Аймгийн Алдарт уяач Д.Лүндэн: Чулуу ихтэй газарт мордсон адуу булгиж чаддаггүй юм

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 27 -нд

Эрхэм уншигч та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөдрийн зочноор Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул аймгийн Алдарт уяач Дагдангийн Лүндэнг урилаа. Тэрээр 1938 онд Баянлиг сумын нутаг Булаг хэмээх газар төрсөн бөгөөд  залуудаа ардаг догшныг номхруулж эмнэлэг сургалтын Аваргаар тодорч, басхүү хариуцсан ажилдаа эзэн болж бүрэн сүрэгтнээр шалгарч байсан удаатай. Ингээд тэрээр адуутай нөхөрлөсөн он жилүүдээ хэрхэн дурссаныг хамтдаа сонирхцгооё.  
Би занг нь мэддэг нутаг адуугаа л оролддог хүн
-Эртэй бяртай явсан сайхан он цагийн дурсамжаас яриагаа эхэлье? Хэдэн онд эмнэг сургалтын Аварга болж байсан юм бэ?
-Он цагийг нь мартжээ.Би 1968 оноос хойш найман жил нэгдэл адуу малласан хүн.Тухайн үедээ 350 адуу маллаж, отроор Өлзийт, Нарийнтээлийн нутгаар өвөлжиж, зусна. Адуучид дундаа өнөө хэдээ ахлана. Тэр үед цаг агаар ч хэцүүхэн байгаад ган, зуд ч их болно. Малчин бидэнд эвгүй, эвгүй бэрхшээлүүд тохиолдсон байсан ч олны хүчээр хохиролгүй даваад гарч байлаа. Нэгдлийн адуунд эмнэг догшин нь олон. Өнөөхөө бас сургана.  Нэг жил 20-иос дээш нас бие гүйцсэн эмнэг адуу сургаснаар нь шалгаруулна. Даага, шүдлэн сургахыг тооцдоггүй байлаа. Эмнэг сургах амархан л даа. Их зөөлхөн оролдож байгаад булгиулахгүй сургана гэвэл булгиулахгүй,  булгиулна гэвэл булгиулаад л сургачихаж болно.
-Нарийн байх нь ээ?
-Тийм шүү. Юу юугүй мордоод булгиулаад байвал булгидаг болчихно. Өвлийн цагт адуу их амархан номхордог юм. Өөрөөр хэлбэл хүйтэн цагт барьж аваад  уяж хоноод өглөө даараад бөмбөртөл чичирч байхад нь очоод мордоход булгина гэж ерөөсөө байхгүй дээ. Сүүлээ тавиад л шавхраад явчихдаг. Харин зуны цагт эмнэг адууг булгиулахгүй нэг арга байна. Гэхдээ энэ муу хүний арга л даа. Чулуу ихтэй газарт мордсон адуу булгиж чаддаггүй юм.
-Хэрвээ булгивал унаж байгаа хүндээ эрсдэлтэй бишүү?
-Чулуун дотор адуу булгина гэж байхгүй. Адуу гэдэг амьтан чинь их ухаантай шүү дээ.
-Хэр хугацаа орох уу?
-Эхлээд мордохдоо л чулуун дотор мордчихвол ердөө ч булгихгүй. Мэдээж бас магнай толгой, биеийг нь илж, хайрлаад эвтэйхэн зөөлхөн мордох хэрэгтэй. Тэрнээс мордонгуутаа далбагас хийгээд гуядаад эхэлбэл булгина ш ээ. Би бол булгиулахгүйгээр л адуу сургадаг байсан. Тэгж сургасан адуу төлөв зантай их зөөлхөн, аялаг морь болдог. Дээр үеийн улс чинь цочоож булгиулаад, өөрсдөө зайдан унаад өнхөрч унаад л байдаг. Би үүнд дургүй. Тиймдээ олон ч хүнд зааж зөвлөнө. Миний энэ аргыг Богдын нурууны маш олон айлын хүүхдүүд сурч ашиглаж байна.
-Та жилд хэдэн адуу сургах уу?
-Нэг жил 27 бүдүүн адуу уургалж сургаад сум нэгдлийн эмнэг сургалтын аварга болж байлаа. Эдгээрээс 14,15 нь их насны морьд байх жишээний. Миний сургасан “Улаан оч” нэгдлийн адуунаас Лхүндэнгийн хүрэн гэж хурдан хүлэг гарч байлаа. Тэр нь суманд тав түрүүлж, зургаа айрагдсан байдаг юм. Би эцэг нь болох жижиг сарт азаргыг уяж байсан.
-Нэг жилд 27 гээд явахаар нэлээн тоо гарах байх даа?
-Тоо ч мэдээж талийсан. Тэгэхэд би 350-иад адуутай байлаа. Тэгээд эмнэгийг нь сургачихаад, сургаснаа нэгдлийн хоньчин, ямаачин, үхэрчин айлуудын унаанд өгнө. Болоогүй бас айлын адуунд байгаа эмнэгийг нь би сольж аваад сургана. Өөрөөр ч адуунд их хорхойтой явлаа. Нэг л удаа булгиулж байгаад унасан юмдаг. Өөрийнхөө муугаас болсон л доо. Салхитай өдөр уулын орой дээр уурга тулж мордоод булгиулаад уначихгүй юу. Адуу чинь айгаад байгаа хүнээ унагахаас, аргадаад байвал бол зөөлөн. Янзын мал шүү дээ, их ухаантай. Айгаад л, хөдлөх гэхээр нь цочоод, мордох гээд чадахгүй дахин дахин эргэж тойроод байвал дархан булгина шүү дээ.
-Адуунд алхаа оруулна гэж яригдаг. Та оруулж байв уу?
-Олон хоног унаад ирэхээр зарим нь сайхан алхалдаг болчихдог л юм. Зарим нь хичнээн алхаа оруулъя гээд байхад түн, түн гээд шогшооноос илүү гарахгүй нь бий. Сайхан сайхан товор товор гээд хазаар зуузайгаа шажигнуулаад алхдаг адуу байхад бөөдөг бөөдөг гээд унага шиг адуу ч байна. Тэгэхээр адуу болгоны өөрийн эрдэм чадал, удмаас хамаардаг гэх юмуу. Тэрнээс биш санаснаараа энийг алхаа оруулчихъя гэвэл барахгүй. Тэгэхэд жороо адуу бас тусгай. Гэхдээ жороо оруулна гэж нэг их унаж үзээгүй. Жороо морь худалдаж аваад хүнд зарж явсанаас өөр юмгүй.
-Та нэгдлийн адууг хэдэн жил хариулсан бэ?
-Долоон жил гарантай хариуллаа. Энэ хугацаанд юу эсийг үзэв. 1968 оноос хойш дөрвөн жил дараалан ган болж, нэгдлийн бүх адууг гаргаж байсан. Бараг 10 гаруй суурин адуучинтай, би ахлагчаар нь хангайд долоо, найман жил нутагласан. Хангай сайхан л даа, идэштэй. Хүний нутагт очсон бид бие биесээ илбэж хамжаад хохиролгүй даваад л гарсан юм даа. 
-Гэр орон руугаа ирж амжих уу?
-Гэр бүлээрээ нүүгээд оччихно.
-10 суурин адуу чинь тоогоороо хэд гэсэн үг үү?
-Нэг суурь буюу нэг айлын адуу чинь 350 адуу гэхээр нийлээд 3000-гаад болно. Зарим нь ч бог хавсарсан байсан. Хөдөлмөрийн чадвартай эмэгтэй нь 120 бог, эрэгтэй нь 250-350 адууны нормтой. Нэгдэл чинь мал олонтой, малчин цөөтэй болохоор ажилгүй хүн ч байхгүй. Бас л их хүнд шүү дээ. Нэг 350 адуу маллана гэдэг. Гэсэн ч бид аргыг нь олоод л явлаа. Нэгдлээс өвс, тос нь бэлэн болохоор яахаю. Машин машинаар овъёос, хивэг, хорголжин тэжээлийг ачаад хашаа дүүргээд өгчихнө шүү дээ. 
-Нэгдлийн адуугаа яагаад өгсөн юм бэ?
-Нэг өдөр сум нэгдлийн даргаас бичиг ирлээ. Нээгээд үзвэл “чамайг нэгдлийн нягтлан бодохын жил зургаан сарын курст явуулахаар захиргаа товчооны хурлаар шийдлээ. Чи энэ заг ачсан трактороор хүрч ирээд уулз” гэсэн байв. Би ч өнөө заг буулгасан трактороор нь явж, нэгдлийн даргатай уулзвал “Улаанбаатарт нягтлан бодохын жил зургаан сарын курст явуулна. Чи адуу малаа шилжүүлэх үү” гэхээр нь “үгүй дарга аа, би чинь долоо, найман жил адуу маллачихлаа. Ямар ч байсан өөрийнхөө гар оролцсон нэг азарга адууг авч үлдэе, тэгээд явъя” гэлээ. Тэгсэн  бригадынхаа даргатай зохицуул гэхээр нь зохицоод, адуугаа шилжүүлж, хүрэн үрээт гэж 40-өөд тооны адуугаа авсан. Өнөөхөө цуг адуу малладаг байсан адуучин Цэдэвт даатгаад явж байлаа. Ингээд  жил зургаан сарын Хөвт харын бригадын тоо бүртгэгчээр 1976-1978 он хүртэл ажиллаад, 1979-1981 он хүртэл гурван жил дарга хийсэн. Тэгтэл хүүхэд ч сургуульд орох болж, сумын төв бараадахаас өөр аргагүй болсон. Суманд худалдаа бэлтгэлийн ангид няраваар орж, улсын байгууллагын ажилчин гээд 80 хонь, 40 хэдэн ямаа нийгэмчилэлд өглөө. Өнөө дээр үлдээсэн хэдтэйгээ 416 толгой малтай болсон.
Адуучин байхдаа Жижиг сарт азаргыг уяж, Нарийнтээлдээ дөрөвлүүлсэн нь анхны айраг
-Тэгээд хэдий үеэс морь мал уяж эхэлсэн юм бэ?
-1969 оноос хойш өнөөг хүртэл морь уяж байна. Хотод курст явж, гурван жил л завсарласан юмдаг. Адуучин байхдаа Жижиг сарт азаргыг уяж, Нарийнтээлдээ дөрөвлүүлсэн нь анхны айраг байлаа. Миний хурдан хүрэн морины эцэг байгаа юм. Энэ хүрэн морь миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь. Хүрэн морь суманд дөрөв түрүүлж, зургаа айрагдан, нэг сул түрүүлж ирээд байр ухраад аман хүзүүгээр тооцсон.
-Хүрэн мориноос өөр таны нэрийг гаргасан ямар морьд байна вэ?
-Бүх морьдоо л магтаад баймаар байна шүү. Эндээс онцлоход манай хажуугийн малын эмч Баяраа надад нэг загал морь бэлэглэсэн.  Үүнийг би нэг жил уяад л айргийн таваар давхиулсан. Түүнээс өмнө хүмүүс уяад айрагдуулж чаддаггүй байсан юм. Би эвийг нь тааруулчихсан юм болов уу. Ноднин Богд сумын аймгийн Алдарт уяач Лхүмбэ гэж хүний унаган  морийг авч, 90 жилээр таваар давхиулсан нь намайг мөн ч их баярлуулсан. Би ер нь занг нь мэддэг нутаг адуугаа л оролддог хүн. Тэрнээс энд тэндээс өндөр үнэтэй морь мал авах дургүй. Нэг морь авсан ч давхиулж чадаагүй, давхидаг ч үгүй юм байна лээ. Харахад их л сайхан амьтан.Цаагуураа бөөн эм тариа, янз бүрийн юмаар оролдчихсон. Энэ чинь ёстой алдаг юм байна лээ, малыг. -Дээхнэ үедээ энэ нутаг хошуундаа яригдсан хэний ямар хурдан морьд байв?
-Баянлиг сум хурдтай. Гэхдээ Богдыг гүйцдэггүй юм. Манай Баянлиг сумын хурдан морьдоос гэвэл Дуламын хээр гэж байна. Миний хүрэн морьтой хойно урдаа л орно. Мөн Содномын хээрээс эхлээд энэ нутгийн толгойд давхидаг морьд байлаа.
-Сумандаа хамгийн олон түрүүлж, айрагдсан нь гэвэл?
-Би бол хүрэн морио л гэнэ. Гэхдээ амьтан юу гэж боддог юм мэдэхгүй.
-Тэгвэл хэн хэн гэж мундаг уяачид байсан бэ?
-Дээхнэ үедээ Төмөр гэж уяач явлаа. Одоо ч хүүхдүүд нь морь уяж байна. Түүнчлэн Гончигийн Нямбуу гэж жороо морь унаж түрүүлгэжж, айрагдуулчихдаг, хурдан бор азаргатай хүн байсан. Энэ мэт олон хүн бий. Даанч тулгамдаад нэр нь орж ирэхгүй байна. Харин өнөөдөр сайн уяач ховор санагддаг. Морины дөмөгөөр л нэр гарчихаад байна уу даа. Би бол морины шандсаар л явна гэж өөрийгөө боддог. Гэхдээ морийг их хайрлаж уяна. Эм тариа янз бүрийн юм хэрэглэхгүй. Яахав сүүлийн үед тэжээл өгчихдөг болсон.
-Уяа сойлго эвлүүлсэн 50 гаруй жилээс хамгийн дурсамж үлдээсэн хэдэн оны ямар наадам байна вэ?
-Залуу байхад түрүүлж айрагдаж л байдаг тэгтлээ хөөрч байгаагүй санагдах юм. Харин өнгөрсөн 90 жилийн ойн баяр наадам хөгшин надад сайхан дурсамж үлдээлээ. Дахиад тийм баяр олдохгүй л болов уу.
-Таныг залгамжилж хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа залуучууд олон байна уу?
-Зөндөө байна. Үүний дотроос айхтар амжилт гаргаагүй ч моринд их дуртай нөхөр бий. Зөндөө юм барьж аваад уячихна, уралдуулчихна. Гэхдээ одооноос явах байхаа. Би нэг хонгор морио өгсөн байгаа. Өнөөдөр ч нутгийн адуугаар уралдах амьтан цөөрч дээ. Уг нь нутаг адууг шавхаж, эдэлж үзмээр л байгаа юм. Гэвч залуучууд өөрийн юмаа тоохгүй. Холын, дөмөгхөн хурдтай газрын морь руу хошуурахыг яана. Тэрнээс адуунд нь явж байхад уячихмаар сайхан амьтад зөндөө харагдаж байх юм. Айлаас эрэхээрх авдраа уудал л гэж хэлдэг юм. Гэвч адуугаа ч эдлэхгүй таргалуулчихаад мотоциклиор малаа хариулна. Энийгээ эдэлгээнд оруулж нутгийн буяныг эдэлмээр л байгаа юм. Хоёрт биднийг морь уядаг байхад 60 морь уралдлаа гэхэд 31-ийг нь барьдаг, урамшуулдаг, уяачдын хөдөлмөрийг үнэлдэг байлаа. Тэр хэрээр хүн их урам орно ш дээ. Тэгсэн одоо 100 морь уралдлаа гэхэд 30-ийг барина гээд тасалчих юм. Цаана 70 уяач хоцорно. Энэ нь өнөө л эдийн засгийн боломж энэ тэрээс болдог биз дээ, хөөрхий.
-Дээхнэ төр засгаас нэгдсэн төсвөөр зохион байгуулдаг байлаа. Одоо аль нэг уралдааныг зохион байгуулахад уяачдын хармаанаас, эсвэл зохион байгуулж байгаа хэдхэн хүнээс гарч байгаа тэр биз дээ?
-Тийм л юм шиг байна. Дээр үед айргийн таваас хойшхи  нь 15 юм уу 20 төгрөг, дахиад хойшлохоороо 10,10 төгрөг гэхчилэн сүүлдээ гурав,гурван төгрөгийг баярын бичигтэй өгнө. Тухайн уяачийн сэтгэл сэргээд нүд нь онгойгоод явчихдаг байсан. Тэгтэл одооны уяачдыг харж байхад бай шагналд нь жоохон гомдолтой л яваа харагдах юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна