Аймгийн Алдарт уяач Ч.Бямбаа: Наймдугаар ангиа төгсөөд даага уяж, “Улаан Оч” нэгдлийн 40 жилээр аман хүзүүдүүлж байлаа

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 26 -нд

Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, аймгийн начин, сумын хүндэт иргэн Чимбэгийн Бямбаагийн ярилцлагыг уншигч танаа толилуулж байна.
-Наадмын дэвжээнээ уран мэхийг уралдуулан, хүчийг үзэх бөхчүүд ихэвчлэн удам залгасан байх нь бий. Танай удамд бөхчүүд байв уу?
-Бөхийг удам дагадаг гэлцдэг шүү дээ. Ээж маань Жамъяндорж гэж бөхийн удмын хүн байгаа юм. Тухайн үедээ Ламын гэгээний долоон ногоон зодогт гэж Долоон хошуу даншиг наадамд барилддаг долоон бөх байсан юм гэнэ лээ. Түүний нэг нь энэ хүн. Миний мэдэж байгаагаас тэр долоон бөхийн удмын дөрөв, таван ч аймгийн арслан байдаг. Манайхнаас төрсөн ах аймгийн Арслан Даваасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар, тэмээчин Сугар-Очир гэж байна. Эгч маань МУ-ын начин Баасанхүүтэй гэр бүл болсон улс. Тэдний нэг хүү Нийслэлийн Алдарт уяач Гантөмөр гэж залуу бий.  Харин аавын талд бүдүүн Гэндэн Соном гэж тэмээ өргөдөг нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл манай өвөөгийн дүү л дээ. Дээхнэ цагт эндэхийнхний тэмээгээ усалдаг Угалзын худагийн амыг томоо гэгчийн чулуу өргөж ирээд таглачихсан. Өнөөхийг нь улсууд авч чадахгүй ихэнх нь нүүгээд явсан гэдэг юм. Тэгээд би 1987,88 оны үед хоёр нэлээн чадалтай толгойтой  цистертэй очиж авсан. Хоёр хүн даахааргүй том чулуу байна лээ.
-Яагаад тэр худгийг таглачихаж байгаа юм бэ?
-Тэгэхэд нэг их олон тэмээтэй баян айл бусдадаа боломж олгодоггүй байж л дээ. Тэгэхээр нь ааг бяр амтагдсан шартай эр чулуу өргөж авчраад дарчихсан шиг байгаа юм. Ийнхүү ээж аавын талд маань зодог шуудгаар гангарсан аатай эрчүүд байсан түүхтэй.
-Та багаасаа барилдаж байв уу?
-Зарим нэгэнтэй харьцуулахад жоохон хожуу гэж болно. Анх 16 настай бөх барилдаж,  аймгийн аваргад түрүүлээд, улсын аваргад очоод гуравдугаар байранд орж байлаа. Түүнээс нэг их удалгүй цэрэгт явж, халагдаж ирээд олигтой бэлтгэл хийж хичээсэнгүй. Сумандаа л барилдаж, зургаа түрүүлсэн бол Баянгол, Бууцагаанд нэг нэг түрүүлсэн. Харин аймагт ганц хоёрхон удаа очсон нь бий.
-Хэдэн онд аймгийн начин болсон юм бэ?
-Тэр чинь 1985 он байгаа юм. Нэг спартикиад маягийн юм болж, тойргийн барилдаанд 27 барилдсанаас 26 давж түрүүлээд аймгийн начин болж байлаа.  Би худаг усны ажил хийдэг. Ажил их болохоор бөхөө тэгсхийгээд л орхичихсон. Олигтой  амжилтаа ахиулж чадаагүй.
-Баянлигийн ямар ямар бөхчүүд байна?
-Баянлиг сумын МУ-ын начин Дэлээгийн Сүхбат байна. Манай ангийн хүүхэд байгаа юм. Баянхонгорын хоёр Сүхбатын нэг шүү дээ. Түүнчлэн аймгийн арслан зургаа, заан дөрөв, сумын заан нэлээн бий. Ер нь бөхтэй газар шүү. Сумын наадам маань хөөрхөн чансаатай болно, 128 бөх барилдчихна.
-Таны хөвгүүдээс барилдаж байна уу?
-Сүүлд гурав дөрвөн жилийн өмнө хоёр начин төрлөө. Түүний нэг нь миний хүү байгаа юм. Ах нь  дөрвөн банди, нэг охинтой.  Хөвгүүдээс аймгийн начин, сумын заан, сумын начин цолтон төрлөө. Нэг нь нас арай бага байна.
Мөнгө бодож адуу уяна гэвэл хол явахгүй
-Харин морь уяад хичнээн жил болж байгаа вэ?
-1979 онд наймдугаар ангиа төгсөөд даага уяж, “Улаан Оч” нэгдлийн 40 жилээр аман хүзүүдүүлж байлаа. Манайх адуу гэх юмгүй, унааны хоёр морьтой тэмээчин айл байсан юм. Тэгээд унааныхаа морийг унаж, хүний өгсөн даагаа уяж анхны айргаа авч байгаа нь тэр. Тэрнээс хойш гучин хэдэн жил алтан туурттай нөхөрлөж явна. Замдаа цэргийн гурван жил, ган зудаас болж хэсэгхэн тасарсаныг эс тооцвол шүү дээ.
-Хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Сумын наадмаас 20 гаруй айраг, түрүүтэй. Харин говийнхоо бүсийн гурван айраг, хоёр түрүүтэй.
-Энэ л он жилүүдээс амжилтын оргил үе хэзээ байв?
-Морь уяж сурна гэж байдаггүй байхаа. Насаараа л сурдаг бололтой. Одоогоос дөрөв, таван жилийн өмнө  санагдана. Тэр жил Баянлигийн наадамд хоёр соёолон, гурван их нас, хоёр хязаалан, нэг даага мордуулсан юм. Тэгээд дааганаас бусад нь орсон. Их наснаас нэг түрүү, хоёр айраг, соёолон, шүдлэн аман хүзүүдүүлж,  хязаалан түрүүлгэн тун ч одтой наадаж билээ. Яах аргагүй оргил жил тэр байлаа.
-Эндээс хамгийн өндөр амжилт үзүүлж, таны нэрийг олонтаа гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Сүүлийн үеэс гэвэл одоо хүүгийн маань нэр дээр уралдаж байгаа нэг хүрэн халзан азарга бий. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас дамжиж ирсэн энэ адууг ноднингоос уяж байна. Ноднин Жинстэд болсон хаврын бүсэд айрагдаад, зун сумынхаа баяр наадам, Баянлигийн 90 жилээр түрүүлсэн. Сая Баянгол суманд болсон хаврын бүсэд дахин түрүүллээ.  Түүнээс гадна над дээр таван жил уягдаж байгаа хүргэн дүүгийн нэг морь байна. Суманд хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдээд, хоёр бүсэд айрагдан Овоотын 50 жилээр түрүүлсэн. Тэрний урд мөн нэг хээр морь байлаа. Наяад оны үед уяж суманд хоёр түрүүлгээд, хоёр аман хүзүүдүүлж, нэг айрагдсан. Би бөх барилдаж түрүүлэхэд уясан хүлэг маань түрүү магнайгаар тодорч байлаа.
-Тэр хэдэн он юм?
-1989 он байх аа. Тэгэхэд азарга, бас нэг морь түрүүлгэж, би өөрөө түрүүлээд нэг дор гурван түрүү авсансан. Өөр нэг жил манай хүү суманд түрүүлж, уясан хэдэн морьд маань бараг бүгдээрээ айраг, түрүүгээр хурдалсан. Санах тоолонд огшуулах сайхан дурсамж шүү. Уяач, унаач, уясан хүлгийн аль алиных нь хийморь цогцолж амжилт гаргадаг  гэж боддог. Ер нь зөв сэтгэлтэй, зөв ажилладаг, ажилч хичээнгүй, зүтгэлтэй хүний морь давхидаг юм. Ирэн очин яваа хүний морь нэг л сайн болдоггүй юм шигээ. Харж байхад зарим нь өнөөдөр нэг морь аваад маргааш нь түрүүлээд айрагдаад байх юм шиг боддог бололтой. Үгүй л дээ. Энд амьдралын туршлага, уяаны туршлага гэж бий. Ер нь хэдэн жил зүтгэж байж үр дүн харна шүү. Бас нэг зүйл ажиглагдаж байгаа нь залуучууд мөнгө их хардаг болж. Үнэндээ морь  уяад мөнгө олно гэж байдаггүй юм. Бид чинь адууныхаа өв соёлыг хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх гэж л зүтгэж яваа улс. Тэрнээс мөнгө бодож адуу уяна гэвэл хол явахгүй.
-Та аль насыг илүүтэй уяж байна?
-Арай төхөмтэй, эдэлгээ даадаг болохоор азарга, их насыг өөрийнхөө хэмжээнд болгоод уралдуулчихаад  байдаг юм.
-Уяа эхлүүлсэн даага яаж давхисан бэ. Та ямар ямар нутаг адуугаар наадаж байв?
-Би нэг үе хээр морь, хээр азаргаараа сайхан наадсан. Өнөө уяа эхлүүлсэн даага чинь миний хээр морь байгаа юм. Манайх цөөхөн хэдэн ямаатай бас. Тэгсэн нутгийн хүн “эхнэр төрөх гээд хүнс байдаггүй авъя” гэсээр санд мэнд ирлээ. Тэгээд аав ээж “хүүхдийн нэрний тэжээвэр эр ямаа байгаа” гээд өнөөх хүн надтай уулзлаа. Би ч ав ав л гэв. Түүнээс жил гарантай болдог юм. Нэг хавар өнөө хүн давхиж ирээд “за миний хүү даага аваарай” гэлээ. Унааны хоёр морьтой байсныг ч хэлэх үү. Даага өгнө гэхээр нь бөөн баяр бололгүй яахав. Маргааш нь тэдний адуунд явж очоод нэг хангал даага аваад ирлээ. Ингээд өнөөхөө 14 хоног сургаад, 15 дахь хоног дээр нь уралдуулаад айрагдуулах нь тэр. Энэ явдлаас нэлээн хойхно сумын төвөөс доошоо 20-иод км-т байх Хөөвөр гэдэг газар наадмын урд өдөр морь унах санаатай очлоо. Тэнд морио барьж, уяж хоночихоод наашаа явж байгаад морь үсэргэх гэж байгаа хэдэн залуустай таарлаа. Арваад морьтой хүүхэдтэй цуг мордоод уралдвал гурвалчихлаа. Тэгэхэд би бараг 90 гаруй хилтэй /кг-тай/ болчихсон байсан.
-Өөрөө мордчихож байгаа юм уу?
-Тиймээ. Тэгсэн хүн болгон энэ их сайхан морь байна, уях хэрэгтэй гэцгээв. Ингэж л хэсэг завсарласан би дахин моринд урвах нь тэр. Намайг олон ч удаа баярлуулсан. Гурав түрүүлж, хоёр аман хүзүүдээд, нэг айрагдсан юм.
-Тэгвэл өнөө хээр азарганыхаа тухай ярьж өгөөч?
-Яахав би ганц хээр морьтой. Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч гэдэг шиг л явлаа. Тэгж яваад нэг гүү, нэг байдас худалдаж авчихлаа. Гэтэл надад азарга байдаггүй. Нэг өдөр сумын төв дээр явж байтал Зандай гэж хүн сайхан хээр азарга унаад давхиж явна. Шууд л араас нь нэхэж очоод “ах аа хээр азаргаа надад зарчихаач” гэлээ. Ах ч зөвшөөрч хоёр тэмээгээр худалдаж аваад,  хоёр гүүндээ тавьж 20 гаруй адуутай болдог юм. Энэ хугацаанд өнөө хээр мориороо л наадаад байгаа ш дээ. Азаргыг хааяа ах унаад явчихна. Тэр жил сумын төв рүү үсэргээнд явах боллоо. Хээр морь жоохон догшиндуу л даа. Тийм болохоор азаргаа унаад морио хөтлөөд гарлаа. Ахын хүү Болдбаатар унаж хээрийг түрүүлгэчихлээ. Тэгтэл хэдэн азарга эргэж яваа харагдлаа. Дүүдээ “азарга уначихаад ирэх юм уу” гэвэл толгой дохиж байна. Ингэж 16,17 хүрчихсэн азаргаа унуулаад “нэг их битүү шахаарай. Уягдаагүй юм шүү” гэсээр үлдсэн. Би ч өмнөөс нь мордоод явж байтал улаан цамцтай манай морины хүүхэд тасархай явсаар түрүүлсэн. Хойтон жил уягдаж түрүүлсэн.
-Санамсаргүй байгаад түрүүлсэн болохоор их баярласан байх даа?
-Тэгэлгүй яахав. Ер нь надтай таарсан хурдан буянгууд аль аль гайгүй давхисан. Унааны хийморьтой юм уу, эсвэл бурхан тэнгэрээс заяадагсан уу.
Гэндэндоржийн шарга гэж гайхалтай жороо морийг 17 тэмээгээр авч байсан гэдэг
-Өөр хаа хаанаас адуу авч байв?
-Хэнтийн Галшар, Дорноговийн Иххэтээс Монгол Улсын Алдарт уяач Нарангэрэл гэж хүний адуунаас даага, шүдлэн хоёр авчирч байлаа. Сумын наадмуудаас айргаас ер нь буугаагүй хүрэн, зээрд хоёр их насны морьд болсон байна. Мөн нэг халзан азарга бий. Сүхбаатараас Богдын Болд гэж залуу хавар хэдэн адуу авчирсаны дотор сайхан халзан үрээ харагдлаа. Энэ хэдэн адуугаа Шинэ-Жинст рүү хүнд аваачиж өгнө гээд авч яваад, ганцхан халзан үрээтэй ирлээ. Жоохон ханиадтай нус нь гоожчихсон үрээг өнөө залуу манай адуунд орхиод явчихлаа. Жил гаруй хугацаа өнгөрлөө. Амьтан авдаггүй ээ. Түүнээс ахиад жил өнгөрөхөд эзэн нь миний ах Хөдөлмөрийн баатар Сугар-Очирын хүүхдэд бэлэглэлээ. Ингээд дүүгээсээ би худалдаж аваад уяж, соёолон аймагт 10-аар орсныг эс тооцвол очсон уралдаан бүртээ түрүүлсэн.
-Дахан дор эр, даахин дор хүлэг гэж тэр байж дээ, тиймээ?
-Тиймээ. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэж үнэн байхаа.
-Галшараас хэний адуунаас авсан бэ?
-Улсын аварга малчин Галшарын Шараа гэж залуугийн адуунаас хэдийг авчирлаа. Бас Төв аймгийн Аргалантын сангийн аж ахуйд амьдардаг дүүгээсээ хэдэн үрээ авчирч тараалаа. Сумынхаа адууг цус сэлбэчих санаатай зүтгээд явна. Би чинь 16-аар нэг, долоогоор нэг, сүүлд хоёр адуу нэмж нийт 25 адуу авчирсан. Тэгээд хоёроос бусдыг нь сумандаа  тараасан. Яахав үр шимээ өгөөд, энд тэнд гайгүй сайхан давхиж л байна. Гэхдээ мөнгөн төгрөгний бололцооноос болоод санаснаар нэг болж өгөхгүй юм. Тэрнээс боломж бол зөндөө байна. Сүүлийн үед улс, бүсийн наадамд цустай адуу л уралдуулахгүй бол болохгүй гэцгээхээр нь ноднин нэг даага авсан. Англи эхтэй, монгол азарганы энэ төлийг Гантөмөр дүү маань авчирч өгсөн юм. Одоогоор тэжээлтэй байгаа. Яахав уралдуулбал уралдуулна. Гол нь азарга тавих санаатай. Өөрийн хоёр сайн азарганы охин төлүүдээс хоёр гурвыг тавьж үзье гэж бодоод байгаа.
-Хэдэн жилийн энд өмнө атан тэмээгээр л адууны наймаа хийчихдэг байсан гэлцдэг?
-Тийм шүү. Цэрэнгийн Гэндэндоржийн шарга гэж гайхалтай жороо морийг 17 тэмээгээр авч байсан гэдэг юм. Энэ Богд адуу Манай эндэхийн хамгийн үнэтэй нь байлаа.
-Дээхнэ үедээ сум орны нэрийг гаргасан хурдан буянгууд олон байсан биз?
-Намайг морь унадаг байхад Хорлоо Сангийн хүрэн азарга, Огнойнын бор азарга, Лхүндэнгийн хүрэн гэж нэртэй хүлгүүд байлаа. Гэхдээ тэр үед гадагшаа гарч уралдах биш. Жилдээ нэг удаа сумандаа наадна. Адуучин Хорлоон Санги, одоо Дарханд амьдарч байгаа Цэрэндондов, Огной, Чоймонз нарын лут өвгөчүүл сумын наадмын айраг, түрүүг хуваагаад л авчихдаг байсан юмдаг.
-Тэгвэл таны үеийнхнээс хэн байна?
-Бид өмнөх үеэ арай гүйцэхгүй байх шигээ. Бид яахав хоёр нийгэмд морь уяад үзсэн улс. Харин сүүлийн үед залуучууд сайн байна. Манайхаар залуу уяачид их ирнээ. Ямар сайндаа охин маань “аавын ангийн нь хүүхдүүд, ангийн даргатайгаа ирж байна” гэж цаашлуулдаг юм.
-Хөвгүүд барилдана, бас морь уяна биз?
-Дөрвүүлээ барилдана. Харин морь уяхын тухайд нэг хүү л оролдож байна. Одоо нэг улс, бүсээс айраг амсаатахвал хүү маань аймгийн Алдартын болзлыг биелүүлчих гээд л байгаа юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Хөдөөгийн уяач бидний шимтэн унших дуртай “Тод магнай” сэтгүүлийн хамт олон газрын хол гэж түүртэлгүй ирж, ярилцлага авч байгаад баяртай байна. Баярлалаа. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна