Хүүхэд, хүлгийн хийморь сэргээгч гийнгооны тухайд...

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 17 -нд

Нүүдэлчин монголчууд адууг гаршуулж гэршүүлэн амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн өвөрмөц давтагдашгүй уламжлалт соёлтой ард түмэн билээ. Монголчуудын адуу эдлэх соёл дотроос хурдан морь уях ба энэ нь түүнийг дагасан олон зан үйлийг буй болгоход нөлөөлсөн нь дамжиггүй юм.
Эртний монголчууд туг тахих, цэргийн хүчийг үзэх, байлдаанд мордох, байлдаанаас ирээд сур харвах болон агт морьдыг уралдан шалгаруулах зэрэг цэрэг эрсийн эрдмийг голлосон наадам хийдэг байжээ.Тэрхүү наадмаа монголчууд баяр цэнгэлийн манлай “Дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам” хэмээн нэрлэж байж. Эрт цагт Монголчуудын эрийн гурван наадам нь бүрэн төгс боловсроогүй байсан ба цаг үе улиран ирэхийн хэрээр алхам алхмаар урагшлан явсаар  17-19 зууны үед  улам бүр төгөлдөршин хөгжиж иржээ.
Түүхээс үзэхэд Өөлдийн Галдан Бошигт хаан  их цэрэг авч байлдахаар ирэхэд Өндөр Богд дайн самуунаас зугтаж Манжийн Энх-Амгалан хаанд дагаар орсонд Богдыг  Энх-Амгалан хаан ИХ ЛАМ  болгон өргөмжилж дагалдан ирсэн Чингисийн угсааны ноёдуудыг ноён хэмээх цолыг нь халж, ВАН, БЭЙЛ, БЭЙС, ГҮН хэмээн хэргэм өгч, Түшээт хан, Сэцэн хан, Засагт ханыг цолыг нь хэвээр хан хэмээн өргөмжлөөд, улсын сангаас пүнлүү мөнгө, амуу будаа тавин олгож, Долоон нуур хэмээх газарт 9 жил суулгаж, ар газар тайван болсны дараа Өндөр Богд,халх Монголын  лам ноёд нутагтаа эргэж ирэхэд, халх 7 хошууны ноёд баяр хийж, Өндөр Богдод насан хутаг бат болох бэлгэтэй ёслолоор  даншиг өргөн морь уралдах, бөх барилдах, бай нэхий харвах зэрэг наадам хийж, тэр үед Бонхор-донир гэгч хүний морь түрүүлж   байжээ.
Энэ цагаас эхлэн морины цолыг дуудах журам гарч 8 дугаар Богдын саналыг дагуулан жил бүр даншиг наадам үйлдэх болсон ажээ.Даншиг хэмээх нь бат оршил гэсэн утгатай үг юм. Үүнээс хойш наадмын үеэр Даншигийн хурдан морьд уралдахад Богдын асарын өмнө хурдан морьд унасан хүүхдүүд их сангийн дэргэд ирж Богдод мөргөөд мориндоо мордон асар майхныг гурвантаа эргэн гийнгоолон гарааны зүг гарах,морь эргэж байхад дуучид хуурчид  Шажин түмэн эхийг дуулдаг, хурдан морины хүүхдүүдийг  “Ум марзай мам суухай” гэсэн тарни бүхий гийнгоо аялгуулж сургадаг, гийнгоолох сургуулийг тусгай дуучнаар хийлгэдэг болсон ба зөвхөн “гийнгоо” гэсэн үгийг хэлэхдээ дунд зэрэг 32 тоолохтой  тэнцэхээр урт уянгалуулан аялдаг байсан гэдэг ба энэ үед төр шашныг хослон барьсан богдууд болон түүний шавь нар, аймаг нутгуудад тодорсон  хувилгаадууд  шашны нууц тарины шид увидсаар хурдан морь болон хүүхдэд ирэх гай барцадыг зайлуулах, холын замд уралдаж байгаа ширүүн өрсөлдөөн дундаас хүн мал мэнд ирэхийг даатган ном уншдаг байжээ.
Хожим нь энэхүү адуун соёлын нэгэн хэсэг болох  хурдан морины гийнгоо нь халх  дөрвөн аймгийн хошуудад янз бүрийн хувилбар ая дантайгаар тарж, газар орон, тухайн үеийн удирдлага /хаад, ноёд, хутагт хувилгаад/нутгийн аялгууны өвөрмөц хэв шинжийг шингээсэн үгтэй болон үггүй гэх мэт олон янзын хувилбартай болжээ. Тэрхүү хувилбарууд нь цагийн аясаар мөн шинэчлэгдэж ирсэн байна. Жишээ нь: Түшээт хан аймгийн Говь түшээ вангийн хошуунд Брагри ёнзон Дамцагдоржийн шашны дэг жаягтай  газарт тарнитай гийнгоо илүү тархсан байх бол, Догшин  ноён хутагт Данзанравжаагийн нутагт  яруу найраг  болон аялгуу нь өвөрмөц баяжигдмал гэх, Төв аймгийн Бор-Өндөр (одоогоор Алтанбулаг сумтай нийлсэн),Өнжүүл, Баянбараат,(Өнжүүл сумтай нийлсэн), Дэлгэрхаан, Бүрэн, Сэргэлэн сум, мөн Дундговь аймгийн Дэрэн сумын баруун тал, Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо сумын зүүн тал, Дэлгэрхангай сумын хойд талын сумдын гийнгооны аялгууны хувьд хоорондоо төстэй, бүгд тарнитай зэрэг шашны нөлөө ихээр туссан нь  тухайн үеийн том том хутагт хувилгаадуудын нөлөө  тодоор тусгагдсаныг харуулж байна.
Гэтэл Түшээт хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Говь–Угтаал,  Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан суманд тарнигүйгээр гийнгоолдог. Үүнийгээ ”марзайлна’’ гэх бөгөөд наадамд явах, ирэх, айлын гадуур гарахад морины хийморь сэргээн марзайлдаг байжээ.
Монгол нутгийн зүүн аймаг дахь талаас жишээ авбал Дорнод аймгийн Баян-Уул сумын/ буриад зоны нутагладаг/ хурдан морины гийнгоо нь;
         Ум марузай нам суухай
         Богдор гэгээн аршээ гийнгоо гийнгоо.... гэсэн өвөрмөц буриад аялгуутай бол Цэцэн хан аймаг буюу одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга хошууны хурдан морины марзай нь;
         Ум марзай нами суухай
         Алтан дарь овоо минь өршөө
         Зуурдаа сайн яваарай
         Зуугийн Чойжин өршөө
         Замдаа сайн яваарай
         Далай лам минь өршөө
         Аяндаа сайн яваарай
         Алтан дарь овоо минь өршөө  гэх мэт аялгуулан марзайлдаг ба үүнийгээ бас овооны марзай ч хэмээн нэрийдэх нь бий. Тэгвэл  Сайн ноён хан аймгийн Пүрэв гүний хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн  Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал хавийн нутагт 100-гаад жилийн өмнө гийнгоог “хурдан морины мэгзэм” хэмээн нэрийддэг байжээ. Тэрхүү мэгзэмд:
        Мэгмэд зэви Тэрчэн Жанрайсаг
        Дэмид чэнбэ Гомбуу Жамбий ян
        Ганжин хайвы Зүгжин зонхо во
        Лувсан дагви Шовла солбандэв   хэмээн аялгуулан уншиж шонгоо тойрон гийнгоогоо аялчихаад “гүүг”,“гүүг” гэж гүүглээд шонгоос гарахдаа мэгзэмээ уншаад гардаг байна. Энэ нь хурдан морио хөглөж сэтгэл санааг нь сэргээх, өтгөн шингэнийг нь шингэлж, нэг ёсондоо хурцалж өгдөг гэх ба мөн аян замын засал болдог гэж үздэг аж.
 Ийнхүү даншиг долоон хошуу наадмаас эхтэй хурдан морь, хүүхдийн урмыг тэтгэгч гийнгоо цаг үеийн аясаар хувьсан өөрчлөгдсөөр 1921 онтой золгож, АХ-ын ялалтын өдөр буюу 7-р сарын 11-ний үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр нийтээр хэрэглэх болсон билээ. Гэсэн хэдий ч цаг хугацаа  өнгөрөх тусам гийнгооны ач холбогдол буурч, бүдгэрсээр байгаа нь харамсалтай юм.
Монголчууд эрт дээр үеэс ажнай хурдан хүлгээ хүнчлэн хайрлаж уяж байгаа морио айлгаж цочоодоггүй, малын сэг зэм ч харуулдаггүй байсан гэдэг. Уяа морь ямар нэг зүйлээс үргэн цочих, алс хол зарагдаад нутаг усаа санах, хатуу ширүүн эдэлгээнд орох, хуруу цээжийг нь авах зэрэг олон шалтгаанаас сэтгэл санаа гундлах шалтгааныг Гутаг сууна гэж ярьдаг ба гутаг суусан морийг уул овоон дээр гаргаж арц хүж уугиулан сайхан дуу, гийнгоо сонсгон цагаан зандангаар утан,сайхан үнэрийг мэдрүүлж дом засал шившлэг тэргүүтнийг үйлддэг байсан хэмээн хуучцуул ярьдаг. Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжав 1923 оны үед бичсэн “Нууцаас нууц, далдаас далд, шулуун журамт” хэмээх сударт морийг эрхэмлэн дээдлэх, түүний удмын санг зохистой хадгалах, шилэн сонгох, уяж сойх талаар тус судрын 2-р булэг дэх “Нууцын арван зүйл” –д уяанд уйдсан моринд үргэлж үнэртэн тавь, бойлороор ут, хөгжим сонсго. Өндөр сэргэлэн газар аваачиж холын бараа үзүүл, муу морьтой ойрхон уралдуулж түрүүлүүл.Эс зохивол нэг өдөр султга,үүнд эрхгүй зохино гэж тэмдэглэжээ. Ийнхүү сайхан хөгжим сонсгох, сайн үнэртэн үнэртүүлэх, гийнгооны аялга болон мэгзэм тарни, эзэн хүний танил дотно дуу авиа нь хурдан морийг хөглөж, сэтгэл санааг нь сэргээж хурцалж, хүч  чадал шандас нэмэх зэрэг нь  адгуусыг уяраан сэтгэл зүйд нь нөлөөлж ирсэн  өвөг дээдсийн маань нарийн ухаан гэлтэй.
Ж.Бадраа <Их дуучны яриа >УБ 2005 он номонд Монгол улсын гавьяат дуучин Жигзавын Дорждагвын хурдан морины хүүхдийн марзайн тухай ярианаас иш татахад “Хаянхярваа гэдэг чинь морины сахиус шүү дээ. Тарни номыг нь уншаад, ташуур жолоогийн маань мэднэ, маш чандлан болгоомжил... гэж Гэлэгбалсан ерөөлчийн ерөөл дунд байдаг чин тарнийг хэлж байгаа юм. Уг нь бол Марзын пад суухай гэдгийм, хүүхдүүд болохлоор Ум марзы пад суухай гэдэг юм. Ум хийрий бадам дайрий базар гарьдаа хаян хярваа хөөлөө хөөлөө хум пад гэж бас хэлнэ. Энэ бол жинхэнэ зүрх тарни. Дамдин бурханы тарнийг Ум хийрий бадан гарваа хаян хярваа хүүлүү хүүлүү гэж хураангуйлан товчилж л байгаа юмуу даа. Тэгэхлээр хүүхдүүдийн зээнгоолох, марзайлах марзий нам суухай гэдгээс марзайлах гэсэн үг гарсан шүү дээ. Уул нь бол Зээнгоо гэж хашгирдаг газар байна, Гийнгоо гэж ч хашгирдаг газар байна чухам аль нь зөв юм бүү мэд, бодвол Зээнгоо нь гийнгоо болсон нь лавтай.Зээ хэмээн уриалж байгаа хэрэг шүү дээ. Гэлэгбалсан гуайн ерөөл дээр зээнгоо гээд л бичсэн байгаа. Ийм олон аялгуунууд байгаа нь монгол үндэсний маань ардын урлаг хэр хэмжээ хязгааргүй олон төрлийн байна шүү. Энэ олон хэнд байна? гэхлээр ард түмэнд байна ”.
Таван хошуу малын янцгаах, буйлах, мөөрөх, майлахаас аваад зан үйлийн уриа дуудлагууд малчдын өдөр тутмын ажил хөдөлмөр баяр наадмын зан үйл нь язгуур урлагийн эх үндэс болж уртын дуу, биелгээ, богино дуу, уламжлалт ардын хөгжимд шингэсэн байдгийн өчүүхэн хэсэг болох хурдан морины гийнгоо нь хүн малыг холбосон соёл болон өдгөө хүртэл уламжлагдан иржээ. Зан үйлийн аялгуу болох өвөг аялга хурдан морины гийнгоо, зээ татан морины хийморийг сэргээх зан үйл нь малд нэвтрэх гол нууц увидас нь аялгуундаа байгааг нээсэн ард түмэн яахын аргагүй монголчууд юм. Тэгвэл хөгжим судлаачид болон урлаг судлаачид гийнгоог монголын уламжлалт соёл урлагийн нэгэн бүлэгт хуваан ангилж үздэг юм байна.
      Орос улсын хөгжим судлаач В.Ф.Смирнов Монголын уламжлалт дуулах төрлийг 4 үндсэн сэдэв төрөлд хувааж үзэж ангилал хийсэн ба уртын дуусаг аялгуунуудыг бүхэлд нь нэг бүлэгт багтаагаад  дотор нь хоёр дэд бүлэг болгосны А хэсэгт ;”Уртын дууны төрлийн уриа дуудлагын аялгуулал, гийнгоо болоод малчны дуудлагын аялгуулал,хурдан морины цол дуудлага, найрын дуу, аян замын дуу, төл мал авахуулах дуу, түрлэг, уухай зэрэг болно”  хэмээн ангилсан бол Монголын хөгжим судлаач Ж.Бадраа гуай монгол ардын хөгжмийн уран бүтээлийг  бүхэлд нь;
1)Монгол ардын хөгжмийн өгүүлэхүйн эрхтэнтэй шүтэлцээт урлаг, 2)Уриа дуудлагын аялгуу, 3)Оньсого, таавар, цэц булаалдах дайралцаан,ерөөл магтаал, үлгэр туульсын аялгуу, 4)Дан хөгжмийн уран бүтээл 5)Монгол ардын дууны уран бүтээл хэмээн ангилсаны дотор 2 –р хэсэг болох уриа дуудлагын аялгуунд гийнгоо нь зүй ёсоор багтаж байгаа билээ.
Гийнгоолох авиа, эгшиг томолт нь бас харилцан адилгүй “өө, үү, оо, ий” эгшиг голчилдог нь хурдан морины хүүхдүүд задгай салхинд амьсгаа цохиулахгүй, ам хатахгүй зэргээс шалтгаалан хумигдмал эгшгүүд голлон хэрэглэж ирсэн байж болох юм. Гийнгооны аялгуу нь морь янцгаах мэт өндөр өнгөн дээр тогтож нугалаагаар уруудан бууж дахин эхлэх өнгөнөөс дээшлэн дэвсгэр хөг солигдон дуусах үедээ буцан үндсэн хөгөндөө дуусах нь түгээмэл  ба энэ нь хөг дээшилж солигдох нь хурдан морины сэтгэлийг хөдөлгөж хөөргөдөг байж болох талтай.
Ийнхүү эрт үеэс гийнгоо хэмээх нь монголчуудын адууны соёлтой салшгүй холбоотойн дээр монгол ард түмний уламжлалт өвөрмөц соёл байсан нь тухайн үе үеийн 4,5 настай балчир хүүхдүүд бүгд гийнгоолдог байснаар гэрчилх ба  адууны соёл хэмээх нэгэн цогц соёлыг илэрхийлдэг байна.Гэвч одоогоор энэхүү соёл дундах гийнгоо  маань аажим аажмаар мартагдах хандлагатай болж байгаа нь  харамсалтай. Тиймээс монголчуудын хурдан морь уях, соёлын тухай асуудалд ГИЙНГОО –г зан үйлээрээ дамжуулан орхигдуулахгүй, хадгалах, сэргээх, нь нэн чухал шаардлагатай болоод байгаа юм.

ШАНХАЙ ХӨГЖМИЙН СУРГУУЛЬ” хөгжим, хүн төрөлхтөн судлал мэргэжлийн докторант  ОГОТОР овогтой МЭНДБАЯРЫН УНДРАА

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна