Адуу өөрөө эзнээ сонгодог

Сэтгүүлч
2023 оны 8-р сарын 18 -нд

35 настай, мал зүйч мэргэжилтэй залуугийн хэлсэн энэ үг тод үлдэв. 2021 оны хавар хар азаргаа өгөхдөө “Адуу  өөрөө эзнээ сонгодог юм байна” хэмээн ойлгосон гэнэ. Түүнийг ийм бодол руу түлхсэн хүлэг нь  өнгөрсөн жил хангайн бүсэд, өнөө жил зүүн бүсэд түрүүлдэг хар халзан азарга.

Тод манлай уяач Сашкагийн Эрдэнэбат тэргүүтэй зочид ирсэн хаврын тэр нэг өдөр, хар үрээ бараанаар нь л  эвшээлгээд эхэлж. Харах бүрт л эвшээн зогсох азаргыг хэмжихээр зэхэж байсан улс “сайхан бэлгэтэй зүйл болж байна. Эзнээ таньжээ” хэмээгээд больсон гэдэг.

Энэ бодол зөвхөн тэдэнд бус Хэнмэдэхийн Содбилэгт ч бас төрж. “Хар үрээнд олон хүн санаархаж, үнэ хэлж байсан ч ийн зан, байдал гаргаж байсан удаагүй. Үнэхээр эзэд нь иржээ” хэмээн итгэж, “сайн адууг өөртөө хадгалж байхаар чаддаг мэддэг хүнд нь өгөөд том довон дээр уралдуулъя” гэсэн шийдвэр нь улам бүр лавширсан гэдэг.

Ийнхүү жил гаруйн өмнө авч байсан хар халзан үрээгээ Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Чинбатын Махбалд арилжжээ.

“Хурдан морины буянг хуваалцаж хүртэх ёстой” хэмээн итгэдэг тэрээр энэ явдлын дараа мотоциклийн байтай уралдаан зарлаж олноо баясгав.

Нас залуу ч адуу шинжих тал дээр авьяастай гэгддэг Содбилэг бол гурав дахь үеийн уяач. Түүний өвөө Раднаажав 1968, 1969 онуудад хурдан хүрэн морио Их уул сумынхаа наадамд түрүүлгэж байсан бол аав Хэнмэдэхийнх нь хээр морьд дөрвөн жил дарааллан сумынхаа наадамд түрүүлж, айрагдаж байжээ. Харин түүний хувьд сүүлийн таван жил хурдан морь уяж, гурван жилийн амжилтаараа аймгийн Алдарт уяач цолонд хүрсэн юм.

Их насны мориор илүүрхэж нааддаг гурван үеийн уяач Х.Содбилэг адуу мал арилжих бүртээ их бага хэмжээгээр бусадтай хуваалцдаг зантай.Чухам тэр зан нь хар халзантай нь учируулжээ.

2020 оны хавар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэнзэнгийн Энхтөртэй хонгор адууны наймаа хийж. Улсын наадамд хул азарга айрагдуулдаг гэхээр уншигчид Энхтөр уяачийг андахгүй байх. Өгсөн, авсаны сэтгэл дүүрч, наймаа өлзийтэй байхыг ерөөх зуураа Х.Содбилэг “орны адууг нь олж авнаа” хэмээн шийдсэн гэдэг.

Тэгээд 6-р сард хаа холын Цагаан-Уул сум руу оторт явсан Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэвийнхийг зорьж, туранхайвтар хар үрээ онцолжээ.

Өнөөх нь Тод манлай уяачийн өсгий цагаан хээр халзан Араб азарганы үр, хээр гүүнийх төл, өнөө жил хязаалан настай. Шүдлэн өвөл нь оруулж тэжээн зам үзүүлсэн эмнэг шахуу адуу гэнэ.

Эцэг халзан азарга

Эх хээр гүү

Эртнээс адууны үржил хийж, энэ хавьдаа толгой цохих болсон айлаас хурд залсандаа сэтгэл ханаж, портерийнхоо чиргүүл дээр хүнээр хөтлүүлэн ачиж ирснээр хар үрээ, Содбилэг хоёрын түүх эхэлдэг.

Авчирсан даруйдаа багийн өдөрлөгт мордуултал өнөөх нь өнгөлж явсанаа суугаад баян ходоод болж. Тэр жил тамир муутай хар халзан үрээ арав гаргаж л давхидаг байв. Гэсэн ч ирээдүйд хурдлах нь худуугүй тул намар эртхэн оруулж тэжээхээр шийджээ. Хат ихтэй, уяа даах адуу тул өвөл нь сайн эдэлж, хавар Тосонцэнгэл суманд болсон  100,000 төгрөгийн бооцоот уралдаанд  Хөвсгөлийн сайн гэсэн соёолонгуудтай уралдуултал гурвалж. Үүнээс хойш гүү ч хураалгасангүй. Уяа ч сайхан эвлэж байтал наадам цуцлагдчих нь тэр. Хавраас эхлэн бэлтгэсэн уяачид урам муутай. Гэвч төрийн шийдвэр тул яалтай билээ. Ингээд Тариалангийн хэдэн уяачид морьдоо тавьчихаад ар, өврийн хангайгаар аялахаар явжээ. Иргээд иртэл гурван аймагт бүсийн уралдаан зохион байгуулагдахаар болчихсон байв. Хугацаа тулчихсан, ердөө арваадхан хоногийн дараа уралдах ёстой байдаг. Гэсэн ч үзээд алдахаар шийдэн азаргаа барьж уяад, дэлийг нь дарчихав. Том наадмын бэлтгэл болгон суварганы уралдаанд мордуултал түрүүлж байна.

Ингээд Сэлэнгэ аймагт болсон улсын бүсийн уралдаанд засмал дэлтэй нарийхан азарга мордож, морь тайлбарлагчид “морин үрээ” хэмээн зарлаж байв. Тэр уралдаанд хар соёолон  хорь гарган давхиж. Давхар уяагаар Булган аймгийн Бугат суманд болсон аймгийн бүсийн уралдаанд гуравт хурдалжээ. Энэ үеэс хүмүүс сонирхож санаатай, санамсаргүй үг унаган сонжих болжээ.

Харин хэрэг болгон ярьж, санал тавьсан хүмүүсийн нэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, аймгийн начин Бөхөө. Галынх нь тэргүүнд “сайн их насны морь хэрэгтэй байна” хэмээн сураглахад нь тайлбарлагч Б.Ганпүрэв “Хөвсгөлд ирэх жил хавчиг болох нэг аятайхан үрээ бий ” хэмээж зургийг нь үзүүлсэн аж. Хар үрээ Бөхөөгийн сэтгэлд хүрсэн ч өртөг мөнгөний тухайд эв таарахгүй байсаар өөр хүнээс их насны морь авахаар болж. Өөр хүн гэдэг нь Ч.Махбал Манлай.

Тэр наймааны дараа Ч.Махбал халзан азаргыг авахаар галын гишүүдээрээ дамжуулан холбогдож эхэнд өгүүлсэн үйл явдал болсон юм.

Ийнхүү уралдах дов, уягдах эзнээ өөрөө сонгосон хар халзан азарга өнгөрсөн жил улсын наадамд 11-т давхиад, давхар уяагаар Баянхонгор аймагт болсон хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн.

Харин өнөө жилийн тухайд эзэн солигдож Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, сумын МСУХ-ны тэргүүн Цэдэндоржийн Отгонбаатарт ирж, Өмнөдэлгэр сумын болон Хэнтий аймгийн 100 жилүүдэд түрүүлжээ.

Хэдхэн хоногийн өмнө Ц.Отгонбаатар хар азарганыхаа байны хишиг болгож аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн төрөх болон хүүхдийн тасгийн тохижуулж өгсөн байна. Хурдан хүлгийн буян хэмжээлшгүй билээ.

Хар цагаан хэл ам хазгай тусч, олон жил онцгойлж хурдлах болтугай.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.