​Аймгийн Алдарт уяач Ч.Ванчинбазар: Адууг унаж эдлэхээс илүү “сэргээш” гэж үгүй

Сэтгүүлч
2020 оны 2-р сарын 10 -нд

Бүрэнтогтох суманд үдлэх зуурт уулзсан уяач бүр л “Аймгийн Алдарт уяач Ванчинбазар” гэдэг нэрийг яриандаа заавал хавчуулж байсан юм. Энэ нь ч адуунд хорхойтой ард түмний хүндлэлийг хүлээсэн тэрхүү эрхэмтэй уулзаж ярилцах мөчийг хуруу даран хүлээх сэтгэл төрүүлсэн билээ. Чойжилсүрэнгийн Ванчинбазар гуай малын эмч мэргэжилтэй, хоёр дахь үеийн уяач аж. Өдгөө хүү нь монгол ахуйн их өвийг тээсэн адуун өв соёлд татагдаж, гурав дахь үеийн эмч-уяачаар тодорч буй. Ингээд нутгийн адууны угшлыг сайжруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн өвгөн уяачтай цөөн хором ярилцсанаа та бүхэндээ толилуулж байна.

-Бүрэнтогтохынхон таныг “Нутгийн адууны удам угшилыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн” хэмээн хүндэлдэг юм байна. Тиймээс нутгийн адууг чанаржуулах ажлаа хэзээ, хэрхэн эхлүүлсэн талаарх дурсамжаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу?

-Юуны өмнө нүүдэлчин түмний их өв соёл болсон монгол ахуйгаа түүчээлж яваа уяачид биднийгээ зорин ирж, орон даяар алдаршуулж байгаад өвгөн уяач миний бие хэмжээлшгүй их баярлаж байгаагаа илэрхийлье ээ. Би аймгийн Алдарт уяач, Чалхаан Чойжилсүрэн гэдэг аймагтаа зартай сайн уяачийн үр удам. Аав маань 1995 онд тэнгэрийн оронд одсон юм. Тэр цагаас эхлэн би аавынхаа морь уях үйл хэргийг үргэлжлүүлж, нутгийн адууны удам угшлыг сайжруулахад анхаарсан. Нэн тэргүүнд Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян сумдын угшил сайтай хүлгүүдээр цус сэлбэсэн. Миний хадам ээж Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Энэ ч утгаараа хадам талынхаа хурдтай хүмүүсээс адуу авч эхэлсэн. Тухайлбал, Уулбаян сумын харьяат Осоржамаа, баз Сэдэдийн Жамбал, Буянбат гэх мэт хүмүүсээс азарга голдуухан авсан юм. Төлүүд нь их сайн гардаг. Улмаар Тува талаас ганц, хоёр адуу авч ирсэн.

Миний аав ч бас адуу сайтай хүн байсан. Азарга нь охин төл сайтай. Миний хувьд гаднаас угшил сайтай азарга авч ирж, аавынхаа унаган адуунд цус сэлбэсэн хэрэг. Төлүүд нь хурдтай, сайн давхиж байгаагаас их насны морь ер тасрахгүй байна. Ахмад уяачид “Их насны морьд нь хурдтай байвал тухайн айлын адуу сайжирсны шинж” гэлцдэг. Сүүлийн жилүүдэд адуу маань нэлээд сайжирсан юм болов уу гэсэн сэтгэлд өег мэдрэмж төрж, олон түмэнд буян болох үйлсэд анхаарал хандуулж эхлээд байна.


-Өдгөө ид хурдалж байгаа их насны морьд тань хаанахын ямар угшилтай вэ?

-Аймгийн баяр наадамд хоёр түрүүлж, долоо, найман удаа айраг хүртсэн цавьдар морь бий. Цавьдар маань манай аавын адууны угшилтай, эндхийн унаган адуу. Ганцхан жилийн дотор том, жижиг нийлсэн дөрөв, таван наадамд түрүүлж, гурав, дөрвөн мотоциклиор шагнуулж байлаа шүү дээ.

-Бахадмаар сайхан хүлэг байна. Өрөөлд өгсөн хүлгүүд ч бас энэ зэргийн амжилт үзүүлдэг л байлгүй?

-Цагаан-Уул сумын Бандиа гэдэг залуу надаас 500 мянган төгрөгөөр нэг даага худалдаж авсан юм. Цэцэрлэг, Цагаан-Уул, Завханы Их-Уул, Тосонцэнгэлд сайн давхиулж байгаад соёолонд нь 10 сая төгрөгөөр зарлаа гэж дуулдсан. Ер нь миний унаган хүлгүүд аймагт очихоороо харьцангуй өндөр үнэ хүрдэг юм. Мөн Нямдэлэг гэдэг залууд нэг хул үрээ зарсан. Дааганаасаа эхэлж сайн давхиад, соёолондоо их олон түрүү хүртсэн юм. Арбулаг сум руу бас нэг хязаалан үрээ явсан. Бүдүүн азарга болоод сайн давхиж байгаад одоо ч хижээлдэж байх шиг байна. Энэ мэтээр яриад байвал мундахгүй ээ.

-Сүүлийн үед хүн бүр л шинэ цагийн адуу цуглуулж байна. Та шинэ цагийн адуу хэр цуглуулав?

-Дүү маань урд зүгээс 50 хувийн цустай адуу авч ирсэн. Төл нь сайн давхиж байгаа. Ууган төл нь бүсийн уралдаанд хоёр ч удаа аман хүзүүдлээ.

-Хэний нэр дээр уралдсан юм бэ?

-Цэрэнбатаагийн Чимэдбавуугийн нэр дээр уралдсан. Суман хүрэн гээд өсгий цагаан даага бий. Багадаа Говь-Алтайн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Ноднин шүдлэндээ Сэлэнгэ аймагт болсон төвийн бүсийн уралдаанд мөн аман хүзүүдлээ.

Энэ жил хязаалан болж байгаа хээр үрээ байна. Сая Хөвсгөлийн бүсийн уралдаанд айрагдсан. Ноднин аймгийн чанартай уралдаанд аман хүзүүдсэн юм. Бас байдсан гүүний төл болох хул үрээ сайн давхиж байгаа.

-Тувагаас авч ирсэн адуу хэр хурдалсан бэ?

-Тува азарганы төл сайн давхиагүй боловч гүүнүүд бага зэрэг томорсон. Ер нь бие хааны хувьд арай өөр болдог юм билээ. Гэхдээ хавтгайд нь үржүүлмээргүй, тодорхой хэмжээнд барих ёстой юм шиг санагдсан.

-Та малын эмч учраас биологи, анатоми талаас нь сайн ажиглаж байгаа байх л даа?

-Тийм ээ, мэргэжлийн давуу тал байна. Мэргэжлээ ашиглаж чадахгүй насаараа мэргэжилтэн хийдэг хүмүүс ч бас байдаг. Миний хувьд өсөж торнисон монгол ахуйтайгаа ойрхон мэргэжил эзэмшиж, багадаа аавыгаа дагаж хийдэг байсан ажлаа үргэлжлүүлж яваа учраас сургуулиас олж авсан мэдлэгээ амьдралаас олж авсан туршлагаараа баяжуулаад, өөртөө болон ард түмэндээ хэрэгтэй зүйл хийх юм сан гэж хичээдэг юм. Монгол уяа, монгол ахуй, монгол малын эдэлгээ гээд энэ бүгд нүүдэлчний соёлыг түүчээлж яваа монгол түүх, уламжлал юм шүү дээ. Ахуй үгүй бол ард түмэн гэж үгүй. Монгол ахуйг гээлгэхээр санаархаж байгаа хүмүүс ч цөөнгүй байх шиг байна. Бид энэ явуулгад авталгүй, эв санаагаа нэгтгэж, монгол ахуйтайгаа хамт л урагшилмаар байна.

-Та “Мориноос нь буулгачихвал Монголыг эзлэхэд амархан” гэдэг бодлого яваад байна гэж ахмад уяачид ярьдагтай санал нэг байгаа юм аа даа?

-Тийм ээ, монгол адууны үүлдрийг цэврээр нь хадгалж үлдэх асуудал ч бас үүнд хамаарна.

-Аав тань адуу сайтай байсан болохоор таныг унаган адуунуудаараа наадаж эхэлсэн болов уу гэж таамаглаж байна?

-Тэгэлгүй яах вэ, охин тал нь манай унаган адууны угшил давамгайлдаг юм. Бид ах дүү олуулаа. Өрх тусгаарлаж буй хүн бүрт охин адуу зүсэлж өгнө. Энэ мэтээр охин талыг нь нэлээд сайн хадгалж үлдсэн. Цус сэлбэсэн азарганы төл ч манай унаган гүүнээс гарч байгаа юм. Энэ ч утгаараа “Аав маань адуугаа сайжруулчихсан байжээ” гэж боддог юм.

-Аавын тань сайжруулсан адууны буян хишиг танд ирж, аймгийн Алдарт уяач цолыг авчирсан биз ээ. Цолны болзол хангахад голлох амжилт үзүүлсэн шандаст хүлгийнхээ талаар яриач?

-1993 онд миний хүү хөгшин аавынхаа хээр морийг аймгийн баяр наадамд унаж түрүүлж байлаа. Аав хүүг минь урамшуулж охин даага бэлэглэсэн юм. Түүнээс гарсан цавьдар морь аймгийн баяр наадамд хоёр түрүүлж, долоо, найм айрагдсан. Бас нэг алаг азарга байсан. Энхээ хүүгийн алаг гэж аймгийн наадамд гурван удаа түрүүлсэн азарганы төл. Тэр алаг азарга намайг энэ цолонд нэлээд дөхүүлсэн дээ. Мөн манай унаган буурал үрээ дааган цагаасаа хурдалж, хязааландаа хол тасархай түрүүлж байлаа. Би энэ гурван адууны амжилтаар л аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан юм.


-Та аймгийн баяр наадмын хичнээн айраг, түрүүтэй билээ?

-Их насны цавьдар морины хоёр, даага, хязаалангийн тус бүр нэг, нийт дөрвөн түрүү, 10 хол давсан айрагтай. Ардын хувьсгалын ой, бүсийн уралдаан, сумын наадмыг оролцуулалгүй, зөвхөн аймгийн наадмын амжилтаараа болзол хангаж, 2011 онд цолоо гардаж байлаа.

-Их насны морины амжилт зонхилдог юм байна. Гэхдээ таныг бүх насны адуугаар айраг хүртсэн гэж сонссон?

-Бүх насны адуу, тэр дундаа их насны морьд илүү сайн давхиад байдаг юм. Ид уяж байх үедээ сумын баяр наадамд арван хэдээр нь сойгоод, нэг жилийн наадмаас 13 айраг, түрүү ч хүртэж явлаа. Түүнээс хойш тэгж олноор нь уяагүй ээ. Хүн бүр л айраг, түрүү хүртэх зорилгоор морь уядаг учраас бусдадаа, ялангуяа залуу уяачдад боломж олгох хэрэгтэй гэж боддог.

-Танай удмаас гурав дахь үеийн уяач төрж байгаа сураг дуулдана лээ. Та ингэхэд хэдэн хүүхэдтэй вэ?

-Би охин, хүү хоёртой. Хархүү маань аавынхаа мэргэжлийг залгамжилж, малын их эмч болсон юм. Сүүлийн гурав, дөрвөн жил морь уях ажилд шамдаж байна. Ид уяж байна даа. Зэрэг, зэрэг ажлаа алдаад яах вэ гэдэг үүднээс би адуугаа өсгөж үржүүлэх ажилдаа түлхүү анхаарч, морь уяаны ажлыг хүүдээ найдах маягтай л болж байна.

-Засгийн газрын тогтоолтой уралдаан Хөвсгөл аймагт гурван ч удаа болсон. Зэргэлдээ аймгуудад бүсийн уралдаанууд нэлээд зохион байгуулагдаж байна. Аймагт дээгүүр давхидаг хүлгүүд тань том уралдаануудад ямар амжилт гаргаж байв?

-Анх удаа нутгаасаа гарч Өндөр гэгээн Занабазарын ойн уралдаанд хязаалантай очиж уралдсан. Үрээ маань арав дээр нэлээд хэдэн үрээтэй зэрэгцэж орж ирээд 14-өөр баригдсан.

Мөн хоёр, гурван жилийн өмнө Булганы бүсийн уралдаанд азарга, их насны морь хоёртой очиж байлаа. Хоёулаа Цагаан-Уул, Төмөрбулаг гэх мэт ойр хавийн сумдын ойн уралдаанд түрүүлээд, их хурдан байсан юм. Булганы бүсийн уралдаан Төмөрбулагийн ойн наадмаас дөрөв хоногийн дараа болсон. Хонгор азарга маань зургаагаар орж ирээд долоод баригдсан. Хөл нь жаахан муудсан байсан л даа. Нөгөөтэйгүүр, уруу газар жаахан тохиромж муутай байсан байх. Хамгийн сүүлд л гэхэд унаган хул морь маань Рашаантад аман хүзүүдэж, Архангай аймгийн Цэцэрлэг суманд очиж түрүүлээд ирлээ.

-“Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаардаггүй” гэдэг. Залуу уяачдад сургамж болох үүднээс алдаанаасаа суралцсан дурсамжаасаа сонирхуулна уу?

-Аливаа ажилд алдаа гаргахгүй байна гэдэг өдрийн од шиг ховор зүйл л дээ. Хамгийн гол нь алдаагаа богино хугацаанд засдаг л байх хэрэгтэй.

Тэр дундаа морийг бүтэн жилийн уяатай гэж ярьдаг. Тухайн адууны онд оролт, эдэлгээ гэх мэт зүйлсийг бүхэлд нь бүтэн жилийн уяа гэж байгаа юм. Нэгдүгээрт, онд сайн оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, өвлийн цагт сайхан онгойлгож, унаж эдлэх хэрэгтэй. Өвлийн цагт сайхан онгойлгосон, өвөл, хаврын уралдаанд уралдсан морины уяа зун хялбар эвлэдэг. Өөртөө ч амар, мориндоо ч хөндүүр багатай. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн хөдөлмөрөөрөө зундаа уралдана гэсэн үг. Залуу уяачид үүнийг л ойлгох нь чухал. Ер нь элдэв төрлийн тариа, витамин хийхээсээ илүү унаж эдлэх нь адуунд хамгийн том сэргээш болдог юм шүү дээ. “Хүний сайныг ханилан байж мэддэг. Хүлгийн сайныг унан байж мэддэг” ч гэдэг. Өвөг дээдсийн минь амнаас унасан үг бүхэн гүн гүнзгий утга учиртай байдгийн нэг илрэл нь энэ.

-Та мэргэжлийн давуу талаа ашиглаад, хурдан адуунд давамгай тохиолддог эмгэгүүдийг ажиглаж судалсан байлгүй. Ер нь ямар шалтгаанаас үүдэлтэй эмгэгүүд давамгай тохиолдож байна вэ?

-Би 1999 он хүртэл буюу мал эмнэлэг хувьд шилжих хүртэл мэргэжлээрээ ажилласан юм. Түүнээс хойш мал аж ахуйгаараа дагнаад явж байна. Хурдан морийг аюулд хүргэдэг гол эмгэг бол өлөн дэлүү өлдөх. Хоолыг багадуулснаас шалтгаалан үүддэг эмгэг. Ер нь өл хасахаар гэдсэн хөндүүр суугаад идэш уушиндаа дургүй болох, сэтгэлийн хөдөлгөөнтэй адуунд бол нарийсах гэх мэт сөрөг үр дагавар илэрдэг. Энэ нь өлөн дэлүү өлдөх хэлбэрээр ихэвчлэн илэрнэ. Дээхнэ үед үхрийн өтгөнийг өгч эмчилдэг байлаа. Одоо бол шинжлэх ухаан хөгжөөд, хэдхэн секундын дотор л эмчилчихэж байна.

-Адуутай нөхөрлөсөн, адуун өв соёл, морь уях төрийн хэргийг үе дамжин үргэлжлүүлсэн эдгээр жилүүдэд самсаа шархируулсан баярт явдал цөөнгүй л тохиолдсон биз ээ. Сэтгэлд хоногшсон наадмын талаарх дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?

-Хүү маань аймгийн наадамд өвгөн аавынхаа унаган морийг унаж уралдаад, түрүү магнайд ирэхэд л самсаа шархиран баярласан даа. Хүний амьдрал баялаг ч гэлээ түүн шиг баяр бахдал тун ховор байх аа.

-Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн их хэрэгт нь амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын их амжилтыг хүсэн ерөөе.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна