Б.Мөнхчулуун: Тод манлай Ононгоос авсан хээлтэй гүүний төлөөр сайхан наадаж байна

Батсайхан
2013 оны 12-р сарын 02 -нд

Замын-Үүд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Өлзийн Мөнхчулуунтай ярилцлаа.

-Мөнхчулуун уяачийг Аймгийн алдарт цолонд хүрэхэд хамгийн их жин дарсан айраг, түрүү авчирсан хурдан хүлгийн талаар яриагаа эхэлье?  
-За би 2002 онд аймгийн Алдарт уяач цол авч байлаа. Надад хамгийн олон айраг түрүү авчирсан хурдан хар азарга бий. Хар азарга бүсийн наадамд нэг орж, аймаг, сумдын наадамд найм түрүүлсэн. 2010 онд төвийн бүс Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд зохион байгуулагдахад айргийн гуравт хурдалж эзнээ баярлуулж байлаа. Ер нь би хар азарганыхаа амжилтаар аймгийн алдарт авч, хар азарганы төл хоёр адуугаараа амжилтаа баталсан.
-Унасан хүүхдээ баярлуулж, уясан эзэндээ цол авчирсан хар азарганы удам угшлыг яривал?
-Миний хар азарганы удам угшил Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн унаган адуу. Онон гуайгаас анх хар халзан гүү авч байсан юм. Нэг ёсондоо эхийнхээ гэдсэнд ирсэн унага байгаа юм. Эцэг талын угшлыг асуугаагүй, харин хар халзан гүүг тойруулга угшлын гүү гэж өгч байсан.
-Ямар учир ерөөлөөр Тод манлайн унаган адуу танайд ирэв?
-Тухайн үед наймаа хийж авсан. Намар хээлтэй гүү аваад хавар гарсан унага байгаа юм. 
-Алдаагүй сайхан наймаа болжээ. Хар азаргаа дааган цагаас нь уясан уу?
-Тиймээ. Даагандаа аймаг, сумын наадамд дөрөв зургаалсан юм. Ер нь даагандаа айрагдаж үзээгүй. Шүдлэндээ Замын-Үүд сумын Гаалийн 85 жилийн ойд аман хүзүүдээд, Замын-Үүд суманд дөрвөөр орсон. Хязааландаа аймагт түрүүлээд, Хамрын хийдэд суварганы ойд мөн түрүүлдэг юм. Соёолондоо бас аймагт түрүүлж, бүсэд очиж орж байлаа. Дараа жил нь хавчиг азарга Улсын наадамд 26-аар ороод, наашаа Дундговь аймгийн Дэрэн суманд ирж түрүүлсэн. Энэ жил наймтай азарга Хутагтын хурдад арван хэдээр орсон. Мөн сумандаа түрүүлж, Равжаагийн 210 жилийн ойд гуравт хурдалсан амжилттай байна. 
-Хар азарга аймаг болон аймгийн статустай наадамд хэд айрагдаж, түрүүлсэн бэ?
-Аймгийн чанартай наадамд тав түрүүлж, нэг айрагдсан.
-Сэлэнгийн бүсээс гадна Засгийн газрын тогтоолтой уралдаануудад явж хар азаргандаа дов үзүүлсэн үү?
-Уралдсан. Сүхбаатар аймгийн Алтан овооны наадамд шүдлэн үрээ уралдаж, 100 гаргаж орж ирж байлаа. Ноднин Их мандал хурдад очиж, нэлээн хойгуур ирсэн. Мөн 2010 онд соёолондоо Дүнжингаравт очиж 108-аар орж байсан. Ер нь ийш тийшээ нэлээн авч явж, уралдуулж үзлээ.
-Найман настай азарга гэхээр төлүүд нь гарч эхэлсэн байх. Нутгийнхаа угшлын гүүтэй оруулсан уу?
- Тиймээ, дандаа өөрийнхөө унаган гүүтэй оруулсан. Төлүүдээс нь эхнээсээ айраг, түрүү авч эхэлж байна. Нэг бор шүдлэн үрээ нь суманд хоёр, аймагт нэг түрүүлээд байна.
-Дорноговийн хурдны угшил гэвэл тайж, банди адуу зүй ёсоор яригдана. Танай адууны дээд удамд ч энэ алдартай угшил байгаа болов уу?
-Манайхны адууны дээд угшилд банди адуу болон манай нутгийн Нанзадын годон гэж адууны удам бий. Миний будан цоохор адууны удам бол манай нутгийн Нанзад гэж хүний годон адууны удам байгаа юм.
-Морин уралдаан эрчимжихийн хэрээр хаа сайгүй цус сэлбэж, адуугаа сайжруулахыг зорьдог болцгоож. Гаднаас адуу авч байна уу?
-Гаднаас ч нэг их адуу авч байгаагүй дээ. Онон гуайгаас л тэр гүүг авсан. Тэр гүүнээс гарсан хар азарганыхаа төлөөр л наадаж байна. Сүхбаатарын Уулбаянгийн Долоон түрүү гэгддэг Дондог гэдэг хүнээс нэг гүү авсан. Төл нь энэ жилээс гарч эхэлж байна.
-Зөвхөн өөрийнхөө адууг уяж байгаа юу. Эсвэл өөр хүний адуу уядаг уу?
-Ахынхаа, аавынхаа гээд ер нь өөрийнхөө адууг даа. Хүний морь уяж үзээгүй.
-Уясан бүхэн тань торгон жолоо өргүүлж байхын ерөөлийг өргөе.

Д.Ирмүүн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна