Эрдэнэдалайн ихэр уяачид

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 04 -нд

Хурдан тууртын босоо цагаан хийморь юунд сүслэн уяа сойлго тааруулан яваа уяач бүрийн цээжний мухарт явдаг чин хүслэн бол яах аргагүй төрийнхөө их баяр наадамд уясан хүлэг нь цулбуур өргүүлэн зогсох тэр л мөч. Тэр тусмаа их морь түрүү магнайд хурдлуулсан уяач л эр хүний баяр бахдалыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг гэлцдэг. АХ-ын 90 жилийн ойн төрийнхөө баяр наадамд  хээр морио түрүүлгэсэн Эрдэнэдалай сумын уугуул Б.Өнөрбаян эдгээр азтай эрчүүдийн нэг. Тэгш ойн жилдээ түмний эхээр тодорсон хээр морь нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын унаган адуу, 2009 онд Атар газар эзэмшсэний  50 жилд айрагдан төрийнхөө наадамд түрүүлээд давхар уяагаар дуу хуурын өлгий Дундговь аймгийн 70 жилийн ойдоо айргийн дөрвөөр хурдалж байсан. 
Тэрээр өөрийн ихэр Б.Баатарчулууны хамт 2008 оны эхээр Сүхбаатар аймгийн Дарьгангаас адуу авчран мориныхон гэх том айлд бүл нэмэн айраг түрүү хүртэх бүртээ урамшин явсаар өдий хүрчээ.     
Б.Өнөрбаян уяачийн хувьд моринд ороод удалгүй аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн байдаг. Түүний амжилтаас дурдвал 2009 оны Атар газар эзэмшсэний 50 жилийн ойд хээр морь нь түрүүлэн халтар морь нь айргийн таваар давхин,  2011 оны “Нүүрэнтэйн хурд”-д Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган саарал соёолон нь айргийн таваар хурдалж, мөн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Чагдаржавын 130 жилийн ойд саарал үрээ нь түрүүлсэн байна.
2012 оны Сүхбаатар аймгийн зүүн бүсийн Алтан-Овооны тахилга наадамд Мөөлөн хээр азарга нь айргийн дөрөвт орсон. Угшил гарвал нь Сүхбаатараймгийн Төвшинширээ Жамбалшану гэдэг хүний унаган адуу.
Могой жил гарсаар шинийн гурванд болсон өндөр бооцоот уралдаанд хээр азаргаа айргийн гуравт давхиулан Б.Баатарчулууны хул морио түрүүлсэн нь ихэр уяачдын магнайг тэнийлгэн энэ жилийн өнгийг тольдсон байна. Ингээд Дүнжингаравын хурд-2013 хаврын уралдаандаа гурван азарга, их нас 4, хоёр соёолон үрээ сойж байгаа ажээ.
Ихэр уяачийг Өлзийт хороололд морьдоо уях болсоноос нь хойш хүмүүс нэрээр нь биш “ хоёр ихэр” гэдэг болж морьдыг нь хүртэл хоёр ихрийнх гэдэг болсноос хүмүүсийн яриатай эвлэрээд миний чинийх гэхээ байжээ. Ихэр уяачид Дундговийнхоо сэтгэл санаа нийлсэн нөхдийн хамтаар “Тэргүүн наран” галыг байгуулсан бөгөөд галынхаа нэрэмжит гуравдахь наадмыг өнгөрсөн 11 сард Хэнтий аймгийн Баян-Адарга суманд хийсэн байна. “Тэргүүн наран” галынхан 18 аймагтаа уясан хүлгэдийнхээ нэрийг нь цуурайтуулах ерөөл тавин сэтгэл нэгтэй ажиллаж байгаа бөгөөд галын уяачаар Төв аймгийн Алтанбулаг сумын аймгийн Алдарт Б.Батхүү уяа сойлго тааруулж байгаа.
Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эрийн гурван наадмын нэг морио уян хийморио сэргээхийн хамт эерэг энергитэй хүмүүстэй уулзаж мэнд усаа мэдэлцэн тамхилж зогсоно гэдэг эр хүний жаргал юм хэмээн говийн ихэр уяачид хуучилж байсан.
Нутгийнхаа адууны угшил сайжруулах ажилд залуучууд бид хамтран ажиллахыг хүсэх юм. Гэхдээ нутгийн уяачдын холбооноос ямар нэг санал санаачлага гаргахгүй байгаа нь жаахан тийм санагддаг. Нутгийн олондоо адууныхаа хийморь лундаа шиг дандаа дарцаглаж явахыг ерөөхийн хамт Эрдэнэдалай сумынхаа 90 жилийн ойд сайхан наадахыг хүсье хэмээн аймгийн Алдарт уяач Б.Өнөрбаян “Тод магнай” сэтгүүлээрээ мэндчилгээ дайсан юм. Түүний ихэр Баатарчулуунтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Могой жилийн өнгө тольдох хаврын бүсийн уралдаануудад Б.Баатарчулуун уяач тун ч одтой наадаж байгаа. Хоёр ч бүсийн наадамд айрагдаад байгаа хул морь хаанахын адуу вэ? 
-Баярлалаа. Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нийт хурдан морь сонирхогчдодоо тэр дундаа дуу хуурын өлгий нутгийн түмэндээ чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлье. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын уралдаануудад миний хул морь хурдан байж, хоёр ч айраг хүртээд байгаа. Хул морь бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу. Өнгөрсөн жилийн 5–р сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Дэлгэр овооны наадамд очихдоо хул мориныхоо эзэн Баттөртэйгээ танилцсан юм. Дараа  нь манай “Тэргүүн наран” галынхан Сүхбаатар аймгийн 70 жилийн ой зүүн бүсийн наадамд  очоод байхдаа тэнд болсон их сунгаанд морьдоо сунгасан юм. Хүмүүс сунгаа тааруулаад жижиг наадам хийчихдэг шүү дээ. Тэгсэн тэр сунгаанд хул морь аман хүзүүдсэн. Манай уяач Батхүү бид хоёр хоорондоо “энэ хул морь их сайн адуу юм. Юу ч гэж зүүн бүсийн уралдааныг өнгөрөөе” гэж ярилцсан. Бүсийн наадмаас өмнө ямар ч хүн уясан морио зарахгүй шүү дээ.
-Хул морь зүүн бүсийн уралдаанд яаж давхисан бэ?
-10 гаруй км газар өнгөлж байгаад суучихлаа гэж манай уяач хэлэхээр нь би “авчихвал яасан юм бэ гэдэг санал гаргаад манай хүн ч их дэмжсэн. Тэгээд намар нь наймаа тохироод авсан даа.
-Эрлийз монголоор нь ялгадаг болсноос хойш Сүхбаатарын адуу нэлээд үнэд ороод байгаа. Нууц биш хул морио хэдээр авсан бэ?
-Нууцсаад байх юу байхав дээ, эзэн нь 18 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь тэрийг нь өгөөд авсан.
-Хул морь  энэ жил хэдтэй адуу вэ?
-Наймтай.
-Ирснээсээ хойш яаж давхисан бэ?
- Хэнтийн Баянхутаг сумын харьяат, МУ-ын баатар Ш.Гонгорын мэндэлсний 100 жилийн ойд түрүүлсэн. Он гараад шинийн гурванд Цагаанхөтөлд болсон өндөр бооцоот уралдаан болон Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах "Шаргын уул"-ын уралдаанд тус тус түрүүлж, “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн гуравт хурдалсан. Давхар уяагаар “Эрдэнэт-2013” хаврын бүсийн уралдаанд очиж дөрвөлсөн. Ер нь ирсэн цагаасаа  уралдсан болгондоо түрүүлж айрагдан уяач бид хоёрыг баярлуулж байгаа.
-Моринд ороод удаагүй ч богино хугацаанд өндөр амжилт гаргасан ихрүүд их мориор голдуу нааддаг. Морь уяж эхэлснээс хойш хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-Миний хувьд бүсийн наадмаас нэг түрүү, гурван айраг хүртсэн бол Өнөрбаяны хувьд улс бүсийн наадмын нэг түрүү, нэг айрагтай. Бид дээд насаар илүү одтой нааддаг.
-Аймгийн Алдарт уяачид юм биз дээ?
-Өнөрбаян Алдарт уяач цолоо авсан. Би хараахан аваагүй байгаа. Энэ хавар гайгүй наадчихсан юм чинь сумынхаа 90 жилийн ойгоос өмнө авчих болов уу л гэж бодож байгаа. /инээв/
-Морь сонирхсон хүн нутаг амьтай болчихдог. Ихрүүдийн хувьд?
-Бид нутгаасаа гараад 19 жил болж байна. Нэг хэсэг наймаа арилжаа хөөгөөд морь малнаас л хол байсан. Морь уяж эхэлсэнСүүлийн хэдэн жил нутаг орныхоо нэрийг гаргачих юмсан, нутагтаа очоод наадчих юмсан гэж бодогдох болсон. Сүүлийн хоёр жил сумандаа очиж наадаж байгаа. Эхний жил нь нэг түрүү, хоёр айраг, дараа жил нь сургуулийнхаа 80 жилийн ойн наадамд соёолон, их морь айрагдуулсан. Түүнчлэн нутгийнхаа адууг сайжруулчих юмсан гэсэн үүднээс өнгөрсөн жил хоёр, энэ жил өөрийн дүү нартаа  адуу аваачиж өгсөн. Энэ жил сумынхаа 90 жилийн очиж наадах бодолтой байгаа.
-“Тэргүүн наран” галын бүрэлдэхүүнд  ямар хүмүүс багтдаг вэ?
- Ганзориг, Найманжин, Хадбаатар, Батхүү, Соронзонболд, Гансүх гээд найман залуу нийлж “Тэргүүн наран” галаа байгуулсан. Дөрөв нь Дундговь аймгийнх. Бид багын найзууд цөмөөрөө моринд дуртай тэр бүхэн маань биднийг нэгтгэсэн байх. Миний хувьд гэхэд багадаа хурдан морь унадаг. Бас ч гэж бага наадмуудад оруулчихдаг л байсан.
-Могой жилийн дараагийн уралдаанаа хаана хийх гэж байна?
- “Нийслэлийн хурд” уралдаандаа морьдоо давхиулна даа. Түрүүчийн унаган адуу даага болчихсон. Тэднийхээ шандсыг шалгана даа.
-Уясан морь нь хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №40, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна