Өвгөн ноёны өмөг тус

Санжаадорж
2012 оны 12-р сарын 28 -нд

Хуучнаар Сэцэнханы хошуу одоогийн Баянхутаг сумын их уяач Өргөний  Гүр  “хавар цагаан сарын дараа Дэлгэрийн хөндийд бярууны бооцоотой  морь уралдана” гэх зар дуулаад нэгийг бодож. Даллаганыхаа саванд байсан гурван лангийн ембүүг авч хадганд ороож  өвөртлөөд Хардэлийн хошууг зорьж, нутаг залгаа өвөлжиж байгаа Өвгөн ноёнд бараалхан  уралдах морь  гуйжээ. 
Өвгөн ноён Гүрд “адуу оторт явчихсан. Гурав хоног хүлээнэ шүү. Чи албатуудын гэрт хонож байгаарай” гэж гэнэ.  Тэгээд адуучиндаа гурван халиун морины хамгийн бага халиуныг нь аваад ир гэж хэлээд явуулжээ. Тэгсэн гурав дахь хоногийн оройхон адуучин “Жунай гуай ирлээ” гэцгээж байж. Гараад хартал хамгийн буруу талд жижигхэн биетэй, даага шиг дэлтэйгээ халиун морь байна гэнэ. Өглөө нь ноён дуудаж ирүүлээд  “халиун морио харав уу” гэхээр нь:
Гүр “хараагүй ээ, таны хишиг болноо болно” гээд л ембүү хадгаа барихад  Өвгөн ноён: “Хадгаа бурхан  дээр тавьчих. Харин ембүүгээ өвөртөө хийчих” гээд  “чи энэ халиун морийг нэг л уяарай.  Хүнд надаас авсан гэж хэлж болохгүй шүү. Ноён хүн мөрийтэй тоглоом дэмжсэн хэрэгт орно. Тэгээд хүүхэд унадаг морь болгоорой” гэж гэнэ. Гүр Өвгөн ноёныхоос мордоод унаж  явсан бор морьтойгоо халиуныг тарлаж үзвэл бор моринд нь хүрсэнгүй тул “ээ өвгөн ноён морь мэддэг  л гэсэн  ийм юм өглөө” гэж дотроо жаахан голонгуй  явжээ.
Гэсэн хэдий ч цагаан сарын дараа болох Дэлгэрийн хөндийд шүдлэх бярууны  хамаатай уралдаандаа халиун морио  уяж эхэлжээ. Далиу Ганаа гэгчээр унуулж халиун морь ч давхих бүртээ бор морио хаяж,  холдоод  байж. Тэгсээр товлосон өдөр ирж Гүр уяач унаач хүүхдийнхээ хоёр гарыг нь мухарлаж ханцуйгаар нь  боогоод жолоог нь нэг тохойд нь өлгөж өгөөд “миний хүү зүгээр л гуугалаад яваарай” гэж хэлээд мордуулжээ.  Тэрхүү уралдаанд 40 морь мордож, аман хүзүүний морь амиа даая гэхэд бусад нь зөвшөөрчээ.  Тэгээд энэ уралдаанд жижиг халиун морь яах ч аргагүй л хол  түрүүлж бооцоогоо авах болов. Гэтэл тэр оройноос нь эхлээд л “өргөний ногоон  үхрээ аваарай”  гээд 38 үхэр хөөгөөд ирцгээсэн байсан гэдэг. Ингэж өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавтан уяач Өргөний Гүрийн амьдралыг өөд нь татсан буянтай түүхийг түүний үр сад ярьсаар байдаг  юм даа .

Намсрайцэрэнгийн Санжаадорж
 2012.05.30


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна