Уяач Ш.Дүйдэндорж: МАНАЙ АЖАА ХУРДАН МОРИНЫ ДУНДЫН ИРИЙГ САЙН ТААРУУЛДАГ ХҮН БАЙСАН

А.Тэлмэн
2018 оны 5-р сарын 18 -нд

Төв аймгийн Баян сумын уугуул, Өгөөмөр хоёрдугаар багийн харьяат, уяач Шаравдоржийн Дүйдэндоржийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Хошой мянгат малчин, сумын Сайн малчин тэрээр 1955 оны хавар Бор өндөр хэмээх газар төржээ.

-Таны аав Цэрэндонойн Шаравдорж олон жил морь уясан хүн гэнэ. Хэдий үеэс морь уяж эхэлсэн юм бол?
-Манай аав таван хүүхэдтэй айлын ууган хүү. Өвөөг морь уядаг байсан эсэхийг бол мэдэхгүй юм. Харин аав маань их олон жил морь уясан, хожуухан ч сумын Алдарт уяач цол хүртсэн.
Аав маань дөрөвдүгээр анги төгсөөд л насаараа мал малласан. Завсарт нь сумын хоршоонд агентаар ажиллаж байсан юм билээ. Дайн байлдааны үед Жанчивлан, Цагаандаваанд таван жил алба хаасан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин хүн.
-Ахмад дайчид байлдааны үеэр болсон үлгэр домог шиг явдлуудаа залууст сонирхуулан ярих дуртай байдаг даа. Аав тань цэргийн алба хааж байх үеийнхээ дурсамжийг та нарт ярьж өгдөг байв уу?
-Ярьдаг л байсан. Хилийн наахна зарим цэргийн бие нь муудаад, хүндхэн байсан л гэдэг юм. Гэвч дайны жилүүд гэхэд элдэв тулалдаанд оролцолгүй, тайван сайхан албаа хаагаад ирсэн байдаг.
-Цэргээс ирээд ямар ажил алба хашиж байсан бэ?
-Малаа л малласан даа. Тэгээд манай ээж Мижидийн Наранхандтай гэрлэж, 12 хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон.
-Анх хэдэн онд ямар морь уяж, уяачийн замналаа эхлүүлсэн юм бол?
-Хүзүү Мандалжав гэж сумандаа алдартай хүнээс хээр үрээ авч, адуугаа хураалгаад, нэг азарга адуутай болсон гэдэг. Тэр үед ямар олон азарга адуутай айл байсан ч биш дээ. Тэр хээр азарганы төл Өндөр хээр гэж сайхан азарга гарсныг нь аймгийн 64 жилийн ойн наадамд уралдуулж байсан юм гэнэ лээ. Тэр азарга сумын баяр наадамд айраг, түрүү алдаж байгаагүй. Манай ажаа сумын баяр наадмаас 30 шахам айраг, түрүү авсан хүн шүү дээ.
-Ямар, ямар адуу голлох амжилт үзүүлж байсан бэ?
-Өндөр хээрийн төл халтар хээр азарга гурван түрүү, зургаан айраг авчирсан. Түүнийг хүмүүс Шаравдоржийн халтар азарга гээд андахгүй. Түүний төлүүд ч бас сайн давхиж байсан. Зургаан насны адуу уяхад тав нь айрагдаж байсан түүх ч бий.
-Мандалжав гуайгаас авсан хээр азарга л хурд “тарьсан” байх нь ээ?
-Тийм ээ. Тэр хээр азарга манай адууны цусыг сайн сэлбэж өгсөн. 
-Уяач бүр эрхэмлэж, нандигнадаг болоод хориглож цээрлэдэг зүйлстэй байдаг. Таны аав морь уяхдаа юуг чухалчилдаг байв?
-Тун зөөлөн уяна. Няцлахгүй, хөлийг нь авахгүй, хоол тэжээлийг нь ч маягтай тааруулна. Уяж байгаа адуундаа огт зовлон үзүүлэхгүй. Бодоод байх нь ээ, бага насны адуу л сайн уядаг байсан юм шиг байна лээ. Даага бол ер нь уясан болгон нь л айрагдана шүү дээ.
-Дааганы хувьд хамгийн гол нь сургалт л гэдэг. Аав тань нэг жил хамгийн олондоо хэдэн даага уяж байв?
-Адуугаа хурааж байгаад, сөнгө, хусрангүй сургуулаад , өөрөө шинжиж байгаад уяна гэснээ л уядаг байсан даа.
Хээр голдуу зүсмийн адуу уяна. Дандаа арвын дотор давхидаг нэг сайхан өндөр хул морь бас байсан. Ажаа маань “Би л жаахан дутуу уяад байна” гээд тэр хулыгаа их магтдаг байсан юм.
Хожуухан манай дүү Рэнцэнханд багийн дарга Дамбадаржаагийн морийг унаж, муруй сүүлтэй зээрд даага бэлгэнд авсан юм. Тэр зээрд азаргаар манай адуу цус сэлбэгдэж, сайхан хурдалдаг болсон.
-Муруй сүүлтэй зээрд азарганы төлүүд сайн давхисан гэсэн үг үү?
-Тийм, айрагдах нь айрагдаж, түрүүлэх нь түрүүлээд мандаж эхэлсэн дээ. Зээрдийн төл халтар хээр азарга сумын баяр наадамд арав гаруй жилийн турш айраг алдаагүй.
-Ажаа тань хаана, хаана нааддаг байсан бэ?
-Сумынхаа баяр наадамд жил алгасалгүй оролцоно. Бас ойр хавийн сумдад очиж нааддаг байлаа. Тухайн үед морины бай шагнал одоогийнхтой адил өндөр байсангүй. Дугуй булант цайгаар урамшуулна. Ажаа маань майхандаа нэг бор авдартай, бай шагналын цайнуудаа түүндээ хийгээд л явдаг байсан даа.
Манай сумынхан Баянжаргалан руу голдуухан явдаг байлаа. Ажаа маань тэнд бага насны адуугаа байнга айрагдуулна. Уяачид ч их цугладаг байлаа. Хүн бүртэй сайхан мэндлээд, ярьж хөөрөөд л суудаг хүн байсан.
-Дээхнэ үеийн хөгшчүүл хүмүүстэй ярьж хөөрлөө ч аливаа юманд дороо буйртай, цаанаа бодолтой л ханддаг байсан бололтой?
-Манай ажаа хүний адуу хараад, уяа сойлгынх нь алдаа, оноог хэлээд, сайхан зөвлөчихдөг л хүн байсан.
-Зарим уяач морьдоо тарган ирэн дээр нь мордуулдаг. Зарим нь бүр эсрэгээрээ. Таны ажаа яадаг байв?
-Ажаа маань дундын ирийг айхтар тааруулна. Үс нь өнгө орж, сорлоод, гэдэс гүзээ нь чангараад, нүд нь тормолзоод, уяан дээр сайхан дүүхэлзээд, хааяахан газар цавчлаад эхлэхээрээ л дундын ир нь таардаг юм шиг байна лээ. Тэгээд ажаа наадмын өглөө адууныхаа өдрийн өнгийг хэлнэ. Морио тавьж өгөхдөө “Миний хүү, жаахан тархидуухан эргүүлчихээрэй. Наадах чинь тэгээд өөрөө мэднэ ээ” гэдэг байсан. Морьд ч яг хэлснээр нь л ирнэ дээ.
-Хурдан морины хоол тэжээлийг тааруулах ч бас уяач хүнд байх ёстой эрдмүүдийн нэг. Ажаа тань хурдан хүлгүүдийнхээ хоол ундыг хэрхэн тааруулдаг байв?
-Хоолыг нь нэг их хасахгүй ээ. Өөрөө нэг дугуй цагтай. Түүнийгээ бариад л суучихдаг байлаа. Том адуунд бол дөрвөн цаг арай багадна, зургаан цагаас бас хэтрүүлж болохгүй гэдэг байсан юм.
-Өөрөө олон хүүхэдтэй болохоор унаач хүүхэд олдохгүйн зовлонгүй байж. Зургаан нас уядаг байсан биз?
-Нэг хүүхдээр нэг л морь унуулж сургаад, зургаан насаа дан дангаар нь уячихдаг байсан. Хоёр өдөр тус бүр гурав, гурван нас уралдана. Давхиад ирэхээр ямааны шүүс билүү дээ, сайхан ундаагаар дайлна.
-Морь уяж байхдаа цээрлэдэг зүйлс нь юу байв?
-Дээр үеэсээ уламжилж ирсэн сайхан дэг жаягтай шүү дээ, бид. Уяагаа нэлээн хол зооно, гадуур нь хонь мал явуулахгүй. Гэрийн эзэгтэй, эмэгтэй хүнийг уяандаа хэт ойртуулахгүй. Уяаны дундуур архи дарс хэрэглэхгүй. 
-Уяачид монгол ёс заншил, өв уламжлалаа тээж яваа болоод ч тэр үү, аливаа зүйлийг их бэлгэшээдэг. Жишээ нь, Манлай уяач Онгуу “Алаг даахай морины уяан дээр ирээд шороо овоолчихсон байвал миний морь гарцаагүй айрагдаж, түрүүлдэг” гэж ярьж байсан. Ажаа тань ямар нэгэн зүйлийг энэ мэтээр бэлгэшээдэг байв уу?
-Наадам дөхчихсөн үед уяан дээр хэрээ ирээд гуаглавал баараггүй айрагддаг байсан. Манай ажаагийн садангийн эгч Ваараа гэж хөгшин хэрээ сууж байгааг харчихаад “За хэрээ уяан дээр хэрээ суугаад байна. Манай хүү айраг авч ирнэ дээ” гэдэг байж билээ.
-Бахтай сайхан наадсан хэмээн бахархан дурсдаг наадмынх нь дурсамжаас бидэнтэй хуваалцаач?
-Сумынхаа наадмыг, нутгийнхаа уяачдыг их хүндэлдэг хүн байсан юм. Морьдоо ч сайхан магтана. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярт Тод манлай Ононтой хамт явсан юм. Ажаа маань тэмээн тэргээ хөтлөөд л явна. Бид ч дагаад уяан дээрээ яваад очно. Тэгэхэд Онон манай ажаагаас морьдынхоо уяа сойлгыг асуугаад, ажаа ч эвтэйхэн зөвлөөд л зогсож байдаг байсан.
-Сайн морь, сайхан эдлэл хэрэгсэлд хэр ач холбогдол өгдөг байсан бэ?
-Ажаа их уран. Ширээр монгол гөлмийг маягтай гоё оёно. Хүмүүс ч “Шаравдорж ахын оёсон гөлмийг л авах юмсан” гэлцдэг байлаа. Олон хүүхэдтэй байсан болохоор, намар идэшний үхэр өгье гэсэн хүн бүрт л гөлөм оёж өгдөг. Нэг гөлмийг дор хаяж л 14 хоног оёно шүү дээ.
Бас бэртэл гэмтлийг бариад эдгээчихнэ. Би ч гурав, дөрвөн удаа ясаа хугалж байсан хүн. Аав маань л тэр болгоныг бариад эдгээж байсан даа. 
-Бариулахаар хүн их ирдэг байсан уу?
-Тухайн үед цаг үе бас их эвгүй байлаа шүү дээ. Нууцлагдмал байдалтай л барина. Аав нь Батсүх гэж бариач хүн байсан юм гэнэ лээ. Энэ Булаг гэдэг газарт суварга нь бий. 
-Таны өвөө гэсэн үг үү. Тэгэхээр Цэрэндоной гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Батсүх гэдэг нь аавын төрсөн аав. Өсгөсөн аав нь Цэрэндоной.
-Ясны бэртлийг бариад эдгээчихдэг байсан юм чинь адуу малаа ханаж, хатгахдаа ч бас гарамгай байсан байх даа?
-Адууны хөл хугарахад барьж боогоод л эдгээчихдэг байсан. Адуугаа хатгаж, ханаж сүйд болдоггүй байсан юм. Хүнийг л сайн барина даа. Төмрөөр хэв хийж байгаад бариад өгчихдөг байсан юм. Эндхийн ясаа хугалсан хүн бүрийг л манай ажаа эдгээсэн дээ.
-Багаасаа амьдрал үзэж хатуужсан, олон хүүхэдтэй хүн болохоор адуу малд эрэмгий, хар ажилд ч сайн л хүн байж дээ?
-Жин тээнэ, уулнаас тэмээгээр мод цагаална. Дээхнэ үеийн хүмүүс ч амьдралын эрхээр хийх боломжтой ажил болгоныг л хийдэг байлаа шүү дээ.
-12 хүүхдийнх нь хэд нь хүү вэ?
-Долоо нь хүү. Одоо би ганцаараа л морь уяж байна. Том ах маань ажаагийн морины ажилд тусалдаг байлаа. Нэг дүү маань хэсэг зуур морь уяж байгаад больсон. Манай дүү Хандын хүү Санжаа одоо бас удам залгаад, морь уяж байна.
-Танай хүүхдүүд морь хэр сонирхож байна?
-Манай нэг хүү морь их сонирхоно оо. Гэвч албан ажилтай болохоор чөлөө зав нь болохгүй юм.
-Ажаагийнхаа хурдан хээрүүдийн удам угшлыг орон нутагтаа хэр тараасан бэ?
-Нийгмийн хонгор гэж их хурдан азарга байлаа. Тэр бол манай ажаагийн унаган адуу. Ажаа нэгдэлд өгчихсөн юм. Хурдны удам нь манайд болон дүү нарт бий. Одоо ч цус холилдоод, удам угшил нь холдож байх шиг байна. Гэхдээ л ер нь манай адуунууд хээр голдуу зүстэй шүү. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.  Урт насалж, удаан жаргаарай.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна