Аймгийн Алдарт уяач Ж.Нямлхагва: Зайрантны хурдан саарлын удмаараа манайхан үе дамжин сайхан наадаж байна

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 15 -нд

Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамхүү агсныг  нутгийн зон олон  ясны уяач байсан хэмээн үнэлдэг. Зайрантаны хурдан саарлын удмаар одтой наадан нэг жилийн наадмын таван түрүүг хүртэж явсан тэрээр 12 хүүхдийн аав юм. Алдартын хусуурын хөлсийг хатаалгүй дөрвөн хүү нь удам залган уяа эвлүүлж, хоймор нутагтаа наадаж байна. Бид Алдартын ууган хүү аймгийн Алдарт уяач Нямлхагватай уулзаж халуун яриа өрнүүлсэн юм.
-Уяаны эрдэмд сургасан аавын тань талаар яриагаа эхэлбэл ямар вэ? Жамхүү агсныг сайн уяач байсан гэдэг юм билээ?
-Миний аав 1938 онд төрсөн. Харц гаралтай ядмагхан айлын хүүхэд байсан болохоор багаасаа айлд зарагдаж адуу малыг нь хариулан, хурдан морийг нь унаж өссөн гэдэг. Тэгээд цэрэгт явж  ирээд хурдан адуутай больё гэж шийдээд нутгийнхаа аль хурдтай гэсэн айлуудаас адуу авсан юм билээ. Энд нэг түүх ярья л даа. Эрдэнэдүүрэгч вангийн хошууны ноёны удмын хүн Ванчилдүвчин гэж хурдан саарал адуутай зайран байж л дээ. Хөвсгөл аймаг байгуулагдсаны таван жилийн ой, Хатгалын ноосны үйлдвэрийн нэг жилийн ойд зориулсан том наадам болох гэж байгаа тухай зар түгэж Ванчилдүвчин гуай “саарал морио аймгийн наадамд түрүүлэхийг үзье” гэж бодоод тэр наадамд явахаар болж . Тэгээд саарал морио хөтлөөд явахад нь манай аавын хамаатан улсын сайн малчин Товуу гэж хүн дагаад гарсан юм билээ. Морьд одоогийн онгоц буудлын араар гарч уралддаг байж л дээ. Тэгсэн саарал морь, хул морьтой тасраад гараад ирж. Ванчилдүвчин гуай хамт явсан хүмүүстээ “миний саарал морь удахгүй тасарна” гэж хэлээд дурандаж суутал саарал морь нь аман хүзүүдэж нөгөө хул морь нь түрүүлчихэж л. Гэтэл өвгөн зайран сэтгэлээр унан “миний морь сэтгэлд хүртэл хурдалсангүй” гээд нутаг буцахаар явж байж л дээ. Тэгтэл замд нь морь хөтөлсөн залуус таараад “таны морь яаж давхив” гэж гэнэ. Өвгөн ч “өө ахынх нь морь тааруу давхилаа. Та нарын морь яаж давхив” гэтэл “бид нарын морь сайн давхисан 40 гаргаад” гэж л дээ. Тэгтэл Ванчилдүвчин гуай  “Миний морь  аман хүзүүдчихээд муу давхилаа гэж бодож байхад 40 гарч давхисан морийг сайн давхилаа гэдэг чинь яаж байгаа юм” гээд уурлаж. Тэгсэн нөгөө залуус “та морио хусчихаад эргэж харсан уу” гэж асууж. Зайрантан ч “харалгүй яахав. Мориныхоо хөлсийг хусаж хатаачихаад аргамжих гээд явж байхад морьд цувж л байсан” гэж гэнэ. Тэр жил 500 гаруй морь уралдсан байсан юм гэнэлээ. Тэгвэл та жаахан азнаад бодоод үзээч “нэг газраас гарсан танай морь бариандаа орчихоод хөлсөө хатаачихсан байхад морьд уралдаж л байсан байна шүү дээ” гэж  хэлчихээд мордоод явчихаж.  Явсан хойно нь өвгөн Мөрөнгийн гол гараад явж байхдаа “за миний морь хурдан нь ч хурдан юм байнаа” гээд инээж байсан гэдэг. Товуу ах нутагтаа ирсэн хойноо аавд ”Ванчилдүвчин гуайн адуу үнэхээр хурдан юм. Чи яаж ийж байгаад нэг үрээ ав” гэж захисан юм билээ.
-Аав тань тэрхүү захиасыг ёсоор болгожээ дээ?
-Тиймээ. Намар аав айл нүүлгэх гэж явахдаа Ванчилдүвчин гуайнд очиж хэрэг зоригоо хэлэхэд зайрантан “нийгэмчлэл явагдах гэж байна. Тэр охин саарал даагыг аваарай” гээд туранхай хэнз даага өгсөн юм билээ. Аав өртгөнд нь ямар адуу өгөх вэ гэтэл Ванчилдүвчин гуай “би олон адуу нийгэмчлүүлнэ чи хоёр даага өгөөрэй” гэж. Аав ч дотроо дургүй л байж л дээ. Яагаад гэхээр амьдралын боломж тааруу, дээр нь өгсөн даага нь онд орооч уу үгүй ч үү гээд. Гэхдээ настай хүнээс айгаад “за тэгье” гээд саарал даагаа барьж аваад явж. Өвөл 11 сард хоёр морьтой хүн ирээд Ванчилдүвчин гуай таниас хоёр даага аваарай гэсэн гээд хоёр үрээ аваад явсан гэдэг.
-Голсон саарал даага хожмоо олон хурдан буян төрүүлсэн үү?
-Тэгсэн. Зайрантнаас авсан саарал даага сайхан гүү болж, олон сайхан хурдан буянгууд төрүүлсэн дээ.
1970 онд нэг саарал унага гарсан нь даагандаа аймагт түрүүлсэн. Аав маань 1971-1994 оны хооронд Хөвсгөл, Увс, Завхан гурван аймгийн залгаан дээр наадан олон айраг түрүү авсан даа. Анхны саарал адуу их хурдалж 13 удаа түрүүлсэн  байдаг юм. 1984 онд манай аав Хөвсгөл аймгийн баяр наадмаас таван түрүү авсан. Азарганд Зоригтын бор түрүүлээд бусад бүх насны түрүүг аав авч байсан юм билээ. Тэр үед манай аав “Бадрал” нэгдлийн хурдан морийг уядаг байсан. Шүдлэн, соёолон хоёр нь аавынх бусад нь нэгдлийн адуу байсан юм билээ.  Түүнээс хойш 13 жилийн дараа буюу 2007 онд би Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд их наснаас бусад насны морьдыг түрүүлгэж аавынхаа амжилтыг давтаж байлаа. Тэр жил би таван түрүү, зургаан айраг авч байсан юм.
-Адуу гэдэг амьтан өөрийнх нь төлөө зүрх сэтгэлээ зориулсан хүнийг заавал баярлуулдаг гэдгийг мэдэрч яваа юм биз дээ?
-Яг үнэн. Саарал адуу манайхныг 30,40 жилийн турш баярлуулан, цэнгүүлж байна. Аавынхаа, саарал адууныхаа буян заяанд сүслэн залбирч явдаг даа. Миний аав морь уяхаас гадна сайн барилддаг хүн байсан. Сумандаа дөрөв түрүүлж, найм үзүүрлэсэн. Аймгийн баяр наадмаас найман  түрүү,  есөн айраг авч аймгийн Алдарт уяач цол хүртэж байсан юм. Мөн аймгийнхаа сайн малчнаар шалгарч байсан.
-Жамхүү Алдарт сайн уяачаас гадна шаггүй засалч байсан гэж дуулсан?
-Аавын минь талаар хүмүүс олон зүйл ярьж өгчээ. Аавын аав хөх Сампил гэдэг хүн мундаг уяач байсан юм билээ. Өөрөө жин ихтэй тарган ч, морьдоо нэлээд туранхай уядаг. Аав тэр арга барилаар нь нэлээд нимгэлж уралдуулдаг.  Манай аав уясан мориныхоо хурдыг хадгалж чаддаг онцгой чадвартай хүн байсан. Долоон сарын эхээр хурд нь орсон адуу сарын сүүлээр яг л хэвээрээ давхиж л байдаг. Ямарсайндаа манай нутгийн уяачид аавын морьдтой морьдоо үсэргэж байгаад хурд нь ороод ирэхээр “энэ жил бол бид олон наадахгүй боллоо. Жамаагийн морь нэг давхисан бол мөддөө гүйцэгдэхгүй” гэдэг байсан гэдэг. ”Бадрал” нэгдлийн дарга байсан Аварзэд гуай “нэгдлийн адуунаас чадна гэснээ барьж уяад  улс аймгийн наадамд сайн давхиулж өг. Тусгай цалин өгье” гээд ажилд авч байсан юм билээ. Аав уяа морьдоо намар үнэгэнд их унадаг. Нохойгоо дагуулаад гараад явдаг. Унасан морио унахаас наахнуур болгож авчраад адуундаа тавьчихна. Хавар хамгийн түрүүнд ногоо гарах газар адуугаа тууж очоод таван сарын хорин гэхэд хөөрхөн өнгө засчихсан байдаг байсан. Тэгээд унаж цайруулан гэдэсний хөндүүрийг нь арилгаад зун ид уяаны үедээ бараг ажил гэж дорвитой юм хийдэггүй байсан. Эдэлгээгээр л уядаг байсан юмуу даа. Морьдоо намар голдуу морьдоо хатгана. Намар болохоор энд тэндэхийн хүмүүс дуудуулаад морио хатгуулдаг байсан. Буруу хатгаж хөлгүй болгоод хавтгайгаараа хэвтчихсэн байсан  Жамъяандоржийн саарал гэдэг морийг босгож байсан юмдаг.
-Жамхүү гуай хэдэн хүүхэдтэй байсан бэ? Хэд нь морь уяж байна?
-Долоон хүү, таван эмэгтэй хүүхэдтэй. Би ууган хүү нь байгаа юм. Дээрээ нэг эгчтэй. Манай аав 1994 онд бурхан болж, дөрвөн хүү нь морь уяж байна. Зах зээлийн шуурга намжаагүй байх тэр үед бидэнд ажил алба олдохгүй, морь уяад амьдралаа авч явах боломжгүй байлаа. Гэсэн хэдий ч морио уяад хэдэн малаа маллаад “аавыгаа дуурайсан сайн уяач” гэж хэлэгдээд хөөрчөөд явсан. Тэр үед Батхуяг дүү маань “яваандаа хурдан морь эзнээ  тэжээх юм байна. Та миний морийг уя. Би танд хурдан морь олж өгье” гэсэн. МУ-ын Алдарт уяач Доржпүрэв ахын маань хүү  шүү дээ. Тэгээд л анх Тариалан сум руу явч морь уяж эхэлсэн дээ. Олон ч сайхан хурдан буянгууд цуглуулж өгсөн. Тэдгээр нь ч аймаг бүсийн наадамд сайн давхисан. Морь уяад анхны цалингаа Батхуяг дүүгээсээ авч байлаа. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 40,000 төгрөг байсан. 12 сарын цалин гээд хөөрхөн хэдэн төгрөг аваад, аавын минь буян даа гээд самсаа шархирч л байлаа. Тэр цагаас хойш 16 жил өөр ажил хийлгүй хурдан морьтой нөхөрлөж явна даа.
-Даваахүү Тод манлайд шавь орж, төвийн уяанд суралцсан ганц уяач хэмээн Намхайдорж гуай өөрийг тань тодотгож байсан. Тэр талаараа яриач?
-Морины буянаар олон сайхан хүнтэй уулзаж нөхөрлөж яваагийн нэг нь миний багш, Зууны манлай уяач
Даваахүү юм. 2001 онд багш дээр очиж шавь орж байлаа. Багшаасаа морь уяхыг, Д.Онон Тод манлайгаас адуу хатгахыг сурч, Э.Эрдэнэчулуун Тод манлай,  Батчулуун Манлай нараас олон зүйлийг сурсан. 2001 онд миний саарал морь эндээ тасархай хурдан байсан л даа. Тэгээд улсын наадамд уралдуулах санаатай авч очсон юм. Очоод үнэхээр сүрдсэн. Манай хөдөө бол унаач хүүхдээ загнаад унтуулчихдаг. Согтуу хүн ирэх юм бол морь үргээлээ гээд хөөгөөд явуулчихдаг.  Тэгсэн Яармагийн дэнж чинь хөл хөдөлгөөн тасрахгүй, машин тэрэгний дуу тасрахгүй. Мал байтугай хүн сүрдмээр. Нутагтаа байхдаа наадмын өмнөх шөнө цаг харж байгаад идүүлж чүдэнз зурж гэрэлд нь гэдсийг харчихдаг . Ер нь бол өөрийгөө мундаг уяач л гэж бодож байлаа. Тэгсэн улсад очоод өөрийнхөө яагаа ч үгүй байгааг мэдсэн дээ. Тэр жил саарал морь маань 71-ээр давхиад, за би ер нь жаахан юм сурахгүй бол яагаа ч үгүй юм байна гэдгээ мэдэрсэн. Би уг нь долоон сарын эхээр очоод Хүйн долоон худагт багшийнхыгаа бараадаад буучихсан. Мориндоо ямар ажил хийхнэ вэ гээд л битүүхэн хараад байсан. Хотынхон мориндоо тариа хийдэг гэж дуулчихаад уяа руу нь дурандаад байлаа. /инээв/ Тэгээд наадмын дараа хадаг барьж шавь ороод уяагаа нэгтгэн “Их хурд-2” уралдаанд хамт явж олон зүйлийг заалгасан. Манай бага дүү унаж Цолмон халтар түрүүлж байлаа. Халхын хамгийн том уяачид шавь орж, тэр хүний шавь гэж хэлэгдэж байгаагаа их хувь тавилан гэж боддог шүү.
-Д.Даваахүү Тод манлайн уяан дээрээс төрийн наадмын 15 түрүү азарга төрсөн байдаг. Тэр утгаар нь азарганы уяаг илүү сайн тааруулдаг гэдэг юм билээ?
-Өө тэгэлгүй яахав. Манай Хөвсгөлийнхөн “Нямлхагва азарга сайн уядаг хүнд шавь ороод азаргаа илүү давхиулаад байгаа” гэдэг. Нэг наадамд азаргыг гурав дөрвөөр нь оруулан гайхуулж явсан нь багшийн маань л ач. Манай багш бол адууны төлөө төрсөн агуу хүн. Ямар ч ааштай морь багшид аашилдаггүй. Халхын дэвжээн дээр ид давхиж байсан арван азаргыг манай багш уяж байлаа. Батхүүгийн Толин хул, Баттөмөрийн хүрэн. Баттөмөр Алдартын хүрэн азарга их ааштай. Хөл гар ул туурайндаа хүргэнэ гэж байхгүй. Бид бярдах гэхээр багш аргад гэнэ. Аргадаад ч нэмэргүй өшиглөж тангарч алчих гээд ойртуулахгүй. Тэгсэн хэр нь багшийг очихоор яах ч үгүй. Манай багш бас их жинтэй хүн шүү дээ. Хөлөө гэдсэн доогуур нь жийж байгаад улыг нь өөлөхөд чичрээд л зогсож байдаг юм даа.Гайхмаар шүү. /толгой сэгсрэв/
-Холын газраас өвөртөлж очсон эрдмийнхээ шидийг хэзээнээс гаргав?
-2003 оны Архангай аймгийн 80 жилийн ойд соёолон үрээ аман хүзүүдүүлж, 2006 онд  Тоглохын талд болсон наадамд Батхуягийн маань хүрэн халзан азарга аман хүзүүдэж байсан.  2007 оны “Хотгойдын хурд”-ад Батхуягийн маань хүрэн халзан азарга, миний өөрийн нэг даага хоёр айрагдаж байсан. Одоогоор бүсийн наадмын дөрвөн айрагтай. Харин аймгийн наадмаас 21 түрүү, 42 айраг, сумын наадмын зуу гаруй түрүү,  400-гаад  айрагтай.
-Аав тань барилддаг байсан гэсэн. Та өөрөө барилддаг уу?
-Багадаа л жаахан ноцолддог байсан. Одоо үгүй ээ. Манай дүү нараас барилдаж байгаа ч аавынхаа хэмжээнд хүрэхгүй л байна.
-Бидний урилгыг хүлээн авч, сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Миний нэгэн адил хүсэл тэмүүлэлтэй залуу уяачдадаа жинхэнэ уяач больё гэвэл морио хайрлаж морьтойгоо байнга харьцаж байгаарай гэж захимаар байна.             

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна