Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Түнэл сумын азарганууд илүү хурдан

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 21 -нд

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чогдоогийн Балжинням хэмээх энэ буурал хоймор нутгийн хурдан морины амьд лавлах болсон хүн юм. Түүнээс аймгийн баяр наадамд айрагдаж, түрүүлсэн хүлгэдийг асуухад торох юмгүй цээжээр хариулна. Бүр болоогүй гаргасан амжилтаар нь эрэмбэлж нутгийн шигшмэл 15 их морь, азаргыг тодруулчихсан байдаг юм билээ. Таван халуун гэгдэн хурдан тууртын хийморьт сүсэглэж явдаг түүнтэй хөөрөлдснөө сийрүүлэн хүргэж байна.
-Таныг Хөвсгөлийн адууны амьд лавлах гэх юм. Энэ нэр юунаас үүдэлтэй юм бэ?

-Моринд дуртай, хаа явсан газраа ярьж явдаг болохоор л тэгж нэрлэсэн байх. Өвөө нь 1960-аад оноос хойшхи 50-н гаруй жилийн хугацаан дахь аймгийн баяр наадмын эхний таван адууг цээжээрээ нэрлэдэг юм. Одоогийн та нарын хэлдгээр хобби юмуу даа. Манай Хөвсгөл аймаг эрт дээр үеэсээ хурдтай, домог мэт яригддаг хурдан хүлгүүд бишгүй байлаа. Жишээлбэл  Бүрэнтогтох сумын алдарт ногоон морь байна. Аймгийнхаа баяр наадамд олон түрүүлсэн энэ буянт хүлэг хамгийн сүүлд 19 настай буюу 1950 онд аймгийн баяр наадамд аман хүзүүдэж байсан. Тухайн үед би хүүхэд байсан болохоор сайн санадаггүй юм. Ямар ч байсан ногоон нүдтэй, их нуруу муутай. Гэхдээ хурдны шинж нь бүрдсэн, холч морь байсан гэж хөгшчүүд ярьдаг. Ногоон морь 30 хүрсэн  ч нутгийн олны аман ярианд домог болон мөнхөрсөн хүлэг.
-Сүүлийн хагас зуун жилийн хугацаан дахь хоймор нутгийн хамгийн хурдан хүлгүүдийг нэрлээч?
-1960-2012 он хүртэлх 52 жилийн хугацаанд хурдалсан шилмэл 15 азарга, морийг би өөрийнхөөрөө жагсаасан тэрийг хэлж болох уу?
-Бололгүй яахав?
Шилмэл 15 азарганаас  Үүнд:
1. Түнэл сумын харьяат МУ-ын Алдарт уяач Дугарын Зоригтын бор азарга – аймгийн наадамд долоо  түрүүлж, хоёр аман хүзүүдсэн
2. МУ-ын Алдарт уяач Ж.Цэдэнсамбуугийн цэнхэр азарга- аймгийн наадамд тав түрүүлж, нэг аман хүзүүдэж, хоёр айрагдсан,
3. Бүрэнтогтох сумын Туяа багийн уяач Далайн Янжингийн саарал азарга – аймгийн наадамд дөрөв  түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг айрагдсан.
4. МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн Бүлтэн халзан азарга – Архангайн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, “Хотгойдын хурд-1” бүсийн уралдаанд гурвалж, аймгийн баяр наадамд соёолондоо түрүүлсэн.
5. Аймгийн Алдарт уяач Балдандоржийн хээр азарга – 1993, 1994, 1995 онуудад аймгийн баяр наадамд завсаргүй гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэн, хоёр айрагдсан.
6. МУ-ын Алдарт уяач Намсрайдоржийн хээр азарга – аймгийн наадамд хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэн, хоёр айрагдсан.
7. Базаррагчаагийн хул азарга – аймгийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, хоёр айрагдсан.
8. Алаг-Эрдэнэ сумын уяач Энхээгийн алаг азарга – аймгийн баяр наадамд хоёр  түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Уг нь гурав түрүүлсэн ч 1991 онд түрүүлж ирээд тугны гадуур орчихсон адуу байгаа юм.
9. Р.Батбаярын хээр азарга – аймгийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, нэг айрагдсан. 1988 онд соёолондоо түрүүлээд, 1989 онд хавчигтаа аман хүзүүдэж, 1990 онд гуравлаад, 1991 онд аймгийн 70 жилийн ойгоор түрүүлсэн юм.
10.Аймгийн Алдарт уяач “өмсдөг” хэмээх Пүрэвийн хонгор азарга –1981 онд аймгийн 60 жилийн ойгоор түрүүлээд, дараа нь нэг аман хүзүүдэж, гурав шөвгөрсөн.
11.Магсарын хүрэн азарга – аймгийн наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, хоёр шөвгөрсөн.
12.Бүрэнтогтох сумын Туяа багийн  О.Даваажавын алаг азарга – аймгийн баяр наадамд гурав аман хүзүүдэж, хоёр шөвгөрсөн.
13.Аймгийн Алдарт уяач Наянжингийн хээр азарга – аймгийн наадамд хоёр аман хүзүүдэн, хоёр шөвгөрсөн.
14.Хандын Баатарын хээр азарга-аймгийн наадамд гурав аман хүзүүдэн, хоёр шөвгөрсөн.
15.Миний хонгор азарга – аймгийн наадамд тав  шөвгөрсөн адуу байгаа юм.
1960 -2012 он хүртэл хугацааны шилмэл 15 их насны морийг гаргасан. Үүнд:
1.Түнэл сумын харьяат аймгийн Алдарт уяач Пунцагийн буурал морь – аймагт гурав түрүүлж, нэг аман хүзүүдэн, дөрөв айрагдсан.  1971 онд аймагт анх уралдаж дөрөв орж байсан юм.
2.МУ-ын Алдарт уяач “өндөр” хэмээх Шагдарын саарал морь- аймагт гурав түрүүлж, нэг аман хүзүүдэн гурав айрагдсан.
3.Бүрэнтогтохын Туяа багийн Цэрэнгийн Чулууны Аварга шар халтар морь – аймгийн наадамд тав түрүүлж, хоёр айрагдсан. Даага, шүдлэн, хязаалан, соёолон, нас нийлсэн жилээ бас түрүүлж, 2003, 2004 онд аман хүзүүдэж байсан юм. 
4.МУ-ын Алдарт уяач Хишигбатын алдарт хонгор морь – аймгийн наадамд гурав түрүүлж, нэг  айрагдсан. Улсын наадамд очоод будилсан. Монгол улс даяар нэрд гарсан хүлэг болохоор дөрөвт ордог.
5.МУ-ын Алдарт уяач Намсрайдоржийн халиун морь – аймгийн наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, нэг айрагдсан. Хоёр түрүүнийх нь нэг нь “Хотгойдын хурд-2” бүсийн наадмын түрүү байгаа юм.
6.Түнэл сумын Нийгмийн буурал- 1979, 1989 онуудад тус тус  түрүүлж, гурав  айрагдсан морь.
7.Аймгийн Алдарт уяач Ванчинбазарын цавьдар морь –аймагт хоёр  түрүүлж, гурав айрагдсан.
8.Чалхаан Чойжилсүрэнгийн  морь – аймагт нэг түрүүлж, хоёр аман хүзүүдэн, хоёр айрагдсан.
9.Төмөрбаатарын морь аймагт нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн.
10.Галаагийн Даншиг алаг морь - аймагт хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, хоёр айрагдсан.
11.Сайнбуянгийн Баадайн Дэлгэр бор морь аймагт нэг түрүүлж, хоёр аман хүзүүдэн, хоёр айрагдсан.
12.Төмөрбулаг сумын харьяат Жамган Баадайн  морь аймагт хоёр  түрүүлж, гурав айрагдсан. Соёолондоо нэг түрүүлж, нас нийлээд бас нэг түрүүлсэн юм байгаа юм.
13.Аймгийн Алдарт уяач Баадайн Лхэгшигдоржийн хонгор морь- Бүсийн наадамд нэг айрагдаж, аймагт нэг түрүүлж, нэг айрагдсан.
14.Их-Уул сумын харьяат Даваадоржийн Туулай хээр морь- бүсийн наадамд айрагдаж, аймгийн наадамд нэг түрүүлсэн.
15.Миний борлог морь аймагт гурав аман хүзүүдэн, нэг айрагдсан.
1960-2012 он хүртэлх хугацаанд аймгийн наадамд аль сумын азарга, их насны морьд орсон байна гээд үзэхээр Түнэл сумын азарга 16 удаа  түрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Түнэлийн азарга илүү хурдан гэсэн үг юмуу даа. Түүний ард Бүрэнтогтох сумаас 11 азарга орсон байдаг юм. Дараа нь  Алаг-Эрдэнэ сумаас тав, Тариалан сумаас дөрвөн азарга тус тус орсон байдаг. Харин их насны морьдын хувьд Бүрэнтогтох сумаас хамгийн олон буюу 18 морь аймгийн наадамд орсон бол Түнэлээс 11, Төмөрбулаг, Арбулагаас тус тус дөрвөн морь түрүүлсэн байдаг юм.
-Бас ч яггүй л юм байна. Амжилт нь давхцсан морьд ч цөөнгүй байна шүү дээ?
-Харин тийм. Амжилт нь давхцсан адуунуудыг ерөнхий чансааг нь харж байр эзлүүлсэн юм. Энэ бол миний хувь хүний гаргасан эрэмбэ түүнээс албан ёсных биш  шүү дээ. 
-Эргээд харвал Хөвсгөл аймгийн морин спортын хөгжлийн хамгийн оргил үе хэдэн он бэ?
-Морины түүхэн хөгжлийн оргил үеийг 2000 оноос хойшхи гэж л хэлмээр байна. Хавдал даргын үед жаахан хавчигдан гундаж байсан байх. Азарга, даага хоёрыг хасч наадмын цар хүрээг бууруулж байсан үе л дээ. Түүний дараа 2000 оноос хойш бол сайхан хөгжиж байна. Адууны үүлдэр угсаа ч сайжирч байна.
-Цаг хатуу үеийн хамгийн өтгөн бас хамгийн цөөн морь уралдсан наадам хэдэн оных байв?
-Хамгийн цөөн морь уралдсан нь 1979 оны наадам байх. Их нас  37, хорин хэдхэн азарга мордож байсан юмдаг. Харин хамгийн өтгөн наадам гэвэл 2011 оных юм болов уу. Их насны морь гэхэд д 480 мордож байсан юм шүү дээ.
-Та хэдийнээс хурдан моринд ингэтлээ шимтэх болсон юм бэ?
-Миний аав, ах нар цөм хурдан морь уядаг. Уясан морьд нь ч дориун давхина. Би 1960 оноос эхлэн хурдан морь унасан хүн. 1963 онд аймгийнхаа баяр наадамд соёолон үрээ айрагдуулж анхны айргаа амсаж байлаа. Түүнээс хойш өөрөө морь уядаг болоод 40 гаруй  жилийн хугацаанд аймаг, сумдын баяр наадмаас таван түрүү, 40 гаруй айраг хүртсэн байдаг юм. Энэ жил нас сүүдэр 73 хүрч байна. 1981 онд Хөвсгөл аймагт анхны өвлийн бооцоот уралдааныг хийж байлаа. Тэгэхэд Хандгай алаг морь маань түрүүлж, МУ-ын Алдарт уяач “өндөр” хэмээх Шагдарын саарал морь аман хүзүүдэж байсан юм.
-Хурганы арьсаар бооцоо тавьдаг байсан гэдэг үү?
-Тийм. Тэр наадмаас би 25 хурганы арьсыг бооцоонд авч байсан юмдаг. Хурганы арьсан дээрээ нэмээд бас хэдэн төгрөг тавьдаг байсан юмаа. Тэр уралдаан уламжлал болон зохиогддог болсон.
-Аймгийнхаа уяачдын холбооны ажилд хэр идэвхитэй оролцдог вэ та?
-Оролцноо. Янз бүрийн зөвлөгөөн, хурал, шинэ жилийн баярын арга хэмжээндээ урьж оролцуулдаг юм. Хурдан тууртын буянаар түмэндээ хүндлэгдэж явна хэмээн тэрүүхэндээ баяртай явдаг  даа ах нь.
-Тэгэлгүй яахав. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээж яваг. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна