаг юм. Уралдаж түрүүлж ирчихээд амрааж байгаад хатиртай моринд тавихад ганцаараа л түрүүлнэ. Морины хурд хуваадаг мундаг хүлэг байсан. Миний үед гэхээр Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Ховд аймгийн Дөргөн, Мянгад сумдад хээр морь маань олон удаа түрүүлсэн. Одоо 23-тай, хөгширчихлөө дөө.  Энэ хавийн сумдаар явж байгаад л хэдэн морь маань өтөлж байх шив дээ. Тэр үед байны шагналд Планета мотоцикль өгнө. Бид хоёр олон ч мотоцикль авлаа. Хатирт морио номонд мөнхөлсөн бол хээр морио дуунд мөнхөлсөн. Шүлгийг нь би бичиж, хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэ аяыг нь хийгээд нэгэн сайхан дуу төрснийг сонгодог урлагийн академик театрын гоцлол дуучин Сайнбаяр дуулж олонд хүргээд байгаа юм. Манай сумынхан сайхан дуу болж гэж дуу нэгтэй сайшаасан шүү. Хүмүүс гар утсандаа хураагаад авчихсан дуулаад явна лээ.
-Ямар нэртэй дуу юм бэ?
-“Хурдан хээр” нэртэй. Хатирт хээр морины залгамж гэдгээр нь ийнхүү нэрлэсэн юм. Сайхан ширэг ногоотой, модтой, цаанаа уул, устай Завхан голын хөвөөнөө клип хийлгэнэ гэж бодож байна. Нэг өдөр ах дүүсээ цуглуулаад зургаа авахуулна даа.  Манайхнаас би 2005 онд сумын 80 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач болж байлаа. Манай нэг залуу аймагт багш бас аймгийн Алдарт уяач цолтой. Зээ хүү бас Алдарт уяач бол нэг залуу маань сумын Алдарт уяач цолтой юм. 
-Танд жороо, хатиртай морь байна уу?
-Жороо морь байна. Манай аав жороо хүрэн морио аймгийн 30 жилийн ойгоор аваачаад дөрөвлүүлж байсан. Тэгэхэд би хотод сургуульд сурч байлаа. Надад ч жороо бий. Өнгөрсөн жил манай сум жороо морь тавиагүй. Жороо, хатиртай морьдыг цуг тавина гэхээр нь больсон. Энэ хоёрыг чинь цуг тавьж болдоггүй юм. Хатиртай морь нь жороогоо баллаад хаячихдаг. Хатираар тавьж байна гээд давхиад байдаг юм. Энэ жил жороогоо тавьж, түрүүлгэе гэсэн зорилготой байгаа.
-Уяач хүнд унаган адуугаараа наадах шиг сайхан зүйл үгүй биз ээ. Тэр утгаараа таныг орон нутгийн дээд цолонд хүрэхэд хээр морь их үүрэг гүйцэтгэсэн бололтой?
-Олон морь байлаа. Тэднээс аргагүй онцгой нь хээр морь байгаа юм. Олон ч баярт хээр морио түрүүлгэж наад хэдэн морьдоо айргаар хурдлуулж явлаа.  Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин гээд олон сумын ойд нь очиж байсан. Бас Ховд аймгийн Дөргөн, Мянгад сумдаар ч сайхан наадаж байв. Нийтдээ дөрөв, тав түрүүлж, их олон айрагдсан. 2005 онд болсон сумынхаа 80 жилийн ойгоор гараан дээрээ хадуураад сүүлээс нь хөөж идсээр аман хүзүүдсэн. Тэр ойгоор Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн сумдын мундаг уяачид хурдан хурц хүлгэдээ авчирч наадсан. Сумын нүүр тахлан сайхан давхисанд манайхан бүгд л их баярлаж билээ. Айраг түрүүний байнд олон ч мотоцикль авлаа. Заримыг нь сумын дарга, хэсгийн төлөөлөгч, хуулийн байгууллагын улсад мотоцикль хэрэгтэй гэхээр нь хэдэн цаасаар өгчихсөн. Хуулийн байгууллагынхан миний мотоциклиор олон ажил амжуулж байна л гэдэг юм.
-Өөр ямар хурдан адуунууд хурдалж байна вэ?
-Манайх чинь дан хээр, бараан зүсмийн адуутай. Сумандаа сайн давхиж л байна. Гэхдээ хээр морины амжилтыг эвдэхээр сайн адуу гарахгүй л байгаа юм. Төрөх байлгүй дээ. Хүүхдүүд Сүхбаатар, Хэнтийгээс азарган үрээ авчирсан. Дээд талынх нь соёолон болж байна. Цус сэлбэж байгаа болохоор адуу сайжрах байхаа. Надад өөрийн адууны хэдэн сайхан гүү бий. Дөрвөлжингөөс авсан гүү ч байна. Эцэг өвгөдөөс ирсэн адууныхаа удмыг таслахгүйхэн шиг  үр хүүхдүүдээ залгамжлуулах юмсан гэж боддог.
Зөвхөн өөрийн хүүхдүүд гэлтгүй моринд орж байгаа залууст мэддэг чаддагаа харамгүй хэлж өгөхийг хүсдэг.  Олон ч шавьтай болж байна. Хүүхдүүд өдөр тутмын уяанаас эхлээд адуу авахаар явахдаа ч зөвлөгөө авна. Би адууны наймаа хийхээр яваа хүүхдүүд толгой чих, нуруу туруу, хөл гараас нь эхлээд гаднаас харахад ийм байна гээд нарийн хэлээд явуулдаг.  Манайхан Сүхбаатарын Уулбаян, Мөнххаан, Халзан гээд л явдаг юм билээ.
-Жишээлбэл ямар ямар онцлог байх уу?
-Хотгор нуруутай адуу битгий аваарай гэж захидаг. Нуруу нь алсаасаа бөгтөрдүү, толгой томтой, хүзүү урттай, хөл нь гадас шиг шулуухан, шөрмөсний хий сайтай, салтаа уужим  гэхчилэн гаднаас нь шинжинэ. Дээр нь дотор таван шинж гэж бий. Жишээлбэл, хамрын нүхээр уушгийг нь харж болно. Морины хамар бүрээний ам шиг амьсгалахдаа том, бараг атгасан гар орчихмоор байвал багтардаггүй. Дараа нь нүдний шинж. Зүрх нүдэнд илэрдэг. Улаан юм уу, хүрэн нүдтэй байвал зүрх зоригийн шинж. Хол газар, уул даваанд шантрахгүй явна. Гурав дахь нь чих байна. Чихээр нь бөөрийг мэдэж болно. Бөөр жижиг байхдаа сайн. Чихний уг нь бүдүүн, шовх, үзүүр лүүгээ нарийхан, бариад үзэхээр нимгэн байвал бөөр багатайн шинж. Бөөр том байвал цуцанги ихтэй байдаг юм. Дөрөв дэх нь болох элгийг шинжихдээ хэлийг нь үзнэ. Хэл улаан байвал онц биш. Харин цайвар цагаан, нимгэн, хатингардуу байвал элэг багатай шинж буюу сайн юм. Тав дахь шинж нь дэлүү. Дэлүүний шинж шүдний буйланд илэрдэг. Шүд хатингар, толбо ихтэй, тал бүр тийшээ саргардуу, буйл нь памбагар биш хатингар байвал дэлүү багатайн шинж. Таван цул бага байх юм бол морь хурдалдаг. Таван цул их байх юм бол хэсэг харайгаад л цуцаад эхлэх жишээтэй.
-Тэгээд хүүхдүүдийн авчирсан адуунууд ямархуу байна вэ?
-Сайхан, сайхан адуу нь доод тал нь 10 саяас ярих юм гэнэ. Тэгээд үнэтэйг авч чадахгүй болохоор дундын л адуу авчирч байна. Гэхдээ хурдан байхыг цаг хугацаа л харуулах биз дээ. Манай хүү Амгалан эхнэртэйгээ хоёул аймагт багшилдаг юм. Нэг үрээ аваад ирсэн байсан, энэ жил дахиад нэг гүү авлаа. Бөгстэй юм, сайн адуу гарах байхаа гэж байна. Ховд аймгийн Дөргөнд сумын Алдарт уяач хүү бий. Тэр бас л гайгүй үрээ авчирсан байна лээ. Энэ 90 жилийн ойгоор гайгүй давхичих болов уу. 
-Морь уяна, адуу шинжинэ, дууны шүлэг бичнэ. Өөр ямар авьяас байна даа?
-Сумын 90 жилийн ойд зориулаад дахиад нэг дууны шүлэг бичлээ,”Завхан сайхан нутаг” гэж. Сумын маань сүлд дуу болж магад гээд суманд өгчихсөн байсан Иргэдийн хурлаар хэлэлцээд дууг сонгосон гэнэ лээ. Миний шүлгээс гадна бас нэг шүлэг шалгарч орсон юм байна лээ. Бусад нь дуу байсан гэнэ. Энэ шүлгэндээ ая хийлгэчих юмсан гэж бодоод л байна. Айраг, Хяргас нуураа, Зогсоо хайрхан шүтлэгтэй уулаа, Завхан, бас Хүнгийн гол элсэнд ургах сульхир, гоёогоо хүртэл магтан оруулсан. Бас хурдан морь, түмэн тэмээгээ ч шүлэглэсэн. Манайх  1975  онд сумын тэмээ түм хүрсний баяр хийгээд, 1989 онд нэгдлийн тэмээний баяраа хийж байлаа. Дуу бүтээх ч их зардалтай юмаа. Гэхдээ хожим хойно үр хүүхдүүдэд маань түүх болон үлдэнэ гэж бодоод зүтгээд байгаа юм.
-Бидний ярилцлага жаргаж байна. Ярилцсанд баярлалаа.
-Биднийг зорин ирсэн та бүхэнд баярлалаа. Удахгүй болох сум түүхт 90 жилийн ойн мэндийг нутаг орныхондоо дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна