Аймгийн Алдарт уяач С.Нацагдорж: Морины тарган ир, арьсны ир, ясных нь ирийг тааруулах нь чухал

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 19 -нд

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Аймгийн Алдарт уяач С.Нацагдорж уригдаж "Миний хээр морь намайг уяач хэмээх алдраар дуудуулсан" хэмээн өөрийн хурдан хүлэг мориныхоо талаар болон уяаны арга барил, орчин үеийн уяаны арга барил гээд залуу уяачдад хэрэг болох үнэтэй сургамж, зөвлөмжийг хуучиллаа. Ингээд С.Нацагдорж гуайн энэхүү ярианаас уншигч та бүхэндээ тоймлон хүргэе.
-Та сайхан намаржиж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.
-За, намайг Санзайн Нацагдорж гэдгээ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын унаган хүн дээ, насаараа энэ нутагтаа аж төрж байна.
-Бага наснаасаа адуу малтай ноцолдож өссөн байх. Анх хэдэн настайгаасаа хурдан морь сонирхон уяж эхлэв?
-Би бага залуугаасаа адуу малд ойр байсан ч 20 нэлээн гарч 1956, 1957 оны үеэс л морь уяж эхэлсэндээ. Тухайн үед сум овооны наадмуудад л уралдаж, нилээн хэдэн айраг түрүү хүртсэн олон сайхан хурдан буянтай байлаа. Нэг хээр морьтой болоод сумынхаа наадамд уяж 7 жил дараалан түрүүлгэж сайхан наадаж явлаа.
-Морь уях эрдмийг хаанаас сурсан бэ. Танай удамд морь уядаг хүн байсан уу?
-Удамд маань морь уядаг хүн байгаагүй. Ер нь өөрийн сонирхлоор л уяж эхэлсэн. 6,7 настайгаасаа л морь унаж, моринд хайртай хорхойтой болсон хүн дээ.
-Анхны айраг, түрүүг хэдэн онд хүртэж байв. Ямар насны морь уяж эхлэв?
-Тухайн үедээ их насны морь л уяж байлаа. Хамгийн анхны айраг түрүүг 60-аад оны үест л авсан байхаа. Ихэнх айраг түрүүгээ сум нэгдлийн наадмаас л авсан даа. Тухайн үед чинь түрүүлж айрагдсан моридод медаль гэж байхгүй халуун сав, дээлийн гадар, баярын бичиг тиймэрхүү л юм өгдөг байсан. Миний хээр морь “Амьдралын зам” нэгдлийн 30 жилийн ойгоор түрүүлж анхны медаль авч байлаа. Бас нэг сайн шарга морь байсан. Би чинь мал эмнэлгийн санитарч хийдэг байсан болохоор зав их муутай сумаасаа гарч уралдах нь ховор байсан. Аймгийн 50 жилийн ойгоор их насны 3 морьтой очиж хээр морь маань 9-т, нөгөө 2 шарга морь нь 10, 11-ээр орж гурвуулаа нэг дор давхин ирж байлаа. Мөн Равжаагийн 95 жилийн ойгоор аймагт очиж морио уралдуулж явсан.  Ер нь морь уяхын сайхан чинь айрагдаагүй ч өөрийн давхилаараа барианд орж ирэхийг харах шүү дээ.
-Танай унаган адуу ямар, удам угшилтай адуу байна вэ?
-Манай ах Жамбал гэж хүн байсан. Цэрэгт явахдаа нэг бор гүүг Найдан гэдэг хүний адуунд тавиад 5 жилийн цэрэгт яваад ирэхэд нь дөрөв, тав болоод ирсэн. Ингээд л бор гүүнээс гарсан төлөөр нь Алаг азарга тавиад  адуутай болсондоо. Хадан хярын л унаган адуудаа.
-Сүүлийн жилүүдэд унаган адууныхаа цусыг сэлбэж байна уу? Танай унаган адууг хүмүүс хэр их сонирхож байна вэ?
-Манай хүү Сайншандын хавиас хурдны удамтай буурал азарга авсан. Мөн Сүхбаатарын Баяндэлгэр сумын уяач Дугарсүрэн гэдэг хүнээс 2 медальтай хонгор азарга авсан. Үүнийгээ дагаад манай адууны угшил нилээд сайжирч байна. Манай бэрийн аав Өргөн сумын малчин Батаагаас ирсэн хул азарга бий. Ийм гурван угшилтай азаргатай болоод байна. Дугарсүрэнгээс азарга авахдаа даагатай гүү өгсөн. Даага нь Замын-Үүд бас өөр сумын наадмуудад хоёр гурав түрүүлсэн сураг сонсогдож байсан. Ер нь хүнд очсон манай унаган адууны удам угшил нь сум орон нутгийн наадамд болон аймгийн бүсийн наадамд айрагдаж л байгаа дуулддаг юм. Би дүүгийнхээ ганц хүүг цэрэгт яваад ирэхэд нь нэг халтар даага өгсөн, тэгсэн азарга тавьсан юм билээ. Тэрний төлүүд их давгүй хурдан байна гэдэг. Халтар азарганы төл нэг халиун үрээ суманд олон түрүүлж айрагдсан, аймгийн бүсэд хүртэл айрагдсан аймгат хэд хэд дээгүүр давхиад байна гэсэн. Ер нь манай адууны удам угшлаас гээд их л сураглаж байдаг. Морийг уях шинжих, авах асуудлыг залуучууд л хийж байна. Гэхдээ морийг зөв сайн эдлэх, сургах нь чухал байна. Миний хувьд хэтэрхий таргалуулж болохгүй, хэтэрхий эцээж болохгүй, ер нь дундын бор хоногтой болгож уядаг байсан.
-Газар газрын адууны удам угсаа, хэлбэр хийц нь өөр байдаг байх. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын адууны хэлбэр хийц бусад сумын адуунаас ялгарах онцлог, ямархуу байдаг вэ?
-Сүүлийн үед Сүхбаатар, Хэнтий чиглэлийн адуугаар нилээд цус сэлбэж байгаа. Одоо цус сэлбэгдсэн адуунуудаасаа уяж эхэлж байна. Бидний үед уяач цөөхөн байсан. Нэгдлийн ажил гээд хүмүүс зав муутай байлаа. Одоо бол нийгэм цаг үе ч өөрчлөгдөөд морь сонирхдог бүхэн л уядаг болжээ. Аймгийн алдарт уяачид олон төрж байна. Бидний уяж байсныг бодвол одоо морь уяж байгаа залуучуудын арга барил өөр болсон байна. Морь тэжээж уях, тариа витамен тарих зэрэг асуудал бараг л энгийн асуудал болсон байна.
-Сүүлийн үеийн залуучууд морь унах нь ховордож машин мотоцикль унах болсон байна. та яриандаа морь унах соёлын талаар ярилаа. Морийг зөв сайхан унах соёл гэж таны бодлоор юу вэ?
Ер нь морь уях гэдэг бол бас тийм амар ажил биш л дээ. Морио уях, барих үест бол нэгдүгээрт морь эрүүл байх,  хоёрдугаарт эрүүл байсны хүчинд тэрний уялага, хөлс, уналга эдэлгээг нь таардаг тийм л эд дээ. Морийг зөв эдэлнэ гэдэг бол дааган цагаас нь сургахад л бөглөө таглаа оруулахгүйгээр зөв сургах үүний дараагаар уналга эдэлгээнд сургах, өвөл зунгүй унаж эдэлж, уяа сойлгыг нь тааруулвал их зөв сайхан морь болдог юм даа. Бидний үед морийг уяхдаа морь үсэргэнэ гээд л хүүхэд эрнэ, тэгээд өнөө уяж байгаа морио мориор хөтөлж явж хэдий хэмжээний газар хөлөрч байна уу гэдгийг уяач хүн өөрөө үзэж харж ингэж л хөлс хангах асуудлыг л анхаарч ажилладаг байлаа. Одоогийн залуучууд давхил орсон морины хөлс ямархуу байх вэ, давхил нь ороогүй морины хөлс ямархуу байх вэ гэдэг тал дээр мэдлэг жаахан дутмаг байх шиг санагдаад байх юм. Тиймээс морины хөлсийг зөв тааруулж шингэрүүлэх, хөлс хүчийг нь тааруулах зэрэгт анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт хөлсийг тааруулахаас гадна хүчийг нь тэнцүүлэх зэрэгт ихээхэн анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, үсэргээ чухал. Үсэргээнд давхиулж хөлд нь хурд оруулах, морь эргэх асуудлууд дээр анхаарч байж л морийг давхиулна даа.
-Танай хүүхдүүдээс морь уяж байгаа хүн байна уу. Та заавар зөвөлгөө хэр зэрэг өгч байна вэ?
-Байгаа. Би ч өөрийнхөө мэдэх чинээний юмнуудыг гайгүй хэлж өгдөг л юм. Гэхдээ төдий л сайн уяж чадахгүй л байна. Гэхдээ яахав сумын наадамд хээр азарга уясан нь түрүүлсэн, хааяа айрагдчихаад л байна. Ирээдүйд уяач болох болов уу л гэж харж, хүлээж байна даа.
-Хурдан хээр мориныхоо тухай ярихгүй юу. Уяаны онцлог арга барил нь  ямархуу байв?
-Манай Хадан хярын адууны л удам байгаа юм. Шүдлэн үрээ байхад хүнээс аваад их насанд нийлүүлж уяад анх сумын наадамд түрүүлсэн. Тэрнээс хойш сумынхаа наадамд 7 удаа түрүүлж нэг аман хүзүүдсэн, жижиг наадмууд, овооны тахилга, ойн наадмуудад хэд хэд айраг түрүү авч байсан. Тухайн үедээ уяа сойлгыг нь тааруулж гаршиж эхэлсэн лдээ. Ер нь морио зөв эдэлж, зөв унаж байх хэрэгтэй би тэрүүгээр нь уяагаа тааруулдаг байлаа.
-Хээр морио уявал сайн давхих юм байна гэж шинжиж байсан байх. Яаж шинжиж байв?
-Миний хээр морь сагнага эвэрхий сайтай, сэрвээ өндөртэй, чих сайхан цэвэрхэн, их сайхан морь байсан. 10-аас дээш нэмнээд ирэхээр аяндаа өнгө ороод л хөлс нь шингэрээд ирдэг морь байсан даа. Хээр мориороо уяач хэмээх алдраар дуудуулах болсон. 1991 онд аймгийн аварга уяач гэсэн цол олгосон юм. Одоогийнхоор аймгийн Алдарт уяач лдаа. Сумаас төрөн гарсан анхны аймгийн Алдарт уяач болсон. Сүүлд 1998 онд Алдарт уяачийн наадмаа хийсэн. Азарга, их насны морьдыг уралдуулсан. Өргөн, Улаанбадрах сумдаас уяачид ирсэн их сайхан өргөн дэлгэр наадам болж байсан санагддаг юм.
-Уяач хүн бүрт морь уях өөрийн гэсэн арга барил байдаг. Таны хувьд морь уяхдаа юун дээр их анхаардаг байв. Таны морь уях арга барил?
-Миний хувьд нас өндөр болж одоо  81  насыг  хүрч  байна. Одоо бол морь уяж чадахаа байсан ч моринд хайртай, дуртай болохоор хааяа морио унаж хийморио сэргээдэг л болсон доо. Нүд муудсан учраас морь харж шинжих нь хэцүү л болж байна. Морийг хөлслөхдөө шавар, хөөсөн, усан, торгон хөлсүүдийг авч байж л морь хурдалдаг. Морийг уяхдаа хөлс хүч, тарганы ир, арьсны ир, ясных нь ирийг тааруулах нь чухал. Эдгээрийг л тааруулж уяхыг их оролддог байлаа. Залуу уяачид давхиад ирж байгаа морины давхил, хөлс, амьсгааг бүгдийг нь харж ажиглаж байх хэрэгтэй. Тэгж байж цаашдаа хурдална. Морио сайн унаж номхруулах хэрэгтэй.
-Нэгэн үед хамт морь уяж явсан уяачдынхаа талаар дурсвал?
-Энд тэндээс морь их авчирдаг зүүн хойд чигийн Дэлгэр панз гэж өвгөн байлаа. Тэр Сүхбаатарын Баяндэлгэрээс бор азарга авчирсан. Бор азарга сумын наадамд хэд хэд түрүүлж байсан. Өөр харлаг азарга гээд нилээд хэдэн морь нь айраг түрүү авч байсан. Ер нь их сайн уядаг байсан.
-Сэтгэлд хоногшсон, санаанаас гардаггүй наадмын талаар яривал...
-Сэтгэлд хоногшсон наадам гэвэл нэгдлийн 30 жилийн ойгоор уясан хээр морь маань түрүүлээд тэрнээс хойш 6 түрүүлээд нилээд хөгширсөн. Тэгээд 90 онд аман хүзүүдсэн. Тэр үед хүмүүс дандаа Нацаг түрүүлнэ гэж юу байхав гэж ярьж байсан гэдэг.
-Манай уншигчдад хурдан морины тухай, морь унах соёл болоод уяаны арга барилын талаар өөрийн үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Та бүхэнд ч бас баярлалаа. Уяачдын маань уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд цовоо байхыг ерөөе.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна