Аймгийн Алдарт уяач Л.Хашхүү: Дүмбэн шарга маань 16-тай зодог тайлсан

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 20 -нд

Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лувсанцэрэнгийн Хашхүүтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр  өөрийн хурдан хурц хүлгүүдийн болон нутгийн тулхтай уяачдын талаар ийн яриа дэлгэлээ.
-Тантай уулзаж ярилцахдаа Дүмбэн шарга  азарганых нь талаар асуугаарай хэмээн оролцогч маань захисан. Тэрхүү захиасыг ёсоор болгоё хэмээн бодож байна?
-Миний шарга азарга  аймагт нэг түрүүлж, суманд нэг түрүүлж, хоёр айрагдан зургаан удаа зургаалсан адуу. Удам угшлыг нь хөөвөл эцэг нь Жигээ адууны хөгшин бор азарга. Харин эх нь Галшарын Лосол гэж хүний адууны бор шарга гүү байсан. Манайх бор шарга гүүгээ Жигээ Дамбадаржаагийн бор азарганд хураалгаад гарсан төл нь Дүмбэн шарга. Шарга азарга 1972 онд даагандаа сумын наадамд аман хүзүүдээд, 1973 онд шүдлэндээ аймгийн 50 жилийн ойгоор өнгөлж байгаад тугнаас үргэж, машин дунд орчихоод есөлсөн. Тэрнээс хойш эдлэх, уях хоёр нь таараагүй юмуу зургаан жил дараалаад зургаалчихаад, 1981 онд сумын наадамд тавлаад, 1982 онд өнжсөн.
-Аймгийн наадамд түрүүлсэн нь хэзээ юм бэ?
-1983 онд 13 настайдаа аймгийн 60 жилийн ойгоор түрүүлээд, 1986 онд 16-тайдаа нэг сумын ойд 200 гаруй азарга уралдахад бас түрүүлсэн.
-Олон жил тогтмол амжилттай нааджээ. Хамгийн сүүлд хэдтэй уралдаж байсан бэ?
-1986 онд сумын наадамд түрүүлээд л отголсон. Дараа нь азаргаа харчихаад арай ч эрт болиулчихав уу гэж бодсон шүү.
-Олон жил уралдсан адуу өөрийгөө сойгоод байдаг гэх юм билээ. Шарга азарга бас тэгээд байсан уу?
-Уяан дээрээ давхиад ирнэ. Хүүхэд явж байвал хажууд ирээд зогсчихно. Ер нь наадмаа санагалзаад байгаа нь анзаарагдана л даа хөөрхий.
-Үр төлүүд нь эцгийн шийрийг хатаан хурдлаа байлгүй?
-Төлүүд нь давхихын хувьд давхиж байгаа ч эцгийгээ гүйцэх адуу төрөөгүй. Нэг найздаа үр байдасыг өгсөн нь  Шар Энхболдын шаргууд гээд хурдан адуу гарсан. Бас нэг найзыгаа гэр барихад охин даага өгсөн. Тэрний удам Пүрэвсүрэнгийн шарга гээд олон хурдан адуу гарсан. Шарга азарганы үр бас нэг халиун морь энүүгээр байнга л айрагддаг байлаа. Батширээтийн Цэвээний Цэвээндорж гэдэг хүнд бас нэг халиун морь өгсөн. Тэр олон жил хурдалсаан. Сүүлдээ Гачууртын Шархүү гэдэгт очоод тэр нь улсад уяад Налайхын нэг сунгаанд түрүүллээ гэж дуулдсан. Тэгсэн харамсалтай нь тэр шөнөө алдчихаад уралдаж чадаагүй юм гэнэ лээ. Манай нутгийн Саруулбуян аавтайгаа очиж тэр сунгааг үзээд сартай нүдэн тамгатай адуу харагдахаар нь очсон чинь миний халиун морь байсан гэнэ лээ. Манайх тийм тамгатай юм.
-Шарга азарганыхаа үр төлөөр нь азарга тавиад байна уу?
-Үгүй ээ. Би МУ-ын Алдарт уяач Шунугаас нэг хул азарга авч, шаргынхаа төл гүүнүүдийг хураалгасан. Төлүүд нь яахав ээ, давхиж л байна. Би хотод 13 жил болоод ноднин л ирлээ. Яахав дундуур нь зундаа ирж байсан л даа. Нас дээр гараад урьдынх шигээ адуугаа унаж эдэлж чадахгүй байна. Жигээ адууны онцлог нь эдэлгээ дутуу бол давхидаггүй юм.
-Жигээ адуу нэлээд тархсан бололтой юмаа?
-Өө тэгэлгүй яахав. Энэ хавиар давхиж байгаа цагаан зүстэй болгон шахуу Жигээ адууны угшилтай. Ер нь манай Баянхутаг чинь эрт дээр үеэсээ хурдтай. Уяачид нь их ухааны улс байсан юм шүү дээ. Жишээлбэл, Жигээ адууг үндэслэгч Жигээ Дамбадаржаа, Шаазан Шарав, Хөхийн Дугарсүрэн гээд л олон хүн бий. Хөхийн  адуу бас нэлээд тарсан байх шүү. Тэдний адууны дээд талыг “бөлдөг” Доржийн адууны угшилтай гэж би сонссон.
-Дорж оо?
-Тиймээ. Дээр үеийн хүн дээ. Дамдингийн Доржпалам гэдэг хүн их сайхан адуутай. Арваад жил улсын наадамд яваад. Явах болгондоо шахуу морио түрүүлгэж, айрагдуулдаг байсан юм гэнэ лээ. Үр хүүхдүүд нь морь мал уядаггүй хүмүүс байсан юм уу, өвгөн ойчоод адууных нь сураг тасарсан байх.
-Хөхийн адууны талаар хэр мэдэх вэ?
-Хөхийн Дугарсүрэнгийн үү?
-Гомбосүрэн юм биш үү?
-Гомбосүрэн гэдэг чинь дүү нь л дээ. Яг адууны эзэн нь бол Хөхийн Дугарсүрэн. Их баян, ажилтай яггүй хүн байсан гэдэг юм. Эдний Одон улаан хурдан ч Дамбадаржаа гуайн цагаан азаргыг дийлдэггүй байсан юм гэнэ лээ. Наадмын өглөө Дамбадаржаа гуай давхиж ирээд “Хөх хаана байна” гэж асууж л дээ. Байсан улс нь  “Тийшээ азаргаа мордуулах гээд явчихлаа” гэдэг юм биздээ. Дамбадаржаа гуай хот явж морио түрүүлгэж, айрагдуулчихсан том дурантай.Түүгээрээ дурандчихаад, араас нь очиж “За Дугарсүрээн, чи өнөөдөр энэ улаан азарганыхаа ороог нь бодож уралдана шүү. Миний цагаан азаргатай уралдаж сүйд болов” гэж гэнэ. Тэр жил давхилууд дээр Дугарсүрэн гуайн улаан азарга нь дийлээд байж л дээ. Тэрэндээ бардсан уу Дугарсүрэн гуай “муу сарьсан Жигээ ороог нь бодож уралдаарай гэнэ. Харин ч өнөөдөр л нэг уралдаад  яадгийгаа үзнэ дээ” гээд улс амьтанд яриад явж. Азарга ч гараад явчихаж. Дугарсүрэн гуай Буулт дээр, Дамбадаржаа гуай Хужир цагаан толгой дээр гарч зогсоод дурандаж байж. Удаж төдөлгүй хоёр бүгээн азарга гараад ирсэн, Дамбадаржаа гуайн бор азарга жаахан өнгөлөсхийгээд, Буултын уруу буусан Дугарсүрэн гуайн улаан азарга дагаад бууж байна гэнэ. Тэгээд дурандаад байсан чинь Дугарсүрэн гуайн улаан азарга жаахан хонгодоод хоцрох гэхээр л ташуурдаад хүргээд байдаг. Ингэж явсаар Хужир цагаан толгойн харалдаа ирэхэд нь  Дамбадаржаа гуай буугаад хөлөө ганцхан дэвсэлсэн бор азарга нь яваад өгсөн гэж байгаа. Тэндээс бариа хүртэл чинь элбэг зургаа долоон км газар шүү дээ. Тэгсэн Дугарсүрэн гуайн улаан азарга тэндээс сажилсаар байгаад есөлж байсан юм гэнэ лээ. Хэдийгээр өрсөлдөж байгаа ч гэсэн тийм сайхан жудагтай нууж хаалгүй хэлдэг байж шүү дээ бидний дээдэс. 
-Бор азаргатай уралдаж үрэгдээгүй бол айрагдах ч байсан юм билүү?
-Сунгаанд хурдан байсан юм чинь гарцаагүй айрагдана л даа.Дамбадаржаа гуай тэрийг нь мэдээд хэлж байхгүй юу. Бас манай энд Нарсан Пүрэв, Шаазан Шарав нарын мундаг уяачид байлаа. Тэр хоёр хаанахын ч юм наадамд хамт явж л дээ. Тэгээд морьдоо мордуулчихаад “хэнийх нь морь илүү хурдан бол” гэж ярилцаж байсан Шарав гуай зоос татаж байна гэнэ. Тэгэхээр нь Пүрэв гуай “миний халзан морь ямархуу байна үзээдэхээч” гэж л дээ. Тэгсэн үзчихээд, “мөн хачин зоос бууж байнаа. Яг морь эргэхийн алдад чиний халзан морь цаашаа хараад цусаар шээгээд зогсож байх юм” гэж л дээ. Тэгсэн Пүрэв гуай уурлаад “муу шалчийсан золиг дандаа ингэж байдаг юм” гээд шороо цацчихаад мордоод явчихаж. Халзан морийг түрүүлнэ гээд албаар тэгж хэлж байхгүй юу. Тэгсэн Пүрэв гуайн халзан морь түрүүлээд, Шарав гуайн морь аман хүзүүдэж байсан гэж байгаа.
-Нутгийн уяачдын тухай амтат хууч дэлгэсэнд баярлалаа. Одоо таны талаар ярилцъя. Дүмбэн шаргаас гадны Алдартын нэрийг дуурсган хурдалж байсан ямар ямар хурдан буянгууд байна вэ?
-Халиун морь, шарга морь байсаан. Халиуныг нь нэг хүнд бэлгэнд шахуу өгчихсөн. Аймагт нэг, суманд хоёр гурав айрагдчихсан байх шүү.
-Улсын наадамд явж байв уу?
-Морь ид хурдан байх үед бол явж чадаагүй ээ. Нэгдэл нийгмийн үед ажил ихтэй. Цаг зав бараг гарахгүй шүү дээ. Дээр нь морь гайгүй байх үед хүүхдүүд жаахан байсан болохоор чадаагүй ээ. Сүүлд хоёр ч удаа явсан ч гуч дөчөөр л давхиулж байсан.
-Удам дагаж уяачийн эрдэмд шамдаж буй залуус улс бүсийн наадамд морь айрагдуулах байлгүй?
-Хотод нэгдүгээр эмнэлэгт ажилладаг хүү маань багаасаа хурдан морь унасан. Адуунд дуртай. Наадам тааруулж амралтаа аваад ирж амарсан ч юмгүй хэдэн адуутай ноцолдож байгаад буцдаг юм. Тэр маань л яваандаа уяж магадгүй юм.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг оройтсон ч амтат хууч дэлгэсэн танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
-Баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна