Б.Энхтөр: Мал дагавал ам тосодно гэж өвгөчүүлийн сургаалыг жинхэнэ утгаар нь мэдэрч байгаа хүн дээ, би

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 11 -нд

Өлзийт тосгоны “Шандас” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Б.Энхтөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Шандас” МСУХ-ны тэргүүнээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-“Шандас” МСУХ-ны тэргүүнээр 1999 оноос хойш ажиллаж байна. Өдгөө манай холбоо хаврын уралдаан буюу Наурызийн баярын уралдааныг, зундаа улс хувьсгалын баяр наадмыг орон нутагтаа зохион байгуулдгаараа уяачдын  дунд хэдийнэ танигдсан. Эдгээр наадамд аймаг, эргэн тойрны сумдаас ирнэ. Энд айрагдсан адуу аймагт ёс юм шиг л айраг амсдаг. Тэгэхээр ямар чансаатай хурд цуглаж уралддаг болохыг төвөггүй харж байгаа болов уу. Манай Өлзийт тосгон чинь Хэнтийн хурд чуулсан газар. Сүрэнхорын алдарт Босоо хээр азарга манай тэндхийн Халимаг гэж хасаг хүний гүүнээс төрсөн гэдэг юм. Нутаг орныхоо нэрийг гаргасан уяачид ч олон байлаа. Аймгийн Алдарт уяач Шаарийбуу гэж удам угшил сайтай адуутай, эрдэм чадалтай 70 гарсан буурай бий. Мөн Уртнасан гэж сум, аймагтаа “данстай” сайн уяач байна. Аймгийн Алдарт уяач Акалбей Налайх руу яваад буцаад эндээ ирчихээд байгаа юм. Бас их хурдан адуутай. Эдний маань уяаны эрдмийг үргэлжлүүлж байгаа сайн сайн залуу уяач ч олон бий. Сумын Алдарт уяач Баярсайхан, Ууганаа, Баттогтох, Төгсөө гээд л. Нөгөө талаар манай сум чинь олон үндэстэн ястан цугласан газар гэдгээрээ их онцлогтой. Анх сангийн аж ахуй байгуулагдахад казак, халхаас гадна торгууд, дөрвөд, урианхай иргэд ирж суурьшсан. Илгээлтээр их олон казак Баян-Өлгийгөөс нүүж ирсэн байдаг юм. Гэхдээ 1990 оноос хойш Назарбаев бужигнуулаад ихэнх нь яваад өгсөн л дөө.
-Холбооны зүгээс нутгийн “брэндээ” өндөр довтой наадмуудад уралдуулах талаар хэр анхаарч байна вэ? 
-Манай уяачдын сайн удам судартай адуунаас  бараг тэрбум шахуу төгрөгийн борлуулалт хийгдсэн байна лээ. Тэгэхээр удам сайтай газраас л баруун аймгийнхан адуужиж байна шүү дээ. Бид ч адуугаа сайжруулж, сайн шилмэл адуу гаргах зорилттойгоор ажиллаж байна. Мэдээж манай уяачдын зорилго улс, бүсийн наадамд гарч уралдаад амжилт гаргах. Ямартаа ч энэ хавраас явах санаатай байна. Тиймдээ бэлтгэлээ эртнээс базааж эхэлсэн. Адууны хувьд бол ярих юмгүй шүү. Дээр нь холбооноос баруун зүглэж, нутаг сэлгэж уралдах, нэрд гарсан Алдартуудын туршлагыг судлах, уяаны ажилдаа хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг юм.
-Өлзийт тосгонд аймаг, сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-Манайд аймгийн Алдарт гурав, сумын Алдарт найман уяач бий. Үнэндээ залуучууд төв бараадах л сонирхолтой болчихлоо. Энд үлдэж байгааг нь морь гэх янз бүрийн хөшүүргээр л тогтоож байна. Сонсож байхнээ, зарим хүн Тод манлай, Манлай, Алдарт уяач гэж цоллохын хэрэг юу байна гэж ярих юм. Минийхээр аливаа юмны оргилд хүрэхийн тулд хөдөлмөр зардаг. Тэр хөдөлмөрийг нь үнэлж эдгээр цолыг өгч байгаа шүү дээ. Ингэж эрэмбэлэх ч ёстой. Үүнээс моринд орж байгаа залууст сумын Алдарт, цаашлаад аймгийн Алдарт болчих юмсан гэсэн эрмэлзэл төрнө. Моринд орж байгаа залуусыг төр засгаас ч дэмжих хэрэгтэй санагддаг. Үнэндээ ажил төрөлтэй хүнд морь уяна гэдэг маш хэцүү. Бизнес, ажил төрлөө зохицуулж моринд орно. Энд эдийн засгийн асуудал бас байна. Гэхдээ үүний цаана зуун зуун жилээр дамжиж ирсэн уламжлалаа ойлгож, тасалчихгүй юмсан гэсэн моринд хайртай олны сэтгэл явдаг юм. Энэ бол монгол хүний мөн чанарыг тодорхойлдог гайхамшиг.  Дэлхийд гайхагдаж байгаа энэ уламжлалыг яагаад ч хаяж болохгүй, өөрчлөх ч боломжгүй. Энэ далимд ярихад хүүхдийн төлөө газар гээд нэг байгууллага гараад ирлээ. Үнэндээ тэд монгол уяа ямар байдаг, хүүхэд яаж морь унадаг, яаж морийг эдэлдэг, яг газар дээр ямар олон хүн хүч хөдөлмөрөө зарж байгааг харалгүй нэг өнцгөөс харж нааш цааш нь гуйвуулаад байх юм. Өөр дээрээ жишээлэхэд миний хүү гурван настайгаасаа есдүгээр анги хүртлээ морь унасан. Одоо бие бялдар сайн, хүмүүжил, хатуужилтай, хаттай эр болж өссөн. Дэлхийн улс ийм наадмыг л үзэх гэж монголд ирдэг гэж би ойлгодог. Одоо хүртэл Европын улс морин дээр мордож чадахгүй байна шүү дээ. Тэгэхэд Монголын хүүхдүүд багаасаа ахуйдаа оюунаа хөгжүүлж байна. Ийм уламжлалыг хадгалъя гэж би олон жил мэрийж явна. Бид чинь мөнгө нь багтаж ядсандаа морь барьж аваад уяад байгаа юм биш шүү дээ. Уяаны ажлыг дагаад маш олон хүн ажил орлоготой байна. Хүүхдүүд багаасаа уламжлалаа мэддэг болж байна, ёс зүйд суралцаж байна, ялах ялагдахын амтыг мэдэрч байна. Энэ бүхнийг олж хараасай гэж боддог юм.
-Та бүгд унаач хүүхдүүдийнхээ амь нас, аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Хүүхдийн төлөө газраас уралдааны үед анхаарал тавьж байгаа нь зөв. Гэхдээ зүй ёсоор нь тавиад  явчих ёстой юм. Жишээ нь, морины жолоо барьж үзээгүй хүн хавар уралдаж болохгүй гээд л ярих юм. Хамгаалалтын хувцсаа өмсүүлээд, гараа, бариагаа сайхан зохицуулаад, уяачдын холбоо нь ч, уяач нь ч хичээгээд явбал хэл ам гарахгүй шүү дээ. Одоо бид даатгалаа ойлгодог болчихлоо. Хүн болгон хүүхдээ хамгаалах хувцас хэрэглэлтэй болголоо. Мэдээж хүүхдэд хайргүй хүн гэж юу байхав. Өнөөдөр морь унаж байгаа хүүхдүүд бүгд эзэнтэй. Уяачийн хувьд би хариуцаж байна, давхар эх эцэг нь хариуцна. Гол нь энд болохгүй байгааг засаад явчих хэрэгтэй юм. Гэтэл хүүхдийн төлөө байгууллага ганцхан морь унадаг хүүхдүүдийг анхаараад байгаа ч юм шиг. Улаан толгойн хог, гудамжинд гуйлга гуйж байгаа хүүхдүүдийг ерөөсөө ярихгүй юм. Уяачид бид алуурчид болчихоод байгаа ч юм шиг, энэ монгол уламжлалыг устгах гээд байгаа ч юм шиг ярихаар нь эмзэглэдэг. Заримдаа урам хугарах ч шиг болох юм. Юуны төлөө, яах гэж ингэж яваа билээ ч гэж бодох шиг. Энэ бүхнээс залуучууд няцаад больчихвол яах вэ. Одоо малчин олдохоо байлаа.
-Ингэхэд таны хувьд ямар учрал тохиолоор хурдан морьтой холбогдох болсон бэ?
-Би сэхээтэн уяач. Багадаа бүүр морин тойруулга гэж байхаас л морь унадаг байлаа. Яармагийн дэнжид уралддаг байхад томчууд Зайсангийн аманд морьдоо уядаг байсан юм. Багын л моринд дуртай нэгэн байсан болохоор одоо энэ томчуулын аав өвгөн уяачид Яармаг руу аваад явна. Тарган зайдан морины ард суулгаад би драпан дээлэнд нь эрүүгээ зулгалчихсан, хошногоо холгочихсон хүрдэгсэн.  Ийнхүү багын адуунд хорхойтой сэтгэлдээ хөтлөгдөн 1998 онд тэтгэвэрт гараад мал аж ахуй эрхлэх болсон юм. Үүнээс өмнө бол цагдаа, НАХЯ-ныхан чинь өнчин ишигтэй ч байх эрхгүй. Төрийн албан хаагчид хөрөнгөтэй холилдож болохгүй гэдэг үе байлаа.
Ингээд 2009 онд улсын сайн малчин боллоо. Өнөөдөр би гурван мянган малтай. Бас давхар компанийн ажлаа хийнэ. Энэ хугацаанд гэрээгээр 9000 гаруй хүнийг малжууллаа. Энэ мэтчилэн өөрийн хувь нэмрийг улсдаа оруулчих юмсан гэж хичээж явна. Малтай бол Монгол баян гэж үнэн шүү. Хэдэн мал байвал ямар ч хямралыг даваад л гарна. Тийм учраас малаа хайрлах ёстой.
-Танай удамд уяачид олон байв уу?
-Бий, бий. Гэхдээ гардан уяж байгаа нь би л байна. Миний аав НАХЯ-ны ажилтан байсан хүн.  Миний хувьд уяа сойлго тааруулаад 50 гаруй морь хурдлуулж, 200-гаад медаль авлаа. Эндээс сонирхуулахад миний нэг сайхан азарга Хэнтийд болсон “Их хурд”-д шалгаруулах бүсийн наадамд аман хүзүүдэж байлаа. Хурх, Өмнөдэлгэрийн  болон томоохон ойнуудад түрүү, айргаар олон удаа хурдаллаа. Бас найм түрүүлж, 24 айрагдсан халиун морь бий. Аймгийн цагдаагийн 70 жил, аймгийн Ардын хувьсгалын хоёр ойгоор тус тус тавлалаа. Ер нь арав гаруй азарга айрагдуулсан нь одоо бүгд бий. Манай хойд талд нэг их том уралдаан болсон юм. Тэнд Болдбаатарын халиун түрүүлж, бүсэд аман хүзүүдсэн Сүхбаатарын алаг азарга аман хүзүүдээд, миний хонгор азарга гуравлан, дөрөвт Сүхбаатарын азарга, тавд миний азарга орж одтой сайхан наадсан. Энэ  мэтчилэн чансаагаа шалгуулаад л байгаа юм. Бас хойд талын бүсийн уралдаанд аймгийн Донойвоон хээр гэж хурдан азаргыг долоо, найман зуун метр хаяж ирсэн сайхан бор азарга байна. Миний бүсэд орсон адууны төл байгаа юм.
-Морьдоо хурдан байгаа дээр улсад очиж чансааг нь шалгахгүй юм уу?
-Улс хувьсгалын 80 жилээр Сүхбаатарын Сайрийсүрэнгийн Төмөр-Очиртойгоо хамт очиж наадаж байлаа. Улсын дов гэдэг чинь үнэхээр сайхан юм билээ. Түүнээс хойш тэр маань нүдсээр байгаад Тод манлай болчихлоо. Тэр наадмаар 700-800 адуу гарч миний соёолон 36-д, нэг азарга 63-аар давхисан. Сүүлийн үед бодоод байгаа юм. Энэ хавиараа нэлээн уралдаад үзчихлээ. Гэхдээ ханалаа гэх нь хаашаа юм. Моринд ханана гэж хэзээ ч байдаггүй. Үхэн үхтэлээ л уяж яваад нэг өдөр байхгүй болдог биз ээ.  Энэ хавар Тод манлай уяач Даваахүү гуай манай адуугаар ирлээ. Тэгээд “өөрөө гаднаас эрэхээргүй болчихсон хүн байна даа. Одоо улсад үзэхээр болж”  гээд нарийн нандин зөвлөгөө өгсөн. Үүнд их урамшиж байгаа шүү. Би чинь одоо 60 хүрчихлээ. Дахиад арван жилийн идэвхтэй нас байгаа гэж бодохооор үзээд алдъя. Энэ сайхан буянгуудынхаа нэрийг гаргахсан. Гарахгүй ч томчуултай холилдож, дов үзэх шиг сайхан юм хаа байхав гэж бодож байна. Тод манлайгууд чинь агуу шүү дээ. Энэ мэт зүйл сэтгэл зүйн хувьд хатгаад  л байгаа юм.
-Гурван мянган малтай гэлээ. Хаана, хаанахын удам угшилтай адуунуудтай вэ?
-Буурлын юм байлгүй яахав. Хадам талын ч адуу бий. Ер нь сарьсан Жигээ, Донир, зэгэл адуу гээд бараг Хэнтийн угшил бүхнээс байгаа. Олон орсон адуунуудын угшлаас ч байна. Том цолтой уяачид над дээр ирж адуу авна гээч. Жишээ нь, Ганзоригт өгсөн халиун үрээ Эрдэнэт буюу Орхон аймагт хол түрүүлж байлаа. Говь-Алтайд Батдэлгэр гэдэг хүү дөрөв түрүүлгэлээ л гэнэ. Өвөрхангай руу ноднин нэг даага өгсөн нь олон түрүүлээд, үнэд хүрэхээр нь ахаа зарчихлаа гэж ярина лээ. Баянхонгорт ч бас түрүүлсэн адуу байна. Дундговьд миний хүрэн халзан үрээ ойр хавьдаа олон түрүүлж, айрагдсан гэж байна.  Ямартаа ч хүнд өгсөн буянгууд миний нэр төрийг гаргаад сайхан хурдалж байгаад баярладаг юм. Бас их урамшаад байгаа шүү. Ер нь тэтгэвэрт гарснаас хойш мал маллаж, өөрийн зорилгодоо хүрээд арваад суурь малтай. Адуу мянга хүрлээ. Малаа дагасан хүн хэзээ ч өлсдөгггүй юм байна. Мал дагавал ам тосодно гэж өвгөчүүлийн сургаалыг жинхэнэ утгаар нь мэдэрч байгаа хүн дээ, би.
-Ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг бүхэн нь айраг, түрүүнд хурдалж байх болтугай.
-Ерөөл бат оршиг. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Морины мөн чанарыг төрийн өндөрлөгүүд болон түмэн олонд эерэгээр ойлгуулж, энэ уламжлалыг үр удмаараа авч явах улсад урам зориг өгч байгаарай. Энэ уламжлал мөнхийн мөнхөд явах ёстой юм шүү.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна