Аймгийн Алдарт уяач М.Элдэв-Очир: Муухай халтрынхаа үр төлөөр нааддаг

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 17 -нд

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Элдэв-Очир энэ удаагийн ярилцлагын эзэн байлаа. Увс аймгийн Тариалан сумын уугуул түүний аав Мягмар уяа эвлүүлсэн адуучин явсан нэгэн. Элдэв-Очир уяачийг багад аав нь илгээлтийн эзнээр Сэлэнгийг зорьж, хожмоо хүү нь Баруунбүрэнгийн сангийн аж ахуйд илгээлтээр ирж байснаас хойш 30 шахам жил болох гэж байгаа ажээ. Энэ хугацаанд аймгийн Аварга малчин, Алдарт уяач болж байсан түүнийг нутаг орны нь морины хорхойтнууд Муухай халтраар нь анддаггүй юм билээ.
-Алдартын төрж өссөн нутаг уснаас яриагаа эхэлье?
-Би Увс аймгийн Тариалан сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнгийн суугуул хүн байгаа юм. Миний аав Мягмар  аймгийн аварга малчин, адуучин хүн байлаа. Намайг багад аав малчны илгээлтээр Сэлэнгэд ирж суурьшин амьдрах болсноос хойш олон жил өнгөрчээ. Харин би 1984 онд Баруунбүрэнгийн сангийн аж ахуйд МХЗЭ-ийн илгээлтээр гарч нь анх нэг наст мал малладаг байлаа. Улмаар малаа сумандаа хорогдолгүй өсгөж, 1989 онд залуу аварга малчин болж, эвлэлийн төв хорооны алтан медаль хүртэж, МХЗЭ-ийн XIX их хурал, илгээлтийн эздийн хоёрдугаар чуулга уулзалт, мянгат малчдын зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцож явлаа. Малынхаа буянаар өөдрөг сайхан л амьдарч байна. Энэ хугацаанд аймаг, сумын аварга малчин болж, орон нутгийнхаа иргэдийн хурлын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Үүний сацуу аавынхаа морь уях эрдэм ухаанаас суралцан аймаг, сумынхаа наадмаас 40 гаруй айраг, түрүү авч, аймгийн Алдарт уяач боллоо. Сонирхуулахад миний ах дүү хоёр бас аймгийн Алдарт уяач, аварга малчин хүмүүс бий.
-Ах дүүсийн уяаны эрдмийн шанг аав нь татсан байх нь ээ?
-Тийм ээ, аав маань Баруунбүрэндээ хэд хэдэн айраг түрүүтэй. Увсын Тариаланд байхын л адуу маланд дуртай байсан болохоор Баруунбүрэнд ирээд ч адуугаа орхилгүй хурдан удмын адуу цуглуулж, үр хүүхдүүд бидэндээ өвлүүлэн үлдээсэн юм. Эцэг эхийнхээ хураасан буянаар ах дүү бид гурав одтой сайхан наадаж байна.
-Хаанахын ямар угшлын адуугаар наадаж байна вэ? 
-Баруунбүрэн сумын аймгийн Алдарт уяач Дагвадоржийн морин тойруулга гаралтай адуугаар нааддаг. Дагвадорж Алдартын тойруулга гаралтай нэг даага авч хожмоо азарга тавьж гарсан намираа угшил гэж Баруунбүрэн суманд бий. Манай адуунууд тэр намираа угшлын гүүгээр цус сэлбэсэн бөгөөд Орхон аймгаас олон айраг түрүү авсан даа. Тэр амжилтаараа аймгийн Алдарт уяач цолыг 2009 онд авсан.
-Та багадаа морь унадаг байсан уу?
-Уналгүй яахав. Хурдан хүлгийн нуруун дээр салхи дэрвүүлсэн унаач хүү явлаа. Харин 1988 оноос хойш бие даан морь уях болсон юм. Сумандаа бол айраг түрүү алдахгүй л наадна шүү. Ноднин сумандаа шүдлэн түрүүлгэж, Эрдэнэтийн наадамд айрагдууллаа. Харин энэ жил Заамарын 90 жилд хязаалан үрээгээ аман хүзүүдүүлж, даагаа айргийн таваар хурдлуулсан. Мөн Төв аймгийн 90 жил төвийн бүсийн даншиг наадамд хязаалан үрээ маань 392  үрээнээс 12-т, даага 54 дааганас 25-т ирлээ. Одоо хүү Ариунболд маань удам залган уяа эвлүүлж байгаа. Энэ жил хүү маань одтой наадаж, тав зургаан айраг түрүү авсан сонинтой байна даа.
-Тэгвэл “ташуур өгсөн” анхны айраг түрүүгээ хэзээ авч байв?
-Сумынхаа наадамд муухай халтар шүдлэнгээ түрүүлгэж уяач хүний баяр жаргалыг мэдэрч байлаа. Хожмоо муухай халтраараа азарга тавьж, гарсан үр төлүүдээр нь сум орон нутгийнхан маань ч сайхан наадаж байна. Ер нь манай адуунаас авч аймаг, сумын алдар цолонд хүрсэн уяач олон бий.
-Муухай халтар хаанахын угшилтай адуу вэ?
-Эх тал нь намираа угшилтай. Харин эцэг нь Жаргалантын морин тойруулгынх гэж ярьдаг юм билээ. Ааваас маань өвлөгдөн ирсэн манай унаган адуу.
-Муухай халтрынхаа амжилтаас сонирхуулаач?
-Миний халтар азарганы эцэг саарал азарганаас гарсан төл нь муухай халтар байгаа  юм. Муухай халтраараа сумандаа л наадаж, гурав айрагдуулж, шүдлэнд нь түрүүлгэсэн. Дааганд нь уялгүй өнжөөд соёолондоо тавлаж, хязааландаа Баруунбүрэн сумандаа дөрөвлөж, азаргандаа нэг аман хүзүү, хоёр айрагдсан буянтай амьтан байгаа юм. Одоо 19-тэй ижил сүрэгтээ явж байгаа. Муухай халтар надад арван хэдэн айраг түрүү авч өгсөн бол одоо төлүүд нь ч хурдан байгаа. Муухай халтрын ах шар халтар, бөмбөг хээр Эрдэнэтийн наадамд хоёр нь түрүүлж, нэг нь аман хүзүүдэж байсан. Мөн үр төлөөс нь  Эрдэнэтийн ГОК-ын илгээлтийн эздийн 20 жилийн ойгоор соёолонд түрүүлж байв. Бас Ардын хувьсгалын 74жилийн ойгоор Эрдэнэтийн наадамд гурван үрээтэй очоод хязаалангийн түрүү, аман хүзүү, даага бас аман хүзүүдүүлж байлаа. Бас манай Баруунбүрэн сумын Алдарт уяач Пүрэвдоржийн халтар азарга сумандаа хоёр түрүүлж, Эрдэнэтийн бүсэд болон жижиг наадмуудаас олон айраг, түрүү авч байлаа. Би хуурай дүү Пүрэвдорждоо бэлэглэсэн нь тэр.
-Танаас адуу авах хүсэлтэй хүмүүс олон байдаг уу?
-Байнаа байна. Гэхдээ гадагшаа зараад байдаггүй. Сумандаа л зарна, бас зарим нэгэнд нь бэлэглэнэ. Өнгөрсөн өвөл нэг үрээ зарсан. Би сумандаа арваар давхиулж байсан тэр үрээний төрсөн ах нь сумандаа хоёр түрүүлчихсэн хурдан адуу бий. Энэ мэт хүмүүс удам угшлыг нь хараад авъя гээд зориод ирэхээр би харамлаад байдаггүй юм. Адуугаар нөхөрлөсөн эр улсын замын хүзүү урт шүү дээ.
-Тэгвэл гаднаас адуу авч байна уу?
-Авалгүй яахав. Хурдны өлгий Сүхбаатараас гаралтай азарга, Тэсээс эхтэй гүүтэй. Мөн сумынхаа намираа угшлын гүү олонтой. Ер нь манай намираа угшлын адуунууд хурдан л даа. Би гаднаас гүү л их авсан байна.
-Уяа эвлүүлсэн энэ хугацаанд сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадам гэвэл та алийг онцлох вэ?
-Мэдээж очсон наадам болгон сэтгэлд тод үлдсэн байдаг юм. Нэг жилийн наадмаас ах дүүсээрээ 10 түрүү, айраг авч байсан аатай түүх бий. Би муухай халтар азаргаа сумандаа айрагдуулж байхад ах нар маань шүдлэнгээ түрүүлгэж, даага, шүдлэн, хязаалангуудаа айрагдуулж нийтдээ арваад айраг түрүүтэй наадаж байлаа шүү дээ. Гэхдээ оныг нь сайн санахгүй байх чинь ээ. Энэ мэт олон наадам бий.
-Хүүхдүүд удам залган уяа эвлүүлж байгаа юмаа даа?
-Би хүү, охин хоёртой. Хүү маань аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэн морь уяж байгаа. Хүүгийн маань хар азарга бага насандаа их олон айраг, түрүү авч байлаа. Бараг арваад медальтай байх шүү. Ноднин сумандаа муухай халтрын төл хар азаргаа хаврын бооцоот уралдаанд хоёр түрүүлгэсэн. Бас Орхон аймгийн баяр наадамд хонгор соёолон дөрвөөр давхисан. Эрдэнэтийн наадамд нэг хязаалан үрээ түрүүлсэн гээд аав хүү хоёр сүүлийн жилүүдэд сайхан л наадаж байна.
-Одоо адуугаа тэжээж байна уу?
-Тэгэлгүй яахав. Тэжээлгүй адуу давхихаа больчихсон байна шүү дээ. Гэхдээ тэжээгээд л уралдчихдаг юм биш. Нөр их хөдөлмөрийн үр дүнд адуу хурдалдаг юм. Адууныхаа тарга тэвээргийг харахаас л эхэлнэ шүү дээ. За тэгээд морио сайхан эдэлж байх хэрэгтэй. Эдлэхгүй бол морь давхихгүй. Эдэлгээ уналганд сургаж байж л морь давхивал давхина гээд их нарийн. Хүмүүс морь уяад л давхичихдаг юм шиг андуу ойлгодог юм.
-Ярилцсан танд баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна