“Ар хөвчийн унага” МСУХ-ны тэргүүн А.Бэх-Очир: Өвөг дээдсийнхээ уяаны эрдмийг залууст өвлүүлэхээр “Онон хурд” наадмыг санаачилсан

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 19 -нд

Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, “Ар хөвчийн унага” МСУХ-ны тэргүүн А.Бэх-Очиртой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр Цэнхэрмандал сумын нутаг Шургуйт хэмээх газар төржээ. 
-Та Батширээт сумын МСУХ-ны тэргүүнээр ажилладаг юм байна. Сумын уяачдын холбоо хэдэн онд байгуулагдсан бэ. Хэдий үеэс тэргүүнээр нь ажиллаж байна вэ?
-2007 оноос уяачдын холбоог тэргүүлэн ажиллаад найман жил болж байна. Анх Жаргалсайхан гэдэг хүн үүсгэн байгуулаад Улаанбаатар хот руу шилжсэн. Миний өмнө Батмөнх гэж хүн 12 жил ажилласан. Манай сум нэг МУ-ын Манлай уяачтай. Содном гэж хүн бий. Аймгийн Алдарт уяач дөрвөн хүн байна. Ичинхорлоо, Цэнд-Очир, Хаянгийн Балжинням бид хэд. Энэ холбоогоо тэргүүлснээс хойш сумын Алдарт уяач цолыг 17 хүнд олгоод байгаа. Ахмадууд, сумынхаа нүүрийг тахалж байгаа хэдэн сайхан залуустаа алдар цол олгосон. Нутаг орноосоо шилжээд шилжсэн хойноо аймгийн Алдарт уяач болсон улс ч бий. Энэ сумын уугуул аймгийн алдарт долоон хүн байгаа байх. Жамсрангийн Зина гэж байсан. Мөн Гурванбаян сумын аймгийн Алдарт уяач Мөнх-Эрдэнэ гэдэг залуу бий.
-Холбооны ажлыг хүлээж авахад ямархуу үйл ажиллагаатай байсан бэ. Жилдээ хэдэн уралдаан зохион байгуулах уу?
-Намайг анх ажил авахад уяачдын холбоо санхүүжилт муутай. Тэр ч утгаараа сумаас нэг ч алдарт уяач тодруулаагүй байсан. Энэ ажлыг аваад сумын Алдарт уяачийн болзол хангасан уяачдаа тодруулж, цолыг олгож эхэлсэн. Анх 30 гаруй уяач гишүүнчлэлтэй байсан бол одоо 50-60-аад хүнтэй болжээ. Ер нь манай залуу үе сүүлийн жилүүдэд моринд их хорхойтой болсон. Залуучуудын морь хурдалж байна, мөн морийг сайхан эдэлдэг болж байна. Энэ утгаараа залуучууддаа их баярлаж явдаг. Цаашид манай сумаас аймгийн Алдарт уяач олон төрөх байх гэж бодож байгаа. Жил бүрийн Цагаан сараар уралдаан хийж алдартуудаа тодруулж, шагнаж урамшуулдаг уламжлал тогтсон.
-Дээд гурван нас уралдах уу?
-Дээд гурван нас уралдана. Манай суманд “Онон хурд” гэж 1999 оноос эхэлсэн том наадам байдаг. Нэг жил нь тэр наадмыг хийхэд дараа жил нь ургийн баярын том наадам болно. Жил өнжөөд ээлжилдэг энэ хоёр том наадам бүсийн чанартай болчихсон. Би “Онон хурд” наадмыг санаачилсан хүн. “Онон хурд” сангийн тэргүүн. Энэ наадмыг өвөг дээдсийнхээ морь уях эрдмийг залуучуудад өвлүүлэх, ахмад буурлуудынхаа алдрыг мөнхжүүлэх, залуу уяачид үлгэр дуурайл авч байгаасай гэсэн санаа зорилгоор хийж эхэлсэн. Анхны “Онон хурд” наадамд манай тойргийн сумдын олон хурдан хүлгүүд уралдсан даа.
-Анхны наадамд алдартнууд, зочид их ирсэн үү? Хэдэн насны морьд уралддаг юм бэ?
-Хоёр нас буюу их нас, соёолон уралддаг. Ирэх хавар “Онон хурд” наадмын ес дэх уралдаан болно. Анхны наадамд МУ-ын Манлай уяач Сүрэнхор гуай ирж оролцож байлаа. МУ-ын Алдарт уяач Дугарсүрэн гуайгаа урьсан. Тойргийнхоо сумдын алдартнууд, аймгийнхаа удирдлагуудад урилга өгсөн. Анхны “Онон хурд” наадамд 108 их насны морьд уралдсан. Манай МУ-ын Алдарт уяач Содномын маань хүрэн халзан морь түрүүлж байсан. Түүнээс хойш хоёр жилдээ нэг удаа зохион байгуулдаг болсон. Тойргийн сумдынхан, нутгийн ард түмний маань хүсэн хүлээдэг наадам болжээ.
-“Онон хурд” уралдаанд айрагдаж, түрүүлж байсан морьд өөр томоохон уралдаануудад амжилт үзүүлж байсан жишээнүүд хэр олон бэ?
-Байлгүй яахав. Манай наадамд уралдсан морьд гадагшаа гарахаараа их хурдалдаг. “Онон хурд”-д түрүүлсэн МУ-ын Манлай уяач Содномын хүрэн халзан морь, бор морь, хонгор морь, хүрэн морь бүгдээрээ аймгийн наадамд айрагдаж, түрүүлж байсан. Сүүлийн үед Дадал, Биндэр, Баян-Адрага, Сүхбаатар аймгаас ирж уралддаг болсон. Цогтжавын Энхтүвшин гэж манай нутгийн ах хүү байдаг. Түүний хээр морь Сүхбаатар аймгаас ирж түрүүлж байлаа. Шунуугийн халзан морь айрагдаж байлаа. Мөн монхор Халтар гуайн саарал морь айрагдсан. Шарга үрээ нь тасархай түрүүлж байлаа. Манай аймгийн хуучин уяачдын холбооноос хойд бүсийн өвлийн чанартай наадам, мөн “Онон хурд”-д айрагдсан морийг аймгийн наадамд айрагдсантай дүйх хэмжээний наадам болгож өгсөнд баяртай явдаг.
-Аймгийн статустай наадам болчихсон юм уу?
-Тийм ээ. Манай нутгийн Ичинхорол гуайн хүү санаачлаад ургийн баяр хийдэг болсон. Энэ ургийн баяр бас сайхан том наадам болно. Ингээд манай суманд жил дараалан сайхан наадмууд болдог.
-“Онон хурд”, ургийн баярт нэг насанд дунджаар хичнээн морь морддог вэ?
-Ер нь 100-гаас дээш л уралддаг. Үрээ нь 70-80 хүрнэ.
-Ардын хувьсгалын ой буюу сумын баяр наадамд хэд уралдах уу?
-Дунджаар 50-60-ын хооронд уралддаг.
-Сумын хэмжээнд морь уядаг хичнээн хүн байна вэ?
-Морины хорхойтой улс олон, дунджаар 70-80, цаашлаад 100 гэх байлгүй дээ. Үнэмлэхээ авсан нь 60 гаруй шүү дээ.
-Танай нутгаас улсын наадамд олон морьд давхисан уу?
-Манайхаас олон хурдан адуу улсын наадамд гарч уралдсан. Цэнгэлийн саарал азарга манай уугуул үрээ. Мөн улсын наадамд түрүүлсэн Дашпүрэвийн хээр морь ч байна. Бүсийн чанартай наадмуудад Хаянбалжиннямын хээр азарга хурдалсан. Мөн Жаргалтхааны бүсийн түмэн адууны баярт хоёр үрээ нь айрагдаж байлаа. Сүүлийн үеийн залуу уяачдаас сумын Алдарт уяач Эрдэнэжаргалын морьд хурдан байна. Тойргийн сумд болон Багануур, Хэнтийн бүсэд очиж уралдаж байгаа. Багануурт айрагдсан.
-Ичинхорол гуайн адууг бэсрэг угшил гэж ярихаас аргагүй гэлээ. Ер нь Батширээтийн адуу ямар онцлогтой вэ. Нутаг орондоо хурд тарьсан ямар азарганууд байна вэ?
-Дээр үеэсээ манай нутаг хурдтай газар байжээ. Хадаакт үүлдрийн адуу хурдан байсан гэж манай өвгөн уяачид ярьдаг юм. 1950, 1960-аад оны үед Цэвээндондогийн хүрэн гэж гайхамшигтай хурдан азарга байсан байна. Тэр Хадаакт үүлдрийн азарга. Хадаакт гэдэг нь буриадаар эрлийз гэсэн үг юм даа. Манай өвгөн буурал уяачид тэрэн шиг хурдан азарга манай суманд үнэхээр төрөөгүй гэдэг юм. Дараа нь манай Ичинхорол гуай Мөнгөн угшлыг бий болгосон. Манай нутгийн хурдан морьдын цусны 50 хувь нь Мөнгөн адуу явж байна. Ер нь тойргийн сумдад ч тийм болсон. Миний адуу ч голдуу Жүмпэрэл, Мөнгөн угшилтай.
Онон гуайн аав Саруулбуян гуай надад бараг азарга адуу бэлгэнд өгсөн юм. Тэр сайхан өвгөний адууг би хурдлуулж, нэрийг нь гаргаж яваа. Олон адуу сум, аймгийн наадамд сайхан давхиж байна. Бидний гол зорилго Онон хурд угшил бий болгох юмсан гэсэн санаа байдаг.
-Ажиглаад байхад уяачийн эрдэм тухайн хүний өвөг дээдсүүдтэй их холбоотой байдаг юм байна. Таны хувьд ямар түүхтэй бол?
-Манай аав Алтангэрэл гэдэг хүн 1912 онд төрсөн. Бид ах дүү есүүлээ. Хоёр охин, долоон хүү төрсөн. Аав маань моринд их хорхойтой, морь уяж сойхдоо сайн, сайхан унаж эдэлдэг, анчин буурал байсан. Сайхан аавынхаа морь уях эрдмийг өвлөж 30 гаруй жил морины сүүл боосон байна. Гурван жил цэргийн алба хаахдаа ч морь уяж байсан.
-Алтангэрэл гуайн нэрний ямар, ямар адуунууд байв?
-Манай аавын нэртэй хурдан саарал морь байсан. Уртын Дамдинжав гуайн адуунаас орж ирсэн хурдан саарал морийг манай аав хэдэн жил сумандаа айрагдуулж, бас түрүүлгэж байсан. Донойн Цэгмэд гуайтай их найз байсан. Донойн Цэгмэд гуай 1970 оны дундуур манай аавд хонгор азарга өгсөн юм. Тэр азарганы угшил манайд бий.
-Долоон хүүгийнх нь хэд нь морь уях уу?
-Морь уяж байгаа нь би л болоод байна. Зарим нь уяж байгаад амжихаа байсан. Зарим нь ч настай болсон доо.
-Цэрэгт байхдаа ч морь уяж байсан гэлээ. Ямар удам угшлын адуугаар наадаж байв. Уяач хүн угшил хөөдөг болчихдог?
-Аймагт манай аавын маань төрсөн дүүгийнх байдаг байлаа. Тэднийх Мөрөнгийн халзангууд гэгдсэн хурдан угшилтай хүрэн халзан адуутай. 1970 хэдэн онд азарга нь аймагт түрүүлж байлаа. Манайх тэр угшлын хонгор халзан азарга авсан юм. Хөлгүй азарга л даа. Тэрийг би аймгаас нааш гурван өдөр нэг ч шогшуулахгүй алхуулаад ирж байсан.
-Тэр хонгор халзан азарга ямар удам угшилтай адуу байсан бэ?
-Угшлыг нь сайн мэдэхгүй байна. Түүний анхны төл хүрэн халзан үрээ даага, шүдлэндээ сумын наадамд түрүүлээд, хязаалан үрээ аман хүзүүдсэн. Түүнээс хойш л би морины ажил руу гүнзгий орсон. МУ-ын Манлай уяач Содном миний сайхан найз. Содном, Жүмпэрэл гуай хоёр хурдан адуу түгээж өгсөн хүн дээ. Би тэр хоёр өвгөн буурал ах, найзынхаа адууг хурдлуулж алдар цол авсан.
-Жүмпэрэл гуайгаас азарга авч байсан юм уу. Эсвэл байдас, гүү авсан юм уу?
-Жүмпэрэл гуай намайг нэг удаа аймагт дуудуулсан юм. Очсон чинь “Миний хүү, чи миний хэдэн адууг ав. Манайхнаас уях хүн байхгүй юм байна гээд надад унагатай, даагатай гүү, азаргатай, их хурдан Календарь ухаа морьтой өгсөн юм. Календарь ухаа бол тойргийн сумдад надаас илүү нэр хүндтэй морь байсан. Яагаад Календарь ухаа гэгдэх болсон бэ гэвэл хязаалан насанд нь манай найз Содном улсын наадамд аваачиж уралдуулаад Түргэний голын их сунгаанд түрүүлсэн. Тэгээд улсын наадамд шүдээр хасагдаж уралдаж чадаагүй.
-Танд хэдтэй адуу ирсэн бэ?
-Хавчиг морь байхад нь надад өгсөн. Авчраад эхний 2-3 жил учрыг нь олохгүй их будилсан. Дараа нь хөгийг нь олоод Их хурдад тавьж байлаа. Аймгийн 80 жилд холхон шиг саахалтын зайтай явж байсан морь.
-2001 оны Их хурд уу?
-2004 оны Их хурдад тавьсан. Манай найз Макс Ганбаа, та хонгор морио аваад ир гээд, анх тэнд уралдаад 33-т ирсэн. Дараа нь их ойд аваачиж тавьсан. Буцах замдаа Эрдэнэгэрэл, Эрдэнэчулуун хоёртой Рашаан өртөөн дээр таарч танилцав аа. Тэд миний Календарь ухааг хараад дахиад нэг явуулчих, тэгээд бүр дуусгачих гэсэн. Түүнээс хойш миний Календарь сумандаа завсаргүй дөрөв түрүүлсэн. Тойргийн сумдаар ч олон түрүүлсэн.
-Яагаад гарч уралдаагүй юм бэ?
-Би Их хурдад нэг, аймгийн наадамд нэг явсан. Дараа нь 2009 онд Дорнодын бүсэд өөр гурван адуутай яваад хээр халзан азарга маань гурван км хэртэй уралдаж ирж, үзүүр дээрээ суугаад арван хэдэд орсон. Жаахан өм дутаад байгаа юм. Гурав дахь нь энэ жил “Алтаргана” наадамд очсон. Шарга морио аваачиж уралдуулаад аман хүзүүдсэн, одоо салхи нь онгойв уу гэж санаад байгаа шүү. Энэ жил "Алтаргана"-д морь маань аман хүзүүдсэн.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймгийн наадмаас авч чадаагүй байгаа. Бүсийн чанартай наадмуудаас олон авсан. Өвөл манай аймгийн дарга байсан Жаргалын “Зоригт трейд”-ийн наадам гэж болдог. Энд хоёр, гурван адуу айрагдуулсан. Би морин уралдааныг хөгжүүлэхийн тулд 30-аад жил зүтгэж, чадлаараа морь уялаа. Мөн холбоог нь тэргүүлж байна. Чадах чинээгээрээ хөрөнгө гаргаж байгаа хүн. Энэ утгаараа миний морьдын од хийморь дээшээ байдаг байх гэж боддог.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2006 оны аймгийн Алдарт.
-Календарь ухаа чинь хэд хүртлээ уралдсан юм бэ?
-16 хүртэл нь уралдуулсан. 20-иод медальтай. Бараг 10 гаруй нь алт шүү дээ. Нэг онгойчихсон адуу гэдэг чинь тийм гайхамшигтай байдаг юм билээ. Биндэр, Дадалд очиход Бэх-Очир гэж ярихаасаа илүү Календарь ирээ юу, Календарь ирээ юу гэдэг байсан.
-Календарь дээр зураг нь гардаг гэдэг утгаар нь Календарь ухаа гэж байгаа юм уу?
-Тийм.
-Жүмпэрэл гуайгаас та хэдэн тооны адуу ямар үнэ ханштайгаар авсан бэ?
-Хөөрхий тэр өвгөн надад бараг бэлэглэсэн дээ. Тэр адуунаас маш олон адуу хурдалж байгаа. Анх дагаж ирсэн цагаан даага нь сайхан том цагаан азарга болж сумынхаа наадмаас 5-6 айраг авсан. Түүний угшлын олон адуу айраг, түрүү авч байгаа. Манай Содном “Онон хурд-7” наадмыг хийсэн юм. Содномын найз Саруулбуян ирээд “Аавын минь нэрийг гаргаж байна” гэж надад баяр хүргэсэн. Хүн ингэж л баярлаж явдаг юм билээ.
-Тэрийг л өвгөн харсан байх л даа.
-Энэ хүн адуунд үнэхээр хорхойтой юм байна, ямар ч гэсэн нэрийг минь гаргачих болов уу гэсэн бодол өвгөнд байсан байх. Тэр утгаараа тэр их хөрөнгөө өгч, надад хариуцлага оноожээ. Мөн Дадалын наадамд аман хүзүүддэг шарга морийг Биндэр сумын аймгийн Алдарт уяач Лхагваа гэдэг хүнээс аваад бас л надад бэлгэнд өгсөн. Тэр шарга морь их хурдан байгаа. Энэ жил сумандаа олон айрагдсан. Дөрөв уралдаж, хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг гурвалсан.
-Алдартын адуунаас бас авсан гэж түрүүн ярих шиг болсон? Адуунууд нь ямар ямар угшил байх уу?
-Уяж байгаа адууны 50-60 хувь нь Содном угшлын адуу. Жүмпэрэл, Донир адуу байна. Манай Содном чинь Монголын зүүн бүсийн бүх хурдыг цуглуулсан түмэнтэй хүн шүү дээ. Тэндээс л найз маань надад, за чи үүгээр цус сэлбэ гээд юм өгдөг юм. Түүнийг нь би уяж сойх гээд үзэж байгаа.
-Өвгөний адуунаас?
-Өвгөн бид хоёр наймаа хийсээн. Арав гаруй жилийн өмнө нэг сайхан хонгор гүү өвгөнөөс авсан юм. Тэр хонгор гүүнээс их олон хурд төрсөн. Сумын Алдарт уяач Лхамсүрэн гуай өвгөнөөс нэг хүрэн халзан азарга авсан. Миний хурдан хээр халзан тэр хүрэн халзангийн төл.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Сумын наадмын айраг, түрүү 6-7 байгаа. Нэг жил сумынхаа наадмын таван түрүү авч байлаа.
-Хамгийн бахдалтай, сэтгэлд хоногшсон наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Би “Онон хурд-3” наадамд Календарь ухаагаа түрүүлгэсэн юм. Содномтойгоо хамт морио гараан дээрээс нь тавьж өгсөн. Тэгэхэд Содном өнөөдөр Календарь ухаатай уралдах морь байхгүй юм байна гэж билээ. Тэр үед Календарь ухаа маань гараад л ганцаараа, Содномын алдартай хоёр морь араас нь хөөгөөд байгаа юм. Тэгээд бариа орох дөхөж байхад Содномдоо “Би морио жаахан хөдөлгөчих үү?” гэж. Тэгсэн Содном “Хөдөлсөн ч түрүүлнэ, хөдлөөгүй ч түрүүлнэ. Нэгэнт энэ хүрээгүй морьд яахаараа наадахад чинь хүрдэг юм” гэсэн. Юм үзээгүй хүн чинь гуядуулдаг юм билээ. Гуядуулсан чинь тарлаад алга болж байсан шүү. Тэгсэн манай Содном “Чи үнэхээр сайн уяач болж байна аа” гэж билээ. Болох нь юу байхав дээ, нэг од харваж л түрүүлж байгаа юм уу даа. Өөрийнхөө санаачилсан наадмын түрүү авна гэдэг надад гайхамшигтай байсан. Манай Содном чинь Онон хурдаас гурван түрүү авсан хүн. Биндэрийн уяачид хоёр түрүү авсан.
-Таныг залгамжилж, өөрөөр хэлбэл Алтангэрэл гуайн гурав дахь үеийн уяач болон бэлтгэгдэж байгаа хүмүүс байна уу?
-Миний хүү энэ жил сумын Алдарт уяач болсон, моринд их хорхойтой. Дээд сургуульд сурдаг. Багадаа шодоог байсан. Бас гайгүй уяач болчих болов уу гэж бодож байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч холоос хүрэлцэн ирж ярилцлага өгсөнд баярлалаа.
-Та бүгд ч гэсэн энэ сайхан үйлсдээ өндөр амжилт гаргаж, алтан шар зам тань өлзийтэй байх болтугай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна