Аймгийн Алдарт уяач Б.Баярсайхан: Би Хатгалд анх удаа Галшараас адуу авчирсан хүн байгаа юм

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 09 -нд

Хоймор нутгийн хийморилог уяачдын нэг Хатгал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярсайхантай ярилцсанаа хүргэж байна.

-Алдартын амжилтын цуваанаас яриагаа эхэлье?
-Би ерээд оны өмч хувьчлалын дараанаас морь уяж эхэлсэн хүн. Түүнээс өмнө Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалтын газар ажиллаж байлаа. Тэр үед аймгийнхаа Алаг-Эрдэнэ сумын харьяат Мөнхбаяр гэж хүнээс даага авч уяаны ажил эхлүүлж анхны шөвгөө хүртсэн юм. Энэ нь шинэхэн уяач надад урам зориг нэмж, уяаны ажилд илүү шимтэх болоод багагүй хугацаа өнгөрч байна.  Энд сумандаа л ихэвчлэн наадаж байгаа. Хааяа Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөрөөр наадчихдаг юм.
-Одоо хичнээн айраг түрүүтэй вэ?
-Хатгал сумаасаа 30 гаруй айраг, түрүүтэй болоод байна. Харин Алаг-Эрдэнэд очиж наадаад хоёр аман хүзүүтэй буцаж байлаа. Мөн аймгийн 70 жилээр соёолон, их насны морьтой очоод нэг нь цулбуурт орж, нөгөө нь хойхно ирсэн. 2007 онд болсон анхны “Хотгойдын хурд 1”-д бага настай очоод амжилттай наадаад ирсэн. Газар газрын хурд чуулсан “Хотгойдын хурд”-д адууныхаа тоосыг өргөөд ирсэн нь энэ. Уг нь боломжтой бол газар үзэж, хүнтэй танилцаж уралдаж баймаар юм билээ.
-Унаган адуугаараа наадаж байна уу?
-Дээр ярьсан амжилтанд миний унаган адуунууд болох бор азарга, бор морь голлодог. Одоо хоёулаа хөгширчихсөн л дөө. Бор морь дааган цагаасаа эхлэн Алаг-Эрдэнэ, Хатгалд шөвөг алдаж үзээгүй хурдан хүлэг байгаа юм. Энэ хугацаанд адууныхаа цусыг сэлбэж, сайжруулах ажлыг чамлахааргүй хийгээд л явна. 2000 онд найзтайгаа Хэнтий явж дөрөв, таван тооны азарган үрээ, гүү хөлөөр нь нутагтаа авчирч байлаа. Намар 10 сарын 1-нд Хэнтийгээс адуугаа тууж гараад, шөнөдөө хоноглосоор сар гаруй явж ирж байлаа. Цаг сэрүү орчихсон байсан болохоор адуунууд маань нэлээн зутарч ирсэн л дээ. Одоо тэдний үр төлүүд нь гарч гайгүй сайн хурдлаад л байна. Ноднин гарсан нэг эр унага даагандаа дажгүй сайхан давхисан. Энэ жил шүдлэн үрээ бий. Эхэндээ ч амаргүй л байлаа. Хээл авахгүй, авлаа гэхэд гарсан унага нь эндчихнэ. Эрүүл бойжиж байгааг нь чоно бас зооглочихно гээд хэцүү байсан. Би Хатгал сумаасаа анх удаа Галшараас адуу авчирч нутгийнхандаа өгч байлаа.
-Зүүн зүгийн адуу нутгийн адуунаас ялгаа их байх юм уу?
-Ялгаа байлгүй яахав. Төл нь хүртэл том төрнө, хурд нь ч илүү. Мэдээж цаг уурын хувьд эрс тэс нутагт ирээд дасан зохицохгүй удсан л даа. Дөрөв, таван адуунаас хоёр нь эндэж, төл авч чадахгүй нэлээн хэдэн жил болсон. Тэр жил зуд болж нэг нь эндээд, нөгөөг нь чоно идчихсэн юм. Бас тэвчээр шалгаж байж л өнөөдрийг хүрлээ.
-Ярилцсан танд баярлалаа. Уясан болгон тань хурдан байг.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна