Аймгийн Алдарт уяач Ж.Тэгшжаргал: Манай дээдчүүл Хоогийнхон гэж хурдтай, жороотой улс байсан

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 23 -нд

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жавын Тэгшжаргалтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байв?
-1990 оноос хойш 26 жил тасралтгүй морь уяж байна. Ингээд 2014 оны Бөхмөрөн сумын 90 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач боллоо. Үүнээс дөрвөн жилийн өмнө сумын Алдарт уяач болж байлаа.
-Удам дамжсан уяач уу?
-Манай дээдчүүл Хоогийнхон гэж хурдтай, жороотой улс байсан юм. Өвөө Баатар хурдтай, жороотой нэгэн явлаа.  Харин аав маань морь уяж байгаагүй ээ. Нэгдэл нийгмийн үед суманд сахиул хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Харин миний хувьд 1989 онд Говь-Алтайн хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд л мал дээр гарч байлаа. Тэр үед мал хувьчлал ч таарсан. Аавын ахын хүүхэд Цэвээннамжил гэж аймгийн Алдарт уяач хөгшин бий. Моринд ороход энэ хүний нөлөө их байсан.
-Хоогийнхны удмаас Бөхмөрөндөө яригддаг ямар, ямар адуунууд байсан бэ?
-Их жороо хатирдаг морьтой хүмүүс байсан шиг байгаа юм. Энэ тухай аав л сайхан ярьдаг юм.
-Анх ямар адуугаар уяа эхлүүлж байсан бэ?
-Өөрийн унаган адуу болох хул даагаа уяж, сумын баяр наадамд айргийн гурваар давхиулж байлаа. Тэрнээс хойш олон наадмыг үзжээ. 2010 онд сургуулийн түүхт 80 жилийн ойгоор буурал даагаа аман хүзүүдүүллээ. Бөхмөрөнгийн Хотгорын Каянар уурхайн 30 жилийн ойд таван настай буурал зүсмийн морь тавлууллаа. 2007 онд Бөхмөрөн сумын улсын баяр наадмаар нэг жил хоёр ч айраг, түрүү авсан. Азарга гуравлаж, гунан морь  аман хүзүүдсэн юм. Түүний дараа жил 2008 онд Бөхмөрөн суманд нэг түрүү, хоёр айраг авлаа. Буурал морь дөнөнд түрүүлж, азарга тавлаад, их насны хул морио айргийн гурваар хурдлуулсан. Ингэж хоёр жил дараалан сэтгэл тэнэгэр, тун ч сайхан наадаж байлаа.  Сүүлийн 15, 16 жил сумын баяр наадамд тасралтгүй уясан морьдоо мордуулж, айраг тасраагүй ээ.
-Уяа эхлүүлсэн хул даага ямар ямар амжилт гаргасан бэ?
-Хамгийн сүүлд 2010 онд уралдаж билээ. Тэгэхэд зургаа долоогоор л ирсэн. Одоо байхгүй ээ, тогоо тосолсон.  Манайхан адууныхаа хурдыг гал голомтондоо авч үлдэж байна гэдэг утгаар ийнхүү тогоо тосолдог уламжлалтай.
-Өөр ямар адуугаар наадаж байна даа?
-Миний гунан азарганы ах байна. Би бас гурав, дөрвөн буурал морь уяж байсан хүн. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Жамулхан гэж казак хүнээс дамжиж ирсэн нэг буурал гүү авч байсан. Тэрнээс гурван сайхан буурал унага гарч, хоёр нь морь, нэг нь азарга болсон байна.  Гурвуулаа л сайн давхиж намайг баярлуулсан. Нэг буурал морь нь гэхэд Бөхмөрөн сумын наадамд гунандаа аман хүзүүдэж, дөнөндөө түрүүлсэн. Тавтайдаа зургаагаар ирж байлаа. Одоо ч хөгширч байна. 13, 14 хүрчихсэн болохоор уяхгүй байгаа. Нөгөөх нь есөн настай. Дааганд нь давхиулаагүй байгаад гунандаа түрүүлж, таван насандаа зургаад ирсэн. Ховд сумын сургуулийн 90 жилийн ойгоор дөрвөөр давхисан юм.  
      Бас нэг сайхан халтар морь байсан. Сумын наадамд хоёр, гурав айрагдуулаад хөлийг нь гэмтээчихсэн.
-Харин азарга нь яаж давхисан бэ?
-Дүү азарга нь сайн давхисан. Даагандаа Бөхмөрөнгийн баярт хоёрт ирсэн. Намар нь сургуулийн 60 жилийн ойгоор 60  гаруй дааганаас аман хүзүүдсэн. Тэгээд гунандаа дөрөвт, дөнөндөө дөрөвлөөд, тавтайдаа гуравласан. Бөхмөрөн сумын Кайнар уурхайн 30 жилийн ойгоор бас айрагдсан. Бараг тавьсан болгондоо айраг авч намайг олонтоо баярлуулсан, хөөрхий. Зэргэлдээ сумдад ч таниулсан юм. Бид Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Түргэн гээд олон газраар хамт явлаа.  Ноднин 90 жилийн ойгоор уясангүй. Харин гал төл буурал морийг уяад 18-аар давхиулсан.
-Өөрөө шинжиж авсан гүү юу?
-Тийм ээ. Хул морио уяад олон ч жил айрагдуулсан болохоор туршлагаараа л харж байгаад сонгосон гэх үү дээ.
-Буурал гүү ямар удам угшилтай юм болоо?
-Тухайн үедээ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас авчирсан гэж надад өгсөн. Хурдан угшилтай, цус сайтай адуу гэж хэлсэн. Миний бодож байгаагаар цус орсон Тува чиглэлийн адуу байсан болов уу. Тэр үедээ бас л бололцооны ханшаар өгч байсан.
-Өөр гаднаас адуу мал авч байна уу?
-Ойролцоох Ховд, Ногооннуур сумдаас авдаг юм. Одоохондоо улсын яриад байгаа зүүн зүгийн адууг авч чадаагүй л байна. Гэхдээ ойрын хугацаанд цус сэлбэж адуугаа сайжруулахгүй бол хоцорч байна гэдгээ ойлгосон.
-90 жилийн ойгоор танайхан хэр наадав?
-Базаахгүй наадсан шүү. Адуундаа цус сэлбэлт хийхгүй. Гаднаас бас хөрөнгө оруулалт байхгүй. Зөвхөн өөрсдийн унаган адуугаараа л наадаж байгаа нь нэгийг бодуулсан шүү. Даваасамбуу гуайн хязаалан аравт давхисан нь бидний хамгийн дээд амжилт болсон юм.
-Аймагтаа наадаж байсан уу?
-2011 онд аймагт болсон баруун бүсийн даншигт хээр зүсмийн морио 60 хэдээр давхиулсан. Манай унаган адуу байгаа юм. Гэхдээ одоо хөл нь гэмтээд уяхгүй байна. Энэ жил аймаг явна даа.
-Адуунаас өөр мал маллаж байна уу?
-Тэмээнээс бусад нь байна. Одоо 500 дотор малтай.
-Аль нэг галд хамаарагддаг уу?
-Одоо ч ганцаараа уяад амжилтанд хүрнэ гэхэд хэцүү болчихлоо. Одоохондоо гал энэ тэр болоогүй ээ. Санаа нийлсэн ах дүүсээрээ нийлээд л уяаны ажлаа хийчихэж байна. Бас хамтдаа яваад нааддаг. Энэ жил аймгаас гадна Увсын зургаан сумын ой зэрэг болно гэсэн.  Бид ярьж байгаад Сагил, Түргэн, Давстын нэг рүү явна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна