Аймгийн Алдарт уяач Ч.Дугар: Аймгийнхаа довонд л уралдаж, аймгийн Алдарт уяач болсон

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 14 -нд

Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чойжилын Дугартай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Хөдөө орон нутгийн ихэнх уяачид хурдан морины уяа сойлгыг үе дамжин тааруулсан байх юм. Таны эцэг Чойжамц гэдэг хүн бас хурдан морь уяж сойж байсан болов уу?
-Ер нь уяж сойж байгаагүй юм байна лээ. Бүр дээр үед эх талд нэг уяач байсан гэдэг. Тэр хүн 1902,1903 оны үеийн даншиг наадамд нэг зээрд азарга хоёр оруулсан гэсэн. Манай эхийн эцэг ч байсан юмуу, Юмжинлхам гэдэг лам хүн хар хүний нэрээр уралддаг байж. Тэрнээс өөр манай удамд уяач байгаагүй юм гэнэ лээ.
-Тэгвэл та хэдий үеэс уяа сойлго эвлүүлсэн бэ?
- Өмнөдэлгэрт байхад манай ахын надад өгсөн гүүнээс хээр унага гарч, сүүтэй даага болдог юм. Тэр Жуугамт хээр даагаа Наранжавын Дамдин гэдэг морийг нь унадаг байсан хүнээрээ уяулаад, Шагдарсүрэн гэж дүүгээрээ унуулж наадамд гуравт оруулсан.  Тэгээд л ер нь моринд дуртай болсон доо.
-Яагаад Жуугамт хээр гэж нэрлэсэн юм бэ?
-Би том болчихсон  хүүхэд, хээр даага нь жижигхэн биетэй байсан. Тэгээд унаад явахаар хоёр хөл нь унжаад байхаар морины жуугам гэж ацтай модтой зүйрлэн шоолж Жуугамт хээр гэсэн байдаг юм.
 Тэрнээс хойш нэг хэсэг юм уяад айраг цагаагаар орохгүй, хорь, гучаадаар эсвэл гуч, дөчөөдөөр орж байсан. Тэгж тэгж 1969 онд нэг хул даага гурваар ордог юм. Тэр хул даага манай адууны цагаан гүүнээс гарсан Жуугамт хээрийн үр байсан юм.
-Дараагийн айраг, түрүүгээ хэзээ авч байсан бэ?
- Тэрнээс хойш 10 жилийн дараа 1978 онд хээр даага түрүүлээд, дараа жил нь 1979 онд аймгийн баяр наадамд шүдлэндээ аман хүзүүдсэн. Тэр хээр даага манай адууны цагаан гүүнээс гарсан баруун чигийн Дэлгэрхааны Жийпэг адууны зээрд азарганы үр юм. Тэгээд 1981 онд аймгийн баяр наадамд бор улаан хязаалан айргийн гуравт оруулсан. Тэр Жаргалтхаан гаралтай адуу. Жаргалтхааны Шаравдорж гэж хүнээс даагатай, хусран гүү авч байсан. Хусран даага аймагт зургаад ороод, шүдлэндээ 18-д ороод, хязаалан гуравт орсон.
-Таныг их хурдан халтар морьтой байсан гэцгээж байсан. Халтар мориныхоо тухай ярьж өгөөч?
-Тиймээ. Хязаалан тав, соёолон аман хүзүү, шинэ наймтай 1989 онд гурваар орсон юмаа. Уугуул нутаг нь Сүхбаатар аймаг, суугуул нутаг нь манай Хэнтий аймгийн Норовын Бажаа гэж улсын Алдарт уяач хүний адуу. Би хязаалан үрээ аваад, авсан жилээ таваад давхиулсан юм. 
-Бажаа гуай дээр байхдаа яаж давхиж байсан юм бол?
-Бажаа гуай дээр байхдаа уягдаагүй. Ердөө л сургачихсан битүү үрээ хавар хөнгөлөх гэж байхад нь аваад зун нь уясан юм. Халтар морь соёолондоо аймгийн наадамд аман хүзүүдэхэд бор улаан шүдлэн таваар давхисан байсан.
-Улаан шүдлэн ямар удам угшилтай адуу вэ?
-Улаан үрээ 1981 онд хязаалан гуравт орсон улаан морьтой эх нэгтэй.
-Түрүүлж, айрагдан урмаар тэтгэсэн өөр ямар хурдан  хүлгүүд байв?
-1991 онд аймгийн наадамд улаан шүдлэн айргийн гуравт оруулсан. Улаан шүдлэн дараа жил нь хязаалан болоод мөн гурвалсан. Тэр миний яг унаган адууны үр төл. Сүүлд нь азарга болоод аймагтаа бас гуравт орсон. Шүдлэндээ 1991 онд аймгийн наадамд гуравлаад, 1992 онд хязаалан мөн гуравлаад, 1994 онд хавчиг азарга ахиад гуравласан. Ерөөсөө аймгийн наадамд гурван удаа гуравласан адуу байгаа юм. Улаан хязаалан 1992 онд Баянхутаг суманд аман хүзүүлж байсан. Надад бас хурдан шар хээр морь байв. Шар хээр морь 1996 онд аймгийн наадамд түрүүлж, 2000 онд тавласан. Тэр Жаргалтхааны гаралтай морь,  Дагвабүслүүр гэдэг хүний адууных байсан.
-Дагвабүслүүр гэдэг чинь ямар адуутай хүн байсан гэдэг билээ дээ?
-Хурдан адуутай хүн байсан. Аймгийн тэгш ойгоор хээр азарга нь аман хүзүүлсэн юм. Тэрний л удмын адуу байсан. Миний шар морь аймгийн наадамд гурав орж, өвлийн наадам, өвлийн зүүн бүсийн уралдаанд орсон ч , түрүүлсэн ч.
- Дугар Алдарт морь уясан 1969 оноос эхлээд 2002 оныг хүртэл аймгийн наадмаас 15 айраг, түрүүтэй юм байна. Нутаг ойрхон болохоор аймгийн наадамд голдуу уралддаг уу?
-Ер нь аймгийн төвөөс бараг гараагүй дээ. Мөрөн суманд шар хээр, халзан морьдтойгоо хоёр удаа очиж, нэгийг нь долоод оруулаад, нэгийг нь аравт оруулсан. Наад амжилтууд дээр чинь өвөл, хаврын наадам, аахар шаахар уралдаан бичигдээгүй.  2002 оны хавар аймгийн Алдарт  уяач цол авсан.
-Дугар ахын адуунд Хан Хэнтий аймгийн, Халхын ямар ямар хурдан буянгууд байна вэ?
- Дагмид буюу Мээрэн адуу, Жийпэг адууны удам байна. Баянмөнхийн Жийпэг гэж сайн уяач байсан. Жийпэгийн будангуудын удам байна.
-Адуу ямархуу үнэ ханшаар авч байв? Тэр үеийн хурдан хурц адуу ямар үнэ ханштай байсан юм бэ?
-Янз бүрээр л авч байсан тэр үед. Аймагт нэг аман хүзүүлж, хоёр тавладаг халтар морийг мянган цаасан дээр хазаарын морь өгөөд л авсан. Нэг түрүүлж, нэг гурвалж, нэг тавладаг тэр шар хээр морийг бол таван адуу өгч авсан. Нэг унагатай гүү гэхээр бараг зургаан ч адуугаар авсан байна. 
-Одоо ер нь тэр хазаарын морь гэдэг ойлголт байна уу?
-Одоо мэдэхгүй. Тухайн морины үнэ ханшаас гадна хазаарын морь гэж өгдөг байсан юм. Хазаарын морь өгнө гэдэг нь орыг нь өгсөн гэсэн утгатай. Нэг адууг 2 адуугаар, дээд тал нь гурваар авах тохиолдол байснаас биш дээшээ нэг их гарч байгаагүй. Адуу мал одоогийнх шиг өндөр үнэ ханштай ч байсангүй л дээ.
-Танайхаас гадагшаа гарсан адуу хэр олон байна? Энэ хавиараа бол их олон гарсан байдаг юм билээ.
-Харин миний гадагшаа гарсан ганц нэг юм давхилттай дуулддаг шүү. Хэнтий аймгийн Дадал суманд манай нэг хүргэн байдаг юм. Хүргэндээ нэг халтар үрээ өгсөн чинь нэг гуравлаад, нэг тавлаад хулгайд алдчихсан байна лээ. Бас нэг саарал үрээ өгсөн нь нэг айрагдуулаад, хавчиг зургаатай азарга тавлаад хөлгүй болсон гэсэн. Нэг хонгор үрээг Дадалын Данзанпүрэв гэж залууд зарсан, тэр хонгор үрээний үр Сүрэнгийн Хэнтийн хонгор гэж нэртэй морь энэ жил Дадалын Алтаргана гэж том наадамд түрүүлсэн байна лээ. Хүргэндээ нэг шүдлэн үрээ, унага, даагатай гүү дөрвөн адуу өгсөн. Тэрний шүдлэн үрээ нь азарга болоод, наашаа Баян-Адрага руу зарагдсан. Тэр бор азарганы үр даага энэ жил Дадалд түрүүлсэн байна лээ.  Үндсэндээ энэ жил Дадалд морь, даага, соёолон гурав уралдсанаас яриа байхгүй дээд тал нь миний адууны цус орсон морь, даага түрүүлчихээд байгаа юм. Үүнээс өөр ийш тийшээ гарсан юм байхгүй. Зүгээр сайн орсон юмнууд дуулдана уу гэхээс айраг цагаагаар орсон юм байхгүй дээ. Би битүү уяач, морь мал их зараад байдаггүй.
-Нэгдэл нийгмийн үед ямар ажил алба эрхэлж байв?
-Нэгдэл нийгмийн үед би ерөөсөө мал маллаагүй. 1968 онд цэргээс халагдаж ирээд гурилын үйлдвэрт токарьчин хийгээд их олон жил төмөр зорсон, гурилын үйлдвэрийн Дугар гэж нэрлэгдэх хүртлээ ажилласан. Хэдий ажил албаны цагт хавчигдаад морь малаа уядаг байсан ч манай дарга нар намайг хар багаасаа моринд дуртайг мэддэг байсан болохоор “Дугарыг өглөө, оройд тав,  арван  минут хоцорвол самбарт нэрийг нь бичилгүй, наадам өнгөртөл 20-иодхон хоног харж үзэж байгаарай” гэдэг, бас субботник энэ тэрээс чөлөөлдөг байсан шүү. Адуу айрагдуулаад ирэхэд дарга ганц юм шүүгээнээсээ гаргаж, гар барьж баяр хүргэж байх жишээтэй. /инээв/
-Гурилын үйлдвэрийн Дугарын морь айрагдлаа гээд л нэрийг нь гаргаж байсан болохоор аргагүй. Одоо бол компани, байгууллагын нэр гаргавал өндөр шан харамжтай болсон байна шүү дээ. 
-Харин тийм.
-Сэтгэлд хоногшсон, сайхан наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Бүх л наадам сайхан дурсамжтай. Наадам болгон сайхан болж, үнэн санаанаасаа морь уяхад дурлаж, цангаж явсан хүн дээ. Миний хувьд наадмын өдөр хусуур хавчуулчихаад “морь хурдан уу? уяа эвлэг үү?” гэхэд “хурдан байна, уяа эвлэг аятай, морь давхилтай байна” гэж мэндлэх нь хүртэл сайхан санагддаг. 
-Таныг МУ-ын Алдарт уяач Бажаа гуайг ойроос мэддэг, хамт морь мал уяж байсан гэх юм билээ. Тэр хүний талаарх дурсамжаасаа хуваалцаач?
-Их сайхан гүдэсхэн, морины уяаг их сайн хэлдэг, сайн уяач байсан. Соёолон адуу гэхэд миний санаж байгаагаар найман удаа аймагт түрүүлгэсэн. Морины ажлыг айхтар мэдэж хийдэг байсан. Өдөржин бороотой устай, тэнгэр муухай улсын морьд ажилгүй өнжихөд Бажаа гуай тэрүүхэн тэнд судал бэлдээд мориндоо ажил хийчихсэн байдаг. Нар шингэсний дараа сэртхийхэд хэдийнэ морио хөлслөөд,  тарлачихсан байдаг. Ер нь морины ажлыг цалгардуулдаггүй, амжиж  хийдэг хүн байсан.
-Тэр хүнтэй хамт ийш тийшээ олон наадамд явж байсан байлгүй?
-Баруунтаа Геологийн наадамд нэг явсан юм байна. Бажаа гуай ер нь аймгаас гардаггүй, аймгийн довонд уралддаг хүн байсан шүү. Уул үндсийг нь ярьвал Сүхбаатар аймгийн Уулбаяны хүн, нэлээн хожуу 40 гарсан хойноо Хэнтийд ирсэн байх шүү. Морийг их сайхан хөглөнө, яах бол гэж халшрахгүй зүрхтэй хийнэ, гар хойш татахгүй. Ер нь Бажаа гуай их насны морь аймагт оруулаад байсныг мэдэхгүй юм, дуулаа ч үгүй. Азарга, соёолон гээд төмстэй адуунд л их сайн уяатай, ялангуяа соёолон адууны зэл нь онгойсон хүн байсан даа. Байнга л түрүү, аман хүзүүнд л оруулна. Их ч сайн азаргатай. Улсад ганц л удаа явсан, 1971 онд АХ-ын 50 жилийн ойгоор улсад явахдаа улаан азаргаа дөрөвт оруулаад ирсэн.
-Бажаа гуайгаас гадна тантай морь мал уяж байсан, ойр дотноос мэдэх ямар буурал уяачид байв?
- Одоо байхгүй болсон доо, зайлуул. Зохиолч Саруулбуяны аав Жүмпэрэл гуайтай би нэг хэсэг морь уяж байсан. Хуучин Идэрмэг сумын хүн. Аймгаас зүүн тийшээ 60 км Идэрмэг сум гэж байж байгаад тарсан шүү дээ. Баянхутагтай ихэнх нь нийлээд, цаад талын хоёр баг нь ч байна уу Батноровт нийлсэн юм. Цоохор буудай хурдан адуутай сайн уяач байсан. Инээд алдаад л их сайхан зантай, наадамч наргианч гэж жигтэйхэн.  Бажаа гуай эд нар чинь надаас үе мултарчихсан олон ах улс байлаа. Намайг 30 орчим настай байхад 60 хүрцгээсэн байсан. Тэд нараас юм асуухдаа асууж, асуухгүй ч гэсэн байр багцааг нь харж за ер нь ийм ажил хийж байна даа гээд дагаж, үлгэр авч хийдэг байсан. Айраг цагааны хувьд бол Бажаа гуайгаас арай дутуу байсан байх.
-Бидний урилгыг хүлээн авч сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Таныг болон таны үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе. Эрүүл энх байж урт удаан наслаарай. 
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна