Аймгийн Алдарт уяач М.Түмэнбаяр: Аав минь гэртээ цөөхөн удаа бүтэн нойртой хоносон хүн

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 28 -нд

Дорноговь аймгийн Өргөн сумын “Хутагтын хүлэг” уяачдын холбооны гүйцэтгэх захирал, аймгийн Алдарт уяач, МУ-ын Хөдөлмөрийн баатар адуучин Мажиг гуайн хүү  М.Түмэнбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар адуучин Мажиг. Аавынхаа тухай манай уншигчдад ярьж өгнө үү?
-Тиймээ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар адуучин хоёр л байдаг юм гэнэ лээ. Манай аав Сүхбаатар аймгийн Баяндэлгэр хуучнаар Төхөм сумын урагшаа байдаг Будар гэдэг газар төрсөн. Аавын аав Баяндэлгэрийн залгаа Эрдэнэ сумынх бол ээж нь Баяндэлгэрийн улс. Тэд аавыг нэг сартай байхад 12 дугаар сард өвлийн дүн хүйтнээр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт амьдрахаар ирж л дээ. Тэр бол 1934 он. Аавын  минь бага нас Өргөний Бүрэгийн хөндий, Дөрвөлжийн модонд өнгөрсөн гэдэг. Өвөө маань Өргөн суманд нэгдлийн орлогчийн алба хашдаг байсан бөгөөд 1957 онд хүүгээ нэгдэлд адуучнаар оруулсан. Ийнхүү адуучнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн аав маань 1993 оныг хүртэл тасралтгүй мал малласан. Нэгдэл тарж, хувьчлал болоход нэгдлийн гишүүнээ больж, тэтгэвэртээ гарч байсан юм. Тухайн үедээ дээд тал нь 930,940 адуу маллаж, жилдээ 630 гаруй унага бойжуулдаг байсан. Халзан Буриад гэж өвгөн аавын багш нь байлаа. Бас л лут хүн байсан даа. Нас 74,75 хүрчихээд гэртээ зүгээр сууж чадахгүй нь гээд аавыг дагаад оторт явдаг байлаа шүү дээ. Ясны адуучин, уургач хүн байгаа юм.
-Хэдэн оны МУ-ын Хөдөлмөрийн баатар билээ?
-1976 онд МАХН-ын XVII их хурлаар Хөдөлмөрийн баатар цолыг авсан. Социализмын үед шалгуур өндөр ш дээ. Үүнээс өмнө 1964,65 онд юм уу даа, Улсын малчдын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгчөөр оролцож, таван хошуу малын толгойтой, анхдугаар зөвлөлгөөн гэсэн мөнгөн тэмдгээр шагнуулж байлаа. Дараа нь сум, аймгийн Аварга малчин болж, Алтангадас одонгоор хоёр удаа шагнуулж, 1973 онд Монгол Улсын аварга малчин болж байлаа. Хүн хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллабал амжилтанд хүрдэгийг аавын жишээнээс төвөггүй харж болох болов уу.
-Мэдээж энэ амжилтанд хүрэхэд амаргүй л байсан болов уу? Салхи шуурганд уруудахаас эхлээд л.
-Тэгэлгүй яахав, амаргүй шүү дээ. Тухайн үед өвөлдөө зуд, зундаа ган гачиг их болно. Аав минь гэртээ цөөхөн удаа бүтэн нойртой хоносон хүнв Намар оторт яваад хавартаа л адууныхаа дэл сүүл, хөөврийг нь авна гэж нутагтаа ирдэг сэн. Сумын бүх адууг оторт аваад гардаг байсан. Тавь, жараад оны үед хилийн тор гэж байсангүй. Тухайн үед улсын гэрээгээр хил давж өвөлжиж, хоёроос гурван удаа отор хийгээд хил дээр л явж байна. Мөн Сөн Цагаан-Овоо руу хоёр гурван ч удаа адуу хөөж аваачиж, бэлтгэлийн адуу тушааж байлаа. Өвлийн тэсгим хүйтэнд морь мал юүлэх, унаа малгүй явгарах гээд бэрхшээл бол мундахгүй. Усгүй зэлүүд газраар л явна. Ер нь адуучны амьдрал хатуу байсан даа. Миний аав чинь адуунд их эрэмгий, сайн ч уургална. Бас их даруухан хүн байсан шиг байгаа юм. Найзууд нь энэ тухай ярьдаг. Мажиг хүний нүдэн дээр морь унадаггүй юм. Уургалсан ч гэсэн тэгсхийгээд айхтар бяр чадлаа гаргадаггүй атлаа хэзээ ч хаана ч ямар ч нөхцөлд унаагаа сольчихно гэдэгсэн.
-Холдоо хаа хүртэл оторлох уу?
-Замын-Үүдээс баруун урагшаа Хоёр зааны хөндий гээд хоёрдугаар застав руу их оторлодог байлаа. Зүүн хойшоо Түвшинширээ, Баяндэлгэр  орно. Урагшаа Хөхбулаг Хардэлийн застав, нэгдүгээр застав гээд л явна.
-Мажиг гуайн хэд дэх хүүхэд вэ?
-Бид эцэг эхээсээ тавуулаа. Гурван хүү, хоёр охинтой. Би айлын ууган хүү. Миний дараагийн эрэгтэй дүү Өргөн сумын үйлдвэрт жолооч, нөгөөх нь малчин. Аавын удмыг залгаж яваа хүн бий. Сайн эцгийн буянд бид сайн сайхан амьдарч яваадаа үнэхээр баярладаг юм. Цаг наргүй ажиллах аав минь хэдэн хүүхэд нь тусад ороход үнэхээр их баярласан. Би 1975 оноос эхлээд л адууг нь хураана, унага татна гээд сургууль соёлд явтлаа тусалдаг байлаа.  ХАА-н дээд сургуулийн оюутан болчихоод зуны амралт болгондоо л очиж туслахыг хичээдэг байсан. Сургуулиа төгсөөд Өргөн сумандаа малын эмчээр ирж ажиллаад 30 жил өнгөрсөн байна. Ажил дээр гараад тэр бүр аавдаа туслаж амжихаа больсон л доо.
Би  сургуулиа төгсөөд илгээлтээр гарна л гэж боддог байлаа. Наймдугаар ангид байхдаа 1976 онд эмнэг сургалтын спортын мастер болж байсан юм. Ер нь адуунд сайн байсан л даа. Тэгсэн аав “миний хүү мал дээр гарвал сайн адуучин болох нь ойлгомжтой”.  Гэхдээ хүүгээ малын эмч болоосой гэж бодож байна гэж зөвлөснөөр ХААДС-ийг зорьж байлаа. 
-Та хурдан морины уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Аав маань аймгийн Алдарт уяач хүн. Аймгаас хэд хэдэн айраг түрүүтэй. Соёолонгоос дээш насны морь л уядаг байсан. Тухайн үед чинь дэг журам ч чанга. Улсын ажлыг цалгардуулж болохгүй шүү дээ. Тэгэхэд сумын наадам гэж бараг болохгүй дээ. Аймагтаа л наадна. Жилдээ нэг юм уу, хоёр уралдана.  Миний бага нас адуун дэл дээр өнгөрсөн гэж болно. Багаасаа адууны хорхойтой нэгэн явлаа.  Харин ааваасаа хойш моринд түлхүү орсон л доо. Дүүтэйгээ хамтдаа сайхан л наадаж байна. Дүү сумын Алдарт, би аймгийн Алдарт уяач цолтой.
-Тэгвэл ярилцлагаа Алдартын нэрийг гаргасан хурдан хүлгэдийн тухай үргэлжлүүлмээр байна?
-Энэ хугацаанд гаргасан хамгийн том  амжилт гэвэл 2003 оны Равжаагийн 200 жилийн ой, зүүн бүсэд хонгор азаргаа тавлуулсан байна.  Харамсалтай нь дараа жил нь хаврын уралдаанд уралдуулах гэж уяж байгаад сунгаан дээр осолдчихсон юм.
-Хонгор азарга хаанахын адуу байв?
-1978 онд юм уу даа. Аав нэгдлийн адуучин байхдаа Дэлгэрэх сумын Түдэвийн Дашням гэж өвгөнөөс хонгор үрээ авсан юм. Адуунд дуртай хүүгээ сайн азаргатай болгоно гэж. Энэ нь Түдэвийн будан, Адилаагийн Зул хонгорын цус холилдсон адуу байлаа. Их хурдан азарга байсан л даа. Гэвч нэг уяад хөлийг нь эвгүй болгочихсон. Түүний төл Уяа хонгор гэж азарга 1984 оноос хойш аймагт нэг гуравлаж, сумандаа олон удаа түрүүлсэн. Даанч аавын бие чилээрхүү байгаад олон удаа уралдуулж чадаагүй юм. Түүний төл нь миний хонгор азарга юм шүү дээ. Ер нь аавын хонгорууд нь сайн давхидаг.  Адилбиш уяачаас нэг хар азарга авч, гарсан төлүүдээс нь Зангиат хээрийг нь Дорноговийнхон анддаггүй. Би 22 настайд нь Равжаагийн ойгоор арваар оруулж байлаа. Тэр наадмын хамгийн хөгшин нь байсан юмдаг. Дараа жил нь сумын Сүмбэрийн овооны том наадамд түрүүлээд отголсон.
-Одоогоор аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй болсон бэ?
-Аймгийн баяр наадмаас дөрвөн айрагтай. Сумандаа хэд хэдэн айраг түрүүтэй.
-Гаднаас адуу их авч байна уу?
-Дүү бид хоёр ааваасаа өвлөн ирсэн адуугаараа сайхан наадаж яваа улс. Аавынхаа суурийг нь тавьж өгсөн хонгоруудын адууныхаа цусыг сэлбэж Сүхбаатарын Асгатаас нэг загал азарга, Содномцог Манлайгаас Жаргалант угшилтай хүрэн халзан азарга авч тавилаа. Харин гүү бол их авсаан.
-Бидний яриа энэ хэсэгт “Хутагтын хүлэг” уяачдын холбооны талаар үргэлжилнэ.  Холбоо хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-Хуучин “Шинэ амьдрал” нэгдлийн суурин дээр “Шинэ өрнөх амьдрал” хоршоо байгуулагдсан юм. Энэ хоршооны захирал Санжидлүнтэв, манай сумын Засаг дарга Жамбалдорж нар анхны уяачдын холбоог байгуулж байлаа. Харин 2008 онд манай Өргөн сумын уугуул, Удирдлагын академийн багш Загдсүрэнгийн Батцэнгэл найз маань шинэ зохион байгуулалтаар “Хутагтын хүлэг” уяачдын холбоог албан ёсоор зохион байгуулж, тамга тэмдэгтэй, туг дарцагтай болгосон түүхтэй. Тэр хавраа “Хутагтын хурд” зүүн бүсийн уралдааныг сумын Уяачдын холбооноос анх удаа зохион байгуулж, Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар, Хэнтийн морьд уралдсан өтгөн сайхан наадам болсон. Тэгсэн Дорноговийн хаврын бүсийн уралдаан болгох саналыг аймгийн уяачдын холбооны тэргүүн Я.Батсуурь бидэнд тавьснаар цар хүрээ маань өргөжсөн. Энэ уралдаанаас хамгийн олон айраг  түрүү авсан сумын уяачдын холбоонд 50 лангийн цалин цагаан мөнгөөр хийсэн морийг шилжин явах журмаар олгодог юм. Манай Өргөн сумын хувьд хоёр удаа авчихаад байгаа. Энэ цагаан морийг гурван жил дараалан авбал тухайн суманд үүрд хадгалагдан үлдэх журамтай юм. Өдгөө Дорноговийн хаврын уралдаан өрсөлдөөн ихтэй, өтгөн болдог нь энэ цагаан морьтой холбоотой гэж болох юм.
-Холбооноос ойрын үед хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудыг дурдвал?
-Манай уяачдын холбоо 120-иод гишүүнтэй. Газрын тосны дарга Амарсайхан холбооны тэргүүнээр ажилладаг. Дэд захирал нь сэтгүүлч Цагаандалай байгаа юм. Манай Өргөнийхөн сүүлийн хэдэн жилд аймагтаа дээгүүрт орж байгаа. Бүсийн наадмуудаас ч айраг түрүүтэй болчихлоо. Одоо энэ амжилтаа бататгаж, улсын наадмын өндөр довд нутаг орныхоо нэрийг гаргая гэж зорьж байна. Ирэх жилээс улсын наадмыг зорино доо.
-Тэгвэл улсын наадмын “дэвжээнээ” баяртайгаар  уулзацгаая.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна