МУ-ын Алдарт уяач Д.Хишигбат: Миний хонгор моринд ард түмний хүсэлтээр түрүүлсэн гэсэн бичиг медалийн хамт өгсөн

Тэлмэн
2013 оны 3-р сарын 11 -нд

1990-ээд оны эхэн үед ид шуугиулж явсан хурдан хонгорын эзэн Хөвсгөлийн хэмээх Д.Хишигбаттай уулзлаа.  Монгол орноо тойрон аялж, эрдэмт уяачид, удамт хүлгэдийнх нь талаар хүргэж буй “Тод магнай” сэтгүүлийн хамт олон хаврын тэргүүн сарын шинэдээр хоймор нутгийг зорьсон тухай бид өмнө нь дуулгасан билээ. Сэтгүүлийн сурвалжлах хэсэг аймгийн төвөөс 60-аад километрийн зайтай өвөлждөг МУ-ын Алдарт уяач  Д.Хишигбатынд очихоор үүр хаяармагц аймгийн төвөөс хөдөллөө. Бидний ажлыг дэмжиж аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын өөрийн машинаа жолоочтой нь явуулж,  замчлахаар уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг Намхайдорж гуай хүрэлцэн иржээ.
Цас ихтэй байгаа тул хаширлан ийнхүү өглөө эртлэн гарсан бөгөөд замдаа МУ-ын Алдарт уяач Д.Зоригтынд очиж, ярилцлаганд бэлтгэж байхыг сануулаад Д.Хишигбат Алдартынх руу цааш хөдөллөө. Тэднийх Д.Зоригт Алдартынхаас холгүй хошуу ороогоод 4-5 км зайтай юм. Алдартынх нэг га хэрийн талбайг модон хашаагаар тойруулан хашсан дүнзэн байшинд амьдрах бөгөөд араараа битүү модтой юм. Энэ нь утаатай Улаанбаатарын бидэнд цэвэр агаар сэнгэсэн газрын жинхэнэ диваажин шиг л санагдаж юу юугүй цасан дунд нь орж хэвтээд эрүүл агаарыг цээж дүүрэн амьсгалмаар санагдана. Өглөө найм өнгөрч байхад очсон болохоор айлын эзэгтэй дөнгөж босч цайгаа чанаад хотоо цэвэрлэхээр гарсан байлаа.  Харин Алдарт бие жаахан чилээрхүү ойрын үед босч төвдөхгүй байна хэмээж байсан ч  бидний зорилгыг сонсоод эхнэрийнхээ тусламжтайгаар хувцаслан бослоо. Дээхэн үед гэмтээсэн хөл нь өвчин орж нуруу нь баахан өвддөг болсон гэнэ. Алдартыг хувцаслан нүүр гараа угаах зуур эхнэр нь өмнө нь чаначихсан байсан бор цагаа хуурай сүүгээр сүлж, халуун цай тавгын идээгээр дайлав. Нэгэнт гарсаныг далимдуулан  хэд хэдэн хүнтэй уулзах төлөвлөгөөтэй байсан бид цайгаа яаравчлан уугаад хүүгээр нь адууг нь хураалгаж зураг авалтаа эхлүүллээ. Нэгэн цагт халхын том уяачдын зүрхэнд шар ус хуруулж басхүү мөчөөгөө өгөлгүй хатуухан үг чулуудаж явсан Д.Хишигбат Алдарт гоёлын дээлэн дээрээ Алтангадас одонгоо зүүж, сэтгүүлийн хуудаснаа гарах зургаа хичээнгүйлэн авахууллаа.Биднийг зураг авалтын ажлаа дуусгаад орж ирэхэд бууз бэлэн болсон байх бөгөөд эзэгтэй шимийн архи тэргүүнтийг сөгнөж манайхныг дайлсан юм.  Халуун хоол идэж бүлээцсэний дараа Алдарт бид хоёр цонхны дагуу байрлуулсан жижиг ширээний хоёр талд суугаад ийн хөөрөлдлөө.
 

-Халх даяар шуугиулсан хонгор морины эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Алдарт сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан. Энэ жил бүх нутгаар цас ихтэй, өвөлжилт бага зэрэг хүндрэх хандлагатай байх шиг байна. Гэсэн ч манайх дажгүй ээ. Уяачид бидний ганц хэвлэл “Тод магнай” сэтгүүлийнхэн маань намайг зориод энэ хүртэл хүрээд ирсэнд үнэхээр их баяртай байна. Монголын өнцөг булан бүрт буй миний адил уяачдын сэтгэлийн үгийг уудалж явдаг буянт үйлсэд тань амжилт хүсье.
-Баярлалаа.Хөвсгөлд ирсэн даруйдаа л тантай уулзахыг чухалчилж байлаа. Шинийн наймны уралдаан дээр ирэх болов уу гэж хүлээж байлаа?
-Цас ихтэй  дээр нь морь уяагүй болохоор очоогүй. Дээр нь сүүлийн үед бие жаахан чилээрхээд байх болсон.
-Хонгор морины талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа бий. Тэр болгонд хариулт авахаас яриагаа эхэлье дээ?
-Миний хонгор морь намайг олонтой болгож, халх даяар таниулсан хурдан хүлэг. Уг нь хонгор морь дааган цагаасаа уягдсан ч хавчиг хүртлээ олигтой давхиагүй юм. Харин хавчигтаа Улаан-Уул сумын наадамд түрүүлээд, нас нийлсэн жилээ Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн. Тэрний дараа жил нь улсын наадамд очиж түрүүлсэн.
-Хонгор морины удам угшлыг хэд хэдэн янзаар ярьдаг?
-Тиймээ, хонгор морины эх нь манай Цэцэрлэгийн адуу. Харин эцэг нь Увсын Тэсийн адуу байгаа юм. 25 жил мал туусан МУ-ын Аварга тууварчин Өлзийбадрах гэж өвгөнөөс авч билээ. Өлзийбадрах гуай мал туунгаа жил бүр манайхаар ирж хонож өнжөөд явдаг байсан юм. Тэгсэн нэг жил “Ах нь хөгшин азарга унаж ирлээ.Хөөрхий нуруу нь цоорчихож энийг сольчихмоор байна” гэхээр нь би адуунаасаа гайгүй залуу морь барьж өгөөд явуулсан.Тэгээд нөгөө азаргыг нь тордож байгаад хэдэн гүү хураалгаад гарсан төл нь миний хонгор морь.Бас нэг охин унага гарч, түүнээс гарсан эр хонгор унагаар азарга тавьсан. Гадаа байгаа адуу бол түүний үр төлүүд нь.
-Морь ачддаггүй байх үед энэ холоос улсын наадмыг зорино гэдэг хэр баргын хүнээс гарахааргүй зориг. Хонгор морь тэр үед аргагүй л хурдан байжээ дээ?
-Тиймээ, ёстой нөгөө ир нь орно гэдэг л байсан байх. Морь хурдан байхаас гадна өөр нэгэн хүчин зүйл нөлөөлсөн юмаа.
-700 километр замыг морь хөтлөөд туулах тэвчээрийг хайрласан тэр хүчин зүйлийнхээ талаар яриач?
-Би найман настайгаасаа эхлээд 16 хүртлээ хурдан морь унасан.Тэгээд мориноос хасагдмагц өөрөө бие даан морь уясан. Нэгдлийн адуунаас хавчиг соёолон борлог морь авч уяъя гэтэл нэгдлийн дарга насных нь гурван мориор солиод ав гэж байна. Аавдаа хэлтэл аваад л өгсөн. Тэгээд өөрөө 16 настай унаач хүүхэд маань 12 настай хоёулаа сумынхаа наадамд үрээгээ шөвгөрүүлчихэж л байлаа. Аав маань тэр үед жигтэйхэн их баярлаж билээ. Миний аав чинь хотод цагдаа хийж байсан хүн шүү дээ. Тэгээд намайг төрөхөөр нутагтаа шилжин ирсэн юм билээ. Өөрөө морь уядаггүй байсан ч намайг айлын морь унахад дургүйцэхгүй. Би ер нь яггүй унаач явсан юм шүү.
-Нээрэн магадгүй шүү?
-Дандаа л тархинд гарна. 7-8 ч удаа шөвгөрүүлж байсан. Нэг хүний дандаа 30-аас хойш ордог морийг би унаад есөөр давхиулсан чинь тэр ах жигтэйхэн их баярлаж намайг 10 төгрөгөөр шагнаж билээ. Тэр үед 10 төгрөг гэдэг маш их мөнгө шүү дээ.
-Хэдэн өдөр л чихэр жимснээс салахааргүй болно биз?
-Тэгэлгүй яахав. Хоёр жил бие дааж морь уяад цэрэгт явлаа. Би Баянхонгор аймгийн Баянлиг суманд алба хаасан юм. Манай ангийн дарга Буриад Лувсанцэрэн гэж бөх, моринд дуртай хүн байлаа. Түрүүлсэн бөхөд сарын чөлөө өгнө гэнэ. Бид яаж аймаг, сумын наадамд түрүүлэх вэ дээ. Тэгэхээр нь би “морь уяж болох уу” гэсэн “болно. Чи өөрөө морио олоод ир” гэж байна. Тэгэхээр нь Өвөрхангай аймгийн нэг өвгөнөөс ухаа морийг нь нэг мориор солиод авчихлаа. Түүнийгээ хоёр жил уясан чинь эхний жил нь гуравлаад, дараагийн жил нь аман хүзүүдчихдэг юм. Тэгсэн нөгөө өвгөн ирж “миний дүү цэргээс халагдаж буцах боллоо. Ах нь унаган морио авъя” гээд надад гурван морь,нэг гүү өгсөн. Цэргээс халагдмагц гурван морь, гүүгээ зарж мөнгө болгочихоод Баянхонгороос онгоцоор нисээд хотод буучихлаа. Алтан тууртын буянаар цуг явсан цэргүүдээсээ сарын өмнө халагдаж, улсын баяр наадам үзсэн нь тэр. Тэр жил бөхөд Хадбаатар аварга түрүүлж, их моринд Дамдин гуайн халзан морь түрүүлсэн. Тэрийг үзээд л ер нь улсын баяр наадамд морио уралдуулъя гэсэн бодол төрсөн дөө. Тэгээд нутагтаа ирсэн даруйд нэг хэсэг явж чадаагүй ээ. Санаа байвч сачий хүрэхгүй гэдэгчлэн дарга нар нэгдлийн ажил цалгардууллаа гээд морь уялахгүй. Тэр бүү хэл азарга уяулдаггүй байлаа шүү дээ.
-Яагаад тэр вэ?
-Төл муу авна гээд. Би чинь “морь уяж, нийгмийн ажлаас зайлсхийсэн” гээд сонин дээр бичүүлж, арга хэмжээ авахуулж л байлаа. Манайх тэр үед бог малладаг байсан юм. Тэгээд сүүлдээ хариулж үзээгүй мал хэцүү юм байна гээд адуугаа авсан.
-Тэгээд л морио уяж эхэлсэн үү?
-Тэгсэн.Хонгор морь маань 1990 онд Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлж, түүний дараа жил улсын наадмыг зорьсон. Хавар 4 сарын 5-нд нутгаасаа адуугаа туугаад л гарсан. Ганц нэгээр нь хөтөлж явснаас адуун дотор нь туугаад явбал уралдах морины сэтгэл тайван гундах нь бага байдаг юм. Тиймээс хонгор морио 30 гаруй адуутай туугаад гарсан. 7 сарын 5-нд Түргэний гол дээр бага үсэргээ гэж хийдэг юм билээ. Түүнд хонгор морь маань түрүүлээд, хээр морь тавласан. Жаргалантын сангийн аж ахуйн үсэргээг 7 сарын 7-нд хийдэг юм билээ. Тэр сунгаанд Даваахүү гуай 13 морь давхиулж, хүрэн халзан морь нь түрүүлж, хээр морь нь удаалаад, бор морь нь гурваар ирсэн юм билээ. Нэг өглөө босоод ирсэн чинь манайхан буусны ардхан бөөн хүмүүс буучихсан. Морь, машин багшраад л явчихдаг юм.Тэгэхээр нь хэд хоног айлсаж айраг цагаагаа хувааж явсан хилийн цэргийн уяачдаас асуулаа. Тэгсэн Даваахүү гуайнх буучихсан байна гэж  байна. Тэр үедээ гайхагдаж явсан мундаг уяач ирсэн сургаар морь малаа үзүүлчихье гэж санаад хүнээр хэлүүллээ. Тэгсэн харин морийг нь унадаг байгаад томдсон хоёр залуу ирээд хонгор морийг маань барьж чимхэлж үзээд байхаар нь “Хөөе миний дүү нар хойшоо бол, ах нь мориныхоо халуун биенд хүний гар хүргүүлдэггүй юм. Уралдаад ирснийх нь дараа бол хамаа байхгүй” гэсэн чинь нэг залуу нь “Та морь үзэж өг” гээ биз дээ гэж байна. Би тэгэхээр нь “Ах нь ааваар чинь үзүүлье гэсэн. Та хэдээр үгүй. Орж цай цүү уу” гэсэн давхиад явчихсан.Маргааш нь их үсэргээн боллоо. Бараг 300 морь уралдсан байхаа. Би унаач хүүдээ “гаргаад л таслаарай, энэ их олон морин дотор хэцүү шүү” гэж захиад мордуулсан. Хүүхэд маань ч гэсэн захисан ёсоор хонгор морио гаргаад тасалчихлаа.Тэгсэн нэг хээр морийг хонгортой холбох гээд гүйцэхгүй болохоор нь Жаргалантад түрүүлсэн хүрэн халзан мориороо хөөгөөд тэр нь гүйцэхээ байхаар бор мориороо хөөдөг юм. Тэгэхээр нь би хүүхдэдээ хүний морь баллаад явахад тавиад оруулчих гэж хэлээд давхиулчихсан.
-Сунгаан дээр тэгтлээ биенийгээ үрэх хэрэг байсан юм уу?
-Би бол хүний морьдыг сүйдлээд яахав л гэж бодсон. Уралдаад ирсэн хүмүүс “Хөвсгөлийн хурдан хонгор гурван морийг чинь баллалаа. Одоо ахиад хичнээн мориор энэ хонгорыг баллах гэж байна” гэж хашгиралдаад нэлээдгүй юм болсон. Тэгээд 7-р сарын 11 нд их морьд уралдахад хонгор маань Айдасын даваа өгсөөд 11 дээр явж байснаа даваан дээр гарч ирээд ганцаараа тасарчихсан. Манай Хөвсгөл уул бартаа ихтэй болохоор морьд маань өгсүүр өөд  их сайн, цагаан газрын адуу бол өгсүүр өөд их цуцамхай байдаг юм шиг санагдсан шүү. Хонгор морь маань ганцаараа хол тасарч түрүүлчихээд байж байтал хоёр  цагийн дараа хаслаа болоод явчихсан. Эхний морьд тасалж гарсан гээд л бөөн хэл ам боллоо. Наадамчин олон ч бужигнаж комиссын гэр оронг өргөж барих юм болоод ,”Хишигбатын хонгор түрүүлсэн” гээд л шуугилдаад байсан. Төв цэнгэлдэхэд морь цоллох болсон чинь морь цоллооч нь нэг бор морийг түрүүлсэн болгож цоллох гэхээр нь би тэгвэл хонгор морио би өөрийнхөө хоолойгоор цоллоно гээд цоллочихсон юм. Тэгсэн хүмүүс “хонгор морь түрүүлсэн” гэж орилолдоод талбайг гурав тойруулуулсан. Би хувьдаа санаа зовж л байсан. Морь будлиантдаг тэр үеийн наадам олон аавын хүүгийн урмыг хугалсан даа. Одоо ч гарааны төхөөрөмж гэж юм гараад их сайхан болж.
-Хонгор морь дутуу эргэсэн морьдон дунд байсан уу?
-Сул элстэй газар бүгдээрээ гарсан юм байх гэж бодсон чинь заримыг нь аваад үлдсэн байсан юм билээ. Тэгээд авч үлдсэн морьдоо барина гэхээр нь би “дахин уралдъя” гэсэн чинь “улсын наадамд морь дахин уралдуулдаггүй юм” гэсэн.
-Морийг машинаар ч ачдаггүй байх үед онгоц хөлөглөсөн нь таны хүлгэд. Тухайн үед хэн тийм давуу эрхийг олгосон юм бэ?
-“Монгол адуу” нийгэмлэгийн дэд тэргүүн Л.Хэнчяахав гэж хүн их тусалсан. Манай аймгийн наадам 7-р сарын 19-нд болно гээд түүнээс өмнө амжиж нутагтаа аваачих гээд л... Манай аймгийн морин спортын холбооныхон ч гэсэн их дэмжсэн. Тэгээд МИАТ-аас тусгай онгоц гарган өгч, хонгор морь, 13нд уяачдын наадамд түрүүлдэг жороо хар бас хээр морь, хоёр дааганы хамт онгоцоор зөөсөн юм. Улсын морины комиссын Гарам-Очир гуай бидэнтэй хамт манай аймагт очсон.
-Анх удаа онгоцонд адуу ачсан нь тэр болохоор хүндрэлтэй зүйлүүд цөөнгүй гарсан байх?
-Тэгэлгүй яахав. Эхлээд онгоц жолоодох хүн олдохгүй байснаа яг явах болсон чинь “би ч жолоодно” гээд булаалцалдах шахуу юм болсон гэсэн. Эхэндээ ч адуу ачбал үсэрч цовхчоод онгоц унагаана гээд нэлээд болгоомжилсон.Тэр ч аргагүй биз дээ.Морьдыг маань үсэрч цовхчино гээд хүлнэ гээд би хүлүүлэхгүй гэж зүтгэхээс эхлээд бэрхшээл зөндөө гарсан. Уралддаг морины хөл хамгийн эмзэг хэрвээ тэгж хүлж тушсан бол больё л гэж бодож байлаа. Тэгсэн харин морьд маань онгоц руу зүгээр л яваад орчихсон. Орсон хойно нь сойтгоор самнаж байтал унтчихсан. Онгоц чинь цаг хүрэхгүй шахуу л нисээд хүрчихдэг юм билээ. Тэр үед урилгатай билеттэй хүмүүс нь суугаад оюутнууд багтаагүй гэхээр нь би нутгийнхаа 33 оюутныг морины хамгаалалтанд авчихъя гээд ачааны цагаан онгоцонд хамт аваад ирсэн. Онгоц буугаад л ачаагаа нээхэд морьд маань өөрсдөө гүйж гараад л газар хөрвөөгөөд, өөрсдөө усанд гүйж орж сэлээд хотын нарийн шороо тоосыг арилгачихаад гарч ирж элсэн дээр унтаад өгсөн. Адуу гэж  зарим нэг муухан ухаантай хүнээс дээр шүү дээ.
-Нутаг орныхон чинь яаж хүлээж авсан бэ?
-Улсын морины комиссын дарга Гарам-Очир гуайг хүлээж авах гээд бөөн хөл хөөрцөг болсон байсан. Тэгсэн Гарам-Очир гуай тэднийг  “энэ хүн хаа байсан газраас улсын баяр наадамд очиж морио оруулж, аймгийнхаа нэрийг гаргачихаад ирэхэд та нар ганц аяга айраг, баярын бичиг байхгүй юу” гээд л загнаж гарлаа.Тэгээд би морьдоо аваад Мөрөнгийн голын эрэг дээр очоод амраагаад байж байтал манай аймгийнхан надад нэг диплом, нэг хадаг, айрагтай авчирч өгсөн. /инээв/
-Тэгээд тэр холоос хэрэг гарган ирсэн аймгийнхаа наадамд хонгор морио уралдуулсан уу?
-Уралдуулсан. Хонгор морь дөрвөлж, хээр нь наймласан. Тэгээд наадмын дараа машинаар ачаад сумандаа ирж байлаа. Хойтон жил нь 1992 онд хонгор морь аймагтаа ирж түрүүлээд, хээр морь маань аман хүзүүддэг юм. Түнэл сумын 40 жилийн ойд хонгор морь бас дахин түрүүлж, 1993 онд Завхан аймгийн наадамд очиж уралдлаа.
-Амласан байгаа өгөөгүй гэдэг наадам мөн бил үү?
-Тийм, хонгор морь түрүүлж, хээр морь зургаалсан. Завханыхан нутгийн адуугаа түрүүлнэ гэж тооцсон байсан юм билээ. Түүний дараа жил буюу 1994 онд хээр морио аймгийнхаа наадамд түрүүлгээд, хонгороо аман хүзүүдүүлж байлаа.Миний хээр морь жижиг биетэй адуу л даа. Хүмүүс жижиг морь сайн давхидаггүй гээд байхаар нь би аархаад хүүхдүүддээ “хонгороо татаад, хээрээ оруулаарай” гэж захиад мордуулсан. Тэгсэн хээр морийг тавьсан хүн алдаа гаргаад 13-аар эргэдэг юм байна. Тэгэхлээр нь хонгор морио татуулж, хүлээлгэж  байгаад хээрээ түрүүлгэчихсэн.
-Хийморь нь харьчихна гэж эмээгээгүй юу?
-Залуу насны  сагсуу зан л юм даа. Тийм ухаан ч  байгаагүй байлгүй. Залуу хүний ойворгон зан олон алдаа хийлгэдэг юм шүү. Залуу уяачид аль болох даруулгатай байж ахмадуудынхаа үгийг дуулж байх учиртай юм билээ. Би ч бас залуудаа сагсуу л байсан байх. Эрэгтэй хүн өөрийгөө бяртай гэж боддог, эмэгтэй хүн өөрийгөө хөөрхөн гэж боддог гэдэг шиг. Морь будилчихаар л хүний хэл ам гүйцэгдэхгүй болчихдог юм билээ. Жирийн үед бол би үг хэл муутай л хүн. Тэр үед миний уур хүрээд “Хөвсгөл аймгийнхныг очих газаргүй, оочих шааргүй гэж бодоо юу. Онгоцоор нисээд явлаа, араас очиж уралддаг юм бол азарга адуу өгнө” гэж хэлж л байсан юм.
- 1995 онд хонгор морь хоёр дахиа улсын наадамд хөлөөрөө ирсэн ?
-Тэгсэн. Тэр жил миний хувьд аль ч талаараа тохиромжгүй байсан даа. Хан-Уул дүүргийн удирдлагууд намайг даан авч тусалж дэмжиж байсан юм. Тэгээд 7-р сарын 2-нд дүүргийнхээ наадмыг хийхээр болж, дарга нь хонгор морио  мордуулчихаач гэсэн хүсэлт тавиад. Тухайн үед хонгор морины хөл жаахан доголосгоод байсан ч үгүй гэж хэлж чадсангүй мордуулчихлаа. Тэгсэн тэнд уралдаад бүр муудчихсан. Улсын наадамд хонгор морь уралдах аргагүй болж хээрийгээ мордуулсан чинь дөрвөөр ирж байгаад эндчихсэн. Бас хонгор морины охин дүү гүүнээс гарсан хүрэн соёолон маань тасархай явж байгаад бас л эндчихсэн. Сайхан хурдан буянгуудынхаа биеийг Алдар толгойд залж, толгойг нь нутагт нь авчраад тэр наадмаас би их сэтгэл гундуу буцсан. Наадмын өмнөхөн Ховдын Манлай уяач  алаг морины Түвдэн гуай миний хонгорыг зарчихаач гээд хоргоогоод байсан ч би өгөөгүй юм.
-Зарим нэг нь хонгор морины хөлөнд төмөр утас шигтгэчихсэн байсан гэдэг. Тэр үнэн үү?
-Юу гэж тийм юм байхав. Мал мэдэхгүй хүмүүс дэмий яриа гаргасан байна лээ. Адууны туурайн доод хэсэг их элстэй газар туулахаар шивэнхий нь тас үсрээд, элс шороо шигчихээд түүнээс болж доголоод байдаг юм.Тэгж доголсон үед хүүхдийн баасаар шавах маш сайн. Тулсан үед хүүхдүүд ичээд бааж өгөхгүй бол өөрсдөө хүндрээд шавчихдаг байсан. Шивэнхий нь тасарсан, сэтэртчихсэн үед бааснаас гарах юм байхгүй. Яахав сонсоход эвгүй л байгаа байх.
-1995 оноос хойш хонгор морь ахиж уралдаагүй юу?
-Уралдсаан, уралдсан. 17 хүртлээ уралдаад 3-4 жилийн дараа тэжээлэндээ хахаад эндчихсэн. Одоо Цэцэрлэг сумын музейд арьсаар нь хийсэн чихмэл хадгалагдаж байдаг. Ер нь бол сум орныхоо нэрийг гаргасан сайхан морио өнгө зүстэй байгаа дээр нь гаргая. Одоо нэгэнт давхихаа больчихсон хөгшин амьтныг зовоогоод яахав гэж ярьж байсан чинь тэр хавар нь эндчихсэн.
-Олон жил уягдсан хүлэг өөрийгөө сойж, эзэнтэйгээ мэдрэхүйн хэлээр ярилцдаг гэдэг. Танд тийм мэдрэмж төрж байв уу?
-Хонгор морио анх удаа улсад явж уралдчихаад нутагтаа ирж машинаас буулгатал хашаан дотроо ороод хэвтчихсэн. Тэгээд хүн шиг унтаад, шөнө болсон хойно гэрийн хаяа шуучихсан байсан чинь авдрын завсарын нарын өвсийг зулгааж идээд л. Тэр нь надад юу гэж санагдсан бэ гэхээр “би ядарчихлаа, сувилж эмчлээд өг” гээд байх шиг. Арван хэд хоног адуунаас хоцорч үлдчихээд байснаа тамир тэнхээ нь сэргээд ирсэн адуутайгаа нийлээд явчихсан.Бас олон жил уягдсан морь эзнийхээ дууг анддаггүй болчихдог юм шиг санагдсан. Яагаад тэгж бодсон бэ гэхээр би нэг хар алаг морь хүнээс аваад хоёр жил уячихаад байж байтал манай бригадын дарга Цэнгэл гуйгаад болдоггүй. Ёстой нөгөө үлгэр дээр гардаг шиг гурван  хоног хоргоосон. Тэгэхээр нь арга буюу зарж таван бор эсгий, 1000  төгрөгөөр өгчихлөө. Тэр алаг морь  Цэнгэлд очоод уяа нь орохоо больчихсон гэхээр нь хоёр хээр морьтойгоо яваад очлоо. Очсон чинь уяа алдаад, нүд нь хонхойчихсон байсан. Унаж байгаа хүүхэд нь таарахгүй юмуу уяа алдахад морь тэгдэг шүү дээ. Тэгээд алаг морийг 7-р ангийн том эрэгтэй хүүхэд унаж байхаар нь өөрийнхөө зургаан настай охиноороо унуулаад, нэг шөнө хашаанаас нь гаргаж адуутайгаа хонуулаад маргааш нь уралдуулахад л миний хоёр хээр морины ард гуравуулаа тасраад явж байсан. Тэгээд намайг гүүглэмэгц ухасхийж давхиад хээрийг гүйцээд түрүүлсэн.Барианд орж ирчихээд хөлсийг нь хусах гэтэл улаан суга руу хошуугаа хийчихээд “намайг ингэж зарсны хэрэг юу байна” гэсэн байртай хангинатал янцгаагаад мөн ч өрөвдмөөр, хэцүү байж билээ./хоолой нь зангирч нулимс унагав/ Ах нь энийг ярихаар нулимсаа барьж дийлдэггүй юм. Хайртай морио зармааргүй юм билээ. Тэгээд зайлуул 21 хүрээд өнгөрсөн дөө.Би  алаг мориндоо их хайртай байсан.
-Хонгор морьтой хамт уягддаг байсан хээр морь хаанахын адуу вэ?
-Миний анх уяж байсан борлог морийг унаж байсан хүүхэд бол авга ахын маань хүү байгаа юм. Тэр хүүхдэд аавынх нь зааж өгсөн морь нь миний тэр хээр. Тэр дүү маань төв газар амьдрах боллоо гээд жижиг хээр соёолонгоо надад 2000 төгрөгөөр өгч байсан.2000 төгрөг гэдэг тухайн үедээ өндөр л үнэ байсан ч хээр морь ч түүнийхээ хэргийг гаргаж олон удаа намайг баярлуулсан даа.
-Хонгор моринд улсын наадмын түрүү хүлгийн медалийг өгсөн гэдэг. Тэр нь танд бий юу?
-Миний хонгор моринд ард түмний хүсэлтээр түрүүлсэн гэсэн бичиг хийж өгөөд, медалийг нь өгсөн. Тэр нь чихмэлд бий.
-Та чинь хэдэн оны Алдарт билээ?
-1995 оных. Завханы түрүүг оруулаад аймгийн баяр наадмын таван түрүү, 17-18 айрагтай. Цэргээс ирээд 1977 онд сумандаа азарганаас бусад насны таван цоохор адуу уяад, даага нь аман хүзүүдэж, их нас нь дөрвөлж, нөгөө гурвыг нь барианд оруулж байлаа. Тэрнээс хойш сумандаа шөвөг алдахгүй явсаар, сүүлдээ их насаар нэлээд голдуухан наадсан даа. Адуу ачиж явна гэдгийг мэддэггүй байхад азарга адуу хөлөөр нь тууж хот оруулаад хар азаргаа 108-аар давхиулж байсан. Адуу их сонин амьтан шүү дээ. Урд нь нэг орсон адуугаа дандаа урд нь орох юм шиг санадаг. Үсэргээн дээр дандаа урд нь ордог байсан адуу араас нь гүйцээд ирэхэд л нөгөөтөхийнхөө туурайг сонсоод холби үсэрч суугаад ард нь үлдчихнэ. Тэгэхээр залуу уяачдадаа захихад “үсэргээн дээр битгий мориныхоо зоригийг үхүүлж байгаарай. Илүү адуутай холбож юм уу, илүү адуугаар хойноос нь дайруулж оруулах их дэмий байдаг юм. Өөрийн уяж байгаа нэг насны хэд хэдэн морийг цуг үсэргэхэд хүртэл тийм тал гардаг. Цэргээс ирчихээд гурван жил хүний гар хүрээгүй тарган морио сайн уяж сойлгүй давхиулаад олиг оруулж л явлаа. Хүн өөрийн болон өрөөлийн алдаан дээрээсээ л суралцдаг юм билээ. Үүнийг л энэ хүртэл ирсэн та бүхнээр дамжуулаад залуу уяачдадаа дахин дахин захимаар байна.
-Алдартын удмыг залгаж хурдан хүлгийн хийморийг даллаж буй ямар хүмүүс байна?
-Ах нь хүний ганц хүү. Тийм болохоороо жаахан дураараа зантай байсан байх. Харин ханьтайгаа амьдралаа холбоод дөрвөн хүү, хоёр охинтой өнөр өтгөн айл болсон. Хоёр банди маань мал дээрээ байдаг. Морь уяна, хүргэн маань бас гайгүй уядаг. Багаасаа морь мал унасан юм байна хоосонгүй байх л гэж боддог шүү.
-Сүүлийн үед хаагуур голдуу наадаж байгаа вэ?
-Аймгийн наадмыг ер нь таслахгүй гэж боддог. Ноднин Дархадын сумаар наадъя гэж бодоод Ренчинлхүмбээс бусдаар нь наадсан. Энэ жил Баянзүрх ойтой дуулдсан тийшээ явах байхаа.
-1995 оноос хойш ахиж улсын наадамд ирээгүй юу?
-Нэг хэсэг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн морьдыг уях гэж Төв аймгийн Цээл суманд очсон. Бидний үе өнгөрсөн юм билээ. Түүнээс хойш ахиж яваагүй. Сүүлийн үед манай Г.Доржпүрэв маань нэлээд сайн үзэж байх шиг байна. Улсын Алдарт ч боллоо. Хөвсгөл нутгийнхаа нэрийг гаргаж яваад нь хувьдаа их баяртай байдаг. Энэ сайхан уламжлалыг манай Хөвсгөлийн залуучууд үргэлжлүүлэх байхаа.
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай. Хурдан тууртын босоо цагаан хийморь танай гэр бүлийг өнө мөнхөд  ивээж явах болтугай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Намайг тоож энэ хол хүрэлцэн ирсэн явдалд. Та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, Хөвсгөл нутгийн маань уяачдын хийморь бадамлан асч байх болтугай хэмээн хүсэх  байна. 
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна