Аймгийн Алдарт уяач Л.Энхбаатар: 1995 онд зээрд азаргаа улсад долоогоор оруулсан ч будилаад бариагүй

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 03 -нд

Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Энхбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийн Алдарт уяач Энхбаатарын хурдан морь уяж сойсон түүхээс яриагаа эхэлье?
-Манай аав, ах хоёр морь уядаг улс байсан. Аав айхтар дурлаж уяж байгаагүй боловч ах бид хоёр морийг нэлээн шимтэн уясан. Хамгийн анх 1986 онд ах маань хонгор хязаалан уяаг нь тааруулж өгөөд, Баянмөнхөд миний нэр дээр уралдаж түрүүлгэсэн. Тэгээд намайг хязаалан түрүүлгэсэн гээд 1987 онд миний дээд талын ах надад ухаа зээрд азаргыг даага байхад нь өгсөн юм.
-Ухаа зээрд даага ямар удам угшилтай адуу байсан бэ?
-Энэ Донир адуу. Эцэг тал нь Донир, эх тал нь Хөнхөр гээд байдаг Жаргалтхааны Дагвабүслүүрийн хээр азарганы эхтэй. Энэ их олон орсон адуу.
-Хэдэн наснаасаа уягдаж эхэлсэн бэ?
-Дааганд нь би уяагүй. Шүдлэндээ Мөрөн суманд аман хүзүүдээд, хязаалан 11-т давхиад, соёолон гуравлаад, хавчиг азарга Мөрөн суманд гуравлаад, Өвгөн ноёны наадамд бас гуравлаад, долоотой азарга Мөрөнд түрүүлээд, наймтай азарга 1995 онд улсын наадамд долоод ороод, естэй азарга Хэнтий аймагт түрүүлж, аравтай азарга Өвгөн ноёны наадамд тавлаж, 11-тэй азарга Хэнтий аймагт тавласан.
-Аймгийн наадамд хэд орсон бэ?
-Аймагт хоёр орж, суманд шүдлэн аман хүзүүдээд, соёолон гуравлаж, долоотой түрүүлж, хавчиг гуравлаж, дөрвөн удаа орсон юм. Бас анхны Их хурдад 17-д давхилуу. Уг нь би 13-т орсон гэж бодсон чинь 17-д бичигдсэн байсан. 1995 онд найман настай улсын наадамд очиж, 750 азарганаас долоод хурдалсан. Цуваанд байгаа даа. Хорлоодойн хар түрүүлж, Гарамжавын хар аман хүзүүдэж, Дундговийн нэг азарга дөрөвт айрагдсан юм. Тэгэхэд энэ бараг дөрөвт ирж байгаад долоод орсон боловч бариагүй юм.
-Долоод давхисан азаргыг яагаад бариагүй юм бэ?
-Азарга будилсан гээд 50 азаргыг нь барьсан юм. Тэгээд Багахангайн хонгор азаргыг түрүүлгэсэн болгосон. 1995 он гэдэг чинь ерөөсөө Монгол улсад хамгийн олон адуу уралдсан, их морь 800, азарга 750 мордсон өтгөн наадам болсон.
-Таны амжилтуудын голыг нугалсан азарга юм байна даа?
-Энэ л намайг Алдарт болгосон. Хамгийн сүүлд 11 настай уралдаад, 17-тойдоо байхгүй болчихсон юм.
Түүний үр төлүүд нь давхиж байгаа.
-Зээрд азарганы төлүүд яаж давхисан бэ?
-Төл хүрэн азарга нь Мөрөн суманд долоотой гуравлаж, Дорнодын бүсэд очиж 23-т ороод, хүнд зарагдсан. Хүрэн азарганы дүү хүрнийг гурвалж байхад соёолон азарга Хэнтийн Мөрөнд түрүүлсэн.
Бас зээрд азарганы төл зээрд азарга байна, ерөөсөө зуны наадамд уралдаагүй, өвөл нэг гурвалсан. Маш хурдан байсан хэрнээ л зуны наадамд давхидаггүй, ард нь байсан азарга дандаа түрүүлдэг юм. Одоо арван настай азарга бий. Өвөрхангайн Хархорины Батсүх гэж хүнд бас нэг төл азарга очоод Хархоринд түрүүлж байна л гэсэн.
-Таны нэр алдрыг гаргасан өөр ямар адуу байна. Их морь ер нь хэр уяж байв?
-Их морь уяна аа. Төсөгийн Чүлтэмийн адууны угшилтай шарга морь Хэнтий аймагт нэг орсон. Хар цоохор морь соёолондоо түрүүлээд, долоотой морь Хэнтий аймагт наймалж, тэгээд нэг намрын наадамд Мөрөн суманд замгүй хол түрүүлээд, дараа нь зарагдаад явсан. Түүнийг залгаад одоо энэ саарал морь байна. Энэ саарал адууны дээд удам нь Уулбаяны "Харалган" Дамдиндоржийн босоо улаан адууны гаралтай. Наашаа яривал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хүзүү Дорж гэдэг хүний адууны Хэнтий аймагт түрүүлсэн хээр азарганы төлийн төл азарга байгаа юм. Саарал морь соёолондоо бараг зургаа, долоо орсон байх. Хавчиг өнжөөд, долоотойдоо Мөрөн суманд түрүүлээд, наймтай Мөрөн суманд аман хүзүүдээд, естэй аман хүзүүдээд, ноднин Хэнтий аймгийн 90 жилээр долоод хурдалсан. Тэгээд МУИС-ийн багш Дашпүрэв гэж дүүдээ бэлгэнд өгсөн.
-Дашпүрэв гэж улсын наадамд хээр билүү, зээрд морь түрүүлгэж байсан, мөн үү?
-Тийм. Хээр адуу түрүүлгэж байсан Дашпүрэвт өгсөн юм. Энэ саарал одоо Дашпүрэвийн нэрээр явдаг, 2014 онд давхиулж чадаагүй.
-Таны уяачийнхаа хувьд гаргасан хамгийн өндөр амжилт хэзээ, хэдэн оны наадам байх уу?
-Улсын наадамд долоод хурдлуулсан нь дээд амжилтанд орох уу, Хэнтий аймагт энэ боронзон зээрдийг түрүүлгэсэн нь илүү болдог юм уу, мэдэхгүй. Би бол энэ Ар халхын наадамд ардчилал эхэлснээс хойш ерөөсөө 750 азарга уралдаагүй л байх гэж бодож байна. Тэгэхээр улсад азарга долоолуулсан нь өндөр амжилт байх.
-Та улсын наадамд хэдэн удаа явсан юм бэ?
-Хоёр. 1995 онд явахдаа азаргаа долоолуулаад, даагаа 400 дааганаас 26-д оруулсан. 1998 онд анхны Их хурд болдог жил би улсад сүүтэй шүдлэн уралдуулаад 60 орчмоор оруулсан байх. Улсад уралдчихаад дамжаад цаашаа Их хурдад явж, азаргаа 13-аар оруулсан. Гэхдээ сонин дээр 17-д орсон гээд биччихсэн байдаг юм.
-Их хурдад арван хэдээр орсон адууг баталгаажуулж бай өгдөг биз дээ?
-Морин хуур өгсөн. Ер нь анхны Их урд гэдэг чинь хээрийн наадам байсан шүү дээ.
-Сүүлийн үеийн баяр наадмуудын зохион байгуулалтын талаар ямархуу бодолтой байгаа вэ?
-Дэндүү л байна. Ард иргэдгүй бол наадам болохгүй л байх. Хөдөөний ард иргэдэд арай л чангадаж байна. Улсын наадам ч тэр, сумынх бол бүр илүү. Улс, аймгийн Алдарт байлаа гээд морио дагаад явах эрх байхгүй. Зөвхөн уяачдын тэр өдрийн морины амьсгал л бүгдийг шийднэ. Бас энэ наадам монгол адуугаараа уралдах гээд байгаа юм уу, шинэ цагийн монгол адуугаараа уралдах гээд байгаа юм уу? Би энийг сайн ойлгохгүй л байна. Нэг бол бүгд л адилхан шинэ цагийн адуугаараа уралдмаар байна. Үгүй бол бүр хуучныхаараа зөвхөн монгол адуугаа уралдуулаад нэг талдаа багтмаар байна.
-Улсын наадам шинэ цагийн адуунд зориулсан тавил болоход ойрхон байна гэж танайхан үзэж байна уу. Энэ талаар нэг биш нэлээд олон хүн хэлж байгаа.
-Тийм. Би бол тэгж л үзэж байна.
-Ийм учир шалтгааны улмаас Хэнтийчүүд улс, бүсийн наадамд очиж уралдахгүй байна гэж ойлгож болох уу?
-Болно.  
-Тэгвэл шинэ цагийн адуутай болох талаар бодсон юм байна уу?
-Миний хувьд ч тэр талаар бодож санасан юм алга. Гэхдээ манай Мөрөнгийнхөн зарим нь шинэ цагийн адуутай болж л байна. Үнэндээ би үндсэн монгол адууны ген алдагдах вий л гэж айдаг. Би Манлай уяач Сандуйжавтай найз, гэр оронд нь очиж уулзаж, морь мал ярьж байсан. Тогоруу угшлын адууг би зөндөө  харж байсан. Дүү зээрд нь ч хурдан байсан. Тэгэхэд одоо дүү зээрдийн төл гэж улсын наадамд ороод байгааг мэдэхгүй л юм байна. Гэхдээ энэ шинэ монгол адууны хурд хэр удамшдаг юм дээ? Яг манай Монгол, Ар Халхын адуу шиг ингэж удамшдаг адуу юм уу, биш юм уу гэдгийг шинжлэх ухаан нотолсон юм уу, үгүй юу, мэдэхгүй.
-Ер нь танай гэр бүлийнхнээс морь уяж байгаа хүн байна уу?
-Байна аа. Алтансүх гээд миний бага хүү бий. Яг мал дээрээ байгаа хүн, түүнийг л удам залгаж уях болов уу гэж харж байгаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна