Аймгийн Алдарт уяач Б.Мэндбилэг: Хурдан сайхан буянг анагаах, хүний амь нас аврахаас ялгаагүй л гэлцдэг

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 15 -нд

Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч Батхуягийн Мэндбилэгтэй хөөрөлдсөнөө хүргэж байна. Тэрээр 1962 онд Яруу сумын Өргөн багийн нутаг Бугатын голд төрсөн хүлгийн хийморьтой нэгэн билээ.
-Молор эрдэнэ морио дээдэлсэн монгол уяачийн үргэлжлэл тантай уулзаж буйдаа таатай байна. Дээдсийнхээ талаар хуучлаач?
-Миний өвөг эцэг, авга ах нар бүгд л морь уядаг, моринд дуртай хүмүүс байсан. Өвгөн аавын нэг гүүнээс таван халиун унага гарч Эрдэнэхайрханы баярт тавуулаа дараалан түрүүлж байсан сайхан түүх манайханд бий. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн би зургаан настайгаасаа эхлэн 16 хүртлээ хурдан морь унасан. Бүр аравдугаар анги төгсчихөөд их насны морь унаж л байлаа. Багаасаа малд дуртай хүүхэд байсан болохоор түүнийгээ дагаад малын эмч мэргэжил эзэмшиж, 1985 онд ХААИС-ийг төгссөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна.
-Аймгийнхаа баяр наадмын хурдан морины комисст олон жил ажилласан нь таны мэргэжилтэй холбоотой байх нь ээ?
 -Тиймээ. 1988 оноос хойш үндсэндээ тасралтгүй аймгийнхаа баяр наадмын хурдан морины комиссоор ажиллаж байна.
-Сүүлийн 30-аад жилийн аймгийн баяр наадмын түүхийг хүүрнэх л юм байна?
-Мэдэхийгээ мэднэ ээ. Захиргаадалтын үед тойргийн сумдын уяачид маань тэр бүр аймгийнхаа баяр наадамд ирж оролцож чаддаггүй байсан бол 1990-ээд он ардчилал гарснаас хойш Алдархаан, Яруу, Идэр сумынхан олноороо ирж оролцох болсон. 1993 онд манай Завхан аймгийн 70 жилийн ой тохиож их өтгөн наадам болсон юм. Тэгэхэд нэг Японы том барьдаг магнитофон тэвэрчихээд орж байгаа морьдыг ганцаараа барьж байлаа. Сүүлийнхийг нь бүртгэж дуусаагүй байхад түрүүчийн их насны морьд Донойн хөндий рүү хөдөлж, 200-гаад нь эргэчихдэг юм. Манай аймгаас төрсөн Н.Багабанди Ерөнхийлөгч ирчихсэн. Аймгийн дарга Очирбат ирчихсэн.Тэгээд надад үлдсэнийг нь бүртгэчихээд дутуу явсан морьдыг эргүүлж ирээд нийлүүл гэсэн тушаал өгч. Би яахав, морины комисс юм чинь араас нь 69-өөр /УАЗ-469 машин/ хөөсөн ч гүйцэгдэхгүй байна. Тэгэхээр нь Донойн хөндийн торны урдуур нь тойрч очоод тасарчихсан явсан хоёр хээр морьтой хүүхдэд “Барихгүй шүү. Татаад буцааж очиж нийл” гэж хэлээд арайхийн тогтоотол арын морьд нөмрөөд ирдэг юм.
-Гарааны төхөөрөмж гээч зүйл гараагүй байхад хаа газрын наадам нэг тиймэрхүү л болдог байсан даа?
-Хэлээд яахав. Тэгээд сүүлд эргэсэн 170-180 мориноос Хөвсгөлийн Хишигбатын хонгор морь түрүүлж байлаа. Би бариан дээр нөгөө магнитофоноо бариад суучихсан хүлээж байтал Баянтэсийн хар морь түрүүнд нь, ар дээр нь Хишигбатын хонгор морь нэлээд зайтайхан шиг явж байна. “Баянтэсийн хар морь түрүүлэх нь” гээд ярьж байтал яг зурхай дээр ирээд хонгор морь шурдхийгээд л дайраад түрүүлчихлээ. "Өө золиг оо, хонгор морь нь түрүүлчихлээ” гээд уулга алдаж байгаа бичлэг нь ч надад бий. /инээв/ Тэгээд барьж дуусаад явж байтал хэсэг залуус ирээд “Чи хааныхын хүн бэ. Хөвсгөлийн морийг түрүүдүүлээд барьчихлаа” гээд зодох барих дээрээ тулж байлаа. Би адгуус амьтныг ялгалтай биш дээ. Ер нь морины комиссын ажил зовлонтой л доо. Нэг жил бас жороо морь тавих болдог юм, энүүхэн урд дэнж дээр. Тэгсэн аймгийн дарга Очирбат, “ерөөсөө стадионд тойруулж үзэгчдэд үзүүл” гээд болдоггүй. “Болохгүй ээ, дарга минь. Тэр олон морь тойрохоор аль нь урд, хойноо орж байгаа нь мэдэгдэхээ байна” гэсэн чинь үүрэгдсээр байгаад өөрийнхөөрөө шийдлээ. 20 гаруй морь яаж энэ жижиг стадионд багтах вэ дээ. Сайн нь хоёр тойрчихоод байхад муу нь нэг тойрч чадаагүй байх жишээтэй. Сүүлдээ учраа олохоо байгаад нисэхийн задгай талбай дээр тойруулж шилдгээ тодруулж байлаа. Энэ мэтчилэн зовлон их ээ.
-Зохион байгуулагчаас гадна эмчийн тухайд хүндрэл бэрхшээл хэр гарахав. Морь мал бэртэх гэмтэх, эндэх гэх мэтчилэн?
-Сүүлийн үед уяа морьдоо их тэжээх болж. Дээхнэ үед намайг хурдан морь унадаг байхад уралдааны сайн мориндоо тэжээл бүр амсуулдаггүй. Харин хонь хариулдаг тааруухан морио тэжээдэг байсан. Тэжээл гэдэг өөрөө их учиртай. Тэжээгээд уралдуулж байгаа адуунд мал эмнэлгийн үйлчилгээ маш их шаардлагатай. Хамгийн наад зах нь цус нь өтгөрдөг. Цаашлаад олон хүндрэл гарч ирж болно. Энэ сүүлийн үед анхаарал хандуулах сэдэв болоод байна. Ер нь уралдааны морь бэртэж, гэмтэх, эндэх зэрэг нь унаж байгаа хүүхэд, уралдаж байгаа газар орон, урьд шөнийн хоол гээд олон зүйлээс хамаардаг. Манайх морьдоо даваан дээр тавьдаг байхад миний мэдэхийн 1988 оноос хойш нэг ч морь гэмтэж бэртэж, эндээгүй. Харин доошоо Донойн хөндий рүү тавьдаг болсноос хойш олон морь бэртэж гэмтэж байна. Үүнийг би газар оронтой нь холбон үзэж байгаа. Донойн хөндийн зам маш эвгүй, нэг өгсөөд, нэг уруудаад, салхи зөрөөд явж байснаа тойрч эргээд салхиа дагах гэх мэтчилэн уралддаг. Салхины урсгалын энэхүү өөрчлөлтөөс болоод моринд гэм суух нь элбэг байна. Өнгөрсөн 2013 онд аймгийн 90 жилийн ойгоор ганцхан даваа өгсүүлээд нэг чигт тавьсан нь маш зөв болсон. Цаашид энэ тал дээрээ анхаарах биз дээ.
-Олон жил наадмын комист ажиллахдаа олон сайхан хурдан хүлэгт нас буян хайрлаа биз. Тийм сайхан түүхээсээ хуваалцаач? 
-Олон морь аварсан даа. Дөрвөлжин суманд болсон Сар хайрханы даншиг наадмын морины комиссоор мөн ажилласан. Азарга уралдахын урьд шөнө нь МУ-ын Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу гуай морины комиссын гэрт орж ирээд “Мяадорж оо, Мэндбилэг ээ, манай хар азарга болохоо байчихлаа” гэж байна. Тэгсэн манай газрын дарга “чи үзээдэх” гээд би яваад очсон чинь гэдэс нь чихэлдээд үхчихэж мэдэхээр байна. Түүнийг нь эмчлээд босгоодохсон чинь Намхайнямбуу гуай “юм сурчихсан хүн ийм сайхан байдаг юм. Миний хүү сайн мэргэжилтэн байна. Эрдэнэт сүргийн амийг ингэж аварна гэдэг сайхан шүү” гээд урмын үг хэлж байлаа. Мөн тэнд Эрдэнэхайрханы Буриад гэдэг хүний хээр үрээ бэртээд. Морины комиссынхон тууж явахдаа тулгаад шахчихсан чинь 69-ийн купрын хооронд хөл нь ороод шувт татахдаа хамаг арьсаа байхгүй болгочихсон. Хүн харахын эцэсгүй юм байсан. Түүнийг нь газар дээр нь эмчлээд буцаад ачиж авчирсан. Дараа нь хөл нь бүрэн эдгэрээд олон айраг, түрүү авсан. Хурдан сайхан буянг анагаах хүний амь нас аврахаас ялгаагүй л гэлцдэг.
-Тэгэлгүй яахав. Тэр сайхан хурдан хүлгийг харж олон хүн сэтгэлийн цэнгэл эдэлдэг шүү дээ?
-Хэлээд юу гэхэв. Машиндаа эмтэй, гамтай л явахгүй бол хэзээ ч, хаана ч дуудагдаж мэднэ шүү дээ. Уламжлалт эмчилгээний юм их хэрэгтэй. 1992 онд би Оргил, Андрей доктор нарыг урьж Завхан аймагтаа анхны уламжлалт эмчилгээний сургалтыг зохион байгуулж байлаа. Долоо хоноход Завханы хүн эмнэлгийн уламжлалт эмчилгээний эмч нар юм сонсох гээд хүрээд ирчихсэн. Ургамал судлалын Тумбаа докторыг орой үдэш, завсар зайгаар нь хүний эмч нар авч явчихна. Сүүлийн орой жаахан нийллэг маягийн юм хийгээд хүмүүс халчихсан байсан, манай нэг сумын мал эмнэлгийн жолооч “Тумбаа гуай, та малын эмч нарт юм заах гэж ирсэн юм уу, хүний эмч нарт юм заах гэж ирсэн юм уу” гээд инээдэм болж байсан. Монголын уламжлалт эмчилгээ, тэр дундаа эмийн ургамлыг гойд сайн судалсан хүн л дээ, манай Тумбаа багш чинь. Мөн Лхамжав гэж мундаг хүн бий. Дээр үеийн маарамбуудыг цуглуулж байгаад судалгаа хийсэн гэдэг юм.
-Зарим нэгэн нь ардын уламжлалт эмчилгээг эрс үгүйсгэдэг. Харин та үгүй бололтой?
-Бидэнд заасан онолоор нэг их сайшаадаггүй. Гэвч амьдрал практикт хэрэглээд ач тустай нь батлагдчихсан байхад зарим тохиолдолд хэрэглэхээс аргагүй шүү дээ. Ер нь ардын уламжлалт эмчилгээ ач тустай юу гэвэл ач тустай. Гол нь зөв хэрэглэх нь чухал байгаа юм. Сүүлийн үед болсон болоогүй, мэдэх мэдэхгүй хүмүүс хамаагүй хатгаж хөл гаргүй болгож байгаа явдал их гарч байна. Үүнийг би их цээрлэдэг. Ядаж л хатгахын өмнө муу цусыг нь авахын тулд цус ялгах эм тан уулгасан байх хэрэгтэй. Би нэг жил Японд сурч амьдарсан юм. Тэгэхдээ Японы морин тойруулгад хоёр сар шахуу  ажилласан. Тэнд зүү төөнүүрийн заслыг маш их хэрэглэдэг юм билээ. Булчин нь  саажчихсан, нуруугаа авчихсан, зоогоо авчихсан үед зүү тавиад, витаминжуулалтаар дэмждэг. Түгээмэл хийгддэг энэ эмчилгээ нь маш үр дүнтэй байдаг юм билээ. Удамжлалт анагаах ухаанаа орчин үеийнхээ шинжлэх ухаантай хослуулаад зүү тавьсан цэг дээрээ В12-оор плакат хийдэг. Хээл авахаа байчихсан үнээнд хэдхэн халуун төөнүүр тавиад л ороо нь орж байх жишээтэй.
-Хаа сайгүй зүүн зүгийн адуу ноёлж байна. Зөөлөн хөрстэй тал хээр нутагт тааваараа бэлчиж байсан адуу хад асгатай, хатуу хөрстэй хангайд ирэхээрээ байгаль цаг уур, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтөнд дасан зохицох гэж бас бэдэрдэг янзтай юм билээ?
-Сүүлийн жилүүдэд манай аймгийнхан адуу олноор нь зөөж байна. Зарим жилд 400 адуу ирсэн гэсэн судалгаа бий. Би өөрөө ч авчирдаг. Зүүн талын зөөлөн хөрстэй газрын адуу энд ирээд 20 хоноход л туурай нь нимгэрч хагараад эхэлдэг. Ер нь манай нутгийн адуу хурдтай. Тэсвэртэй. Сүүлийн жилүүдэд, ялангуяа 1960-70-аад оны үед нийгэмчлээд нэг малчин айл 6-7-хон адуутай байх хязгаар тавиад түүнээс болж цус ойртон чанар муудсан тал бий. Харин сүүлийн үед газар газраас адуу авчирч сайжруулан чанаржуулж байна. Хэдэн жилийн дараа баруун талын адуу илт сайжирна. Эмч хүнийхээ хувьд адуу авчирч байгаа уяачдадаа эрүүл мэндийн тал дээр нь анхаарч, болж өгвөл мал эмнэлгийн лабораторийн шинжилгээ хийлгээд авч бай гэж захиж байгаа. Ноднин гэхэд л энд авчирсан хэд хэдэн адуунаас цусны паразит илэрсэн. Ийм оноштой малыг устгах заалттай. Үгүй байсан ч удаан амьдрах чадваргүй байдаг. Эмч хүнийхээ хувьд би нэг зүйл их баяртай байгаа. Тэр нь энэ жилээс Японы “Жайка” байгууллагын хөрөнгө оруулалтаар манай мал эмнэлгийн хүрээлэнгийн хэдэн эрдэмтэн, паразитлагчид малын цусны паразитын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд нь манай Завхан аймаг хамрагдаж байгаа. Таван жилийн хугацаатай хэрэгжих энэ төсөл олон талын үр өгөөжтэй байна гэдэгт эргэлзэхгүй байна. Манай аймгийн ганц онцлог нь эрүүл малтай. Яагаад эрүүл гэхээр социализмын үед нэг их гадны мал авчирч цус сэлбэж сольж холиогүй учраас жинхэнэ удмын ген эндээ нутагшсан, дасан зохицсон малтай. Доктор Төмөрхадуурын “Монгол малын хувь заяа” гэж том зохиолд “Завхан аймгийн мал сүрэг түүхэн замналаараа байгаа учраас эрүүл байгаа юм. Үүнд мэргэжлийн хүний хувьд бахархаж явдаг” гэсэн байдаг.
-Мэндбилэг эмчийг  морины комисст олон жил ажиллахын зэрэгцээ аймгийнхаа МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэж сонссон юм байна?
-Ардчилал, зах зээлд шилжээд ирэхээр мэргэжлийн чиг баримжаагаараа ч юм уу, өөрсдийн ажлын үүрэг чиглэлээрээ юм уу, хүн хоршиж ажиллаж амьдрах цаг нь иржээ гэдгийг ойлгосон. Тэр ч утгаараа 1991 онд Мал эмнэлгийн холбоог байгуулж байлаа. Түүний дараа 1996 онд аймгийнхаа морин спортыг хөгжүүлэхийн тулд уяачид санаа сэтгэлээ нэгтгэж зохион байгуулалтанд орох нь зүйтэй гэдэг шийдэлд хүрч, малын их эмч Дагвадорж, Мяадорж, МУ-ын Алдарт уяач Оросоо нарын санаа нийлсэн хэдэн хүн МСУХ гээчийг анх байгуулж байлаа.
-Удам дамжсан уяач аймгийн Алдарт цолтой. Аймгийнхаа баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-16 айраг, түрүүтэй. 2011, 2012 оноос өөрийнхөө нэр дээр морь тавихаа байсан. Хүү маань миний мэргэжлийг өвлөж малын эмч болоод, бас морь уяна. Дөрвөн жил морь уяад аймгийн Алдарт уяач цол хүртсэн. 2010 оны “Хотгойдын хурд” бүсийн уралдаанд хул азаргаа айрагдуулж байсан хүн.
-Аав хүү Алдартууд аймгийнхаа 90 жилийн ойгоор хэрхэн наадав?
-Аймгийн 90 жилийн ойгоор манай хул азарга 33-аар давхисан. Унаган даага нь 35-аар орчихлоо. Нэг шүдлэн үрээ нь 30 гарч давхисан.Тэгш ой, бүсийн наадам байсан учраас дандаа энд тэндхийн томчууд ирж уралдлаа. Ерөөлтийн халзангаас эхлээд Дагваа Тод манлайн морьд ирж уралдан, шимтэй уралдаан үзүүлсээн. Энэ жил манай Яруу сумын 90 жилийн ой тохиож байгаа. Сумынхаа ойд хэдэн адуу мордуулна даа. /инээв/
-Уясан хүлгэд нь түрүүлж, айрагдан тод магнай торгон жолоогоо өргүүлж, түмэн эхээ дуудуулах болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Морины босоо цагаан хийморь гээч юм эр хүн шүтэж явах ёстой гэдэг. Өвөг дээдэс минь надад ингэж захисан. Төрийн наадамд морь тавина гэдэг чинь эр хүний хийморь сэргээсэн ажил. Тэр олон мориноос хаана нь ирэх нь хамаагүй тоосыг нь өргөж байх хэрэгтэй гэж манай өвгөн аав их захидаг байсан юм. Тэр утгаараа морь уях төрийн хэрэгт хэдэн үеэрээ оролцож явна. Манай удмаас МУ-ын Алдарт уяач нэг төрсөн. Намхай  гэж хүн бий. 26 насандаа Завханы хамгийн залуу улсын Алдартаар тодорч байлаа. Дараа нь аймгийн Алдарт уяач миний авга нар олон хүн бий л дээ. Энэ бүгд маань морины ач буян. Өвөг дээдсийн минь адуу малаа сайхан маллаж, хамгаалж, эрүүл  байлгасны ач буян гэж боддог. Үүнийг хаяж болохгүй, залгуулна. Залгуулахдаа бүр шинжлэх ухаанч, орчин үеийн нийгмийн хөгжлийг дагасан хэлбэрээр хөгжүүлж авч явах зайлшгүй үүрэг хариуцлага бидэнд оногдож байгаа. Ингээд “Тод магнай” сэтгүүлийг эрхлэн явуулж байгаа сэтгүүлч та бүгдэд баярлалаа. Энэ сэтгүүлээр дамжуулаад Яруу сумын түүхт 90 жилийн ой долдугаар сарын 28, 29-нд болно. Үүнд Яруучууд маань их идэвхтэй оролцоорой. Манай Яруугийнхныг морины босоо цагаан хийморь ивээж, баяр наадам сайхан болох болтугай гэж хүсэн ерөөх байна. Уяачдын холбооны тэргүүн Баянжаргал ахыгаа энэ баяр наадамд Магнай халтар азаргатайгаа ирж нутгийнхаа наадамд тоосыг нь өргүүлэн зон олноо баясгаарай хэмээн урьж байна. Дамжуулж өгнө үү.
-Урилгыг тань уламжилна аа. Амжилт хүсье.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна