Аймгийн Алдарт уяач Д.Жамъяндорж: Салхин борын удам Жигээ угшил болж тарсан

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 04 -нд

1946 оны улсын баяр наадамд Жигээ хэмээх Дамбадаржаа унаган  бор азаргаа хоёр удаа түрүүлгэж, бор соёолонгоо аман хүзүүнд хурдлуулан урамтай сайхан наадсан нь түүхийн шарласан хуудаснаа хадгалагдан үлджээ. Тэрхүү бор азаргануудын удмыг хожмоо Жигээ адуу хэмээх болсон бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо, Мөрөн, Баянхутаг сумдаар нэлээд тарсан гэдэг. Бид уг адууг үндэслэгч 1930-1950-аад оны хооронд одтой сайхан наадаж байсан Дамбадаржаа агсны отгон хүү аймгийн Алдарт уяач Д.Жамъяндоржтой уулзаж ярилцсан юм.  
-Бэсрэг угшил болтлоо тарсан хурдан адуутай нэрт уяачийн хүүтэй уулзаж буйдаа баяртай байна. Жигээ адууг үндэслэгч аавынхаа талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-Би эцгийгээ хэдэн онд төрснийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан морь жилтэй. 1956 онд 61-тэй өнгөрөхөд би 11 настай хүүхэд үлдсэн юм. Миний эцэг 16, 17-той байхдаа байхдаа эцэг эхээсээ өнчирч ах ламтайгаа хоёул үлдэж л дээ. Ах нь өөрөө эрдэм номтой лам хүн болохоороо дүүгээ лам болгоно гээд Богдын хүрээнд шавилуулахаар таньдаг ламдаа өгөөд явуулж. Тэгсэн нөгөөх нь долоо хоночихоод оргож, тэмээн тэрэгтэй аянчид дагаад шөнөдөө майханд нь орж унтаад, өдөр болохоор дагаж тэвэг өшиглөж явсаар нутагтаа хүрээд ирж. Тэгсэн ах нь ахиад нэг таньдаг хүндээ “манай энийг л нэг номтой хүн болгоод өгөөч” гээд өгч. Тэгсэн бас ахиад оргоод бүр хөдөө гараад явчихсан байгаа юм. Ах нь ном эрдэмтэй лам болгох гээд манай аав болохоор морь л уях сонирхолтой. Адуу мал л ярьдаг тийм хүн байж л дээ. Тэр чинь нөгөө айхтар бариа тавианы үе л дээ. Хураагдаад ирсэн адуунуудыг дуудлага худалдаанд оруулж зардаг байсан юм билээ. Хаврын нэг өглөө ах лам нь нар унин дунд очиход хураагуул адуун дээр очоод судраа бариад өдөржин явж явж орой нар жаргахын алдад хамгийн захад байсан долоон найман гүүтэй, бор азаргатай адуунаас нэг хээлтэй гүү авч өгөөд “за энэнээс айсан нохой шиг унага гарвал миний дүүг үртэй хүүхэдтэй чинь тэжээнэ” гэж хэлсэн юм гэнэ лээ. Манай адуу тэр гүүнээс эхтэй.
-Тэгээд тэр гүүнээс нь ямар унага гарсан юм бэ?
-Эр бор улаан унага гарч, Салхин бор гэдэг хурдан азарга болсон. Тэгээд л тэрний үр төлүүд л хурдлаад байгаа нь энэ.
-1938 оны баяр наадамд Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Дамбадаржаа хээр хязаалан айргийн таваар хурдлуулсан байдаг?
-Тэр үед  би төрөө ч үгүй байж.Би чинь 1945 оны хүн шүү дээ. Бодвол тэр л бор азарганы үр төлүүд байсан байлгүй дээ.
-1944 оны баяр наадамд мөн ухаа хонгор хязаалан таваар давхиулсан байдаг юм билээ?
-Тийм байхаа. Ямар ч байсан 1945 оны зуднаар Бор азарганы төл цагаан азарга нь Мөнххаан руу гарчихаад, авах гээд очиход нь азаргаар нь үхсэн хүн хаячихаад ирж байсан гэдэг. Тэр үед чинь морь, тэмээн тэргээр бурхан болоочоо хөдөөлүүлдэг байлаа шүү дээ.Тэгсэн нөгөө айл нь хязаалан үрээгээр нь хүн тавьчихаад ирж байсан гэдэг. Тийм л номхон амьтан байж.Тэгээд дараа жил нь эцэг бор азаргатай нь авч яваад улсын наадамд түрүүлгэсэн нь тэр байхгүй юу.
-Бор азарга хоёр уралдаад хоёр түрүүлдэг алдарт наадам мөн биз дээ?
-Яг мөн. Морь будилсан гэж азарга хоёр өдрийн зайтай ахиад уралдахад хоёуланд нь түрүүлж байсан гэж байгаа.Тийм л агуу адуу байж. Эхний өдөр түрүүлээд байж байсан морь бариач нь давхиж ирээд “чи мөн азгүй эр ээ. Азарга чинь нөгөөдөр дахиад уралдах боллоо шүү дээ” гэж л дээ. Тэгсэн манай эцэг “би Хэнтийгээс нэг түрүүлсэн, хоёр түрүүлэх азарга чирж ирэлгүй яахав дээ” гэж байсан юм гэнэ лээ. Тэгээд нөгөөдөр нь дахиад түрүүлчихсэн чинь нөгөө морь бариач нь шил архитай давхиж ирээд “та уучлаарай, би харамсахдаа л хэлчихсэн юм” гэж байсан юм гэнэ лээ. Тэр жил бас нөгөө айлаас олж ирдэг бор соёолон чинь аман хүзүүдсэн. Уг нь түрүүлсэн юм гэнэ лээ. Тэрийг надад түрүүлсэн хар соёолонгийн эзэн Төв аймгийн Баянцагаан сумын харьяат прокурор байсан “хулгар” Чойжилсүрэн гэж хүн  өөрөө хэлсэн юм. Би айхтар танина л даа. Надад сүйд болдог юм. Би очиж агт тууж очоод, тэднийд сар гаруй болж. Тэр хугацаандаа бид хоёр жаал хууч хөөрсөн чинь “тэр үед би арын хаалгадаад хар соёолонгоо түрүүлгэсэн болгосноос биш нарийндаа аавын чинь соёолон бор азарга түрүүлсэн. Хар морь нь зөв талдаа, цагаан азарга нь буруу талдаа ч толгой нь цухуйгаад орж ирсэн юм шүү” гэж ярьж байсан юм. Улсын наадмаас ирэхдээ юмуу даа Төв аймгийн наадамд том бор азаргаа дахиад түрүүлгэж байсан гэж байгаа. Үндсэндээ гурав түрүүлэхгүй юу. Тэгээд л улс амьтан Жигээ мөн сайхан наадлаа  даа гээд шуугиж байсан гэдэг юм.
-Жигээ гэдэг нь ямар учиртай нэр юм бэ?
-Лам нэр нь Жигжид юм гэнэ лээ. Тэгээд тэр нь Жигээ болчихгүй юу. Дээр нь бариа тавианы айхтар үед чинь айсан хүмүүс овог нэрээ сольж, зүсээ буруулдаг байсан гэдэг. Арга ч  байж уу дээ. Доод худаг дээр хонь хариулаад явж байсан хүнийг бариад явчихаж байсан гэж байгаа. Тэр хошуунаас төчнөөн эсэргүү барьж ир гээд тоо өгчихдөг байж. Тэгээд тоондоо хүрэхгүй бол хэнийг ч хамаагүй барьж аваачаад эсэргүү гээд хэлмэгдүүлчихдэг хэцүү цаг байлаа шүү дээ. Тэрнээс жинхэнэ нэр нь Дамбадаржаа л даа. Нутгийнхан  Жигээ гэж дууддаг тэрүүгээрээ адуу нь нэрлэгдчихсэн юм.
-Том бор азарга чинь 1946 онд хоёр түрүүлээд тэрнээс хойш яаж давхисан гэдэг вэ?
-Сайн мэдэхгүй юм. Манай эцэг чинь ер нь хаана л наадам болж байна. Тэнд л явж байдаг хүн. 1948, 49 оны үед л юм шиг байгаа юм. Төв аймгийн наадамд уралдаад хөлгүй болчихоор нь орхиод ирсэн юм гэнэ лээ. Тэгсэн шөнө цэргийн казарамд ороод буудуулчихсан гэж ярьдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Аавыг өнгөрөхөд Салхин борын гурав дахь үеийн төл хязаалан сайвар цагаан азарга үлдсэн.Түүнийг би цэргээс ирсэн хойноо 19 настайд нь уяж түрүүлгэж л байлаа.
-Мөнххаанд байсан бор нь гүү хурааж байсан юм болов уу?
-Би үгүй байх гэж санадаг. Яагаад гэхээр манай адуу соёолон, хавчиг хүрэхээсээ нааш гүү хураадаггүй юм. Ороо нь орой ордог юмуу даа.
-Жигээ адуу ер нь хаа хаагуур тарсан бэ?
-Хэнтий аймгийн Мөрөн, Баян-Овоогоор нэлээд тарсан байх.Баян-Овоогийн Гүрцэдэн гэдэг хүнд бий. Манай хүргэн ах л даа. Намайг цэрэгт явсан хойгуур манай адууг харж байсан юм. Ах уржнан өөд болсон. Одоо ач хүү Жавхаа, хүргэн Билгээд нь байх ёстой.
-Мөрөнд?
-Лувсангомбо гэдэг хүнд байх ёстой. Манайхаас нэг хонгор үрээ авч байсан юм. Энэ мэтчилэн Мөрөнгөөр нэлээд тарсан байх ёстой.
-Та өөрөө наймаа хийж, гадагш нь гаргаж байв уу?
-Гаргасаан, гаргасан. Өвөрхангай аймгийн Бямбаа гэдэг хүн 2000 оны хавар цагаан шүдлэн үрээ аваачсан. Дааганд нь би сургуулийн нээлтэнд зориулсан уралдаанд түрүүлгэсэн байсан юм. Тэр цагаан үрээ Өвөрхангайн Хархоринд очоод олон түрүүлсэн гэнэ лээ. Манай аймгийн Хаян гэж уяач бас Жигээ адуутай. Надаас шүдлэн авсныхаа дараа жил нь тэр Бямбаа ирээд Хаянгаас бас нэг цагаан адуу аваад явсан байсан. Тэгээд Жигээ адууны хоёр цагаан үрээгээр 11 мотоцикл, нэг 69 /УАЗ-469/ авсан гэсэн.
-Та цагаан үрээгээ хэдээр зарж байсан юм бэ?
-Тухайн үедээ бас хөөрхөн үнэтэй өгчихлөө л гэж байсан. 1,5 сая төгрөгөөр өгсөн дөө. Ноднин Архангайгаас бас нэг хүн ирж даага, шүдлэн хоёр аваачсан. Даага нь гурав уралдаж  хоёр айрагдлаа гэж байсан санагдана. Шүдлэн нь болохоор наймаар давхисан гэнэ лээ. Манай адуу ер нь нэлээд тарсан. Эцэг маань ч наймаа арилжаа хийж л явсан байх. Гэхдээ зах зээл гараад адуугаа үнэ хүргэх гэдэг юм уу, улс их худлаа хэлэх юмаа. Уг нь адууны удмыг худлаа хэлэх хамгийн том нүгэл л гэдэг дээ.
-Дамбадаржаа гуай хэдэн хүүхэдтэй  хүн бэ?
-Гурван хүү, хоёр охин, таван хүүхэдтэй. Би хамгийн бага нь. Миний дээдсүүд бүгд он цагийн эрхээр элэгдэж, би ганцаараа л үлдээд байна.
-Танаас бусад нь морь уях уу?
-Үгүй дээ. Би л сургууль соёлгүй жинхэнэ хөдөөний хөх уяач. Манай хамгийн том ах цэрэгт очоод жолооч болсон. Тэр үед чинь жолооч гэдэг чинь мэргэжил байлаа шүү дээ. Тэрний дараагийн ах Галшар суманд нягтлан, нэгдлийн орлогч дарга гээд хийгээгүй ажил байхгүй дээ.
-Та хэдий үеэс морь уяж эхэлсэн бэ?
-Би  1968 онд халагдаж ирээд л морь уясан даа. Цэргээс ирээд Баян-Овоо явж хүргэн ахынхаас адуугаа аваад 1969 онд анх сумынхаа наадамд азарга, шүдлэн хоёр түрүүлгэснээс хойш өнөөдрийг хүртэл эцгийнхээ үлдээсэн цагаан адууны удмыг тасалсангүй тэрүүгээр нь наадаж явна. Би арваад цагаан адууны нүүр үзэж байгаа хүн.Тэднээс түрүүлж айрагдаагүй адуу байхгүй. Тэгэхээр эцгийн үлдээсэн адуу аргагүй хурдан байгаа биз.
-Муудаа улсад хоёр түрүүлэх үү дээ?
-Бидний үед одоотой адилгүй цаг хатуу. Дураараа морь уяж болдоггүй байлаа л даа. Захиргаадалтын үед морь уяж байхад дарга нар давхиж ирээд “агт малаа ялга” гээд тавиулчихна. Би нэгдлийн адууг 19 жил малласан хүн. Нөгөө ялгасан агтаа Мааньт руу хүргэж өгөөд 7 дугаар сарын 10-нд вагонд ачуулна. Тэгэхээр хэдийд нь морь уяхав дээ. За тэгээд нэг явлаа гэхэд 200 цаасаар торгоод хаячихна. Тэр үеийн 200 цаас гэдэг нэгдлийн 1000 адуунд сар давхиад авдаг мөнгө шүү дээ. Ардчилал гарснаас хойш л чөлөөтэй наадаж байна.
-Та ер нь аймаг сумын наадмаас хичнээн айраг түрүүтэй вэ?
-16 түрүү, 27 айраг авсан байна лээ. Аймгийн 60 жилийн ойгоор соёолон гуравт оруулж байсан.
-Улсын наадамд явж байв уу?
-Улс хувьсгалын 50 жилийн ойгоор нэг  удаа урилгаар явсан. Хэнтий аймгаас 30 адуу ирж, улсын 50 жилийн ойд уралд гэсэн тушаал ирээд урьд жил нь аймагт дээгүүр давхисан 30 адуунаас шүүж байгаад явуулсан юм. Тэгэхэд манай аймгаас “Ангасай” Банзрагч гуай, Мөрөнгийн “Авдай” Лувсандорж бид хэд, Дарханханы  хэсэг улс. Сүхбаатараас болохоор алдарт Нийгмийн хонгор явж байсан. Би манай адууны цагаан азаргатай “азарга” Лувсандорж гэдэг хүнтэй ханилаад.
-Та ямар адуутай явсан бэ?
-1969 онд шүдлэндээ Баянхутагтаа түрүүлж, хязаалан аймагт уралдаж хорин хэдээр  давхисан бор соёолонгоо аваад явсан юм. Улсын наадмын өмнө Төв аймагт морьдоо сунгахад миний бор азарга нэлээд зайтай түрүүлж, Сүхбаатарын Дарханхааны Рэнчин гэдэг хүний морин хүрэн соёолон аман хүзүүдэж байсан юм. Тэгсэн тэр улсын наадамд 19-д орж байсан. Миний бор азарга мултарч, ёстой нөгөө барианд ч үгүй банзанд ч үгүй үлдсэн. /инээв/
-Дээдчүүлийн буян хишгийг хүртэж, удам залган уяа эвлүүлж буй залуусаа танилцуулаач?
-Би чинь ганц өргөмөл хүү, долоон охинтой. Хүү маань дунд сургуульд байхдлаа л моринд дуртай байсан. Одоо бол цэргийн дарга болчихсон.Морь уях завгүй.Харин ач зээ нар л морь уяна гээд оролдож байна. Хожмоо тэдний дундаас  юм дуулгах хүн гарах юмуу бүү мэд дээ.
-Хүнд удам, адуунд угшил гэж. Сайн уяачид төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №64

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.