Аймгийн Алдарт уяач Б.Ганбат: Урьд өдөр нь авсан эзнийхээ цолыг мялааж Зүүн бүсийн наадамд хээр азарга дөрөвлөсөн

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 17 -нд

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Ганбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг Баян-Овоо сумыг төлөөлж гадагшаа гарч уралдаж байгаа хүмүүсийн нэг гэсэн. Ямар адуу хаана очиж хэдэн оны наадамд яаж айрагдсан бэ?
-Миний хар азарга аймгийн наадамд гуравлаж байсан. Хээр азарга 2013 онд зүүн бүсийн наадамд дөрөвлөөд, сумынхаа ойд түрүүлсэн. Халиун морь сумынхаа ойд түрүүлсэн.
-Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, зүүн бүсийн наадамд айргийн дөрвөөр хурдалж нутаг орны нэрийг гаргасан хээр азарганы удам угшлыг сонирхмоор байна?
-Миний хээр азарга Уулбаяны Гуулийн угшилтай. Манай хүргэн Нямдоржийн суманд гурав түрүүлж, арваад айрагдсан цагаан азарганы төл, миний унаган адуу гэсэн үг. Эх нь Олзод гээд манай аавын ахынх нь хүрэн адууны угшилтай манай унаган хүрэн гүү. Авга ахын хүрэн адуунууд уясан болгон нь сумандаа байнга айрагдаж байдаг, одоо ч хурдалж байгаа адуунууд бий. Хүрэн гүүгээ хүргэнийхээ цагаан азарганд хураалгаад миний хээр азарга гарсан юм.
-Хээр азарга хэдийнээс уягдаж хурд нь танигдаж эхэлсэн бэ?
-Хээр азарга шүдлэнгээсээ уягдаад сумандаа наймлаад, хязаалан түрүүлж эхэлсэн дээ. Хязааландаа зун нь уягдаагүй байж байгаад намар Хасбазар өвгөний ойн мялаалга наадамд түрүүлээд, Түмэнцогтод болсон Хөлөнбуйр, Баян-Овоо нийлсэн Хошуу бургасын наадамд аман хүзүүдээд, соёолондоо богинын уралдаанд гуравласан.
-Богинын уралдаан гэдэг нь бэсрэг наадмаа хэлээд байна уу?
-Бэсрэг наадмаа хэлж байгаа юм. Намар найман сард болж байсан.
-Та яагаад зунд уралдуулахгүй байгаа юм бэ. Уяа нь эвлэхгүй, болохгүй байсан юм уу?
-Зуны уралдаанд нэг их уралдаагүй. Тэгээд хавчиг азарга сумандаа түрүүлээд, дараа жил нь долоотой азарга 90 жилийнхээ ойгоор түрүүлээд, аймагт гулсаж очоод бүсийн наадамд дөрөвт орж байгаа юм. Одоо шинэ наймтай азарга болж байгаа.
-Ер нь жилд нэг л уралдуулж байгаа юу?
-Долоотойдоо хоёр уралдсан юм. Ер нь би цөөхөн уралдуулдаг. 2014 онд хээр азарга Хэнтий аймгийн наадамд наймд ороод, Норовлингийн 90 жилийн ойд очиж гуравт ороод, дараа нь гулсуулаад Түмэнцогт сангийн аж ахуй байгуулагдсаны 60 жилийн ойд мөн гуравт орсон. Сумандаа уралдалгүй аймаг, Норовлингийн ой, Түмэнгийн ойд уралдаж хоёр айрагдсан. Хээр азарга ер нь хаврын уралдаанд уралдаагүй. Хээр азаргаа зуны наадамд үзэх санаатай нөөцлөөд байдаг юм.
-Төлүүд нь гарч эхэлсэн биз дээ?
-Тийм. Дандаа охин төлүүдтэй байгаад, энэ жил хоёр, гурван эр унага гарлаа. Ирэх жилээс уралдана.
-Аймгийн ой, зүүн бүс давхацсан том уралдаанд танай сумаас хэдэн хүн очиж хурдан хурцынхаа шандсыг сорьсон бэ?
-Сумын Алдарт уяач Цогоо, Хэрлэнбаатар гээд цуг явдаг залуучууд бүгд очсон. Би Хэнтий аймгийн зүүн бүсийн наадамд азаргандаа их найдвар тавьж байсан. Сумынхаа ойд түрүүлчихсэн, наадмын урьд өдөр 26-нд нь аймгийн Алдарт цолоо аваад, 27-нд нь азарга өглөө мордуулахдаа азарга маань эзнийхээ цолыг мялаагаад айрагдчих байх гэж горьдож байсан. Тэгээд миний азарга цолыг минь мялааж 120-иод азарганаас дөрөвт орж байсан. Миний халиун соёолон 40 хэдээр уралдаад, цуг явсан Цогоогийн алаг морь 80 хэдээр уралдчихаад ирсэн байх. Бид угаасаа цөөхөн адуутай явсан л даа.
-Аймагтаа бас хэд хэд очоод наадчихсан юм шиг байна.
-Тэгсээн.  2010 онд Хэнтий аймагт хар азаргаа гуравлуулж байсан. Тэр жил аймагт орсон азаргануудад Их хурдын мандат өгч, хар азарга мандат авсан. Гэхдээ Их хурдад явж чадаагүй л дээ.
-Яагаад?
-Хөдөөгийн бид чинь зав муутай байдаг болохоор амжаагүй. 2011 онд Баянхутагийн ойд очиж хар азарга бас гуравласан. Хар азарга миний унаган адуу. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хар Ванчинтовуу хэмээх өвгөний хонгор азарганы төлийнх нь төл азарга юм. Эх гүү нь миний хүрэн адуу.
-Хар азарга хэдий үеэс эхэлж уягдсан юм бэ?
-2009 онд юм уу даа Түмэнцогт суманд сангийн аж ахуй байгуулагдсаны 30 жилийн ойд соёолон азарга анх түрүүлж байсан юм. Тэгээд Дорнодын зүүн бүсэд очиж 200 гаруй азарганд 14-т давхиж байсан. Сумынхаа наадамд гурав түрүүлсэн азарга. Жижиг наадмуудад бол олон түрүүлсэн. 2010 онд аймагтаа гуравлаад, Их хурдын урилга авсан. Хар азарга нийтдээ 12 айраг, түрүүтэй.
-Ганбат Алдартын нэртэй өөр ямар хурдан азарганууд байна вэ?
-Миний Өндөр хүрэн гэж 22-той азарга бий. Манай унаган адуу. Олзод гээд өвгөний л үүсгэж бий болгосон адуу. Тэр хүрэн азарга аймагт уралдаж байгаагүй, сумандаа 10-аад айрагдчихсан. Гурав түрүүлж, зургаа айрагдсан азарга. Уралдахгүй болоод арваад жил болж байна.
-Та ер нь арав хүртэл нь давхиулдаг юмаа даа?
-Ер нь азарганы уралдах насны хэмжээ тэр. 11-12 хүрэхээрээ л хөл нь удаашраад больчихдог юм.
-Зарим нь 14-15-тай азарга аваад давхиулж л байх юм. Адуу болгон өөр байдаг байх л даа.
-Тийм, адууны чадвар чансаа байна. Гэхдээ азарга 12-13-аас илүү уралдахгүй дээ. Харимал тал руугаа орчихно.
-Азарганы уяанд та арай давамгай болоод сайн давхиулдаг байх. Таны азарганы уяаны онцлог юу вэ?
-Уяхын хувьд амар тал байж магадгүй. Уяа сойлгыг нь тааруулахад азарга арай амар юм шиг надад санагддаг юм. Ер нь би азарганд айхтар холын урт уяа хийдэггүй. Богинохон амралттай, хөнгөхөн чанарын уяа зүгээр гэж боддог юм. Миний азарганууд голдуу тийм уяаны адуу байдаг.
-Ганбат Алдартыг аймгийн цол авахад хамгийн их жин дарж байсан ямар адуунууд байна вэ?
-Одоо долоотой болж байгаа хавчиг халиун морь байгаа. Тэр халиун морь Батноровт болсон дөрвөн сумын бүсийн уралдаанд даагандаа түрүүлээд, буцаж сумынхаа наадамд түрүүлээд, хязаалан гуравт ороод, соёолон Баян-Овоо сумын 90 жилийн ойгоор түрүүлсэн. Ер нь миний уясан адуу болгон амжилтанд хүрэхэд нэмэр болсон байх.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмын нэг айрагтай. Аймаг, аймгийн статустай уралдаанаас хэд вэ?
-Хар азарга, хээр азарга хоёр аймагт орж байсан. Бүсчилсэн наадамд нэг түрүүтэй. Сумын наадмын түрүүгээ сайн нарийн мэдэхгүй байна. Би морь уяад 25-26 жил болж байна. Нийтдээ урт, богино наадам нийлээд 130 гаруй айраг, түрүү авсан.
-Газар газрын уяачидтай уулзаж байхад ихэнх нь удам дамжсан уяачид байх юм. Таны хувьд ямар хувь ерөөлөөр уяач болов?
-Миний аавын ах Олзодын Гомбожав гэдэг өвгөн намайг морь шинжих, таних, уях эрдэмд сургасан хүн дээ. Манай аав ч морь уях нь уядаг байсан. Гэхдээ айраг, түрүү авч байгаагүй. Аав маань намайг багад өөд болж, ээжийнхээ гар дээр өсөж, тэр ахыгаа бараадсан нь тэр. Манай ах өөрөө морь уядаггүй, хурдан морь шинжиж хүнд авчирч өгдөг. Миний төрж өссөн Түмэнцогтоос хүмүүст олон хурдан адуу авчирч өгч байсан.
-Авга ахын шинжиж авчирч өгсөн адуунууд яаж давхиж байсан болоо?
-Аймгийн Алдарт уяач Төмөр гээд манай Түмэнцогтын өвгөнд хүрэн халзан морь авчирч өгч өчнөөн айраг, түрүү авч байсан. Гончигийн хүрэн морь бас олон айрагдаж, түрүүлж байсан. Ер нь тэр өвгөний хүнд авчирч өгсөн болгон нь айрагддаг, түрүүлдэг байсан даа.
-Морь шинжих таних эрдмээ танд өвлүүлэхдээ юуг захиж сургадаг байсан бэ?
-Надад ганц захиж хэлж байсан зүйл нь адууны дөрвөн мөч, толгойг нь сайн ажиж бай л гэдэг. Адуу бол дөрвөн мөчөөрөө уралддаггүй, толгойгоороо уралддаг гэж хэлдэг юм.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Хэлбэр хийц сайтай толгойтой морь хурдан байдаг гэж. Мөөрөн хамартай толгой, ясан толгойтой морь гэж байдаг юм. Мөөрөн хамартай адуу гэдэг нь монхор хамартай гэсэн үг.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэж та адуу мал шинжиж авна биз дээ. Бас нутаг хошууныхандаа тусалж байна уу?
-Өөрийнхөө хэмжээнд хүнээс аваад уячихна. Нутаг орныхоо хүмүүст ч бас хэлж ярина. Адуу авахдаа энэ ямар адуу байна, хараад өгөөч гээд ойр хавийн морь уядаг залуучууд асуудаг юм.
-Сүүлийн үед хаана, хаанаас адуу авав. Ер нь яаж давхиж байна вэ?
-1994 онд би Бор-Өндөр рүү мал тууж яваад Галшарын урдаас нэг айлаас унаж байсан морин дээрээ таван мянган төгрөг өгөөд хээр даага авч байсан. Тэгээд мал туугаад 3 сар болоод 11 дүгээр сард буцахдаа даагаа хөтөлж ирсэн чинь манай ээж, дүү нар тэр даагыг харчихаад “хаа холоос ийм даага хөтөлж ирж байхдаа яахав дээ” гээд голж байна гэж жигтэйхэн. Дараа зун нь шүдлэн үрээ сумынхаа наадамд уяж гуравлуулчихаад сумандаа айрагдах адуу өөрөө олоод ирж чадах юм байна гэж дотроо өөртөө урам өгч байсан.
-Шүдлэнгээсээ хойш яаж давхисан бэ?
-Дараа нь би айхтар уяа хийж чадаагүй. Шүдлэнд нь гуравлуулаад, түүнээс хойш хөгширтөл нь уясан. Тэр азарга маань эргэж нэг хэсэг газар өнгөлж зугтааж байгаад л үзүүр рүүгээ суугаад арав дотор, арвын араар л ордог. Уяа сойлгыг нь л тааруулахгүй байсан байх. Түүний төл давхисан адуунууд байгаа.
-Та Олзодын адуу гээд яриад байсан нь танай өвөөгийн адуу болж таарах нь ээ?
-Олзод гэдэг нь манай аавын ээж нь байхгүй юу. Тэдний л унаган адуунууд.
-Морины уяа гэдэг насаараа суралцдаг ажил гэдэг. Одооноос залгамж халаагаа бэлдэж байгаа болов уу гэж бодож байна.
-Хамгийн бага маань гуравдугаар анги. Моринд сонирхолтой, морь унаж байгаа. Манай хамгийн бага эрэгтэй дүү морь сонирхоно, энд тэндээс наймаа хийж авах дуртай. Тэр дүүгээ л юманд хүрчих болов уу гэж горьддог.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна