Аймгийн Алдарт уяач Н.Очиржанцан: Бор азарга маань намайг олонтой танилцуулсан

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 08 -нд

Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Очиржанцантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд хурдан бор азарганыхаа тоосыг өргөж байсан тухайгаа манай уншигчдад хуучлаач?
-1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумнаа болсон анхны “Их хурд” уралдаанд аймагт тав айрагдсан бор азаргатайгаа бас нэг их морьтой очиж байлаа. Манай эндхийнхэн тэжээл энэ тэр гэж мэдэхгүй, байгалийнхаа өвсөөр уралддаг байсан үе. Уг нь бор азарга маань гайгүй байсан ч уралдахынх нь урьд шөнө сүрхий усан бороо ороод хоночихсон юм. Тэгээд маргааш нь бор азарга 46 дээр, буурал морь 69 дээр ирж байлаа. Тэр үед одоогийнхтой адилхан морь мал ачна гэж мэдэхгүй, замдаа 20-иод хонож хүрсэн. Тэр бас нөлөөлсөн байх л даа.
-Тэр үед бүгд л тэжээлгүй уралдаж, хөлөөрө очиж байсан байх даа?
-Тийм биз дээ. Их хурдаас ирсэн чинь Завханмандалын ой болох гэж байгаа дуулдаад. Тэсэлгүй бор азаргаа хүнд хөтлүүлээд явуулчихсан. Өөрөө араас нь машинаар очтол хөөрхий минь таваар давхисан. Намайг олонтой танилцуулсан амьтан бол тэр бор азарга байгаа юм.
-Бор азарга танай унаган адуу юу?
-Тиймээ. Эх нь манай өөрийн хээр гүү. Эцэг нь манай хүргэн ахын саарал азарга байсан юм. Цэрэнпилийн саарал гэж дээр үед их яригддаг байсан адуу л даа. Саарал азарганы удам угшлыг хөөхөөр Хөвсгөлийн Цэцэрлэг чигийн адуу болдог юм билээ. Өөрөө бол жижигхэн саарал азарга байсан. Үр төлүүд нь гарсан болгон нь бараг давхисан даа. Сааралын төл саарал азарга миний борын эцэг нь байгаа юм. Бор азарга маань намайг олон жил баярлуулж, 20-иод медальтай 16-тай өнгөрсөн. Манай энэ хавиар төлүүд нь их тарсаан. Өөрөө сонирхолтой юм болохоороо эрийг нь уяад, эмийг нь зарчихдаг байсан юм. Би бор азаргандаа арваад гүү өгдөг байлаа. Одоо бодоход би алдаж л байж. Соёолон, хавчиг гээд залуу байхдаа арваад гүү нь эрт унагалчихдаг байснаа сүүлдээ оройтоод, зарим нь хусардаг болчихсон байсан. Одоо энэ уяан дээр байгаа борлог даага, бор үрээ хоёр яг өөрийнх нь төл.Удам дагуулж азарга тавина гэж бодож байгаа. Төл бор морийг нь хязаалан анх уяад Эрдэнэхайрханд хоёрлуулж, аймагт бас аман хүзүүдүүлж байлаа. Хойтон жил нь соёолонд сумандаа түрүүлээд, Ярууд түрүүлээд, аймагт түрүүлсэн.Эцгийн шийрийг хатаах хурдан адуу байгаа юм. Манай суманд миний бороос гадна бас нэг цоохор азарганы үр төл их тарсан. Тэр Идэр угшилтай адуу байгаа юм. Сүүеэ гэж аймгийн Алдарт уяач бий. Хүргэн ах Баадай нь бас хурдан буурал азаргатай байсан. Хоёулаа сайн давхидаг адуунууд. Би цоохор азарганы төлөөс авсан.
-Орон нутгийн ханасан цолонд хүрэхэд бор азарганы амжилт их нөлөөлсөн байх. Та хэдэн онд аймгийн Алдарт цолоо авсан бэ?
-2005 онд. Би аймгийн баяр наадмын гурван түрүү, 17 айрагтай. Бүсийн наадмын хоёр айрагтай. 1991 онд морин олимп гэж болсон юм. Тэнд хоёр соёолонтой очиж, дөрөв, таваар давхиулж байлаа. Одоогоор улсын чанартай наадмаас айраг авч чадаагүй л байна. 2009 оны “Очирваанийн хурд”-д очоод нэг нь зургаагаар, нөгөө нь есөөр давхиад айраг авч чадаагүй.
-Ингэхэд хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон юм бэ?
-Хүүхэд байхдаа хурдан морь унадаг байсан. Тэгээд овоо болоод ирэхийн алдад болсон болоогүй хониныхоо мориноос уяад л эхэлсэн дээ. Хүн сэтгэл гаргаж, зүтгэл байвал нэг өдөр үр дүнг нь үздэг л юм билээ. Манай авга ах надад хээр морь өгөөд түүнийг нь уяж сумын наадамд гуравт давхиулж байлаа. Тэр миний анхны айраг. Тэгээд 1987 онд цэргээс халагдаж ирээд тууштай морь уясан. Анх 70 жилийн ойгоор очоод түүнээс хойш байнга л аймагт наадаж байна.
-1993 онд тэгээд яаж наадаж байв?
-Туршлага муутай сайн наадаж чадаагүй ээ. 1996 онд Алдархаан сумын ой болж миний хязаалан үрээ түрүүлээд, тэндээсээ аймагт ирж ахиад түрүүлсэн. Тэгэхэд бас бор азарга бас тавлаж байлаа. Түүнээс хойш л миний амжилтын гараа эхэлсэн дээ.
-Хамгийн одтой наадсан жил нь хэзээ вэ?
-Залуудаа морь уяад явж байхад уясан болгон нь цулбуур өргүүлдөг байлаа. Яруугийн Хүйс хайрханы тахилга наадамд очиж наадлаа л даа. Тэгэхэд би 6-7 морьтой явсан юм. Бүгд л айрагдсан. Их насны хүрэн морь түрүүлээд, бор азарга, манай найзын цоохор азарга хоёр түрүү, аман хүзүүнд, хязаалан цоохор үрээ гуравт давхиж байлаа. 4-5 хоногийн дотор сургаж уясан даага маань хүртэл айрагдчихсан. Морь чинь уяагаараа байдаг юм уу. Зарим үед уясан болгон айрагддаг шүү дээ. Яруугийнх тийм сайхан наадам байсан.
-2013 онд яаж наадсан бэ?
-Нөмрөг сумын 90 жилийн ой болж азарга аман хүзүүдүүллээ. Хүрэн алаг морь дөрвөөр давхисан. Бусдыг нь гадны сумынханд алдсан даа. Аман хүзүүддэг цагаан азарга Тод манлай уяач Бандгаагийн адуу байгаа юм. Манай дүү явж эсгэлтэй даага эхтэй нь авчирсан. Дүү нь гээд бас нэг бор хээр үрээ, хүрэн даага хоёр бий.
-Удахгүй болох улсын наадамдаа амжилттай наадаарай.Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна