Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аавыгаа залгамжилсан уяач боллоо

Сэтгүүлч
2024 оны 3-р сарын 05 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумын Шар бүрд хоёрдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Шарын Мөнхбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэе.

-Аймгийн Алдарт уяач болсон аархал дүүрэн өдрийн дурсамжаар тань яриагаа эхэлье?
-Би 2015 онд аймгийн чанартай наадмын 14 айраг, түрүүгээр аймгийн Алдарт уяач цолыг хүртэж байлаа. Хөлс хүчээ гаргаж, зорьсон ажилдаа амжилт олно гэдэг сайхан шүү дээ. Аавынхаа хүрэн азарганы төлүүд болох хүрэн адуугаар сайн наадсан. Миний цол авах гол амжилтуудыг хүрэн азарганы төлүүд гаргасан байдаг.
-Алдарт уяач болох замнал унаач хүүхэд байхаас эхлэх нь олонтой.

-Би уяач Шарын таван хүүхдийн дөрөв дэх нь юм. Багаасаа морь малд сонирхолтой, аавынхаа хурдан хар азаргыг хязаалангаас нь, хүрэн азаргыг соёолонгоос нь тус тус унасан даа. Хүрэн азаргаа соёолонд нь унаж, 1988 онд аймагт анхны түрүүгээ авч байлаа. Дараа жил нь хүрэн азаргаа Сүхбаатар сумын наадамд түрүүлгэж, хар азаргаа аман хүзүүдүүлж, бахтай сайхан наадаж билээ. Тэгэхэд хар азаргыг аавын ах Чулуунбор гуайн хүү Ихбаяр унаж байсан юм даг.
-Энэ хоёр азарга насны зөрүүтэй биш үү?
-Гурван насны зөрүүтэй шүү. 1988 он болонгуут хар хавчиг азарга аймагт анх уралдаж байгаа нь тэр. Нэг удаа л тэгж таарч хамт уралдсан. 1990 онд хүрэн азарга Алтан овооны наадамд 11 настай аман хүзүүдээд, түүнээс хойш нэг их уралдаж чадаагүй. Онгонд нэг удаа түрүүлсэн. Азарганд бариулаад уягдахгүй болсон доо. 20 нас хүрээд өеөдсөн юм.
-Харамсалтай л юм. Хүрэн азарганы бие төл хичнээн эр төл гарсан бол?

-Хэлж мэдэхгүй юм. Зөндөө эр төл гарсан. Манай аавын унаган 5-6 гүүг хураадаг юм. Онгон сумаар нэлээн тарсан шүү. Удмынх нь адуунууд их бий. Гэвч төл азарга гэж мэдэхгүй.
-Таны хувьд аавынхаа уяа сойлгын эрдмийг нь өвлөж яваа. Хэзээнээс бие даан морь уяж эхлэв ээ?

-Аав маань морь уяхаа болиод аймагт суурьших болсон юм. Тэгэхээр би 2003 оноос бие даан уяаны ажил хийсэн байна. Аавын морьдыг л уяж байлаа. Хүрэн азарганы эр төлүүдийг нэлээн сойсон. Аймагт хүрэн морь таваар давхиулж, Онгон, Баяндэлгэрт түрүүлгэсэн. Сумын 80 жилийн ойгоор хүрэн морь айрагдаж байлаа. Онгоны Шарбүрдэд түрүүлээд, Баяндэлгэрт аман хүзүүдэж байв. Гэвч дараа жил нь өеөдсөн дөө. Түүний дүү шүдлэн хүрэн адуу 2005 онд аймагт наймаар ирээд, Онгонд аман хүзүүдээд, дараа жил нь сумын 80 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалж билээ. Миний зарим адуу зарагдсан. 2008 онд айхтар шуурга болоход ихэнх адуугаа алдсан даа.
-Хүрэн азарганы төлүүд хэн, хэнийд зарагдсан бол. Танайд хэд дэх үе нь хурдалж байна вэ?

-Манай Мөнгөө л хойшоо чигт зардаг юм. Яг хэнд очсоныг нь сайн мэдэхгүй. Манайд 3-4 дэх үе нь хурдалж байна даа.
-Хар азарганы тухайд та дэлгэрүүлээч?

-Хар азарга 1990 оноос хойш сумандаа хоёр удаа түрүүлсэн. 1991, 1992 онуудад түрүүлсэн санагдаж байна. Суманд түрүүлсэн жил буюу 1992 онд аймгийн 50 жилийн сунгаанд хөлгүй болгоод уяхаа больсон доо. Төлүүдээс нь аавд нэг бор азарга байсан. Тэр Асгатад нэг айрагдаад, түүнээс хойш дан зургаагаар ирсэн. Бор азарганы төлүүд хурдалж байгаа шүү. Миний Гэлтэн бор хэмээх азарга 10 гаруй айраг, түрүү авсан даа.

-Гэлтэн борын эцэг нь аавын тань хар азарганаас угшилтай аж. Эх тал нь хаанахын адуу вэ? Амжилтыг нь дурдвал?
-Асгатын Нэргүйбаатар ахын хув хүрэн азаргыг манайхан авчирч, 2-3 жил гүү хураалгасан юм. Түүний төл хүрэн гүү Гэлтэн борын эх нь. Манай ийшээ хүмүүс адуу мал авдаг үе байлаа. Хүрэн гүүг малинад явах гэж байхад нь ах бид хоёр авч үлдсэн. Эхлээд ахад байж байгаад дүүд очсон юм. Дүү цааш нь хүнд өгөх гэхэд нь би авч үлдээд аавын азарганд хураалгаж, төлийг нь авсан түүхтэй. Амжилт гэвэл аймагт аман хүзүүдээд, Онгон, Асгат, Халзан, Дарьганга зэрэг сумдад өвөл, зунгүй айрагдсан. Даагандаа овооны тахилгад хоёр айрагдсан юм байна. Шүдлэн 2007 онд сумандаа аман хүзүү, хязааландаа аймагт мөн аман хүзүүдээд, Халзанд айргийн гурваар хурдалсан. Шинэ соёолон болдог жилээ Онгонд аман хүзүүдээд, Асгатад гурваар ирсэн. Соёолондоо Дарьгангад гуравлаж, Халзангийн жижиг уралдаанд мөн айрагдсан юм. Шар бүрдийн бооцоот уралдаанд түрүүлж, жижиг наадмуудад нэлээн хэд айрагдсан шүү. 2009 оны Дорнодын бүсэд хөлгүй болоод уягдахаа больсон юм.
-Гэлтэн бор гэхээр гэлтэн ташаатай адуу юм уу?
-Дааганд нь ачиж явахдаа унагаад ташааг нь гэлтэн болгочихсон юм. Тэгээд Гэлтэн бор гэдэг нэртэй болсон. 15, 16 настай азарга одоо байна даа. Төлүүд нь харин их сайн давхилтай. Одоогоор бор халзан адуу 20-иод айраг, түрүү аваад байна.
-Ташааны тэр байдал уралдахад нөлөөлөх үү?

-Нөлөөлдөггүй юм билээ.
-Гэлтэн борын төл бор халзан даагандаа аймагт аман хүзүүдсэн байна?

-Даагандаа анх Шар бүрдийн овоо тахилгад айргийн гурваар давхисан юм. Дараа нь Онгонд болон жижиг наадмуудын ихэнхэд айрагдаад, сумандаа нэг аман хүзүүдсэн. Тэгээд 2014 онд аймагт аман хүзүүдэж, дараа жил нь шүдлэн үрээ Шар бүрдэд түрүүлээд, сумын 90 жилээр аман хүзүүдээд, Уулбаян сумын наадамд хол түрүүлсэн дээ. Хязаалан насандаа суманд аман хүзүүдээд, соёолондоо л ороогүй юм байна. Бооцоотой сунгаанд Халзангийн азаргуануудтай уралдаж нэг түрүүлсэн. Хавчиг азарга болоод сумандаа айргийн дөрвөөр ирсэн. Тэгээд долоотой азарга аймагт 11-ээр, наймтай азарга Халзанд айрагдсан. Тэгээд тамир дутаад цааш явж чадаагүй дээ, хөөрхий. Жижиг наадмуудад бол зөндөө түрүүүлж, айрагдсан.
-Гэлтэн борын төлүүдээс хурдалсан өөр ямар адуу байна вэ?

- г над дээр байгаа нь энэ бор адуу л даа. Бусад нь зарагдчихаад байдаг. Хойноос хүмүүс ирээд авчихна. Гэлтэн борын маань төл тожин бор адуу нэг айрагдаж, 10 дотор хэд давхисан. Эх нь будан гүү бий. Ойрд адуу мал тэжээсэнгүй. Бор халзан адуу маань л давхиж байна даа.
-Таны хоёр азарга удам сайтай Дүйдэн угшлын адуунууд. Цус сэлбэх юм уу?

-Энд тэндээс гүү авч сэлбэж байна. Мөн Асгатаас “чанга” Рэнцэн өвгөний хүрэн азарга авчирч хэдэн жил төл авлаа. Хүрэн азарганы өөрийнх нь бие төл Ялалт хүрэн энэ жил аймагт аман хүзүүдсэн. Эх нь манай хүрэн азарганы төл гүү.

-Танай адуу хар, хүрэн зүстэй байсан бол одоо бүгээн болоод байх шиг?
-Бор, бүгээн болоод байна шүү. Манлай уяач Онгуу ах манай хамаатан шүү дээ. Тэдний адуу чинь бор л доо.
-Онгуу Манлай танай болон Дүйдэн угшлын адуугаар нэлээд наадсан гэж ярьдаг?

-Тийм.
-Хар, хүрэн хоёр азарганы хүрэнг нь илүү байсан гэх юм билээ. Хүрэн азаргатай хэлбэр хийцээрээ төстэй адуу гарч байна уу?

-Хүрэн нь илүү л дээ. Хүрэн бол хаанаас ч эргэсэн хамаагүй, урагшаа л давхина. Араас нь ирсэн адуунуудыг хазаж, тонгороод л замаасаа шахна. Хар бол ганцаараа тээр хойно явж байна.
-Хүрэн азарганы эцэг нь “ов” Гомбо гуайгаас ирсэн Дүйдэн харын угшилтай. Эх тал нь юу билээ?

-Аавын хуучин адууны гүү л дээ. Яг ямар угшилтайг мэдэхгүй юм. Хөгшин хээр гүү байж байгаад л үхсэн. 
-Энэ жил хичнээн тооны морь тэжээж байна вэ?
-Нэг их тэжээж чадахгүй юм. Аймаг руу ч наадаж чадахгүй л байна. Уралдах маань улам багасаад, унах хүүхэд ч үгүй боллоо. Хүн хүч дутах юм даа. Өөрийнхөөс морь уначих хүүхэд байдаггүй. Хүний хүүхэд гуйх хэцүү юм.

-Шар гуайн таван хүүхдээс хэд нь морь уядаг юм бэ?
-Дөрөв нь уяж байна. Хамгийн бага дүү маань Мөнгөнбаатар харцага шүү дээ.
-Ярилцлагаа бэлгэ дэмбэрэлтэй сайхан дурсамжаар жаргаая. Баяр бахдал дүүрч, эрийн хийморь дэлхээсэн наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Сумын 80 жилийн ой 2005 онд тохиоход битүү голдуу адуу мордуулж байлаа. Дөрвөн соёолон мордуулсны хоёр нь тархинд, нэг нь зургаад, нөгөө нь 10 дотор ирж билээ. Бариа дөхөөд л нэг нь аман хүзүүнд, нөгөө нь дөрвөөр гараад ирэхэд л баярын нулимс мэлтэрсэн дээ. Тэгэхэд азарга уяагүй, бага адуунууд уяад сайхан наадсан. 
-Ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүлийн Сүхбаатар аймгийн Онгон сумын тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна