ЭРИЙН ГУРВАН НААДАМД ШАНДАСТАЙ БАЯН-АДАРГА НУТАГ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 20 -нд

Халхын Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошууны дорно хэсэг буюу  одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сум нь Ардын засгийн тэртээх даншигт ч, Ардын хувьсгалын он жилүүд дэх улс хувьсгалын ойн баяр наадмуудад ч, Ардчилсан шинэ энэ цаг үеийн эрийн гурван наадамд ч  аат хүчит аварга арслангууд, ажнай хурдан түмэн эхүүд, алаг эрээн нумтнуудаараа амжилтаа түүчээлэн, уламжлалаа өвлөн улируулж, ард зоноо баясгасаар байна.

Баян-Адарга сумаас даншиг болоод ардын хувьсгалын ойн наадмуудад бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдааны түрүү магнай аль алийг нь хүртэж Адарга овооныхоо алтан ганжирт тольддог билээ л. Ардын засгийн даншигт 1876, 1880 онуудад тус бүр 10 даван түрүүлж байсан Дархан аварга Донойн Цэвэгмид Баян-Адаргынх. Тэр хүчит бөх 1850-1910 онд хавьд амьдарч байсан нь түүхэн баримтанд үлджээ. Мөн түүнчлэн Баяндоной арслан/1840-1920/, Тавхайн Дашжамц заан/1870-1930/, Малтуурын хэмээх Намсрай начин/1855-1910/, ногоон хэмээх Намсрай начин/1880-1930/ нар Адарга нутгаас Ардын засгийн даншигт алдар цолонд хүрч барилдсан бол Ардын засгийн үед ч Ардын хувьсгалын наадамд хоёр төр нийгмийг дамжин барилдаж заан цолонд хүрсэн бөх бол олон түмэн хойч үедээ Бяруузана хэмээн алдаршсан өндөр Дамдинсүрэн заан. Тэрбээр 1901-1945 оны хооронд амьдарч байсан тухай эх сурвалжийн мэдээлэл олдож байна. Ардын засгийн даншгийн хүчитнүүдийн түүчээг үргэлжлүүлж Баян-Адарга сумын Гучитын уул-Улиастайн буланд мэндэлсэн Цэндийн Дамдин Монгол улсын начин болоод зогсохгүй жүдо бөхийн анхны олимпийн медальтан, дэлхийн аварга болж Адарга нутгийн аат хүчитнүүд алаг бөмбөрцөг дээр тонгочих бяртай гэдгийг ертөнцийн чихнээ дуурсгажээ.

Улсын цолтой бөхчүүдээс гадна Баян-Адарга сумын довноос гарч барилдсан Цэргийн заан Матарын Жад, Цэргийн начин Бөөгийн Адилбиш, Аймгийн заан Лайхандорж, Аймгийн начин Дүнзийн Цэвэгжав, Аймгийн начин Малтуурын Загд, Аймгийн заан Хадаргаан хэмээх Сэдэдийн Санжмятав/1939/, Цэргийн начин Гаажидын Гунгаа/1944/, Аймгийн заан Дуламсүрэнгийн Мижгээ, Аймгийн начин Оросоогийн Батсуурь, аймгийн арслангуудын түүхэнд давтагдахгүй нэгэн өвөрмөц амжилтуудын түүхийг өөрийн эр бяр, барилдааны хэв маягаараа бүтээсэн Доржийн Галсантөмөр гээд олон хүчтэнүүд энэ цагийн шинэхэн арслангуудад халаагаа өгсөөн. Аймгийн хурц арслан Доржийн Галсантөмөр ах 1976, 1981, 1983, 1984, 1985 оны Хан Хэнтий аймгийнхаа наадамд таван удаа түрүүлж, мөн тоогоор үзүүрлэсэн төдийгүй, олон удаа шөвгөрч хаан довыг хангарьдын дэвэлтээрээ эзэгэнэж байсан түүх саяхных. Нэгдэл нийгмийн үед өмнөх төлөвлөгөө нормоосоо болдог байсан юм болов уу, эсхүл даруу төлөв зангаасаа болдог ч юмуу улсад очиж барилддаггүй байсан байна. Уг нь аймгийн наадамд арав гаруй жил түрүүлж үзүүрлэж явсан  иртэй бяртай үедээ улсад очоод барилдсан бол улсын цолонд ойрхон л явж дээ. Аймгийн хурц арслан Доржийн Галсантөмөр ахыг Онон голынхаа бургасан шугуйд төвхнөн сумын сургуулийн хүүхдүүдийн бөхийн дэвжээг хичээллүүлж эхэлснээс хойш Адарга нутагт бөхийн авшиг шүншиг эргэж энэ цагийн олон сайхан залуу хүчтэнгүүд төлөвшлөө хэмээн нутгийн зон олон нь ярилцдаг.

Хэнтий аймгийнхаа баяр наадамд 2019 онд Баян-Адарга сумын нэгдэлчин, сумын начин Шагдарын Цэрэндорж гуайн зээ хүү Ганцогтын Бадрах түрүүлж аймгийн арслан цол хүртэж Адарга нутгийнхныгаа баярлуулсан, Ганцогтын Бадрах 2022 оны Төрийн их баяр наадамд зургаа даван шөвгөрч улсын харцага болж нутгийн түмнээ огшоосон, энэ жил төрийн их баяр наадамд тав даван шөвгөрч өсөх идэр чимэг нэмлээ. Улсын харцага Ганцогтын Бадрахыг харцага цолоор тогтохгүй улсын наадмын хэд хэдэн түрүүтэй бөх гэдгийг бөхийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрч хэлэлцдэг юм билээ. Улсын харцага Г.Бадрахын ээж сувилагч Ц.Наранцэцэг эгчийн аав Шагдарын Цэрэндорж гуай бол Баян-Адарга сумынхаа Улаан-Од нэгдэлд олон жил хөдөлмөрлөхийн зэрэгцээ сумынхаа наадамд зодоглож барилддаг хүн байж. 1968 онд сумынхаа наадамд барилдан түрүүлж сумын начин цол хүртжээ. Тэр үед 2 удаа түрүүлж байж сумын заан болдог байсан, одоогийнхоор сумын начин цолтой хүн байж. Баяннуурын хоолойгоос дахиад хэд хэдэн бөх төрөх биз ээ.

 2021 оны Хэнтий аймгийн наадамд аймгийн харцага Осгондаваагийн Эрдэнэбат түрүүлж аймгийн арслан цол хүртэж Адаргачуудынхаа магнайг тэнийлгэв. Хэнтий аймгийн Баяр наадмын тавын даваанд улсын начин Одхүүгийн Цэцэнцэнгэлээр/тухайн үед аймгийн арслан байсан/, зургаагийн даваанд Аймгийн хурц арслан С.Ариунбилэгээр, долоогийн даваанд Адарга хан бөхийн дэвжээнд хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг нэг нутгийн бөх сумын заан/одоо аймгийн арслан/ Бат-Эрдэнийн Түвшинтөгсөөр долоо даван түрүүлсэн билээ.  Харин энэ наадамд 2019 оны аймгийн наадмын түрүү бөх, одоо улсын харцага Ганцогтын Бадрахын үеэл дүү Бат-Эрдэнийн Түвшинтөгс үзүүрлэн аймгийн заан цол хүртсэнээр Адаргачууд нэг өдөр арслан, заантай болов. Гэтэл дараа жилийн 2022 оны наадмаар мөн л “Адарга Хан” бөхийн дэвжээний бөх Наранболорын Баяржаргал аймгийнхаа наадамд түрүүлж Адаргачууд ихэр аймгийн арслантай болов. Сумын заан Н.Баяржаргал Галшар сумын харьяат сумын заан Б.Тожилоор долоо давж хоёр сумын заан аймгийн арслан заан болцгоож Хэнтий нутгийн зон олноо баясгав.  Аймгийн арслан Н.Баяржаргал өнөө зуны улсын баяр наадмын барилдааны гурвын даваанд улсын арслан Пүрэвдагвын аманд гарсан ч золгомогц этэж хялбархан давсан барилдаан нь олны дунд энэ жилийн наадмын сонин болон яригдсаар байгаа билээ.

Харин энэ жилийн Хэнтий аймгийн цол олгох наадмын барилдаанд уржнан жилийн аймгийн наадмын үзүүр бөх аймгийн заан Бат-Эрдэнийн Түвшинтөгс Улсын начин Одхүүгийн Цэцэнцэнгэлээр долоо даван түрүүлж арслан цолны болзол хангаснаар Баян-Адаргачууд түүхт 100 жилийнхээ ойн босгон дээр аймгийнхаа сүүлийн 3 жилийн наадмын бөхийн түрүүг угсраалан авсан бахархам сайхан амжилтаар угтаж байна. Бяртай, иртэй, мэхтэй, ур чадвартай, байнгын бэлтгэл сургуулилт сайтай гялалзсан залуу арслангуудад улсын начин хэмээх гоё цол ч дэргэд нь байна даа, хичээвэл ч начинаар тогтохгүй их холын ирээдүй байна аа. Гуйж биш гуядаж улсын цолонд хүрэх гурамсан арслантай Адаргачууддаа сайхан наадахын ерөөл өргөе.

Эдгээр залуу арслангуудаас гадна Аймгийн харцага Пүрэвжаргалын Цагаан-Өвгөн, сумын заан Нямын Гандаваа, сумын заан Осгондаваагийн Мөнхочир, сумын заан Цогтбаатарын Пүрэвсүрэн, сумын заан Батзоригийн Мөнгөншагай, сумын начин Нарантуяагийн Баасандорж нар Адарга Хан бөхийн дэвжээгээрээ овоглон бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд удахгүй цолоо ахиулж дараа дараачийн түүчээгээ үргэжлүүлэх нь дамжиггүй. Мөн түүнчлэн нэгдэл нийгмийн үед сайн барилдаж зургаан удаа сумын наадамд түрүүлж байсан сумын манлай заан Надмидын Чинбат гуай, мөн таван удаа сумандаа түрүүлсэн, Улсын мэргэн Т.Санжаагийн хүү сумын заан С.Гомбо болон Санжаагийн Гомбо зааны ач хүү О.Лхагвасүрэн 1999-2001 оны хооронд сумынхаа наадамд завсаргүй гурван удаа түрүүлсэн. Үндэсний бөхийн ахлах тайлбарлагч Гүрдоржийн Баатарчулуун ах бөхийн зүтэлтэний хувьд Адарга Хан бөхийн дэвжээний залгамж халаагаа үргэлжлүүлэн бэлтгэх ажилд сэтгэл чилээж явна.

Баян-Адарга сумын эрхийндээ эрчтэй эвэр нумтнууд нь эгэлгүй түүхтэй. Эртнээсээ эзэн Богд Чингэсийн есөн өрлөгийн нэг Зэв жанжины ид хаваа гайхуулан эзэн хааны эрмэг хул морины/Тэмүжиний хүзүүг харвасныг ингэж утга шилжүүлэн асуусныг МНТ-д тэмдэглэсэн байдаг/ хүзүүг тас харвасан Хүйтний тулаан өрнөж байсан эл нутгийн мэргэн харваачид Ардын хувьсгалын жилүүдэд лав хошоод төрийн наадмын түрүүг авч байсан нь архивын баримтаар нотлогдож байна. Сайтар сурвалжилбаас дахин нэг түрүү ч нэмэгдэх магад. 1935 оны Ардын хувьсгалын 14 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд Содномдаржаа нэрээр харвасан Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1-дүгээр багийн иргэн Сундуйн Лувсанцэрэн нь нь лам хуврага нэгэн байсан бөгөөд Ардын хувьсгалын наадмын ойд Үндэсний сурын харваагаар наадахдаа нэрээ сольж ийнхүү Лувсанцэрэн нэрээр оролцжээ. Тэрээр 20 сум тавихад 20 оносон амжилтаар түрүүлсэн нь хожмоо 1960 он хүртэл энэ амжилт нь эвдэгдээгүй үндэсний сурын спортын рекордыг олон жил эзэмшсэн нэгэн байсан байна. Сундуйн Лувсанцэрэн нь 1890 онд төрсөн хүн байсан бөгөөд 1933 оны хүн амын тооллогоор 43 настай байсан нь мөн Үндэсний төв архивын лавлагаагаар гарч ирсэн,  1956 оны хүн амын тооллогоор гэргий, хүүгийн хамт бүртгэгдсэн бөгөөд хүү нь тухайн үед 13 настай Лувсанцэрэнгийн Дорж-Аюуш хүү байсан нь одоо ЗДТГ-н жижүүр Д.Чимэдболд ахын аав юм. Улсын мэргэн харваач Сундуйн Лувсанцэрэн гуайн түүхийг үр хүүхэд, ач гуч нь илүү тодруулан судлах биз ээ. Мөн түүний дүү Сундуйн Жамбалдорж нь харваач хүн байсан, АХ-н 18 жилийн ойгоор сайн харваж улсын мэргэн цол хүртсэн гэсэн хэмээн С.Лувсанцэрэнгийн зээ хүү Ш.Батбаатар өгүүлсэн байна.

Мөн  1936 онд буюу Ардын хувьсгалын 15 жилийн ойн баяр наадмын сурын харваанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Дасрангийн Санжаа 20 сумнаас 19 онож түрүүлэн Улсын мэргэн цол хүртсэн байна. Дасрангийн Санжаа нь 1944 оны хүн амын тооллогоор Баян-Адарга сумын 4-р багт 46 настай, ам бүл 3 гэсэн байдлаар архивын бүртгэлд хадгалагдан үлдсэн байна. Ийнхүү Ардын хувьсгалын төрийн их баяр наадамд  Баян-Адарга сумаас лавтай 2 харваач УЛСЫН МЭРГЭН ЦОЛ хүртэж байсан нь архивын баримтаар нотлогдож байна. /Архиваас гарсан хүн амын тооллогын лавлагаан дээр Дасран гэж бичжээ, уул нь нутгийн зон олон Тасран гэж ярьдаг/

Мөн түүнчлэн Хэнтий аймгийнхаа наадамд Баян-Адарга сумаасаа очиж Өндөрхааны өвөр, Өргөн Хэрлэнгийн хойд талд өдтэй сумыг исгэртэл харваж өрсөн хасааг бутартал онож түрүүлсэн арав гаруй аймгийн мэргэчүүд байдгийг дараагийн нийтлэлүүдээрээ тодорхой өгүүлнэ.  Энэ цаг үед Аймгийн Мэргэн Монголын Октябрын удирдлага дор үндэсний сурын харваанд сонирхолтой хүүхэд залуучууд эрчимтэй бэлтгэл сургуулилт хийж үндэсний өв соёлоо өвлөн уламжлах, цаашлаад спортын амжилт гаргах авьяаслаг хүүхэд залуус олноор бэлтгэгдэж байна. 2023 оны энэ зуны баяр наадмаар л гэхэд сумын залуу харваач Базардарийн Гомбо Хэнтий аймгийнхаа наадамд ончтой, одтой сайхан наадаж түрүүлэн Аймгийн мэргэний болзол хангасан амжилт үзүүллээ. Нас идэр, хараа хурц энэ залууд улсын мэргэн болоход төвөг байхгүй. Гагцхүү хичээл зүтгэл, үлэмжхэн цаг хугацаа хэрэгтэй биз ээ.

Ажнай хурдан хүлэг, аат хүчит бөхчүүд, алаг эрээн нумтнуудаараа аль ч төрийн өнгөнд магнайлж явсан Адарга нутаг өнөөдөр ийнхүү түүхт 100 жилийнхээ ойг угтаж байна. Дэлхийд үлэмжхэн цөөхөн Монголчуудын уламжлал соёлоо хадгалах үйл явц бол МОНГОЛ НААДАМ агаад үндэсний спорт Монгол бөх, Хурдан морьдын уралдаан, Үндэсний сурын харваа юм. Хүн болгон бөх болж, хүлэг болгон торгон жолоо өргүүлэх боломжгүй ч энэ соёлоо өмнөх үеэсээ өвлөн авч эзэмшин, түгээн дэлгэрүүлж, дараагийн үедээ улируулан уламжлуулах нь гурван цагийн хэлхээнд оршин буй бидний үеийн үүрэг мөн билээ.

 2023.07.19.  Дуурлиг, Таван нарсны булаг

ШАРАЙД ЖАРАНТАЙ ОВОГТ ЦЭДЭВДОРЖИЙН ЧОЙЖАМЦ 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 203.91.115.53

    Манай дүү 100 жилийн ойдоо зориулж нутаг ус үүх түүхийг нүдэнд харагдтал сайхан бичжээ. Дүүд амьдралд нь аз жаргал сэтгэл оюунд нь уран бүтээлийг их амжилтыг хүсье.

    Reply