МУ-ын Манлай уяач Г.Содном: Хүрэн азарганыхаа үр төлүүдээр өнөөдөр ч гэсэн сайхан наадаж л байна

Тэлмэн
2015 оны 5-р сарын 27 -нд

Хэнтий нутгийнхаа нэрийг дуурсган улс, бүсийн чанартай наадмуудад амжилттай наадаж буй Монгол Улсын Манлай уяач Гончигийн Содномыг хурдан морь сонирхогчид эчнээ таних биз ээ. Хоёр жилийн өмнө Алтангадас одонгоор энгэрээ мялаасан тэрээр өдгөө Баян-Адрага сумнаа аж төрж, сумын МСУХ-ны тэргүүнээр ажиллахын зэрэгцээ хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж байна.
-Унасан газар угаасан уснаас эрхэм зүйл үгүй гэдэг. Алдартын өвөг дээдэс, бага насны дурсамжаар яриагаа эхэлье? 
-Би Батширээт сумын нутаг Биндэрийн овоо, Рашаант хад хэмээх газар төрсөн хүн. Манай аав бол Баян-Адрага сумын Ононгийн эрэг хэмээх газар төрсөн хүн. Багаасаа Дорж гэдэг хүнийг дагалдаж морь мал уядаг байсан гэнэ лээ. Энэ нутгийн улс тэгж ярьдаг юм. Би нарийн сайн мэдэхгүй л дээ.
-Аавыгаа юу?
-Үгүй ээ, үгүй. Тэр Дорж гэдэг хүнийг. Аав маань “онцгой сайн уяач байсан” гээд магтдаг байсан. Цэрэгт явтлаа тэр хүнийг л дагаж морь уядаг байгаад, халагдаж ирснийхээ дараа бие даасан юм гэнэ лээ. Манай ээж болохоор Батширээтийн үндсэн буриад хүн. Аав ээжтэй нийлж, Батширээтэд суурьшин Биндэр, Гурванбаян, Өмнөдэлгэр зэрэг энэ хавийн сумдын аль сайн адуунаас авахын зэрэгцээ Дэнзэнгийн Чогсом, Толбын Цэрэнжамц нарын уяачидтай цуг морь уядаг байсан гэдэг. Социализмын үед нэг айл таван адууны нормтой. Тэрнийхээ хэдийг нь уяж, хэдийг нь унах уу бас л хэцүү байж дээ. Дээр нь одоогийнх шиг техник байсангүй. Мориороо бүх ажил төрлөө гүйцэтгэнэ. Ёстой дуртайдаа л унаж явсан мориныхоо эмээлийг авч тавьчихаад давхиулдаг байсан байх даа. Нэлээн сүүлд Галшараас гүү, байдас авчирч цус сэлбэсэн байх. Нас нь ч дээр гарсан байсан 1977 онд намайг цэргээс халагдаж ирсний дараа “миний хүү морь дагана” гээд хусуур, сойзоо хүлээлгэн өгсөн дөө.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Тавуулаа. Дээрээ хоёр эгч, нэг ахтай байсан.Ах маань намайг бага байхад өнгөрсөн юм гэнэ лээ. Доороо нэг эмэгтэй дүүтэй.Цэргээс ирэхэд аавын нэртэй арав хүрэхгүй адуу байсан. Түүнээс уяж уяачийн гараагаа эхэлсэн. Тэр үедээ ч яахав удам судрыг нь мундаг сайн болгоно гэж ч нэг их бодсонгүй. Байгаагаа л уячихдаг. Тэгж байгаад Биндэр сумын Салхи Намсрай гэдэг хүнээс хоёр унагатай гүү, нэг азарга авсан. Тэрний нэг нь Мөнххааны Баадуу Доржийн адуу угшилтай. Хуучны Идэрмэг сум, одоогийн Идэрмэг багийн Гэндэнжав гэдэг хүнээр дамжиж ирсэн гүү юм билээ.Ер унагалдаггүй. Айхтар хурдан учраас морь уургалахдаа унадаг байж. Тэгсэн тээр хойно 11-12 хүрсэн хойноо унагалаад, над дээр охин унагатай гүү ирсэн юм. Тэгэхэд дагаж ирсэн унага нь хожим надад олон сайхан хурдан төрүүлж өгсөн. Гүү талаасаа миний адуу тэгж эхэлсэн. Харин эцэг талаасаа аавын адууны цагаан бор азарганаас эхтэй. Яваандаа адуу маань өсч, үйлдвэрийн малгүй хүмүүсийн нэр дээр тоолуулж байгаад 20 гаруй тоотой болгосон.
-Нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байв?
-Хонь малладаг байсан. Тэр үед хоньчин байх нь хамаагүй. Морь уядаг бол заавал нэгдлийн адуунаас  уяж нэр усыг нь гарга гэдэг байсан юм. Тэр дагуу нь нэгдлийн адуунаас ганц нэг үрээ сургаж уяад сумандаа айрагдуулж л байлаа. Тэгж байгаад 1989 онд Батширээтийн хамгийн анхны хувийн аж ахуйтан болж. Нэгдлийн хонь сайн малласан хэмээн хувьчлалаар гарахад гайгүй хэдэн мал өгч, хонь, үхэр голдуу авч байсан юм. Манай Батширээт чинь угаасаа адуу цөөнтэй газар шүү дээ. Тэгээд яахав хувьчлалд авсан үхэр, хонио адуу болгож эхэлсэн дээ.
-Ичинхорол Алдартаас Мөнгөн хүрэнийх нь угшилтай үрээ авсан гэсэн байхаа?
-Тиймээ. 1976 онд Ичинхорол гуай Ангасай Банзрагч гуайгаас улсад айрагдсан хүрэн азарганых нь угшилтай хүрэн азаргыг, тахийн удамтай зээрд, халзан хоёр гүүнийх нь хамт авч л дээ. Тэгэхдээ анхны төлийг нь буцааж авах тохироо хийсэн юм билээ. Хүрэн азарга Ичинхорол гуай дээр ирээд Батширээт суманд нэг түрүүлж, хоёр гурав ч айрагдсан байх. Цуг ирсэн халзан гүүнээс нь хоёр эр төл гараад, тэднийгээ Их Мөнгөн, Бага Мөнгөн хэмээн нэрлэж, дааган цагаас нь эхлэн уяж, хурдлуулсан юм. Тэр хоёр нэг үе Батширээт суманд аргагүй босоо байсан л даа. Сүүлд Бага Мөнгөнийг нь нэг нутгийн Мягмар гэдэг хүнд зарсан юм. Эх халзан гүү нь олон жил охин унага гаргаж байгаад нэг эр төл гарсан юм шиг байгаа юм. Тэр нь миний хүрэн азарга. Би 1987 онд шүдлэн үрээ 3500 төгрөгөөр авч байлаа.
-Чамлахааргүй өндөр ханш байна шүү. Өөр хүнд амласан байснаа танд өндөр ханшаар зарсан юм биш үү?
-Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Нэг ийм яриа байдаг. "Халзан гүүг унагалаагүй байхад Ичинхорол гуай шуудангийн жолооч Намжилдорж гэдэг өвгөнд “халзан гүүнээс маань ирэх хавар эр унага гарвал чи аваарай” гэж л дээ.Намжилдорж гуай ажлын шугамаар байнга шахуу тэр хавиар явдаг байж. Нэг удаа хэсэг уяачидтай явж байсан халзан гүү нь унагалчихсан байна гэнээ. "Ичинхорол маань эр унага  гарвал аваарай” гэсэн юм, “үзье” гээд машинаа зогсоож, сууж явсан уяачид нь хамт буугаад очиж хартал эр унага байж. Тэгэхээр нь нөгөө хэддээ "энэ миний унага” гэж хэлээд яваад өгч. Тэгтэл наадмын өмнөхөн Ичинхорол гуай сумын төв орохдоо “чи азгүй байна даа. Халзан гүү маань охин унага гаргасан» гэж. Нөгөөх нь ч “Мандаан, Жаал Гэлэнгийн Содном бид хэд харсан. Яалт ч үгүй эр унага байсан юм даа” гэсэн “үгүй, яалаа гэж тийм байхав. Охин унага гарсан” гээд зүтгээд байхаар  нь Намжилдорж гуай “яршиг” гээд орхичихгүй юу. Тэгсэн даага мэдэгдэхгүй байснаа шүдлэндээ сумын наадамд  айрагдчихаж. Улс амьтан ч Намжилдоржид “чамд амласан унага нь мөн. Цаад өвгөн чинь хоёр гүү бургасан дотор уячихаад байгаад байсан юм. Тэгээд л унагыг нь л сольчихгүй юу” гэж л дээ. Наадмын дараа ууж идсэн юм байгаа биз. Намжилдорж гуай “надад өгнө гэсэн үрээ чинь сая айрагдаж байгаа юм биш үү” гэсэн чинь хачин болсон л гэдэг юм.
-Тэрний дараа та очжээ дээ?
-Тийм. Тэрний ар дээр би мотоцикльтой очоод “азарга тавих ганц үрээ авъя” гэсэн. Энэ жил суманд айрагдсан шүдлэн үрээ бий. Цогбадрах авъя л гээд байгаа юм. Би 3500 төгрөгөөр өгнө. Хэрвээ Цогбадрах 3500-гаар авахгүй гэвэл чи ав. Очоод уулзаад ир” гэсэн юм. Цогбадрах нь миний найз л даа. Очоод хэлсэн чинь “өө, би тийм үнэтэй үрээ авахгүй. Харин надад тэгж үнэрхэж байгаа юм. Суманд айрагдсан шүдлэн үрээ яахаараа тийм үнэтэй байдаг юм” гэсэн л дээ. Тэгээд л үзэж хараа ч үгүй тал мөнгийг нь өгчихөөд, талыг нь жилийн эцсээр өгье гэсэн. ”Тэг ээ л” гэж байна. Хэд хоногийн дараа давхиад ирсэн өвөлжөөн дээрээ хадлан хадаж байна. «Адуу зүүн ууланд бий. Туугаад аваад ир. Хоёулаа хашиж байгаад эвтэйхэн барья” гэж байна. Адуун дээр нь очоод харж байсан хэд хэдэн сайхан хонгор үрээ, бас нэг сайхан хүрэн зээрд үрээ байна. Гэхдээ тэднээс илүүтэй том гэдэстэй зузаан пагдгар зээрд үрээ нүдэнд тусаад болдоггүй ээ. Тэгээд бодлоо доо. “Айрагдсан үрээ нь энэ жаахан нь юм болов уу, том зээрд нь юм болов уу. Давхисан давхиагүй энэ жаахан цүдгэрийг нь л авъя” гэж шийдээд адууг нь  туутал нөгөөх чинь халзан гүүг бараадаад салахгүй байнаа.
-Олны яриа ортой байж дээ?
-Тууж очоод хашаанд оруулчихлаа. Тэгсэн өвгөн “өнөөх чинь  энэ жаахан зээрд үрээ шүү дээ” гэж байна. Магтана гэж жигтэйхэн. ”Улсад л уралдах үрээ байгаа юм. Жинхэнэ хурдан адуу. Чамд л өгье дөө” гээд л... /инээв/ Тэгээд барихаар болсон. Олс дээсээр уургалахгүй л гэнэ. Хадлан дээр байгаа хүнд ямар юмны уурга байхав. Тэгээд нарийн хар модонд сур өлгөж байгаад уургалах гэсэн “ зөөлхөн уургалаарай. Хурдан адуу эмзэг байдаг” л гэнэ. Уяж байсан адуу номхон байлгүй яахав дээ.Ингэж л хүрэн азаргыг авч байсан юм даа.
-Танд ирээд яаж давхисан бэ?
-Хязаалан жил нь отор нүүдэл хийж яваад Бэрхэд уралдуулж аман хүзүүдүүлээд, соёолондоо сумандаа бас аман хүзүүдсэн.Тэрний дараа хоёр жил дараалан түрүүлээд, наймтай азарга 1989 онд Биндэр сумын ойд дөрвөөр давхиж байсан юм.
-Хүрэн азарганы тухай итгэхэд бэрх зүйлийг сонссон. Арай ч үгүй байлгүй л гэж бодож байлаа?
-Үнэн л дээ.Биндэрт  айрагдсаных нь дараа адуундаа явж байхад нь Цэвээний Цэвээндорж гэдэг хүн буудчихсан байсан юм.
-Хоёр азаргыг тань буудаж хөнөөсөн юм биш үү?
-Өлзийтийн агтнаас Баянхутагийн Жунайн Бух гэдэг хүн сүүлгүй хүрэн буудай үрээг сольж аваад байхад нь Уртын Дамдинжав гуай нааш нь хөтөлж авчраад надад өгсөн юм. Тэр бас жигтэйхэн хурдан адуу л даа. Олон түрүүлж, айрагдаад хөгшрөхөөр нь уяхаа больчихсон байсан юм. Есдүгээр сарын нэгэнд Өмнөдэлгэрт даага уралдана гэхээр нь очиж даагаа түрүүлгэчихээд эргээд адуунд нь тавихаар очтол азарга маань байдаггүй. Тэр хавиар азаргаа сураглаад, амьтан хүнээс асууж явсаар орой болчихоор юм бодолгүй унтчихаад маргааш өглөө нь Цэвээндоржоос асуусан чинь “уржигдар алаг байдастайгаа тоглоод байж байсан даа” гэж байна. Уржигдар байсан юм бол энэ хавьдаа хашаа хороонд орчихдог юм болов уу гээд баахан хашаа нэгжлээ, байдаггүй. Тэгээд Биндэрийн овооны баруун талын жалга руу өнгийх гээд явж байсан хамар дээр үхчихсэн хэвтэж байна. Тэргүүнийг авч айлын амбаарт тавьчихаад явж байсан чинь Цэвээндорж таараад  “азаргаа олов уу” гэнэ. “Оллоо, оллоо. Ханангийн жалгын наад талд  үхсэн байна” гэсэн чинь, “за болж, олсон л бол болоо доо” гээд л өнгөрсөн. Долоо хоногийн дараа Саруулбуянгийн аав Жүмпэрэл гуай хадлан дээр шогшоод ирлээ. Яасан юм бол гэж бодож байтал “Хүүхээ, өнөө хүрэн азарга чинь өвчин хүрээд бас үхэх нь байна гээд хүн ирж хэллээ. Хоёулаа очиж үзэх үү дээ” гэж байна. Өвс хамах гэж байснаа орхичихоод яваад очсон чинь гэдэс гүзээ нь жигтэйхэн хөөчихсөн, явж чадахгүй алцаганасан юм, хоёр хамраас нь ногоон өвстэй шүүс гоожчихсон байж байна. Гайхахдаа тойрч  гэдэс гүзээг нь дарж үзэж байтал зөв талын ташааны урдхан хонхор хавьд наашаа бөмбийгөөд гараад ирж. Дараад үзсэн чинь шүдэнзний  толгой шиг хүрэн улаан юм үсний үзүүр дээр нь байна. Тэрийг нь үзсэн чинь цус. Энд юун цус байдаг юм билээ гээд имрээд үзсэн чинь калибрын сумны нүх байхгүй юу. Би Жүмпэрэл гуайг Ажаа гэдэг байсан юм. Ажаа, үсэн дотор нь калибрын сумны нүх байна гэсэн чинь, “алив хүүхээ, харъя” гээд хатуу өвс аваад шургуулсан, сул цаашаагаа орж байна. “Үүгээр бууны сум орж, одод түгэхээр үхэх биз” гэж ярилцаад хоёулаа хоёр, гурван гүү, унага, даагыг нь туугаад хашаанд хашчихаад харихгүй юу. Өглөө эрт яваад очсон чинь нөгөө газраа байдаггүй. Хоёулаа нэлээн харлаа байдаггүй. Өдөр боллоо дурандсан чинь гурван км шахуу яваад уулын энгэр дээр үхчихсэн байна. Сумыг нь олж авъя гээд яг орсон газраас нь хутгаар огтлоод үзсэн чинь нэг бөөрийг нь няцлаад, умсыг нь нэвтэлж. Баасыг нь нэгжээд сууж байсан чинь хонинд явж байсан хүүхэд хүрээд ирлээ.”Та хоёр яаж байгаа юм” гэхээр нь “тугалгыг нь олох гээд эрж хайж байна” гэсэн чинь “би эрэлцэнэ” гээд нөгөө хүүхэдтэй гурвуулаа хомоолыг нь бараг нэг бүрчлэн нэгжлээ. Тэгсэн нөгөө хүү “өө энд байна” гэхээр нь харсан буруу талынх нь арьс, хальс хоёрын завсар хавчуулагдчихаж. Тэгээд яахав толгой, туурыг нь авчихаад бригадын төвийн урдхантаа байсан хоёр айлын дэргэдүүр нь шогшиж явсан хоёр хүүхэн гарч ирээд “азарга чинь яасан байна” гэнэ. “Хойшоо яваад үхчихсэн байна, тугалгыг нь оллоо” гэсэн чинь “Цэвээндорж л буудаа биз, дандаа буутай явж байдаг”юм. “Та нар ямар юмаа донгосоод байгаа юм. Цэвээндорж чинь морь мал уядаг хүн. Тэгээд ч бид хоёр ах дүү шиг байдаг улс”гэж нөгөө хоёрыг загнаад л өнгөрсөн. Хадлан дээрээ байж байтал хэд хоногийн дараа машинтай цагдаа нар ирээд “таны азаргыг хүн буудсан гэнэ. Тугалга нь байна уу” гэхээр нь өгөөд явуулсан.Тухайн үед Цэвээндоржийг буудлаа гэж ёстой бодоогүй.
-Буудсан нь тогтоогдсон гээ биз дээ?
-Аймаг руу дуудагдлаа гээд дуулдаад байсан. Тэгсэн дараа жилийнх нь хавар нэг өдөр хэсгийн төлөөлөгч намайг дуудаад “азаргыг тань хэн буудсаныг мэдэж байна уу” гэж байна. “Би яаж мэдэхэв” гэсэн чинь “үүнийг үз” гээд том хавтаст хэрэг үзүүлсэн. Эргүүлээд үзэж байсан чинь калибрын сумыг чинь эрхий хуруу шиг томруулаад тийм номер дугаарын буунд таарсан гээд биччихсэн байдаг юм билээ. Сүүлд нь шүүх хуралд очсон “тарвага буудсан чинь оногдсон байна” гэж өчгөө өгөөд, хоёр жилийн ял авч, тэр нь сүүлдээ тэнсэн болоод өнгөрсөн. Тэгээд л хоёр сайхан азарга маань байхгүй болсон доо.
-Хүрэн азаргандаа хэдэн гүү хураалгадаг байсан бэ.Үр төлүүд нь хэр хурдалж байна?
-Хүрэн азарганд хоёр, гуравхан гүү хураалгадаг байсан. Тэрний нэг нь дээр ярьсан Баадуу Доржийн угшилтай хүрэн гүү юм. Хүрэн гүү эхний нэг хоёр жил унагалахгүй  байж байгаад хоёр сайхан эр унага гаргаж нэг нь морь, нөгөө нь азарга болсон. Хүрэн азарганы төл өөр гүүнээс гарсан гүү, азарга хоёр бас үлдсэн. Ер нь хүрэн азарганы төл, төлийн төл нь хүртэл сайн давхиж байна. Би  тэр адуугаар л цолонд хүрсэн хүн.
-Би буруу ойлгоогүй бол хүрэн азарганы төл хоёр хүрэн азарга байжээ дээ?
-Тиймээ. Нэг нь Өвгөн ноёны наадамд айрагдаж байсан.Харамсалтай нь 1996 онд улсын наадамд очоод Налайхын сунгаанд уралдуулахдаа хөлийг нь муутгачихсан юм. Гэхдээ хэдэн сайхан төл гарсаан. Сүүлд  Замын-Үүдэд байдаг манай нэг дүү төлийг нь авна гээд аваад явсан.
-Хүрэн морь нь яаж давхисан юм бэ?
-Соёолон болтлоо айраг алдаагүй. Хавчиг байхад нь манай аавын найз Өмнөдэлгэрийн Гомбо гэдэг хөгшин “Медаль гарсаар ахад нь толгойндоо чимэгтэй адуу таарсангүй. Энэ хүрэн морио өгчих" гээд гуйгаад байхаар нь өгчихсөн юм. Сураг дуулахнээ олигтой давхиулж чадаагүй гэнэ лээ. Намайг уяж байхад дөрвөн жил дараалан сумандаа аман хүзүүдсэн адуу. Удам угшлыг нь хөөсөн ч хурдан л байх учиртай. 2008 оны Алтан-Овооны тахилга наадамд дөрвөөр давхисан халтар морь, Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд таваар давхисан ногоон морь цөм хүрэн азарганы удмын адуунууд. Ногоон морь 2008 онд хязааландаа аймгийнхаа наадамд гурваар давхиж, халтар нь түрүүлж байсан юм.
-Та чинь нээрэн бүсийн наадмаас нэлээд хэдэн айрагтай байх шүү?
-Би чинь үндсэндээ төрийнхөө наадамд морь айрагдуулж үзээгүй Алдарт шүү дээ. Тэгж бодохоор нэг их айхтар алдар цол яриад баймгүй санагддаг юм. Гэхдээ улс наадамтай дүйцүүлдэг бүсийн наадмаас бол нэлээд хэдэн айраг авсаан авсан. Сүхбаатар, Хэнтий, Дорнодод болсон зүүн бүсийн наадмаас хэд хэдэн айрагтай. Хэнтий аймгийнхаа 80 жилийн ойд Толин хүрэн азаргаа түрүүлгэж, Бөмбөг хүрэн азаргаа дөрөвлүүлж, зээрд халзан соёолон, саарал шүдлэн тус тус таваар давхиулсан. Толин хүрний эх нь Жүмпэрэл гуайн адууны угшилтай.
-Алтан-Овоонд айрагддаг халтар морио Донир угшлын адуу гэж байсан санагдах юм?
-Эцэг талаасаа манай хүрэн азарга, эх талаасаа Донир угшилтай адуу байгаа юм. Уртын Дамдинжав гуай манай нагацад нэг гүү өгөх гэсэн гол үертэй байгаад гарч чадалгүй надад үлдээгээд буцсан юм. Халтар морины эх хээр гүү бол тэр гүүний гэдсэнд ирсэн унага, жинхэнэ Донир угшилтай адуу.Би сүүлийн хүрэн азаргандаа хураалгаад халтар морь, 2013 оны зүүн бүсэд зургаалсан дүү халтар нь, бас  нэг сайхан хүрэн морь гурав гарсан юм.
-Нутгийнхан тань таныг морьдоо тэжээдэггүй, тэжээсэн бол аль эрт амжилт гаргаад цолоо ахиулчих байсан хэмээн ярих юм. Тэжээдэггүй нь мэддэггүй чаддаггүйтэй холбоотой байна уу, дургүй хүсэлгүйтэй холбоотой байна уу?
-Тэжээлийг дэмжихгүй нь ч юу байхав. Цаг үеэ дагаад хэрэглэх ёстой юмны нэг нь мөнөөс мөн.Би ганц нэг шанага овъёос бол өгнөө өгнө. Ор өгөхгүй ч бас биш. Ихээр л хэрэглэдэггүй юм. Тэр нь нэг талаараа хөдөөний малчин хүн бидэнд эдийн засаг талаасаа хүндрэлтэй юм. Бид чинь тав гурван малаараа амьдардаг улс.Тэгээд ганц хоёр адуу уях биш. Энэ хэдэн адууг чинь харахаар уяад үзмээр юмнууд бишгүй харагдах юм. Тэрийг нь барьж уясаар байтал нэг насанд 5-6, 7-8 болчих юм. Тэр болгоныг  тэжээгээд байх бэнчин алга. Нөгөө талаараа өгөхийг таашаахгүй байдаг нь тарианы полинд орсон адуу амьсгаа суугаад олон жил олигтой уралдаж чадахгүй болоод байх шиг санагддаг учраас ихээр өгдөггүй юм. Тэрнээс өгье гэж бодвол олон сайхан улсын том том цолтой найзууд байна, баз  байна. Асууж зөвлөж байгаад өгчихнө шүү дээ. Тэжээлийг ихээр хэрэглэхгүй байгаа гурав дахь шалтгаан бол манай нутаг ус ургамал сайтай, адуу малын үндсэн тамир тэнхээг суулгачихдаг газар шүү дээ.
-Сая адуу цуглуулдаг бага хүү чинь гэсэн үү. Хүүхдүүд аавын эрдмийг өвлөхөд хэр бэлтгэгдэж байна?
-Тиймээ, манай бага хүү. Айл гэр болоод саяхан тусдаа гарсан. Олон жил хурдан морь унасан болоод тэгдэг юмуу илүү мэдрэмжтэй.Сүмбэрт цэргийн алба хаахдаа даргынхаа морийг уяж, сумын наадмаас дөрөв, таван айраг аваад, Алтан-Овоонд нэг морьтой очиж 30-40-өөр давхиулаад сарын чөлөөгөөр шагнуулсан байна лээ.Залуу хүн оролдлоготой байвал суралгүй яахав.
-Алдарт хэдэн хүүтэй вэ?
-Би гурван хүүтэй. Том хүү нэг их морь мал гэхгүй ээ. Харин нөгөө хоёр нь уяна, дуртай. Надад хүнд зааж сургах айхтар эрдэм байх биш. Хамгийн гол нь морь гэдэг амьтныг сайхан унаж, эдэлдэг, уяад сүйд болохгүй юмаа гэхэд байнгын бэлтгэлтэй бэлэн байлгах хэрэгтэй. Одоо ч залуучууд морь унах дургүй болж дээ.
-Сайхан адуутай юмаа. Наймаа арилжаа хэр хийхэв?
-Би морио зардаггүй, морь авдаггүй л байсан хүн. Сүүлийн үед хүүхдүүд томроод амьдралын шаардлагаар ганц нэг адуу зарсан.Алтан-Овоонд айрагдсан халтар морио Буяа /Буяндэлгэр/ ахад өгсөн. Буяа ах юм болгож чадаагүй л өнгөрсөн байна лээ. Сүүлд Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд айрагддаг ногоон морийг говийн бүсэд буурал морь дөрөвлүүлсэн Архангайн гаралтай Мөнгөншагай гэдэг дүүдээ өгсөн. Тэр хүү бас л олигтой давхиулж чадаагүй гэнэ лээ. Бодвол эдэлгээ уналгаа нь зөрөөд байдаг байх.Зарим нь ч, “Содном ахаас морь аваад яах юм, уяж чадахгүй” гэдэг гэнэ лээ. Миний уясныг хүн уяж чадахгүй байна гэж юу байхав. Тэжээл өвс идээгүй байгалиараа явж байсан амьтныг хахаж цацтал нь тэжээгээд тэрнийхээ хорыг гаргаж чаддаггүй байх гэж би хувьдаа боддог юм.
-Уяачийн хийморь ассан бахдалт он жилүүд байдаг шүү дээ. Тийм сайхан наадмын дурсамжаар хувь хүнтэй холбоотой сэдвээ өндөрлөе?
-Дурсамжгүй наадам гэж юу байхав. Наадам болгон л дурсамжтай сайхан. Моринд дуртай монгол эр  хүнд төрийнхөө наадмын алтан довон дээр буучихаад халхын хурдан буянгуудын тоосыг хараад суух шиг жаргал хаа байхав. Зарим хүн морио айрагдсангүй гээд сэтгэл гундуу байдаг. Миний хувьд хүүхэд, морь хоёр мэнд алтан шар зам маань өлзийтэй байвал энэ хүртэл ирсний хэрэг бүтлээ хэмээн залбирч байдаг. Ер нь тэгээд уяачийн ажлын хамгийн сайхан нь наадмын дараа алдаа оноо, амжилтаа цэгнээд өөрөө өөртөө дүн тавьж суух юм шүү дээ. Айраг түрүү ахиу наадсан гэвэл нэг жил аймгийнхаа наадмаас таван түрүү, таван айраг хүртэж байлаа. Эрт дээр үеэсээ хурдтай, хаан довон дээр таван түрүү, таван айраг авна гэдэг баргийн аавын хүүд тохиох завшаан биш.
-Ярилцлагаа Баян-Адрага сумын МСУХ-ны тэргүүний тань тухайд үргэлжлүүлье. Хэзээнээс энэ албыг хаших болов?
-Нутгийн уяачдынхаа хүсэлтээр 2013 оны 12 дугаар сарын 1-нд  албыг хүлээж авсан. Хөдөөгийн малчин хүнд бол тохирох амархан алба биш юм. Гэхдээ яахав түмэн олныхоо итгэлийг алдахгүй гээд чадлаараа л хичээж явна. Цагаанцоож тэргүүний үед нэр ус, тамга тэмдэгтэй болж үйл ажиллагаа нь нэлээд жигдэрсэн. Түүний дараа Ганпүрэв маань нэг жил ажилласан.
-Баян-Адрага сумаас төрсөн улс, аймаг, сумын цолтой хичнээн уяач байдаг вэ?
-Улсын цолтой уяач байхгүй ээ. Харин  аймгийн Алдарт уяач цолтой 7-8 хүн бий. Сумын Алдарт уяачийн тоог нарийн хэлж мэдэхгүй байна. Ойрын гурван жилийн хугацаанд лав 30 хүн сумын Алдарт уяач цол хүртсэн. Миний хувьд бусдаараа чаддаггүй юмаа гэхэд залуучуудаа уриалж улс бүсийн чанартай наадмуудад уралдахад нь дэмжинэ гэж бодож байгаа.
-Уяачдаа цуглуулж, адуу мал бэлтгэн бидний ажилд дэмжлэг үзүүлсэн танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдийг өнө мөнх ивээж явах болтугай.
-Манай нутагт зочилж, хөдөөгийн уяачдын санаа бодлыг хуваалцсан та бүхний ажил үйлст амжилт хүсье.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна