Аймгийн Алдарт уяач Б.Ухна: 30 гаруй жил морь уяхдаа нэг ч удаа айраг, түрүүгүй буцсан удаагүй
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ухна гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-“Тод магнай” сэтгүүлийнхээ уншигчдадаа таныг танилцуулснаар яриагаа эхэлье?
-Би 1937 онд төрсөн. Найман настайдаа сумын сургуульд орж, 1949 онд бага сургууль төгссөн. Тэгээд нэгдэлд 1955 онд элсэж, 30 хэдэн жил малчнаар ажиллалаа. Түүнээс хойш 60 хүрч тэтгэвэрт гартлаа мал малласнаас 16 жил тэмээ, 11 жил адуу малласан байна. Тэр хугацаандаа хань ижилтэй болж, 1964 оноос морь уяж эхэлсэн дээ.
-Мэдээж малын захад төрж, малын араас хөл нүцгэн гүйж өссөн малчин ардын удам морь уяхад нөлөөлсөн байх. Түүнээс гадна таныг хурдан морь уяхад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?
-Бригадын мал аж ахуй дээр хар багаасаа байсан болохоор адуу малд дуртай, сонирхолтой байсан. Давхиа Гомбожав гэдэг хүн намайг анх морь уяхдаа дагуулж адуу малаа хураалгаад, морийг ингэж хөлсөлдөг юм, ингэж үсэргэдэг юм, даага ингэж сургадаг юм гэж сургамж өгсөн уяаны багш минь юм. Тэр хүнээс би хээлтэй хул гүү худалдаж авч, түүнээс эр унага гарч, дааганд нь уяж анх унаган морио түрүүлгэж байсан.
-Ер нь таны адууны суурь нь ямар удам угшилтай байв?
-Дундговь аймгийн Дэрэн гаралтай хээр алаг гүү байсан. Намайг өргөж авсан дээдчүүл цаг муудаад 1950 хэдэн онд Хөвсгөл рүү нүүж орж ирсэн юм билээ. Энд адуугаа оторлож байгаад буцахдаа надад хээр алаг гүү бэлэглээд явсан. Тэр гүүний төлүүд их хурдалсан даа.
-Тэр хээр алаг гүү л хурд гаргасан юмаа даа. Харин хаанахын азарга авч тавьж байв?
-Тиймээ. Тэр алаг гүү үржиж төлжөөд, гаднаас бас азарга авч тавиад, адууны удам угсаа их сайжирсан. Гарал үүсэл нь Дундговь аймгийн Гүндсамба гэж панзач, уяач хүн энд шоронд байж байгаад манай суманд хүргэн орсон юм. Тэр хүн энд тэндээс хурд цуглуулдаг, би тэндээс нь зөв талын хойд хөл цагаан жижигхэн хүрэн хязаалан үрээ авч азарга тавиад, анхных нь төл уралдаж түрүүлж эхэлсэн. Гүндсамба тэр үрээг өгөхдөө эх тал нь Хөвсгөлийн Заны Санжмятав гэж их хурдан саарал азаргатай хүний адууны төл байгаа юм гэж байсан юм. Хүрэн азаргыг аваад би Улаанбадрах, Хөвсгөл суманд олон түрүүлгэсэн. Хүрэн азарга 18 гаруй наслаад хөгшин азарга жишиж байсан. Би ер нь өөрийн адуунаас азарга тавьж үзээгүй, сайн ч бай, муу ч бай гаднаас л авч тавьж байсан.
-Адууныхаа цусыг Дорноговийн нэрийг гаргасан бэсрэг угшил Банди, Тайж адуугаар сэлбэж байв уу?
-Үгүй ээ. Харин нэгдлийн нормын адуу гэж уналгад өгсөн адуунаас нэг үрээ авч, морь уяхдаа хамт уяж, нэг аман хүзүүдүүлж, хоёр айрагдуулсан. Түүнээс хойш адуугаа өсгөөд морио тасралтгүй уяж байгаад хамгийн сүүлд 2005 онд отголсон доо. Сумандаа болон ойр хөрш Улаанбадрах суманд олон айраг, түрүү авч наадаж байсан. Миний амжилтын зөвхөн ойрын хугацаанд авч байсан айраг, түрүү л дээ. Медаль өгдөггүй байсан үеийн айраг, түрүүний архив нь олдоогүй нэг хэсэг нь хаягдчихсан юм билээ. Дээр үед медаль өгөхгүй, түрүү морийг даага, адуугаар шагнана.
-1986 онд Дорнод аймагт анхны медалийг олгосон гэдэг юм билээ. Танай аймагт хэдэн оноос олгосон юм бэ?
-Манай аймагт 1990 хэдэн оны эхээр өгсөн юм болов уу даа. Их хожуу авсан. Медаль өгснөөс хойших үеийн 10-аад медаль надад бий.
-Уясан болгон тань жолоо өргүүлсэн таны уяаны оргил үе хэзээ вэ?
-Дээр үед аймгийн наадамд явж чадаагүй хүн дээ, би. Нэгдлийн мал олонтой, гэрийн хүн хүртэл ингэ, ботготой, хүүхдүүд хол, ойр сургууль соёлд яваад зав, бүл муутай. Нэгдлийн олон мал хуйдаа боогдоод хол явж чадаагүй, зав чөлөөгөөрөө л Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөлд уралдаж байлаа. Би гучин хэдэн жил морь уяхдаа хаашаа ч явсан айраг, түрүүгүй буцаж ирж байсан удаагүй. Миний хамгийн дээд амжилт бол нэг жил сумандаа гурав, дөрвөн түрүү авч байсан. Тэгээд Улаанбадрахын 60 жилд ирээд түрүү, аман хүзүү, 70 жилд нь мөн айраг, аман хүзүүг нь аваад явсан удаатай. Нэг л удаа сумандаа гурван зургаатай наадсан. Бусад үед айраг, түрүү алдаж үзээгүй.
-Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг суманд таныг ид морь уяж уралдуулж байх үед дархан айрагдчихдаг ямар, ямар адуунууд байв. Мундаг уяачид гэж тэр үедээ л нэрлэгдэж байсан ямар хүмүүс байсан бол оо?
-Цэнд гэж Улаанбадрах, Хатанбулаг сумыг өмнөө гаргадаггүй, нүгэлтэй сайн уядаг хүн байсан. Өндөр Жадамба гэж дээр үед манай Хөвсгөлийн урд Ухдаг уул гэж байсан, тэндхийн унаган хүн байлаа. Мөнгөн Чойнор гэж их хурдтай хүн. Хэдий үеийн хүн юм, намайг морь ч уяж үзээгүй залуу бага байхад л мөнгөн Чойнор гэж морь уядаг, их хурдан адуутай айл байдаг юм гэлцдэг. Жижигхэн биетэй бор хүн байсан. Тэр хүний адууны удам угшлыг улс их авч, Хөвсгөл, Улаанбадрахад их тархсан байгаа юм. Миний анхлаад шавиар орсон багш давхиа Гомбожав гэдэг хүн 1970 хэдэн оны хавар юм уу даа, мөнгөн Чойнороос азарга тавих үрээ авчирна гээд хоёр хоног яваад, азарганд оруулчихсан цагаан цоохор биетэй сайхан хар халтар үрээ авчирсан. Цаг ч сайхан байсан үе, хязаалан үрээ Хөвсгөл суманд уяж түрүүлгээд, түүнээс хойш олон жил азарга тавьсан. Нэг удаа би багшдаа “Би танд шавиар орж, нэлээн жил адууг чинь маллаж, хоёул хамт морь уялаа. Та халтар азарганыхаа төл нэг гүү өгөөч” гэхгүй юу. Тэгтэл надад “Чи хонь хурга сайтай хүн, надад хоёр хургатай хонь өг. Би чамд халтар азарганыхаа төл нэг гүү өгье” гэсэн. Тэр гүү надад ирж таван эр, гурван охин, найман төл гаргаж өгсөн. Таван эрийнх нь хоёр нь ер нь сайн давхиж байсан шүү.
-Таны багш хурд таньдаг л хүн байж дээ. Тэр үед наадам хэр өтгөн болдог байсан юм бэ?
-Аргагүй таньдаг хүн байсаан. Цаг сайхан болвол өтгөөн. Суманд азарга 50, соёолон 60 шахуу, даага 30 гаруй 40 орчим мордчихно. Заримдаа ч цөөхөн 20-30 ч явж мэднэ. Хүн бүлийнхээ зав чөлөө, цагийнхаа байдлаас болдог байсан биз дээ. Харин Улаанбадрахад манайхаас илүү, олон мундаг уяачтай, их өтгөн уралдана. Тэнд би олон морьтой очиж уралдаж байсан. Их насны морь 90 гараад л, азарга 100 шахаж мордоно.
-Уяаны ерөнхий жаягаас гадна адуу адууны тохироо, уяачийн онцлог гэж байдаг. Таны уяаны онцлог юу вэ?
-Наадам болохоос өмнө адууныхаа онд оролт, уналга эдэлгээ, тарга хүчийг тохируулдаг. Би уядаг морьдоо өвөл гурван есийн хүйтэнд жаал жаалхан цантуулаад тавьчихна. Цагаан сар болохоор шинийн дөрвөн, тавны үед уях бүх морио бариад хаврын салхинд уячихдаг байсан. Хавар салхинд сайхан хөнгөрүүлчихсэн морийг зуны зав зай муутай малын ноос үсний ид үед уяхад их дөхөм, хөлс хүчээ авахад амархан. Ойрхон явна, ядаргаа суухгүй онцлогтой.
-Одоогийн залуу уяачдыг эдэлгээ сайн хийхгүй байна гэж ахмадууд шүүмжилдэг. Та хэрхэн эдэлгээ хийдэг байсан талаараа тодруулахгүй юу. Залуу уяачдад хэрэгтэй зөвлөгөө болно байх?
-Урьдах бэлтгэлийг нь сайн хийж өгөх хэрэгтэй байдаг. Мал эцдэг хаврын цаг уурт 10-15 хоног уяад, зав чөлөөндөө жаал жаалхан хөлс гаргаад, услахынхаа зуур багахан чийгтүүлдэг. Тэгээд хорооныхоо ард салхинд уяа татаад уячихдаг. Анхлаад цатгалан барьж аваад уяад хонуулвал гэдсэнд нь хөеө, хуучин хоол суухгүй, явдал төвөг орохгүй. Тэр цагт хөлс хүч өгч байгаа нь янзтай сайхан. Одооны уяж байгаа шинэ үеийнхэн өвлийн морь, хаврын морь гэж байна, тэжээж ч байна. Надад мэдэх юм үгүй юм билээ. Би морь тэжээнэ гэдгийг үзээгүй. Ногоонд цадахаараа л адуунд бяр чадал суудаг, ногоо гэдэг юм тийм хүчтэй байдаг. Бяр чадлынх нь тохироонд тааруулж их морио найм хөлсөлж, тав үсэргэх юм уу, азаргаа дөрөв хөлсөлж, тав үсэргэх зэргээр хүчинд нь тохируулж ажлаа хийдэг байсан даа.
-Морины соёл аймаг болгонд өөр байдаг юм билээ. Өмнөговьд гийнгоолохыг зээ татах гэж байсан. Танай нутагт морины холбогдолтой өвөрмөц содон зүйлүүд юу байдаг вэ?
-Манай энд марз л гэж хашгирдаг юм даа. Ум марзи мам суха гээд л. Марзалж байгаа нь тэр. Хойшоогоо бол аялгуу нь өөр юм билээ. Газар газрынхаа заншлаар болдог эд байх л даа.
-Хүүхдүүдээс тань аавынхаа хусуурыг өвлөж авсан хүн байна уу?
-Одоохондоо алга. Уг нь цугаараа морь мал унаж өссөн улс. Цаг үеэ дагаад төвийн айл болцгоочихлоо. Би адууныхаа хөгшин хөвөөгий нь зарахыг нь зараад, заазлахыг нь заазлаад, үлдсэн шилмэл хориод адуу байсныг нь нэг охиндоо өгчихсөн. Охин минь авчирчихсан, сумын төвд байж л байх юм билээ. Уяж байгаа нь алга юм шив дээ. Уг нь нөхөр нь надтай морь мал уяж л байсан юм.
-Үр хойчийг нь хурдан хүлгийн хийморь лундаа ивээж, уяач төрөх нь дамжиггүй ээ. Та зуу насалж, зургаадай таяг тулаарай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна