Сумын Алдарт уяач О.Ганхуяг: Хүүтэй болсон жилээ 10 айраг, түрүү авч хийморьтой наадсан

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 08 -нд

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, сумын Алдарт уяач О.Ганхуягтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Саяхан таны аавтай ярьж суухад хүүхдүүдийнхээ дундаас өөрийг чинь онцлон магтаж байсан. Тэгэхээр аавынхаа морь мал уях эрдмийг илүү өвлөж, одтой хийморьтой наадаж байгаа нь та болж таарах нь?
-Үнэхээр бид ааваасаа л бүгдийг сурч мэдэж байна. Би 1985 оноос морь унаж, моринд томдтолоо хурдны морь унасан. Мориноос хасагдаад аавын туслахаар явдаг болж, морь тавихаас эхлүүлээд бүгдийг аавынхаа үг заавраар хийдэг байсан. Тэгж  явсаар  2002 онд өөрөө гардаж анхны морио уяж айрагдуулан, нэр дээрээ цоллуулж байлаа. Тэгсгээд тухайн үедээ уяж чадалгүй явсаар 2006 оноос сумынхаа наадмаас хоёр айраг авчихаад л эргэлт буцалтгүй морь уях болсон. Одоо бие дааж морь уяад долоон жил болж байна.
-Дунд нь хэсэг завсардаад моринд орохдоо бүр илүү урам зоригтой буцаж ирсэн байх нь ээ?
-Тэр үед морь уяагүй шалтгаан нь манай нутагт 2002 оноос хойш хэсэгтээ л цаг тавьж өгөхгүй, ган гачигтай байсан учраас морь уях боломж байхгүй байлаа л даа. 2006 онд манай нутагт гайгүй хур бороо бууж, дэлгэр жил болсон юм. Манай сум ч тэгж нэг наадам хийгээд, тэнд хоёр айраг авсан. Тэр наадамд гурван насны морь давхиж байсан юм. Миний төрсөн ах сумын алдарт уяач Ганбаатар надад загал үрээ өгч байсан юм. Тэр загалыг их насанд нь уяж айрагдуулаад, зээрд шүдлэн үрээ мөн айрагдуулсан. Зээрд шүдлэн үрээ хамаатны ах Эрдэнэцогтын хонгор азарганы төл байгаа юм. Тэр цагаас хойш морь уяад 30-40 айраг, түрүү авсан байна. Үүнээс 11 түрүү, 20 гаруй нь айраг байна уу даа.
-Уяачийнх нь удмыг таслахгүй гэдгийг гурван хүү нь бэлээхэн харуулж яваа болохоор Оргой гуайн сэтгэл тэнүүн байх нь аргагүй юм байна. 
-Морьд маань сайн давхиж, бидний нэрийг дуудуулж байгаа нь аавын минь буян гэж бодож явдаг аа. 2009 оны 4-р сарын 14-нд миний бага хүү төрчихөөд бөөн баяр давхиж явтал аймгийн Алдарт уяач Хангалаа ах тааралдаад “За миний дүү энэ жил наадам л байвал морь уяад бай. Хүү гарсан жил одтой байдаг юм шүү” гэдэг юм. Хангалаа ахын үгэнд баярлаж бэлгэшээснийх үү, тэр жил би этгээд сайхан наадсан юм.
-Тэр жил хэчнээн айраг, түрүү ямар насны морьдоор авч байсан бэ?
-Ер нь ганц жил л их сайхан наадсан даа. Миний анхны айрагдаж баярлуулсан загал морь маань тэр жил хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэж, нэг айрагдсан. 2009 онд манай сумын 85 жилийн ойн баяр болж нэг их морь, нэг шүдлэн, хоёр даагатай ирээд загал морь, алаг шүдлэн үрээ хоёроо аман хүзүүдүүлээд, хоёр даагаа нэгийг нь түрүүлгээд, нөгөөг нь аман хүзүүдүүлдэг юм. Мөн тэр жилээ Өндөршилийн наадамд очиж алаг үрээгээ түрүүлгээд, зээрд даагаа аман хүзүүдүүлээд сайн наадсан. Айраг, түрүүнийхээ талыг нь тэр жил авсан байх. Тэгээд тэр жилээ сумын Алдарт уяач болсон доо.
-Аавдаа од хийморь авчирсан хүү нь овоо том болсон биз?
-Одоо хүү минь дөрвөн настай. Энэ зун морь унаж эхлээд, дааганы уралдаанд нэг аман хүзүүдчихээд байгаа. Дөрвөн настай хүүхдийг морь унуулахгүй гэдэг болохоор жижиг сажиг наадамд уралддаг юм. Өөрөө морь унах дуртай, унана гээд л зүтгэчихнэ.
-Хот, хөдөөгүй адууныхаа удам угшлыг сайжруулах талаар ихэд анхаарч байгаа. Ганхуягийн хувьд ямар удам угшилтай адуугаар наадаж байгаа вэ?
-Өөрийн унаган адуу даа, аавынхаа адуугаар л уралдаж байгаа. Гадна дотноос нэг их адуу аваагүй. Сүүлийн үед цэвэр цусны адуу үржүүлэх, өсгөх талаар бүгд сонирхож байгаа болохоор би ч бас дарвиад манай Сайханы гаралтай аймгийн Алдарт уяач Адъяасүрэн гэдэг хүний англи азарганд гүү тавьж үзээд явж байна. Түүний төл эр унага гарсан, энэ жил даага. Эрлийз уралдуулахгүй гээд хорьчихсон болохоор уралдаж болохгүй байна. Тэр даагаар азарга тавьж байгаад хоёр, гуравдугаар үед нь уралдаж болох байлгүй гэж бодож байгаа.
-Танай нутаг харгана бударгана ихтэй, адуунд яггүй л бололтой харагдаж байна?
-Манай суманд морь уралдахад газар нь ширүүн болохоор жаахан төвөгтэй. Манай нутаглаж байгаа газар бол эндээс 40 хэдэн км-т байдаг, сайхан цэлийсэн тал бий.  Энэ жил миний хамгийн том амжилт гэвэл аймгийнхаа хаврын бүсийн уралдаанд Хатанд очиж нэг даага айрагдууллаа даа.
-Залуу хүн зоригтой байгаа байлгүй дээ, ийш тийшээ явж наадаж байна уу?
-Явалгүй яахав. Би ер нь тойрсон сумддаа бараг уралдчихсан. Алтанширээд очиж даага аман хүзүүдсэн, аймагт Ардчилсан намын наадам, бооцоотой наадамд олон түрүүлж, айрагдаж байсан. Мандах, Өндөршил гээд тойрсон бүх сум руу явсан. Замын-Үүд, Дэлгэрэх, Эрдэнэ рүү л очоогүй.
-Морь гэдэг бол жилийн дөрвөн улиралд хажуудаа байхыг шаарддаг, хаяад явчихвал уяаны алдаа гараад амжилт хойшилдог талтай. Залуу хүн морины хажууд байнгын байх жаахан хүнд үү. Эсвэл дажгүй юу?
-Бид малчин хүмүүс. Хэдэн малаа дагаад л явж байгаа учраас  төвөгшөөх юм байхгүй л дээ. Малаа усалж цасална, унаж эдэлнэ гэдэг малчин хүний хийдэг л ажил. Морины уяа жилийн дөрвөн улиралд унаж эдлэхээс авахуулаад зугуухан явагдаж байгаа юм чинь хүндрээд байх юм байхгүй. Харин хашаа хороонд хашаад, өвс тэжээлээр тэжээх нь хүндрэлтэй юм билээ. Хониндоо явах уу, адуу, тэмээндээ явах уу гээд асуудал их гарах юм билээ. Өөрийнхөө чадал хэмжээнд ганц нэг адуу тэжээж уяж л байна. Хоёр жил морь өвсөлж үзлээ. Тэжээж сураагүй болоод ч тэр юм уу, өвс хоолыг нь тааруулж чаддаггүй ч юм уу, өвөл айхтар давхиж чадахгүй байна. Гэхдээ бага сага наадамд орж үзэж л байна. Том чансаатай наадамд орох хэмжээнд хүрээгүй гэж бодоод очиж чадахгүй л явна. 
-Уяж байгаа моринд ногоон өвс идүүлдэггүй, оронд нь дассан сурснаар нь говийнхоо өвс ургамлыг өгвөл зохилдолгоотой гэж ахмад уяач ярихыг сонссон. Гэхдээ говьд морь тэжээчихээр хадах өвс ургамал байдаг уу?
-Тийм ээ, манай говьд чинь яг үнэндээ морь тэжээх өвс хадаад авах бэлчээр байхгүй л дээ. Харин цаг уриншаагүй газрын наадамд бид өвс түүж авч явдаг юм. Тэр жилийн хавар би загал морьтойгоо Мандах зэрэг хэд хэдэн газар руу явж уралдаж байсан. Идэшгүй юм гэнэ лээ гэхээр нь хорголж, бүднүүр гээд сайхан цагаан өвс түүгээд хоёр, гурван тампууг авч явж л байсан. Очоод өвслөөд миний морь айрагдаж, түрүүлсэн шүү. Гэхдээ одоо хүн бүр л ногоон өвсөөр тэжээдэг боллоо доо.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна