Аймгийн Алдарт уяач Р.Жаргалсайхан: Нээрэн л миний хэлснээр Бундан хонгор улсад хол түрүүлсэн

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 19 -нд

Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяачдын дунд үеийн төлөөлөл болгон аймгийн Алдарт уяач Раашийн Жаргалсайхантай ярилцлаа. Сайн морь, сайхан эдлэл хэрэгсэл эр хүний чимэг хэмээн дээдэлж явдаг тэрээр удам дамжсан уяачдын нэг. Үг яриа цэцэн цэлмэг, мөр толгой холбож ярьдаг энэ эрхэмтэй ярилцаж суухад цаг хугацаа үл анзаарагдам.
-Уяаны эрдэмд сургасан дээдсийнхээ талаар манай уншигчдад хууч дэлгээч?
-Миний ээж Дэнсээжамбал гэж сайн уяач л даа. Хэнтий аймгаар явж байхдаа Дэнсээ адууны тухай бишгүй дуулсан байх.Тэр бол ижийгийн минь цогцлоосон адуу. Ижий маань эрдэмтэй сайн уяач болсон нь өсгөсөн өвөө Дэлдий Яринпил гэдэг хүнтэй холбоотой. Хуучны Идэрмэг суманд төрсөн хөгшин бол манай эмээгийн өвөө нь юм билээ. Яринпил өвгөн адуу шинжиж танихдаа гаргуун. Нутаг орныхон нь азарга тавих болон уралдуулах үрээгээ асуудаг. Тэгэхээр тэр өвөг ажаа маань “алсдаа энэ нь зүгээр адуу болно. Энэ нь азарга тавибал зүгээр юм байна” гэх мэтчилэн зааж зөвлөдөг байсан гэдэг. Яринпилийн улаан гэж хурдан улаан хонгор азаргатай. Яринпилийн алаг хурдан алаг морьтой. Энэ хавийнхаа уяачидтай бооцоо тавьж уралдаад л хамчихдаг. Сүүлдээ Батширээт, Биндэр зэрэг хойд сумын уяачидтай бяруу юм уу шүдлэн, дааганы бооцоо тавьж уралдаад голдуу авчихдаг тийм хүн байсан гэдэг. Ижий маань багаасаа өвөг ажаагийн морийг унаж хаа явсан газар нь хамт байсаар уяаны дөр сууж, хожмоо өвгөнийг бурхан болсны дараагаас эхлээд морь уядаг болсон юм билээ. Анх аавтай суусныхаа дараахан аймгийн 50 жилийн ойгоор үе дамжин ирсэн өвөг эцгийнхээ адууны  улаан шүдлэн гуравт оруулж, цоохор морио аман хүзүүдүүлж байсан гэнэ лээ. Түүнээс арван жилийн дараа аймгийн 60 жилийн ойгоор Бэлэвсэн хээрийгээ соёолон байхад нь хол түрүүлгэж, улмаар 1980-аад оны эхээр улаан азаргаа уяж аймагт нэг аман хүзүүдүүлж, суманд нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлж байсан. Тэр үед Балдандавгын хар азарга ид хурдан. Эхний жил хар нь түрүүлээд, манай улаан аман хүзүүдэж, дараагийн жил нь манай улаан түрүүлээд, Балдандавга гуайн хар азарга аман хүзүүдэж байсан. Тэрний дараа жил манай ижий аймагт улаан азаргаа аман хүзүүдүүлж байсан.
-Өвөө аргагүй сайн адуу үлдээжээ?
-Тэр улаан азарганы үр улаан морь бас их хурдан байсан.1980-аад оны эхэн үед байна уу даа. Хязаалан морь суманд хол түрүүлгээд, соёолонд нь аман хүзүүдүүлж байсан. Ер нь манай ижий морь уясан цагаасаа эхлээд айраг түрүү алдаагүй шүү. Одоо 80 гарчихсан сайхан буурал байж л байна. Манай ижий лут хөдөлмөрч хүн л дээ. Өглөө үүр хаяарахад босоод эмэгтэй, эзэгтэй хүний хийдэг бүхий л ажлаа хийнэ. Тэгээд зав чөлөөгөөр нь  морины ажлаа хийнэ. Лувсандамдин,Сандаг, Загталхаа зэрэг нутгийн өвгөчүүлтэй морь ярина, уяна. Адуунаасаа харж байгаад “энэ давхина” гээд уядаг. Нөгөө хэд нь ч давхидаг. Аймгийн 60 жилийн ойгоор түрүүлдэг хээр морийг анх хязааланд нь уях гэсэн манай хамгийн том ах голоод тоогоогүй. Тэгсэн дараа жил нь миний яг дээд талын ах Насанбатад өгөөд манай хүргэн Мөнхдавгаар уяул гээд явуулж байсан юм. Тэгээд тэр жил хээр морь аймгийн наадамд хол түрүүлсэн.
-Ээж бол ерөнхийдөө зөвлөдөг байжээ дээ?
-Тийм. Энийг уясан нь дээр гэж зааж өгөөд, уяаны тал дээр нь зөвлөдөг байсан юм. Аав маань биднийг багад 1975 онд бурхан болж, ээж маань ёстой нөгөө гадаа гарч эр, гэрт орж эм болсоор биднийг өсгөсөн л дөө. Нэгдэл нийгмийн тэр их ажлын хажуугаар уяанд тэр бүр оролцоод байж чадахгүй. Гол юмыг нь хэлж өгнө. Жишээлбэл, улаан азарганы төл улаан морийг хязаалан түрүүлэхэд ижий хоолыг нь тааруулсан. Манай хамгийн том ах, миний дээд талын Насанбат ах хоёр улаан үрээгээ уяад уралдах өглөө  нь хөтлөөд ирлээ. Тэгсэн ээж харчихаад “арай л нарийн байна даа миний хүү. Ээж нь хоолыг нь хийчихээд ирье” гээд хөтлөөд явсан. Өндөр өвстэй газар 30-аад минут идүүлчихээд “одоо болно оо” гээд аваад ирсэн. Тэгээд улаан үрээ хол түрүүлж байлаа. Уяаны талаар нарийн мэдрэмжтэй. Айхтар ажигч гярхай хүн л дээ.
-Тийм мундаг хүний дэргэд өссөн хөвгүүд нь эрдэм ухааныг нь өвлөө байлгүй. Таны хувьд хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулав?
-Дөрөв, тавдугаар ангид байхдаа анх өөрийн нэрийн адуутай боллоо. Тэгсэн манай ижийгийн төрсөн дүү Батсүх ах идшээ авахаар ирээд хүрэн халзан байдсаа хоёр гурав тасдуулаад алдчихдаг юм. Хамгийн сүүлд бүр хашаагаа дайраад зугтаачихсан. Тэгэхээр нь би хонгор морио өгөөд нөгөө байдсыг нь авлаа. Хожмоо тэр хүрэн халзан гүү надад олон сайхан хурдан буян төрүүлж өгсөн. Долоодугаар ангид ороод есдүгээр сарын 1-нд даага уралддаг шүү дээ. Тэрэнд халзан гүүнийхээ төл хүрэн даагыг уячихлаа. Ах нарын морьд уяан дээр, миний хүрэн даага тэрэгнээс уяатай. Хурдан морь унаж байсан туршлага дээрээ ээжээсээ зөвлөгөө аваад уялаа. Би даагандаа бүр томдчихсон. Ээж маань “За миний хүү тэр хүрээд ирээрэй” гээд газар зааж өгнө. Тэнд хүрээд л эргэнэ. Эхэндээ ч хамгийн сүүлд л ороод байна. Хоёр сунгааны дараа долоон дааганаас гурав дөрвөөр ордог боллоо. Тэгээд есдүгээр сарын 1 болж даагаа уралдуултал таваар давхиж, намайг дур оруулахгүй юу. Морь л уямаар санагдаад болохгүй. Дараа жил наймдугаар ангиа төгсөөд “ерөөсөө хөдөө гарч ээждээ нэмэр тус болноо” гээд хөдөө гарчихсан. Уг нь хэд хэдэн техникумын хуваариас сонгох эрхтэй, багш нар ч цаашаа сур гээд. Тэгэхээр нь “үгүй ээ багшаа би урт уураг барьж, умс иднэ, хоёрт тавьчих” гэж байгаад илгээлтийн эзэн болсон доо. /инээв/ Наймдугаар ангид байхдаа бас нэг шүдлэн үрээ суманд гуравт оруулсан юм байна. Тэр маань сүүлдээ Оонон хүрэн нэртэй болж, том, жижиг наадмуудад бишгүй баярлуулсаан. Эхэн үедээ ч сум, багийн наадмуудад морь айрагдаад л байсан. Тэгж байгаад 1993 онд сумандаа анх их насны морь хол түрүүлгэж, түүнээс хойш адуу мал, эдлэл хэрэгсэл нэлээд цуглуулсан шүү.
-Эмээл тань аргагүй хараа булааж байна лээ?
-Сайн морь, сайхан эдлэл хэрэгсэл эр хүний чимэг гэж. Энэ эмээл бол хувилгаан Ишгомбо гэж хүний эмээл. 1985 онд мөнгөний хатууд улсын төв музей 10.000 төгрөгөөр авъя гэхэд эзэн нь өгөөгүй. Дараа нь манай аймгийн музей 10.500 төгрөгөөр авъя гэхэд бас өгөөгүй юм билээ. Энэ тухай дуулчихаад эр хүн юм чинь “өдрийн бодол, шөнийн зүүд” болно биз дээ. Хоёр ч удаа авах гээд очлоо өгсөнгүй. Гурав дахь удаагаа хонуут өнжүүт очлоо. Эзэн нь зарахгүй л гэж байна. Тэгэхээр нь 11.500 төгрөгөн дээр хазаарын номхон залуу морь, гурван тугалтай үнээ өгье гэж амлаад өөрийн болгож байлаа. Тэгэхэд 69 /УАЗ-469/ 14.000, тугалтай үнээ чинь 1100-1200 төгрөгийн ханштай байсан.
-За тэгвэл сайн  адууны тухайд?
-Донир, Бөгөн, Тайж гээд Халхын том угшлууд бий. Дээр нь миний дээдчүүлийн үлдээсэн адуу байна. Аминд нь орсон халзан гүү олон сайхан үр төл өгсөн гэж хэлсэн шүү дээ. Тэрний төл жижигхэн халзан үрээг 1994 онд суманд тавлуулаад, 1996 оны Дэлгэрхааны өвлийн наадамд 568 морь мордоход миний халзан морь хавчигтаа 73-т орж байсан юм. Тэгээд наашаа ирэнгүүтээ сумандаа болсон сар шинийн наадамд гурваар давхиад, Цанатын хоолойн наадамд бас гурвалсан. Дараа нь манайхан Галшарынхантай нийлж өвлийн бүсчилсэн наадам хийж, тэрэнд дахиад гурвалдаг юм. Тэгж байсан хоёрхон хоногийн дараа Түвшинширээгийн Ханамгийн хөмхийд их насны морь уралдана гэсэн зар тараад халзан морио хөтөлж очоод томдсон хүүхдээр унуулж холоо түрүүлгэж байлаа. Тэгэхэд Түгжамба даргын хээр морь аман хүзүүдсэн. Морь гэдэг ингэж л эр хүний нойр хоолыг хасч, уул усыг баясгаж байдаг эд шүү дээ. 1990-ээд оны дунд үед бооцоот уралдаанууд их болдог байлаа ш дээ. Нэг өвөл Мөрөн суманд уралдаан хийнэ гээд би азарганых нь, Цэрэн ах их мориных нь байг даахаар болж, Цэрэн ах бор азаргаа, би халзан морио уяад очлоо. Тэгсэн Цэрэн ахын бор халзан азарга нь түрүүлээд, миний халзан морь түрүүлчихдэг юм. Тэгээд дараа жил нь Тод манлай уяач Аюуш ахад зарчихсан даа. Тэр сайхан хүнд очоод 13 удаа айрагдаж, түрүүлсэн гэнэ лээ.
-Энэ талаараа жаахан дэлгэрүүлээч?
-1997 онд байхаа. Ном бичдэг, зохиолч Баярмагнай гуай, дааган Ганаа гуай, Аяа Тод манлай энэ хэд манай энүүгээр “их насны морь авна” гэж баахан давхилаа. Тэгж байгаад миний халзан морь сэтгэлд нь таарсан юм байлгүй  “авъя” гэсэн юм.
-Хэд хэд орчихсон адуу ямар ханштай зарагдсан бэ?
-Тэр үед малын ханш тааруу байлаа даа. Шинэ "Иж паланет-5" мотоцикль дээр нэг сая төгрөг өгч байсан. Халзан морины эцэг талын дээд удмыг хөөвөл цэвэр Бөгөн адуу болдог юм. Энд нэг сайхан түүх ярья л даа. Түрүүн өөрт чинь ярилцлага өгдөг Цэрэн ахын дүү Базардарь бид хоёр багын найзууд. Найздаа өөрийн унаган хүрэн морио өгсөн, нөгөөх чинь хот руу зарчихаж. Тэгж байсан 1999 оны өвөл Түргэний голд таван саяын бооцоотой том наадам болж, нөгөө миний найздаа өгсөн хүрэн морь бас Аяа ах дээр уягдаж байж. Уралдаан болсон Гарамжавын Ганбатын Гоё хүрэн түрүүлээд, нөгөө хүрэн морь аман хүзүүдэж, халзан морь маань гурвалдаг юм. Тэр өвөл нь бүрлээч Сүрэнхор гуай Дэлгэрхаанд өвлийн том наадам хийж, халзан морь нь түрүүлээд, хүрэн морь нь аман хүзүүдэж байсан. Аяад очсон манай унаган адуунууд иймэрхүү байдалтай наадаж байхад би энүүгээр бас хөөрхөн наадчихсаан.
-За яаж, яаж наадахав?
-Тэр өвөл манай энд гурван мянгатын наадам гэж болоод улаан азаргаа тавд оруулаад, улаан морь маань туж өнгөлж яваад зургаалчихдаг юм. Тэр наадмаас ирээд аймгийн Засаг дарга Жаргалын наадамд хүрэн морио хөтөлж аваачиж уралдаад дөрвөөр давхиулчихлаа. Хавар Мартын өмнө шиг санагдана. Гэртээ байж байсан Баярмагнай гуай, Аяа ах, дааган Ганаа гуай энэ хэд найз нөхөдтэйгөө манайхаар буухгүй юу. "Хардэл бэйсийн унага” ид мода болж байсан үе л дээ. Тэрийг тавьчихсан машиныхаа дөрвөн хаалгыг дэлгэчихсэн бөөн дуу шуу болсон улс л бууж байна. Тэгээд хоол унд идэж, уугаад морь мал ярилаа даа. Тэгсэн Аяа ах “За чамаас хурдан морь авахаар ирлээ” гэж байна. “Увуулж цувуулж, баахан морь авч хурдлуулчихаад” гэсэн “Онон Манлайн Аварга хээрийн урд орох морь авна” гэж байна. Яагаад тэгж зорьсон гэхээр нэг ийм явдал болж л дээ. Ээж хадны наадамд надаас авсан халзан морь нь түрүүлж, Онон гуайн Аварга хээр аман хүзүүдсэн юм байна. Тэгсэн Онон ах тоглоом шоглоомоор “За ахиж чи хярс шиг жижигхэн халзан морио миний Аварга хээрийн урд тавихгүй ээ” гэж л дээ. Нэг янзын тоглоомоор наадаж яваа эр улс. Юу гэж тэгж амархан бууж өгөхөв. Тэгээд л сайн их морины эрэлд гарахгүй юу.
-Бэрх ажил байж дээ?
-Тэрний урд жил манай суманд Самдан аваргын мэндэлсний 75 жилийн ойд зориулан зүүн бүсийн ес арваад сум нийлсэн том наадам хийж, Сүхбаатар аймгийн Түвшинширээгийн Уунай гэдэг өвгөний хар морь түрүүлж, миний Гоё хонгор  гурваллаа. Яг манай өөрийн унаган адуу л даа. Харахад үнэхээр сайхан адуу. Ямар сайндаа манай Цэрэн “Гоё хонгор морь чинь явахгүй ээ. Гоё нь дэндчихсэн адуу. Ийм зураг шиг адуу давхидаггүй юм. Тэрний оронд ахдаа өгчих. Ах нь авч авгайдаа унуулъя” гэж байсан юм. Тэгэхэд нь би бас мөчөөгөө өгөхгүй “Бүсгүй хүн гоёлд унах ч яахав. Түмний өмнө, тугийн дор зогсох морь” гэж байлаа. Тэгээд яахав, Аяа ахдаа хонгор үрээгээ өгөөд дээр нь хоёр хонгор халзан үрээнээс харж байгаад дуртайгаа ав гэсэн нь Бундан хонгорыг сонгосон. Тэгэхээр нь би “Энэ жил улсад очоод багцаа үзнэ биз. Дараа жил улсын 80 жилээр цагаан юм амсаж чадахгүй бол Манлай малгайгаа миний толгой дээр тавь” гэсэн юм. Тэгсэн чинь цуг явсан улс нь “Энэ ер нь ямар аагтай залуу вэ” гээд гайхахаар нь “адуу нь үнэн юм хойно ам ангайхаар яахав” гэж байлаа. Тэгээд л нээрэн аваачсан жилээ Бундан хонгороо улсад зургаад оруулаад, Гоё хонгороо наймд оруулсан байсан.
-Тэгээд Дуламсүрэн Тод манлайд очсон юм уу?
-Бэлэглэсэн юм билээ. Тэгээд  дараа жил нь АХ-ын 80 жилийн ойгоор хол түрүүлсэн дээ. Бундан хонгорын эцэг нь Тайж угшилтай хүрэн будан азарга. Би өөрөө явж олж авчраад суманд нэг таваар, нэг зургаагаар оруулж байсан.
-Бундан хонгорын эх нь ямар угшилтай адуу болохов?
-Эх нь Донир угшилтай адуу болно доо. Улсад түрүүлснийх нь дараа Аяа ах авгай хүүхэд, найз нөхдөө дагуулчихсан гурав дөрвөн машинтай манайд ирсэн юм. Зун гэрийн хаалга онгорхой, би хоймроо суучихаад гарахгүй харзнаад байхгүй юу. Тэгсэн жаахан харзнаж байснаа малгайгаа авч тавиад машинаасаа бууснаа мэндийн зөрүү ч үгүй “Манлай малгай минийх шүү, Жагаа” гэж байсан юм. /инээв/ Манай Аяа мөн цагаан сайхан хүн байж билээ.
-Унаган адуу улсын наадамд түрүүлэх шиг том баяр бахдал хаа байхав. Ээж тань юу гэсэн бэ?
-“Миний хүү хүнээ олж өгч, нутаг орныхоо нэрийг гаргалаа. Энэ адуу аргагүй босоо юм. Миний хүү сайн адуу цуглуулжээ” гэж намайг нэг магтсан даа. Эх эцэгтээ тоогдох шиг сайхан юм хаа байхав. 1993 онд шиг санагдаж байна. Ээж  ахынхтай айл зусч байсан юм. Би тэднийхээс 17-18 км зайтай найзтайгаа нийлж азарганаас бусад насны морь уяад. Тэгсэн нэг өдөр ээж хүрээд ирлээ. “Ойрын гурав дөрвөн жил хүүгийнхээ уяагаар орсонгүй. Хүүгийнхээ морьдыг харах гэж ирлээ” гэж байна. Настай хүн, тэр тусмаа эмэгтэй хүн тэгээд ирж байгаа нь аргагүй адуунд хайртайн шинж байгаа биз. Тэгээд уяа морьд харчихаад “миний хүү их насны морь түрүүлгэхэд зургаан насаа даадаг юм шүү. Ер нь азарга, соёолон, их нас түрүүлгэхэд хүнд шүү” гэсэн. Тэгж  хэлчихээд хоол цай идэж уугаад гэгээтэйд газар дөхье гээд явчихсан. Тэгээд ижийг явсан хойно манай найз орж ирэхээр нь “Мийгаа хөгшөөн жар хүрч байж ухаан суугаад, 61-тэй үхнэ гэгчээр манай ижий зөнөг болчихжээ. Их насны морь түрүүлгэхэд зургаан насаа даадаг”  гэж байх юм” гэсэн юм яриад л өнгөрлөө. Тэгсэн хэлснээр нь миний их нас хол түрүүлсэн. Миний ижий мундаг уяач шүү.
-Ижийгийн эрдэм ухааныг өвлөсөн хүн танаас өөр бий юу?
-Бид эцэг эхээс арвуулаа. Зургаан хүү, дөрвөн охин. Миний дээд талын хоёр ах морь уяна. Нэг ах маань сумын Алдарт уяач цолтой. Аймгийн сайн малчин хүн бий. Өнгөрсөн зун Мөрөн суманд түмэн агтны баяр болоод би ахтайгаа хоёулаа морь уяж очсон юм. Тэгээд ахын шарга халзан азарга түрүүлж ирээд аман хүзүүдээд, миний даага бас аман хүзүүдсэн.
-Таныг яриаг чагнаж байхад амжил  арвинтай аймгийн цолонд дөхсөн юм шиг байх юм?
-Аймгийн Алдартын болзол биелсэн. Нутгийн ахмад уяачтайгаа барьцаж байгаа юм шиг чихэлдээд яахав гээд өнжсөн юм.
-Хэнтэй?
-Оросоо гуай. Нутгийн тулхтай бууралтай зэрэгцээд яахав гээд өнжсөн. 
-Хотондоо ээлтэй хонь жилийн босгон дээр Алдартын малгайгаар гоёж, адуунд дуртай ижийгээ баярлуулаарай. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна