Аймгийн Алдарт уяач О.Саруулбаяр: Шуурхай хонгор есөн медальтай зарагдсан адуу

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 06 -нд

Дорноговь аймгийн Сайншанд сумын аймгийн Алдарт уяач О.Саруулбаяртай ярилцсанаа хүргэж байна.

-Сүүлийн үед одтой сайхан наадаж байгаа хийморилог залуусын нэг нь хэмээн танай аймгийн МСУХ-ноос таныг онцолсон. Яриагаа хурдан хүлгийн уяа тааруулах болсон тэр үеэс л эхэлье дээ?
 -Хурдан морьтой холбогдсон гэвэл бүр багийн түүх л дээ. Морь унаж сурсан цагаасаа эхлээд өвөөгөө дагаж, энд тэндхийн наадамд явдаг байсан. Миний өвөө аймгийн Алдарт уяач Дүгэрсүрэн гэж хүн байсан юм. Манай аймгийнхан “хагархай” Дүгэрсүрэн л гэдэг байсан.
-Тэгэхээр уяаны эрдмийн А үсэг заасан анхны багш нь өвөө тань болж таарах нь ээ?
-Тэгэлгүй яахав. Өвөө маань Дэлгэрэхийн Түдэвийн будангуудын угшилтай хурдан хонгор будан азаргатай. Тэр нь аймаг, сумын наадмуудад олон түрүүлж айрагдсан адуу л даа. Би тэр будан азарганы төл хонгор морийг унаж байлаа. Мөн Улаанбадрах сумын Дашцэрэнгийн борын төл хул азаргыг нь унаж сумандаа айрагдаж байсан. Ер нь өвөө минь аймагтаа айраг, түрүү алдаж үзээгүй мундаг уяач. Зөөлхөн ч биш, хатуу ч биш уяатай.  Мориндоо ажил хийж байгаа нь мэдэгддэггүй шахуу хүн байж билээ. Ажил хийж байгаа нь айхтар мэдэгдэхгүй хэрнээ морьд нь гүйцэд онгойчихсон байхыг хараад би багадаа гайхдаг л байсан.
-Хэдэн жил хурдан морь унасан бэ?
-Олон жил унаагүй. Хоёр жил л унасан байх. Харин өөрөө гардаж морь уясан нь 1998 оноос юм байна.
-10 гаруйхан настай жаал хүү байсан юм биш үү?
-Тиймээ, 13 настайдаа анх морь уяж Равжаагийн наадамд хул шүдлэн 39-өөр давхиулж байлаа. Ингэж л гараагаа эхэлсэн дээ.
-Тэгвэл анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-Жилийн дараа 1999 онд өвөөгийнхөө өгсөн миний нэртэй цагаан морио уяж, бригадын наадамд айрагдуулж байлаа. Түүний дараа 2005 онд хавчиг хээр морь түрүүлгэсэн.
-Нас залуу хэр нь орон нутагтаа ханасан цолны эзэн. Тэгэхээр 2005 оноос хойш айраг, түрүү тасраагүй байх нь ээ?
-2010 онд 25 настайдаа аймгийн Алдарт уяач цолыг авсан. Энэхүү цолд хүрэх гол нурууг хүрэн азарга  маань хийж өгсөн дөө. Хүрэн азаргыг манай эмээгийн төрсөн дүү Ёндончулуун ах маань надад бэлэглэж байсан юм. Дэлгэрэхийн Тайж угшилтай адуу л даа. Хүрэн азарга эмнэг шүдлэн үрээ ирээд би хязаалангаас нь эхэлж уясан. Тэр жилээ /2007 онд/ сумын баяр наадамд айрагдаад, тэгээд л ер нь уралдсан болгондоо хурдалсан даа. Хүрэн азарга аймгийн наадамд хоёр түрүүлж, аймгийн чанартай наадамд 10 айрагдсан.
-2008 оноос хойш уу?
-2008 онд соёолондоо аймгийнхаа баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. Түүнээс гадна аймагт болсон бага сага наадмуудад олон түрүүлсээн. Алтанширээгийн наадамд түрүүлж, тэр зунаа хоёр ч айрагдсан. Тэгээд Алтан Овооны тахилга наадамд очиж 14-өөр орсон. Түүний дараа жил 2009 онд хавчиг азарга аймгийнхаа хаврын бүсийн уралдаан “Хутагтын хурд”-д аман хүзүүдээд, зун нь аймгийнхаа наадамд дөрөвт давхисан. 2010 онд "Хутагтын  хурд"-д түрүүлээд, зундаа уягдаагүй. 2011 оны хавар найман настай азарга Дэлгэрэхэд болдог “Тайжийн хурд” гэж аймгийн бүсийн уралдаанд айрагдаад, "Хутагтын хурд"-д аман хүзүүдсэн. Түүний дараа Айраг суманд болдог “Боржигоны хурд”-д аман хүзүүдээд, зун нь  аймгийн 80 жил, зүүн бүсийн уралдаанд бас дахиад аман хүзүүдсэн. Аймгийн наадмын дараа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 30 жилийн ой болж, тэнд очиж дахиад хоёроор давхисан.
-2011 онд аргагүй хурдан байжээ?
-Тэгсээн. Найм уралдаж, хоёр түрүүлж, зургаа аман хүзүүдсэн.
-Харин 2012 онд яаж давхисан бэ?
-2012 онд “Хутагтын хурд”-д дөрөвт давхиад, түүнээс хойш хөл нь жаахан эвгүйтээд уралдуулаагүй. Гэхдээ үр төлүүд нь бас хурдалж байгаа. Төл цавьдар үрээ нь энэ жил /2013/ Равжаагийн наадамд дөрөвт давхисан. Даагандаа ес уралдаж, дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдсэн.
-Аргагүй хурдан буян юм аа?
-Тиймээ, хүрэн азарганаас маань гадна хурдалж байсан бага адуу бас бий. 2009, 2010 онд аймгийн баяр наадамд хонгор даага айрагдуулж байлаа. 2012 онд хүрэн морь, цавьдар даага хоёроо бас айрагдуулсан. Хүрэн морийг манай хадам аав аймгийн Алдарт уяач Ганбат өгсөн юм. Мөн 2013 онд цавьдар үрээгээ Равжаагийн наадамд дөрөвт хурдлуулсан. Хүрэн морь маань хурдан байсан ч хүүхэд нь унаад сул түрүүлсэн.
-Өөрийн тань нэртэй адуу Улсын наадамд айрагдсан гэж байсан. Тэр нь ямар морь вэ?
-2009 онд аймгийн наадамд айрагддаг хонгор үрээ “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ гэдэг хүнд очиж, Улсын наадам болон төвийн бүсийн уралдаанд тус, тус аман хүзүүдсэн. Шуурхай хонгор хэмээн морь сонирхогчдын танил болсон энэ үрээ өвөөгийн минь адууны удам угшилтай миний унаган адуу л даа. Бат-Эрдэнэ Тод манлайд очихдоо есөн  медаль хүртчихсэн байсан. Шуурхай хонгорын дүү энэ хавьдаа дөрөв айрагдсан адуу хойшоо бас зарагдсан. 
-Шуурхай хонгорыг Тайж адуу гэдэг билүү?
-Эцэг тал нь Дэлгэрэхийн Мэндээ гэж хүний адуу. Бас л сайн яривал манай хамаатан болох хүн л дээ, манай эмээгийн талын хамаатан байгаа юм.
-Нууц биш бол ямар ханшаар зарагдаж байсан бэ?
-Надаас 20 саяар авсан.
-Саруулбаяр Алдарт сүүлийн жилүүдэд үнэхээр сайхан наадаж байгаа юм байна аа?
-Том, бага наадмаас 60 гаруй айраг, түрүү авсан байна лээ.Түүнээс 17-18 нь аймгийн хэмжээний наадмын амжилт.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас нэг айрагтай. Аймгийнхаа 80 жилээс өөр бүсийн наадамд оролцож байв уу?
-Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд очиж цавьдар даагаа 14-өөр давхиулсан. Мөн хүрэн азаргаа “Дүнжингаравын хурд”-д 30 хэдээр давхиулсан. Миний хамгийн хол явж наадсан нь л тэр юм байна даа.
-Унаган голдуу адуугаар нааддаг юмаа даа?
-Тийм шүү. Манайд  эр гарсан  болгон нь хурдалдаг нэг хонгор гүү бий. Хонгор гүүний маань эцэг тал нь манай өвөөгийн адуу бол эх тал нь Сайхандулаан сумын Насандэлгэр гэж хүний адуу. Мундаа цагаан хэмээх хурдан цагаан азарганых нь төл зээрд гүүг надад бэлэглэж, зээрд гүүнээс хонгор гүү  гарсан. Улсад аман хүзүүддэг Шуурхай хонгор  гэхэд л тэр хонгор гүүний маань төл. Хонгор гүүнээс гарсан гурван ондоо эцгийн гурван хонгор адуу гурвуулаа аймагт айрагдсан гэхээр аргагүй сав сайтай буян байгаа биз. Хонгор гүү маань энэ жил 12 настай.
-Өвөөгийнхөө үлдээсэн адууг сүлж байна уу?
-2013 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Арсланбаатар гэдэг хүнээс хул даага авсан нь бага наадамд нэг түрүүлж, Замын-Үүдийн гаалийн 90 жилийн ойд очиж дөрвөлсөн.
-Уясан нь хурдалж, урам дэврээсэн баярт мөчүүд өнө удаан үргэлжлэх болтугай. Залуу Алдартын сойсон хүлгэд улс, бүсийн наадамд алтан жолоо өргүүлэх болтугай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна