Аймгийн Алдарт уяач Н.Батдорж: Донир угшилтай хээр азарга манайд хурд тарьсан

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 11 -нд

Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.  
-Удам дамжсан уяачдын нэг юм байна. Бидэнд дээдчүүлийнхээ талаар хууч дэлгээч?  
-Миний өвөөг Сэцэн ханыхан Лонхон хээрээр нь андахгүй байх. Хошуу наадамдаа нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж  байсан юм гэнэ лээ. Хавирганы матаас сайтай лонх шиг хэлбэртэй адуу байсан болохоор тийн нэрийдсэн гэдэг. Ер нь манайхан унахад зогсдоггүй, харшдаггүй, номхордоггүй догшин цагаан цоохор адуутай  байсан улс гэдэг юм. Аав маань тэгж ярьдаг байсан. Өвөөгийн Лонхон хээр болоод бусад хурдан хурц хүлгэдийн тухай Санжаадоржийн “Сэцэн ханы 100 жилийн түүх”  номонд тодорхой бичсэн байдаг. Манай аавын тухайд сумын тоо бүртгэгчээр ажиллахын зэрэгцээ морь уядаг. Намайг ухаан орохын үед аав Донир угшлын хурдан хээр азаргатай байсан.
-Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ? Удам дагасан уяачид олон уу?
-Бид эхээс наймуулаа. Гантуяа, Лхагвадорж ах бид гурав уяа эвлүүлж байна. Хамгийн бага дүү Арсланбаатар хотод амьдардаг, бөх хүн бий. Эгч нар ч ихэнх нь хотод амьдарцгааж байгаа.  
-Түрүүн аавын Донир угшлын хурдан хээр азарга гэж ярьсан.Танайд яаж ирсэн адуу вэ?
- Аавын найз Бааван Балдан үе дамжиж ирсэн Донир адуутай хүн. Түүнээс аав нэг битүү соёолон үрээ  1000 төгрөгөөр аваад өвөл нь хавчиг азарга түрүүлгэсэн юм. Ийнхүү түрүү магнай болсных нь дараа азарганы эзэн нь манайд хонуут ирж, хэлж чадахгүй  хэсэг сууж байгаад дахин мянган цаас нэмж авсан юмдаг. Манай энэ хээр азарганаас олон хурдан адуу салбарлаж гарсан. Би багадаа энэ азаргыг унаж сумандаа гуравлуулж байлаа, 1981 онд. Түүнээс өмнө миний ах Лхагвадорж унаж хурдлуулдаг байсан юм. Нийтдээ хоёр түрүүлж, 4-5 айрагдсан байхаа. Харин хурдан цагаан цоохор морио суманд хоёр түрүүлгэж, 3-4 айрагдуулсан. Эдний дараа хонгор азарганы үе эхэлнэ. Аав маань 1981 онд Жигээ адуутай Ёндонсамбуу гэж хүнээс сүүтэй хонгор даага худалдаж авсан юм. Дааган цагаасаа хурдалсан адуу. Даагандаа Баянхутаг суманд түрүүлээд, үргэлжлүүлээд намар есдүгээр сарын нэгний наадамд дахин түрүүлж, 1982 онд шүдлэн үрээ түрүү магнай болж, 1983 онд Хэнтий аймгийн 60 жилийн ойгоор хязаалан үрээ аман хүзүүдсэн. Тэгээд сумандаа соёолон, хавчиг түрүүлж нийт долоон түрүү, хоёр аман хүзүү, нэг айргийн гурваар орсон. Би дааган цагаас нь унаж хурдлуулдаг байлаа. 
-Аавын тань нэрийг гаргасан өөр ямар ямар адуу байна вэ?
-1980-аад онд аав хурдан хонгор азарга, зээрд халзан мориороо тун ч одтой наадсан л даа. Хонгор азарганы төл зээрд даага, бор даага хоёроо уяж, суманд дараагаар нь хоёр, гурван жил оруулж байлаа. Уяачийн хувьд оргил жилүүд энэ үед таарсан гэж болно. Тэгэхэд соёолон бор морь нь түрүүлж, зээрд морь нь гуравлаж байсан бол хязаалан зээрд нь хоёрлож, бор морь нь гуравлаж байлаа. Тэр жил бас Цэрэн ахын хул алаг хязаалан түрүүлж байсан юм. Шүдлэндээ хоёулаа дөрөв, таваар ирсэн санагдана. Бас Эрдэнэжаргал гэж  хүнд хонгор азарганы төл хул азарга өгсөн нь аймагт түрүүлж байв. Хээр азарганы төл зээрд халзан морь суманд бас олон орсон. Түрүүлээгүй, хоёр аман хүзүүдэж, 5-6 айрагдаж байлаа. 1980-аад онд биднийг ид морь унаж байх үед манай аав тухайн жилдээ хоёр түрүү, 3-4 айрагтай буцдаг аатай үе байлаа. Бас МНТ-ны 750 жилийн ойд зээрд халзан морио 16-гаар оруулж байсан юм байна
-Азарганууддаа ямар гүүнүүд хураалгах уу?
-Донир угшилтай хээр азарганыхаа төл гүүнүүдийг хонгор азаргандаа хураалгаад дундаас нь олон хурдан адуу гарсан. Том ах Гантуяа маань аймагт хонгор азарганы төл их морь аман хүзүүдүүлж байлаа. Үр төлөөс нь Говь-Алтай руу лав нэг хүрэн үрээ явсан. Сураг сонсохнээ нэг айрагдсан дуулдсан. Түүнээс хойш сураггүй. Тэр үед чинь утас шөрмөс ч гэж байсангүй.
-Тэгвэл Батдорж уяачийн хувьд хэдий үеэс бие дааж уяа эвлүүлж байна вэ?
-Би ч бас том толгойтой хүн шүү дээ. Тавдугаар ангиасаа сургуулиас гарчихсан. Тэр үед адууны дэргэд л байвал болмоор санагддаг байлаа. Захиргаадалтын үед сургуулиас хүүхэд гаргана гэж юу байхав. Дээр нь ээж намын гишүүн. Хариуцлагатай, үлгэр дуурайлалтай байх ёстой. Тэгээд гаргахгүй гэж хэсэг үзсэн л дээ. Би сүүлдээ адуу руугаа зугтчихсан. Ингээд аавтайгаа мал маллаж байгаад цэрэгт явж ирээд бие даан уяа сойлго тааруулах болсон.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд хүртэж байв? Бас л сайхан дурсамжуудын нэг байх тийм үү?
-Тэгэлгүй яахав. Цэргээс ирээд хул хязаалангаа сумандаа айрагдуулсан юм. Өмнөдэлгэрийн онжаваасаа шарга эмнэг үрээ авчирч Баянхутаг сумандаа айрагдуулсан нь тэр. Түүнээс хойш сайхан наадаж байна. Ямартаа ч хүүхэд насны хүсэл мөрөөдөл маань буруу зүгт намайг дуудаагүй л юм байна гэж баярладаг. Би 1991 онд цэргээс дөнгөж ирээд аав, ах Лхагвадорж, Туяа дөрвүүлээ Өвгөн ноёны наадамд явж байлаа. Аравдугаар сарын 18 хавьцаа болсон энэхүү наадамд Туяа ахын хээр морь түрүүлж, аавын нэр дээр мордуулсан зээрд халзан морь нь айргийн таваар давхисан. Бас манай Баянхутаг сумын Насантогтохын хурдан хар морь аман хүзүүнд хурдалж билээ. Энэ бас сайхан дурсамж үлдээсэн наадмуудын нэг яах аргагүй мөн шүү. Одоо манайх дөрвөн хүүхэдтэй. Нэг хүү, гурван охинтой. Хүү маань бас морины улаан хоббитой нөхөр. Гурван ой хүрээд л морин дээр гарсан хүн. Одоо 14 настай. Магадгүй дөрөв дэх үеийн удамт уяач болж мэдэх л юм. 
-Аав тань угшил сайтай адуутай байсан тухай дээр ярьсан. Яагаад унаган адуугаараа наадаагүй юм бэ?
-Адууны цус солих, хурдан адуу таних санаатай л. Гэхдээ хул хязаалангаа зарчихсан л даа.
-Анхны айргаас хойш таны нэрийг гаргасан хурдан хурц хүргэдийнхээ тухай танилцуулаач?
-Би нэг үе хурдан хул морь, хязаалан хээр азарган үрээ, хонгор азарганы төл хонгор даагаараа сайхан наадсан. 1998 онд аймгийн наадамд хонгор даагаа гуравт оруулж, есөн сарын нэгэнд Баянхутаг сумандаа түрүүлгээд, Бэрхийн 45 жилийн ойд хоёр түрүүлүүлж байв. Учир нь тэгэхэд 120-иод даага мордсон. Газар дээрээ очоод хоёр хуваагдаад эргэчихсэн юм. Будилсан гээд маргааш нь дахиж уралдаад дахин түрүүлсэн. Шүдлэнд нь нэг бэсрэг наадамд түрүүлгэж, хавчиг азарга суманд гуравлуулж байлаа. 1999 онд Өвгөн ноёны наадамд 500 гаруй соёолонгоос арваадаар ирсэн. Ингээд долоотой өнжөөгөөд 2004 онд аймагт наймтай зургаагаар давхисан. Дараа жил нь айргийн гурваар, нэг удаад арван хэдээр оруулаад хөлийг нь болиогоод уралдуулж чадахаа больсоон.
-Тэгвэл хээр морь ямар ямар амжилт гаргаж байв?
-Эх тал нь манай унаган хонгорын угшлын гүүнээс гарсан төл байгаа юм. Мөрөнгийн МУ-ын Алдарт уяач Энхсүхээс хээр азарга худалдаж авсан. Эцэг нь тэр хээр азарганы төл. Хязаалан, соёолонгоосоо л хурдан байсан. Сумын наадамд нэг удаа айрагдаж, уржнангийн өвлийн бүсийн наадамд хүүхэдгүй аман хүзүүдээд долоогоор тооцсон. Ноднин Мөрөн сумын бүсийн наадамд зургаалж, Батноровын наадамд 11, 12 хавьцаа орлоо. Энэ жил Галшарын ойд есөд давхисан. Мөн жижиг наадмуудад олон удаа орж байлаа. Бас нэг халиун морио сумандаа түрүүлгэж байсан юм байна.
-Хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-1998 онд сумын Алдарт уяач болж байлаа. Зөвхөн өөрөө наадаад зогсохгүй, миний гадагш гаргасан адуунууд ч их хурдалж байгаа л даа. Өвөрхангай руу Тогоо мастерын Болд гэж хүнд хусран шарга даага бэлгэнд өгсөн. Даагандаа хэд хэд айрагдчихсан. Хойтон жил нь улсын 90 жилд аман хүзүүдүүлсэн байна лээ. Шарга даагыг авахад цуг явсан Санчир гэж залууд хонгор азарганыхаа төл хонгор даагыг өгсөн нь сумынхаа ойд түрүүлчихээд хязаалан Баян-Өлгийн даншигт гуравлаж, улсад 15-д давхисан гэсэн. Одоо хавчиг морь бий. Санчир Жамдааны шарга гээд хурдан үрээтэй Өвөрхангайн Хужиртын залуу байгаа юм. Мөн Архангайн Батбаяр гэж залууд хонгор халзангийн төл бор халзан битүү шахуу соёолон үрээ өгсөн нь сумын ойд гурав түрүүлчихсэн байна лээ. Намар над дээр Батбаяр ирээд явсан. Сүүлд Сэлэнгэ рүү хүрэн үрээ дамжуулаад явуулсан. Дам сонсохнээ, нэг ойд түрүүлсэн дуулдана лээ. Энэ мэтчилэн гаргасан адуунууд маань ч хурдан байгаад баярладаг.
-Гарсан адуунууд хурдлаад байхад өөрөө яагаад гарч уралддаггүй юм бэ?
-Өөрийгөө дайчлахгүй байгаагийнх байх даа. Томоохон наадмуудаас ахтайгаа Өвгөн ноёны наадамд л цуг явсан. Суманд хязааланд нь айрагдуулж анхны айраг амсаж байсан хул морь аймгийн 80 жилээр есөд хурдалж, “Их хурд”-ын урилга авч байсан юм. Гэвч явж чадаагүй ээ. Мал харах хүнгүй, дээр нь нялх нойтон хүүхэдтэй байсан болохоор. Яваандаа болно биз дээ.
-Та бас сумынхаа мянгат малчин гэсэн байхаа?
-Тийм ээ хоёр мянгаад малтай. Эндээс хонь голдуу. Мэдээж адуугаа бас түлхүү өсгөнө. Сайн адуунд үнэ харамлахгүй шүү. Миний адуунд Сүхбаатар, Дорнод, Дэлгэрэхийн адуунууд бий. Бас нутгийнхаа хурдан адуун дотроос, МУ-ын Алдарт уяач Энхсүхийн адуунаас хоёр ч азарга авлаа.. Мөнххаан адууны азарга ч байна. Нийлээд арав гаруй азарга адуутай.
-Шинэ цагийн адууны талаар ямар бодолтой явдаг вэ? Шинэ цагийн адуу бий юу?
-Одоо яалт ч үгүй шинэ цагийн адууг дэмжихгүй бол болохгүй нь. Гэхдээ адуугаа шинэ цагийн адуугаар хамаагүй үржүүлж болохгүй юм шигээ. Манай Баянхутагт одооноос л шинэ цагийн адуутай болох эхлэл тавигдаж байх шиг байна. Надад ч гэсэн ганц нэг эрлийз азарга, гүү бий. Одоо цагийн аясыг дагаад манайхан адуугаа тэжээдэг болоод байгаа. Гэхдээ тэжээл ч бас хэцүү юм. Гар салгахгүй жилийн дөрвөн улиралд тэжээвэл л үр дүнд хүрэх юм байна гэж би ойлгоод байгаа. Тэгэхгүй бол нэг тэжээгээд хоёр, гурван сар уралдуулж байгаад тавьчихаад, эргэж наадам дөхөхөөр барьж аваад тэжээнэ гэвэл үр дүн муутай юм уу гэж хараад л явна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг өнөд ивээх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна