БАГАНУУР БАГА ХЭНТИЙ БүСИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.МӨНХБАТ: СЭТГЭЛИЙН МУХАРТ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ТӨРСӨН НУТАГТ ОЧИЖ МОРЬ УРАЛДУУЛЖ, УУЛ УСАА БАЯРЛУУЛАХ ХҮСЭЛ БИЙ

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 24 -нд

“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаарын содон зочдын нэг бол Ш.Мөнхбат байлаа. Хүүхэд байхын моринд хорхойтой явсан түүнтэй ярилцаж суухдаа эрийн гурван наадамдаа эн тэнцүүхэн элэгтэй нэгэн болохыг олж харсан гэж болно. Зодог шуудгаар гангарсан аавын хүү наадмын зүлэг ногоон дэвжээний үнэнч үзэгч бол, морь уяж хурдлуулан хийморио даллаж, нум эвшээлгэн үе үехэн наадчихна. Мөн мориор дамжсан үндэсний өв соёлоо үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх үүргээ ухамсарласан өнөө цагийн өнгөтэй уяач. Ингээд олныг үл нуршин түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сэлэнгийн Мандалд бага нас өнгөрөв үү? Морь мал унаж байв уу?
-Би нэг үе ээжийнхээ нутаг Архангайгаар овоглодог байлаа. Өвөө маань Архангайн Хайрхан сумын хүн л дээ. Харин миний аав Хөвсгөл аймгийн Их-Уулын уугуул. Аав ээж маань Сэлэнгийн Зүүнхараад төмөр зам тавигдахад хэдэн малаа нэгдэлд хураалгаад хоёр талаасаа ирж, гал голомтоо бадрааж байсан гэдэг. 1952 онд Сэлэнгэд ирсэн шиг байгаа юм.
Би төвийн хүүхэд. Тийм болохоор зуныхаа амралтаар хөдөө гарч айлын ганц нэг морь унах завшаан тохиодог байлаа. Өөрөө дуртай юм болохоор энэ боломжийг алдахгүйг их хичээнэ гээч. Дүү маань бас морины хорхойтой. Ингээд хожмоо дүүгээ дэмжиж, Сүхбаатар, Хэнтийгээс цус холдуулж адуу зөөж эхэлсэнээс хойш олон жил өнгөрчээ. Манайх Сэлэнгэ зүгийн адуутай айл л даа. Аав маань тэтгэвэрт гараад дүүтэй Салхит өртөөнд анх удаа уяаны ажил эхлүүлж байлаа.
-Танай удамд уяач олон байна уу?
-Хөвсгөлийн  Их-Уулд дээдчүүл морь уяж байсныг мэдэхгүй. Миний аав чинь цагдаагийн албанд зүтгэж яваад тэтгэвэртээ гарсан хүн. Аймгийн Арслан цолтой бөх л дээ. Залуудаа эмнэг сургадаг, адуунд эрэмгий байж. Тухайн үедээ сум аймагтаа түрүүлж, байны шагналд даага бэлэглэнэ. Өнөөхөө энд тэнд айлд аваачиж тавиад, яваандаа уяж эхэлсэн гэдэг юм. Манай Сэлэнгийн Зүүнхараа эртнээс хурдтай. Дээхнэ үедээ морин заводоос морь оруулж ирж, цус сайн сэлбэсэн. Удам дамжсан уяачид ч их байлаа. Миний багад Бүргэд ахын хар морь их сайхан давхидаг байсан. 1971 онд АХ-ын 50 жилээр түүний хээр даага улсад түрүүлсэн шүү дээ. Манай аав Балжин гуай хоёр дотно сайхан найзууд явлаа.  Бас арван жилийн нэг төгсөлтийн Ганбаатарын хонгор халзан улсад олон ч айрагдаж түрүүлсэн. Тэр үед дунд сургуулийн нөгөө ангийн хүү байсныг мэдсэн юм. Сургуульд байхдаа бараг харагдахгүй. Морь мал гээд л алга болчихдог хүүхэд байж билээ.
-Өөр таны багад хэн гээч уяачдын цуутай хүлгүүд яригддаг байв?
-Бүргэд гуай, Балжин гуай, Хорлоодой гуай гээд л уяачид байлаа. Баруунхараа, Зүүнхараа нийлээд наадмаа хийчихнэ. Зүүнхараагийн сангийн аж ахуй чинь Мандалын сангийн аж ахуй гэж явсан болохоор мөн л наадмаа нийлж хийнэ. Харин 1967,68 оноос эхлэн улсад явж улмаар айраг, түрүү авч байсан шиг байгаа юм. 1971 онд би дунд сургууль сурагч болоод удаагүй байсан үе. Тэгэхэд жижигхэн пагдгар Балжин гуайн даага улсад түрүүлээд, аав түүнээс дутахгүй баярлаж байсныг тод санадаг юм. Харин Бүргэд гуай их олон жороо морьтой, хурдтай хүн. Мөн ганган Далай гэж наадам болохоор туг бариад жороо морь унаад наадмын нээлтэнд явдаг өвгөн байсансан. Их ч гоё хүн л дээ.
-Харин таны морьтой холбогдсон түүх хэзээнээс эхтэй вэ?
-1994 онд аав маань бурхан болж, би ээж, дүү нараа хэдэн адуутай нь Багануурт авчирсан юм. Ингээд дүүгээ дагаж морь уяж эхэлсэнээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Анх морь уяад хоёр жилийн дараа Багануурын наадамд манай хээр даага хол түрүүлгэж, 1997 онд улсад анх удаа очиж, шүдлэн айрагдуулж байлаа.
-Багануураас анхны улсын айргийг авсан байх нь ээ?
-Тийм ээ, анхных. Түүний дараа жил 1998 онд зээрд даага ороод, 2000 онд Өвгөн ноёны наадамд соёолон аман хүзүүдсэн. Түүнээс нэлээн хэдэн жилийн дараа буюу 2009 онд Арвай хээрээ Дүнжингаравт оруулсан.
-Улсад орсон шүдлэн хаанахын адуу вэ?
-Үүлэн борын угшилтай хар соёолон үрээг Мөнгөнморьтын Батаахүүгээс авч азарга тавьсан. Харин эх нь манай хөгшин хээр гүү байгаа юм. Тэр жил Онгуу гуайтай хамт цэнгэлдэхэд орсон юмдаг. Анх удаа морио цоллуулахаар орж байгаа нь тэр. Бас л сайхан санагддаг юм билээ. Өмнө нь бөх үзэж л орж байсан юм чинь.
-Адуутай нөхөрлөсөн хүний баяр жаргалыг цэнгэлдэхэд орох мөчид илүүтэй мэдэрдэг болов уу?
-Тэгэлгүй яахав. Унаж өссөн нутаг ус, аавынхаа нэр алдрыг дуудуулахад өөрийн эрхгүй огшдог юм байна лээ. Тэр үед аавыгаа амьд сэрүүн байсан бол харамсах сэтгэл төрсөн. Наадам ч мундаг өтгөн болдог байж. Яармагийн дэнжид 400,500 гаргаад адуу уралдана шүү дээ.  Харин Хүйн долоон худагт нааддаг болсноос хойш бараг явсангүй. Нэг жил дүү Хүйн долоон худагт очсон ч морь шороо идээд эндсэн. Ингээд хэсэг завсарласан. Уг нь яваад байсан бол нэг юманд хүрчих л байсан байх. Тухай үед дүүгийнхээ аяыг л харна. Өнөөх маань жоохон зөрүүд ээ. Дүү явна гэвэл би явна. Тэрнээс би хүчилж байгаагүй л дээ.
-Харин улсад айрагддаг даага хаанахынх уу?
-Мөн л манайхны унаган адуу. Хэнтийн Галшараас ирсэн хүрэн азарганы угшилтай.

УЛСЫН НААДМЫН ХОЁР, БҮСИЙН ХОЁР АЙРАГ ТҮРҮҮТЭЙ

-Улсад орсныхоо дараа яаж давхисан бэ?
-Дүнжингарав гэж эхлээгүй Далан тойрч нэг уралдахад азаргандаа айрагдсан. Гэхдээ энэ томоохон наадмын амжилтанд ордоггүй ч 69-ийн байтай наадам байсан л даа. Ер нь тэр  үед бооцоот уралдаанууд нэлээн болно. Одоо санаж байгаагаас Баянжаргаланд сая төгрөгний бооцоот уралдаан болж, Мөнгөнморьтын Батхуягийн халтар халтар азарга түрүүлж байлаа.
-Та хэр оролцож байв?
-Оролцоно шүү. Саяхан нэг бооцоот уралдаанд Арвай хээрээ аман хүзүүдүүлсэн. Ер нь хоёр гурван ч бооцоот уралдаанд орсон. Бооцоогоо алддаггүй юм.
-1998,99 оны улсын наадмаас хойш яаж наадав?
-Одоогоор улсын наадмын хоёр, бүсийн хоёр айраг түрүүтэй.  2000 оны Өвгөн ноёны наадамд дүү хүүгээсээ авсан хул үрээгээ аман хүзүүдүүлсэн. Бараг хошуу өлгөөд л орж байлаа. Халхын хурдан буянгуудтай үзээд тун ч бахдалтай аман хүзүүгээр ирсэн юмдаг. Тэгэхэд Эрдэнэчулууны шарга зургаад орсон. Даанч хойтон жил нь хул үрээгээ хулгайд алдчихсан.
-Дүнжингаравт айрагдсан Арвай хээр хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тонгуу адуу гэдэг юм. Би шилбэ Дамдинсүрэнгээс хязаалан үрээ очиж авч байлаа. Тэгэхэд Мөнхдаш Манлай, Мижиддорж гээд олуулаа явсан л даа. Өнөө хэд маань адуу үзэхээр явчихлаа. Тэгсэн айлын хүүхэд хонинд унаж ирээд морины арал дээр цулбуурыг нь шидчихсэн сул хээр үрээ нүдэнд туслаа. Сулхан дуугаар “энийг авбал авах юм” гэвэл эзэн нь нэг мотоцикль өгөөд ав гэж байна. Тэр үед мотоцикль сая гаруй төгрөг байсан юм. Нэмээд ганц хоёр үрээ ч авсан. Тэндээс хээр маань Багануурын бүсийн уралдаанд хоёр ч түрүүлсэн. Би өвөл зунгүй л уядаг байлаа. Даанч ид сайхан давхидаг дээр нь алдсан даа, хөөрхий. 
-Арвай гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Арвай шиг жижигхэн давхилтай болохоор Батхуяг дүү маань  ийн нэрийдсэн юм.
-Та ер нь хаана хаанаас адуу мал авч байсан бэ?
-Анх аавтайгаа цус холдуулах зорилгоор Хэнтийн Галшар сумаас анхны морьдоо цуглуулж байлаа.  Дараа нь Тод манлай Даваахүү ах, Сундуйжав гуай, Содномцог ах, Буяндэлгэр нар адуу маланд явахдаа манайхаар дайрна л даа. Тэдний адууны тухай яриа гэдэг салахын аргагүй. Тэр чигээрээ л “шипи” болно гээч. Харин сүүлийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Бүүвэй гэж дүү хүү бий. Ах нь Баатар гээд уяач байдаг юм. Тэднээс адуу авлаа. Мөн Хэнтийн Мөрөнгөөс авлаа Ганзориг  найз маань мөн нэг эрлийз үрээ өглөө. Тэрнээс би өөрөө эрлийз адуу авч байсангүй ээ.
-Ямар Ганзориг билээ?
-ГОК-ын захирлаар ажиллаж байсан. Бид эртний найзууд. Олон жил сайхан найзалж  нөхөрлөж байна. Хоёр жил дараалан улсын наадамд морь айрагдуулж, Өвгөн ноёны наадамд соёолон аман хүзүүдүүлсэн амжилтаараа би 2000 онд улсын шилдэг уяачаар шалгарсан юм. Тэгэхэд Ганзориг найз маань “Улсын шилдэг уяач“ гэж ямар цол байдаг юм” гээд намайг шоолж л байлаа. /инээв/ Сүүлийн үед найзын маань хүү Тэмүүлэн  их сайн морь уяж байна. Морины төлөө гэсэн чин сэтгэлтэй. Хааяа нэг уулзаад морины тухай ярихаар үг хэл нь “гүйцэгдэхээ” байсан байна лээ. Улсад гурав түрүүлсэн халтар азаргыг нь зарим хүмүүс нь эрлийз адуу гэж ярьдаг юм билээ. Ойроос мэдэх хүний хувьд тэр бол арга байхгүй Ажнай шаргын төл, монгол адуу гэдгийг хэлмээр байна. Эцгийгээ дуурайсан аргагүй сайхан хурдан буян даа.
-Та бол монгол адуугаараа наадъя гэж бодож байна уу?
-Өнөөдөр эрлийзгүй бол уралдуулахын аргагүй болчихлоо. Ялгагдахаа ч байж. Хөгшчүүлийн ярихаар монгол адууны чанар байхгүй болчихоор жоохон дургүй л байх юм байна. Даваахүү ахын ярьдагаар морины чанар муудаж байна. Гарын ая даахаар морь байхаа больчихдог гэдэг үнэн шүү. Хүн ч ялгаагүй. Гэхдээ хурдаа бодвол зөв л дөө. Эрлийзжүүлж байж л хурдлах болохоор хөдөө хотгүй адуугаа эрлийзжүүлж байна. Би саяхан Сүхбаатар яваад ирлээ. Орсон айл болгон эрлийзтэй болсон байна лээ.
МАНАЙ БАГАНУУРЫН НААДМААС ТУХАЙН ЖИЛИЙН ДүНЖИНГАРАВЫН ӨНГИЙГ ТОЛЬДДОГ
-Багануурын МСУХ ерээд онд байгуулагдсан байхаа?
-Буяндэлгэр гуайг Багануурын МСУХ-ны тэргүүний үед идэвхитэй гишүүдийн нэг явлаа. Манай Цандэлэг, Мөнхдаш нар чинь нэг үеийнхэн л дээ. Харин уралдааны хувьд Элбэгсайхан, одоогийн Засаг дарга Бямбадорж бид хэд нийлж Багануур бага Хэнтий бүс билүү, зүүн бүс гэх нэр өгөөд, анхны хурлаа хийсэн нь 2000-аад оны эх. Улмаар хотод ирж, Баярмагнай гуайтай уулзаж бүртгүүлээд, тамга тэмдгээ авч байлаа. Манай Багануур чинь бас онцлогтой. Ойр орчмын Мөнгөнморьт, Баяндэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Архустайн уяачид их ирнэ. Бид ч их идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байж. Эдгээр сумдын уяачдаа хамарсан уралдаан зохион байгуулж, амжилттай наадсанаа бүсийн Алдарт уяачаар шагнаж урамшуулдаг байлаа. Тэмдгээс эхлээд бүгдийг өөрсдөө л хийдэгсэн. Дор бүрнээ сэтгэл зүрхнээсээ ажиллана. Уурхайн дарга Дамбапэлжээ гуай “замын асуудлыг ах нь хариуцана аа. Их уурхайн тус дэм байлгүй яахав” гээд биднийг дэмжин ажиллаж байсан. Цас ихтэй жил цасыг нь сайхан хусаад өгнө. Эмх журам сахиулах тал дээр цагдаагийн дарга мөн л дэмжинэ. Энэ мэтээр олныхоо хичээл зүтгэлээр уралдаан маань сайхан болно. Хүмүүс ч ам сайтай буцдагсан. Манай Багануурын наадмаас тухайн жилийн Дүнжингаравын өнгийг тольддог. Даанч би сүүлийн найм есөн жил Багануурын хэд дээрээ очиж амжсангүй. Ямартаа ч уралдаанаа уламжлал ёсоор зохион байгуулж байгаад баярладаг.
-Өнөөдөр уяачийн ёс зүй, жудаг үгүйлэгдээд байгаа тухай ярих л юм. Таныхаар үлгэр жишээ болох ямар ямар уяачдыг мэдэх вэ?
-Олон дотор сайн муу нь байлгүй яахав. Намайг моринд ороод удаагүй, “нов ногооноороо” явахад манай Багануурт Зүндэв гуай гэж их сайхан уяач байлаа. Бас Өлзий гэж байна. Хүнээс юм нуухгүй, бодож санаснаа шулуухан хэлчихнэ, зааж зөвлөнө. Ер нь хөдөөгийн сумын уяачид жудагтай, гүндүүгүй сайхан улс байдаг юм шүү дээ. Олон газар явж хортой юм үзээгүй, өөрийнхөө л яваа эрс гэж боддог. Манай томчуудад ч сайхан улс зөндөө. Онон ах, Даваахүү ах, Сономпил гээд л. Талийгч Аюуш Манлай маань мөн л сайхан хүн байлаа.
-Эр хүний хийморийг хурдан морь далладаг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Уясан морио айраг түрүүгээр хурдлуулчихаад цоллуулна гэдэг сайхан. Нутаг ус баярладаг болов уу. Морь сайхан давхиад ирэхээр ажил үйлс ч өөдрөг сайхан бүтэмжтэй болно. Нутгийн зон олон ч их баярладаг юм. Зүүнхараагаараа дуудуулж наадаад очиход тэд ямар их баярлана гээч, андашгүй.
-Та аавынхаа нутаг Хөвсгөлийн Их-Уул, ээжийнхээ нутаг Архангайн Хайрханаар очиж наадаж байв уу?
-Одоогоор амжаагүй л явна. Сэтгэлийн мухарт аав, ээжийнхээ төрсөн нутагт очиж морь уралдуулаад уул усаа баярлуулахсан гэж боддог. Их-Уулдаа очиж наадам хийхсэн гэж нэг бус ярилцаж байлаа. Санаж явбал бүтнэ гэдэг дээ.
-Ингэхэд танай удамд бөхчүүд бий юу?
-Айхтар нэрд гарсан бөх байхгүй ээ. Гэхдээ аавын аав Хөвсгөлөөс жин тээж урагшаа явдаг байж. Заримдаа ч зам зуураа үлдчихнэ. Тэгж яваад нэг удаад нь Сэлэнгэд үлдсэн шиг байгаа юм.  Аавыг багад аав нь том том бухлыг ганцаараа нэг нэг сэрээдээд л тавьчихдаг, их бяртай нэгэн байсан гэдэг.  Энэ тухай нутгийн хөгшчүүл ч ярьдаг байлаа. Энэ бяр аавд ирсэн болов уу. Манай аав 1960-аад оны сүүл, 70-аад оны эхээр улсад барилдаж, хоёр удаа дөрөв давж байсан удаатай.
-Та барилдаж байв уу?
-Үгүй ээ.
-Сур харвах уу? Сурын холбоонд “данстай” байхаа?
-“Азийн чоно”-д байхад  манайх сурын багтай байлаа. Бас “Бурхан халдун”-ы Мандаагийнх багтай. Бид хоёр багаараа бооцоотой харвацгаана. Сурын холбооны тэргүүн “Цагаан шонхор”-ын Энхтайваны  “Чингисийн өргөө” бааз дээр цугларч бэлтгэлээ базаана. Ингэж яваад сурын холбоонд орж байлаа. Манай Багануурын харваачид ч мундаг шүү. Гэхдээ би айхтар харвахгүй ээ. Ямар ч байсан жилдээ нэг нум эвшээлгэчихнэ.
-Бооцоотой харваж байв уу?
-Үзэлгүй яахав. Энхтайван, Мандаа бид гурав Бурхан халдун дээр очиж сур харваж явлаа. Гэхдээ Энхтайваныг барахгүй юм байна лээ.
-Багануурын бөхийн холбоог тэргүүлж байсан санагдах юм?
-Андуурчээ. Манай дүү Жаргалсайхан тэргүүнээр нь ажилладаг юм. Манай ах дүүс Багануурын баяр наадмын түрүү бөхийг 10-аад жил өөрийн удмын даагаар байлж ирсэн. Аавын  маань нэрэмжит энэ шагнал өдгөө уламжлал болсон. Бас Багануурт Гүний овоо гэж байдаг юм. Би улсаас анхны айргаа аваад Гүний овоогоо тахиад наадам хийдэг байлаа. Хүүхдийн баяраар болдог энэ тахилгаар даага уралдуулж, түрүүг нь  “Иж планет 5” мотоциклиор байлна. Ингэж дөрөв таван жил наадсан. Даанч одоо тасалдчихаад байна.
-Байны дааганууд хурдалж байна уу?
-Ер нь манай дүүгийн адуунууд энд тэнд сайн давхидаг юм. Архангай, Сэлэнгэд очсон нь айрагдлаа. Аймгийн наадамдаа ч айргаар хурдалж байгааг дуулаад баярлах л юм.
-Гэр бүлээс нэг нь л морь уяхаар бусад нь “уруу татагддаг” гэдэг дээ?
-Тэр үнэн шүү. Манай хүү Тэмүүжин надаас ч илүү моринд дуртай нөхөр бий. Бас морь сайн мэднэ. Бага дүүгийн адуун дээрээ өссөн болохоор морины тал дээр шал өөр л дөө. Хөөрхий дөө, хар үүрээр ороолгуулаад, тавтай жаахан амьтан морь унаж эхэлж байлаа. Эндээс хүүхэд их хатуужилтай, ямар ч юманд эвтэй дүйтэй болчихдог юм байна. Одоо ач хүү Тэмүүжингийн Батжин  бас моринд дуртай. Хайртай ач хүүгийнхээ нэр дээр би англи угшилтай адуугаа дараа жилээс уралдуулна даа. Бидний насанд ач, зээ нар бас өөр нэгэн баяр жаргалыг мэдрүүлэх юм.  Би ч эдэнтэйгээ ноцолдоно, долоо хоногтоо нэг адуун дээрээ очно, цагаан сарын шинийн нэгэндээ овоондоо гарч хийморио сэргээнэ. Иймэрхүү хоббитой болоод байгаа хүн дээ.
-Уяачид бол Монголын өв соёлыг тээж яваа улс. Тэр утгаараа та эр хүний чимэг болсон эдлэл хэрэгсэл тэргүүтэнд хэр ач холбогдол өгдөг вэ?
-Найз нөхдийн адил гэж болно. Хэдэн аятайхан хөөрөгтэй. Бас эмээл ч байна. Чингисийн үеийн эмээлийг анх хийлгэж явлаа.
-Чингисийн үеийн эмээл ямар ялгаатай байх уу?
-Малтлагаар олдсон 12,13 зууны үеийн эмээл Төв музейд байдаг. Тэр хэвээр 1996,97 оны үед хийлгэсэн эмээл байгаа юм. Суудал нь жоохон өргөн юм билээ. Миний энэ эмээл чинь клипэнд “тоглоод” авсан удаатай. Улаанбаатар чуулгын дарга асан МУГЖ дуучин Түвшинтөгсийн  ...Айрагтай адуутай ... гээд  үгтэй сайхан дуу бий шүү дээ. Энэ гоё дууны клипэн дээр энэ эмээлийг тохсон миний том халтар морь гардаг.
-Нууц биш бол ямар үнэ ханшаар хийлгэж байсан бэ?
-Дахин давтагдахгүй гар урлал гэдэг утгаараа овоо үнэтэй гарсан. Би боддог юм. Энэ ч бас Монголын өв соёлын нэг гэж. Өнөөдөр “морь уяна гэдэг төрийн хэрэг” гэж ярьцгаадаг. Түүн шиг ардын өв соёлыг хойч үедээ түгээж байгаа нэг хэлбэр юм даа. Та нар харж байгаа биз дээ. Монгол наадмаар ямар гоё билээ. Манай ХАА-н яаманд ажилладаг Цолмон найз маань морь уяхгүй ч жил бүр Хүйн долоон худагтаа гэр барьж гарна. Энэ бол бас л нэг соёл. Би тамхи татдаггүй ч хэдэн сайхан соруултай. Герман найзууд ирнэ л дээ. Тэд өнөө гаансаар тамхилж үзнэ. Тэгээд үнийг нь асууна. Та нарын унадаг 500 Жи чинь зөвхөн соруулных нь үнэ гэхэд ямар хурдан буцааж өгнө гээч. Аяга барьсан ч тэдэн сая, зүгээр нэг чулуу гаргаад хөөрөглөхөд өнөөх нь хэдэн 100 сая гээд тэгэхээр үнэхээр их гайхдаг байхгүй юу. Яах аргагүй бидний бахархал л даа. Сүүлийн үеийн залуучууд ч их мундаг болж. Сайхан эдийг эдэлж, үнэ цэнийг нь мэддэг, хайрладаг, хамгаалдаг болжээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын амжилт хүсье. 
"Тод магнай" сэтгүүл №72

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна