Аймгийн Алдарт уяач Ч.Намсрай: Ид үедээ морь доголох шиг нүгэлтэй юм байхгүй

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 16 -нд

Булган аймгийн Орхон сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ч.Намсрайтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Нутгийн олноо Бөндөн Чүлтэм хэмээн алдаршсан аавын тань талаар яриагаа эхэлье.
-За тэгье ээ. Миний аав Жигмэдийн Чүлтэм Булган аймгийн Орхон сумын “Халиун” нэгдлийн адууг олон жил малласан сайн адууч, сайн уяач хүн. Уургын хонгор хэмээн алдаршсан хурдан хүлгийг нь МУ-ын Манлай начин “дүүгүүр” хэмээх Гомбосүрэн гуай унаж хурдлуулдаг байсан юм гэнэ лээ. Хонгор морь 1950-аад оны үед хурдалж байсан адуу. Гомбосүрэн гуай унаж сумын наадамд олон удаа түрүүлгэсэн гэдэг юм. Мөн Тэшиг, Цагаан нуурын гаралтай том хээр морь байсныг би ганц хоёр жил унасан. Их том биетэй, агсан морь байсан юм. Би Чүлтэм гэдэг хүний өргөмөл ганц хүү. Зургаан настайгаасаа эхлээд 16 хүртлээ хурдан морь унаж, наймдугаар анги төгсөх жилээ хасагдаж байлаа. Тэгээд л аавдаа тусалж нэгдлийн адуунаас хариулалцаж байгаад цэргээс ирснээсээ хойш морь уях болсон доо. 1973 оны сумын наадамд аав том ногоон морио уяж, одоо энэ Суман хүрэнгийн эзэн Баясгалан унаад аймгийн наадамд түрүүлгэж байлаа. Намайг цэргээс халагдаад ирэхэд ногоон морь маань ид хурдан байсан.
-Янз нь ногоон морио эхлээд уяжээ дээ?
-Тэгсэн. Цэргээс ирсэн жил Булган аймагт таван сум нийлсэн бүсийн наадам гэж болоод түүнд хол түрүүлгэж байсан юм. Гэхдээ миний уях гэж юу байхав. Угаасаа уяа нь эвлэрчихсэн байсан адуу л даа. Харин ч бүр цэргээс ирлээ гээд айл амьтнаар хэсч давхиж байгаад хоёр хоног мориныхоо уяаг алдруулчихсан тал бий. Наадмын өмнө Дундатын эхний модноос олж авчираад тэр чигээр нь давхиулчихсан чинь хол түрүүлж билээ. Яагаад тэгсэн гэхээр ногоон морь жаахан өлддөг адуу л даа. Тэрэнд нь хоёр шөнийн хоол нь таараад давхихгүй юу. 20 гаруй километр газар хөтөлж очоод тавихад 80 гаруй мориноос тэгж сайхан хол түрүүлсэн.
-Танай өөрийн унаган адуу юу?
-Тийм. Ногоон морьтой холбоотой нэг сонин түүхийг яръя л даа. Намайг 7-р ангид байхад аав ногоон морийг хязаалан үрээ засч хөнгөлдөг юм. Их номхон адуу л даа. Зэлэн дээр л зогсож байдаг. Хүүхэд болгон шахуу барьж унаад л байдаг байсан юм. Тэгсэн чинь азаргасаад гүү хураагаад азаргатай ноцолдоод болдоггүй. Нил шарх сорви болчихсон байхад нь барьж аваад Зүүнтүрүүнд морь үсэргэж байхтай таараад том хүүхдээр унуулаад соёолонгуудтай тавьчихлаа. Тэгсэн  тэнд түрүүлчихдэг юм. Бүүр шарх нь өтчихсөн байхдаа шүү дээ. Тэгээд л ер нь давхихаар адуу байна гээд уяж эхэлсэн байх. Тэр намар нь ногоон үрээнийхээ засааг бариад үзсэн чинь нэг бөөрөнхий юм байж байна. Тэгэхээр нь аавдаа хэллээ. Аав “хавар зассан юм чинь юу гэж засаа байдаг юм“ гээд итгэдэггүй. Тэгээд өөрөө шалгаад үзсэн чинь зөв талд нь засаа гарчихсан байсан. Ингээд намар нь хоёр дахь удаагаа засуулсан. Дахин засаа гарч ирээд л азаргасаад байсан юм билээ.
-Хоёр удаа засуулсан адууны тухай анх танаас л сонсч байна.
-Арга байхгүй хоёр засуулсан. Би ч гэсэн түүнээс өмнө сонсч л байснаас нүдээр хараагүй юм. Тэрнээс хойш ногоон морь маань 14,15 хүртлээ уралдахдаа аймгийн наадамд хоёр түрүүлж, 1990-ээд онд Бүрэнбүстэд болсон Дэлхийн оюутан залуучуудын их наадамд зургаагаар давхиж байсан. Мөн Бугат суманд таван аймгийн бүсийн наадам болоход дөрвөөр давхиж байлаа. Сумандаа бол тав, зургаа түрүүлсээн. Аргагүй хурдан амьтан байсан юм, хөөрхий. Хамгийн сүүлд Халиунд дөрөв таван айлын насны баяр болно гээд тэрэнд уяж байсан юм. Би өөрөө сумын төвд нягтлангийн ажилтай. Аав маань 80 гарчихсан байсан үе л дээ. Хар морийг услах гээд гол дээр аваад ирсэн цооног руу халтирч унаад хөлөө хугалчихсан байсан.10-н бидоны чинээ цооног гаргаад мал усалдаг байсан. Халтирч унахдаа тэрэнд хөлөө хийчихсэн байна лээ. Тэгээд дөрвөн залуу арай гэж өргөж авчраад хашаандаа тэжээсээр зун ногоотой залгаж, онд оруулаад дараа жил нь сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоолонд өгчихсөн.
-Та дөрвөн хар мориор сайхан наадаж байсан гэсэн. Эхнийх нь саяын ярьдаг байх. Нөгөө гурвынх нь талаар хуучлаач?
-Тэрний дүү хар морь намайг цэргээс ирэхэд соёолон үрээ байсан. Ах нь хөлөө гэмтээсний дараа дүүг нь уяж үзсэн л дээ. Бие хааны хувьд том, гоё ч адуу. Эцэг өөртэй, эх нэгтэй байсан юм. Тэр хар морь Сээрт болсон түмэн хонины баярт 100 гаруй мориноос аравт давхиад, тэрнээс хойш арав гаруй жил уралдаж их олон айрагдсаан. Одоо тоог нь мартаж. Энэ хар морины дараа хүнээс хоёр хар морь авч бас сайн давхиулсан.
-Хаанахын хэн гэж хүнээс авсан юм бэ?
-Гурав дахь хар морь “Тонтгор” Дашдорж гэж аймгийн Алдарт уяач өвгөний унаган адуу. Би өөр хүнд зарчихсан байхад нь долоон найман настай битүү морь анх авч эхний жил нь сайн давхиулж чадаагүй юм. Дараа жил нь Орхон сумандаа гуравт давхиад, багийн өдөрлөг, сунгаан энэ тэрт шувт түрүүлсэн. Түүний дараа жил аравтай морь аймгийн наадамд дөрвөөр давхиад, Эрдэнэтийн анхны өвлийн уралдаанд 14-т ирсэн. Бургастайн Дамба гэж хүний хээр морь түрүүлж байсан санагдана. Дөрөв дэх хар морио аймгийн Алдарт уяач Гөлөгөө гэж хүний хүү Ганжаргалаас авсан. Тэр жилээ Эрдэнэтийн наадамд есөөр давхиад, УИХ-ын гишүүн Одхүүгийн сонгуулийн сурталчилгааны уралдаанд аман хүзүүдсэн. Хавар нь Эрдэнэт уулын тахилгат таваар давхиад, Бүрэнбүстийн бооцоот уралдаанд айрагдсан. Тэгээд Булган аймгийн наадамд хоёр түрүүлж 2007, 2008, 2009 оны өвлийн бооцоот уралдаануудад 12 удаа гурав, дөрвөөр давхисан. Ер нь хөөрхий уралдсан болгондоо айрагддаг байсан шүү. Би  12, 13-тай морь авч гурван жил давхиулаад ийм амжилт үзүүлсэн. Залуу байсан бол илүү олон айрагдах байсан байх.
-Хаанахын азаргатай вэ?
-Би хул хонгор адуутай байсан хүн. Сүүлд Ингэтийн Лхагваа гэдэг хүнээс жижигхэн эрлийз хар халзан хязаалан авч азарга тавьсан. Дараа нь хүү маань Дорнодоос хонгор хязаалан үрээ авчирч азарга тавилаа. Бас Сүхбаатар угшилтай хүрэн халзан азаргатай. Холын угшлын азарганууд болохоор  уралдуулалгүй үр төлийг нь авахад анхаарч байна. Ер нь ах нь холын үнэтэй хурдан мориор наадаж байсангүй ээ. Дандаа л өөрсдийн болон ойр орчмын адуугаар наадаж байлаа.
Хар халзан азарганы төл хүрэн халзан үрээ хязааландаа Орхон сумын наадамд түрүүлж, Булган аймгийн наадамд аман хүзүүдсэн. Соёолондоо болохоор Булганд түрүүлээд, Халиуны өдөрлөгт дөрвөөр давхисан. Бүдүүрээд харин арваас урагш давхихаа байсан.
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авч байсан юм бэ?
-2004 оны цагаан сараар. 17, 18-тайгаасаа эхлээд морь уях гэж оролдсон гэж бодоход 50-иад жил зүтгэж. Одоо ч өөрөө уяхгүй хүүхдүүдэдээ туслаад өвөлд нь тэжээж өгч байна даа.
-Хүүхдүүд сайн уях уу?
-Хүү моринд дуртай. Ноднин Алтанпүрэвийн унаган хар морийг сайн байхаар нь авч өгсөн. Намайг хар адуунд дуртай болохоор хүүхдүүд бас дуурайдаг бололтой юм.
-Эрдэнэтэд хэд хэдэн ч удаа Засгийн гарын тогтоолт бүсийн наадам болж байсан. Тэдгээрт оролцож байв уу?
-1996 онд анхны даншигт гурав дахь хар морь, нэг соёолон үрээтэй ирж соёолонгоо 14-өөр, их морио 70 гарган давхиулж байлаа.
-Та түрүүн аав маань адууны засалд муугүй хүн байсан гэсэн. Тэр эрдмийг нь өвлөж авсан уу?
-Яахав ойр зуурын хэмжээний цус гарганаа. Сүүлийн үеийн адуу байнгын тэжээлтэй байдаг болсон болохоор  наадмаас хойш заавал хатгаж цусыг нь шингэлж байх хэрэгтэй л дээ.
-Хэдий үед, хаана нь хатгах ёстой байдаг юм бэ?
-7 сарын сүүлээр. Их өтгөрч тослог суухаас нь өмнө авчихсан нь дээр байдаг юм. Түүнээс хойшлуулаад тослогтой цусыг нь авчихвал бас тамир тэнхээнд нь сайнгүй. Хаа хас, дөрвөн хөлийг нь  хатгахад болно. Муухай хар хүрэн цус гарч байгаад сүүлдээ хөөсөрч ухаараад ирэхээр нь хөдөлгөчихдөг юм. Тэгэхээр аяндаа цус нь тогтчихно. Ер нь энэ тэжээлийн адууг  14 хоноод л нэг тагнайлдаж байхгүй бол тагнай нь хөөчихөөд өвс, усаа идэж ууж чадахгүй байчихдаг талтай.
-Хүү ойр зуурын заслаа өөрөө хийх үү? Эсвэл таны гарыг хараад байдаг юмуу?
-Би одоо адууны дор сууж чадахгүй юм чинь “энд нь хатга” гээд заахаар хүү хатгачихдаг юм. Моринд ер нь засал л хэрэгтэй. Би энэ олон жил морь уяхдаа хөлгүй болгож үзээгүй хүн. Ид үедээ морь доголох шиг нүгэлтэй юм байхгүй. Бидний үеийнхэн чинь уяачийн эрдмийг тэрүүгээр нь дүгнэдэг байлаа шүү дээ.
-Гарцаагүй үнэлэх ёстой үнэлэмж. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-За та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.