Аймгийн Алдарт уяач Д.Оохойбуд: Энэ цагт адууг тэжээл, тариагаар хүчилж уралдуулаад хөлийг нь аваад байна

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 28 -нд

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Оохойбудтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морь сонирхогчдын эгнээнд анхлан хөл тавьсан үеэ дурсахгүй юу?
-Би 1970 онд  Дархан хотод цэргийн албанд татагдаж очсон юм. 1972 онд цэргийн агтнаас хоёр шүдлэн, даага, их морь нийлээд дөрвөн адуу уяж, Дархан хотын наадамд уралдууллаа. Тэгтэл хээр шүдлэн үрээ түрүүлж, алаг даага таваар ордог юм. Цэргийн ангийн нэр төрийг өргөлөө гээд намайг нутагтаа очих сарын чөлөөгөөр шагнаж сайшааж байлаа. Ингэж л миний морь уях гараа эхэлсэн.
-Их сайхан эхлэл байна. Цэрэгт явахаасаа өмнө морь уяж байгаагүй юм уу?
-Энд айлын гэрийн найранд морь мал давхиулж оролдож байсан л даа. Би адуунд дуртай, нэгдлийн адуу маллаж байгаад 24 настайдаа цэрэгт явсан хүн. Нас ахисан хойноо, юмны арга барилыг мэдэх болсон үедээ албанд мордсон хэрэг. Цэргээс ирээд 1974 онд өөрийн унаган шүдлэн үрээгээ уяж, Дорноговийн Сайхандулаан суманд түрүүлгэдэг юм. Хойтон жил нь мал туугаад морь уяж чадалгүй явсаар 1976 онд өнөө үрээгээ соёолон азарганд нь, мөн түүний дүү хязаалан хүрэн үрээ хоёрыг уяж энэ суманд авчирч түрүүлгэснээр анхны наадмаа бас сайхан нээсэн. Түүнээс хойш Дорноговийн хаврын бүсийн уралдаанд нутгийн дүү Ганбаагийнхаа азаргыг тэжээж уяад түрүүлгэсэн.
-Амжилтаа тоолвол хэдий хэрийн медаль байх юм бэ?
-Би аймаг, хотын наадмаас хоёр түрүүтэй. Миний морины амжилт гэвэл 12 түрүүлж, 20 айрагдсан байх юм. Хоёр жилийн өмнө аймгийн Алдарт цолонд хүрсэн байна.
-Дээдэс удмаас өвлөсөн эрдэм болоод хурд таныг моринд ороход нөлөөлсөн болов уу?
-Миний эцэг морины эмгэг засаж, хануур хатгуур хийж  хүний өөрийн адууны хөлний цус хөнгөлдөг чадвартай хүн байлаа. Эцгийнхээ энэ эрдмийг заалгаж өвлөж авч үлдсэн. Морины зөв, буруу талыг нийлж хатган 32 судас нээдэг, хатгадаг чадвараараа би олон хүнд тус болсон. Энд тэнд аймаг, сумдад очиж хүний морины цусыг хөнгөлж өгдөг ажилтай.
-Ханах хатгах тэр бүр хүний хийж чадах ажил биш. Та урилга заллага ихтэй байх уу?
-Өө, байлгүй яахав. Аймгаас, энд тэнд хол ойроос улсууд урьж залаад, би тус нэмэр болж явдаг юм. Хойшоо Сэлэнгэ аймаг хүртэл явж морины хөл хатгаж л байлаа.
-Хурдан морины хамгийн эмзэг эрхтэн хөл байдаг. Тэр утгаараа таны ажил үнэхээр буянтай, олонд тустай зүйл.
-Аа, тэгэлгүй яахав. Хурдан морины хамгийн эмзэг эрхтэн бол яах аргагүй хөл учраас хайрлаж, гамнах хэрэгтэй. Энэ цагт адууг тэжээл, тариагаар дэндүү хүчилж уралдуулаад хөлийг нь аваад байх шиг санагддаг юм. Үүнийг л нэлээн бодууштай байх гэж санадаг юм даа. Дээр үед морины хөлөнд цус нөж буулгаад байдаггүй л байлаа. Одоо бол харьцангуй их болсон байна. Зөвхөн би  л гэхэд жилдээ 20-30-аад морь хатгаж байгаа нь үүнийг гэрчилж байгаа юм.
-Юунаас болж морины хөлөнд цус буудаг юм бэ?
-Миний бодлоор бол уяа буруу, машин тэрэг техникээр хөөж хүчдэж уралдсанаас болж морины хөлөнд цус буулгадаг. Бас ирсэн хойноо уяа тойруулахгүй авчраад уячихдагаас болдог доо.
- 32 судас хатгана гэдэг ямар учиртай юм бэ. Хатгаж ханах нь тусгай цаг улиралтай, их нарийн чадвар шаардсан зүйл шүү дээ?
-Морины онгон нээнэ гэхэд зөв буруу хоёр талаас нь нээдэг, ороо хатгалаа гэхэд мөн зөв буруугүй нээдэг. Ерөнхийдөө миний эцгийн надад зааснаар бол хатгаж болдог 32 судас байдаг. Өөрөөр хэлбэл, хатгадаг судасны тоо юм л даа. Тэрнээс биш нэг морийг барьж аваад 32 судсыг нь нээчихнэ гэж байхгүй шүү дээ.  Хатгах ханах цаг улирлын тухайд өвлийн хүйтэнд хатгадаггүй, хайлга халуун намраар ч хатгахгүй, зун зургадугаар сар юм уу, нар гараад халаад ирэхийн цагт хатгадаг. Тэгэхдээ ар үр, суман өгч байгаад хатгавал адууны цус шингэрдэг. Хайлган цаг, халуун намраар хатгах юм бол малын тарга хүч бууна, хайлна, эцнэ, турна.
-Ар үр, суман гэдэг нь ургамал уу?
-Суман гээд хүрэн мод байдаг. Үүнийг адуундаа нунтаглаж өгөөд, хонуулж өнжүүлж байгаад хатгавал тэр адууны цус шингэрдэг. Ар үр бол бас л ургамал. Би сайн мэдэхгүй юм. Дээр үеийн айлуудад хадгалагдаж байсан байгаа юм. Ар үрийг нүдэж нунтаглаж чанаад, шүүж адуундаа өгөөд л хатгавал маш сайн гэж хууччуул хэлдэг байсан.
-Сүүлийн үед шингэний дутагдлыг нөхнө гээд дусал хийдэг болсон нь хэр зөв зүйл вэ?
-Ер нь дусал сайн юм шиг байна. Өлдөж цангаад ойчсон моринд дусал хийж  сэхээж сэргээж байгааг харахад сайн юм уу гэж санадаг юм. Энэ чинь одоогийн л арга шүү дээ. Урьд бол тариа тэжээл гэж байсан биш, бага багаар усалж чийглээд, сэрүүцүүлж амраадаг байсан.
-Та Дундговь аймгийн Өндөршил сумаасаа хэзээ гарч энд ирсэн юм бэ?
-Манай хоёр сум зах залгаа учраас бараг өсөх наснаасаа л энд идээшиж дассан. Эндээс хань бүлтэй болж, ирж суурьшсанаас хойш 10 гаруй жил болж байна даа.
-Өндөршилийн хурдны сор мэдээж танай адуунд байгаа байлгүй?
-Дээр миний ярьсан цэргээс ирээд уяж түрүүлгэсэн шүдлэн үрээний угшил бол миний өөрийн унаган адуу байгаа юм. Унаган адууны дээд удмыг яривал манай Дундговийн Өндөршилийн Гүр гэж хүний адуу. Олон сайхан бор адуутай хүн байсан бөгөөд одоо ч Гүр адууны угшил гэж улсад хүртэл яригдаж байна. Миний тэр үрээний эх тал нь энэ адууны угшилтай.
-Ер нь Өндөршилд Гүр гэдэг бэсрэг угшлаас гадна өөр яригддаг хурдан адуу бий юу?
-Ер нь ховордуухан даа. Манай Дундговьд Гүрийн адуу хаа сайгүй яригддаг. Гүр гуайтай нэг үеийн Цэрэнчомбо гэж хүн хол ойр их явдаг, Төв, Хэнтий аймаг гээд яваагүй газаргүй. Тэр хүн хурдан хурц адуу авчирч Гүр гуайгаар уяулдаг байсан юм билээ. Тэгээд л олон газрын адууны цус холилдож адуу нь сайжирсан гэж хууччуул ярьдаг юм даа.
-Тэгэхээр Гүр адуу гэдэг нь Төв аймгийн чигийн адуу юм уу?
-Магадгүй гэх юм билээ. Биднийг өсөх насанд Гүр гэж нэлээн өвгөжөөр хүн байсан. Их л олон морь уядаг, морь нь дандаа айрагдаж, түрүүлдэг хүн байсан юм. Би хүртэл морийг нь унаж л байлаа.
-Бэсрэг угшил бий болгосон нэртэй хүний морь унаж байсан гэхээр тэр үеийн хөгшчүүлийн уяаны арга барилын зах зухаас харж мэдэрч явсан болов уу гэж бодож байна?
-Тэр үеийн улс морийг хүлж чөдөрлөдөггүй, ижилд нь тавьж, зөөлөн гараар уяж, багахан унаж эдэлдэг байсан. Нимгэн хөнгөн, сайхан бэлэн болгож байж л морийг уядаг байсан даа. Ижилд нь тавьж л уяна. За тэгээд, морь мал унаж эдлэх талаар ярилтгүй. Бидний үеийнхэн бол дээдсийнхээ энэ барилаар л морь уяж байлаа шүү дээ. Одоо бол морийг унаж эдлэхгүй болохоор морьдоо тарганаар нь барьж аваад жаахан ширүүн гараар уяад байх шиг санагддаг юм. Малаа эзэмшиж, эдэлж, унаж байгууштай, ийм зүйл дутагдаад байна уу гэж харагддаг.
-Тэгвэл таны хувьд морь унах, эдлэх тал дээр хөгшчүүлээс ямар үнэлгээ авдаг байв?
-Сайнаас сайн унаж эдэлдэг байсан. Онгироо бага залуу насанд морь сайхан унаж байна, эдэлж байна гэж хэлэгддэг л байлаа, би. Адуунд нэлээн сонирхолтой, нэгдэл нийгмийн адууг 20 орчим жил малласных тэр зэргийн зүйлээр хүнд гологдохгүй л явж ирлээ. Морь уургалах талаар сайн байгаагүй ч гэсэн адагт бас яваагүй. Урьдын улс уургын морийг сургана, тэрүүгээрээ морь малаа уургалаад л ай мөн сайхан байж шүү. Одоо бол хашаа хороонд хаших юм уу, бугуйл бариад л явж байх.
-Булган, Завхан, Баянхонгорынхон жороо морь унах дуртай байдаг. Хөнгөн алхаатай моринд жороо оруулна гэдэг амаргүй ажил байдаг юм билээ.
-Манай энд жороо оруулдаг ганц нэг өвгөчүүл байсан. Өвгөнхүү гэж айлын зэлэнд байсан унагыг авч жороо морь болгож унаж байсан хүн байдаг юм. Моринд алхаа оруулж унах ч эзэн хүний асуудал шүү дээ. Орой үдэш адуугаа туугаад, ижил сүргийнх нь хойноос унаж алхуулах, эсвэл услахаар харгуй замаар унаж явахад морь урам орж, алхаа гишгээтэй, ааш зан нь сайхан болдог юм.
-Аймгийн баяр наадмаас хоёр түрүүтэй гэсэн. Аймгийн айргийн тоо  хэдээр тоологдох вэ?
-Аймгийн наадамд хоёр очиж уралдан хоёр түрүүлээд, дахиж очоогүй. Морь мал уядаг залуу насандаа нэгдлийн мал хуйтай, зав зай муухантай байсан болохоор орон нутагтаа, энүүхэн хоёр, гурван сумаар дамжиж морио уралдуулж байсан даа.
-Таны хамгийн хол очиж наадсан ямар наадам байсан бэ?
-Дорноговь аймаг, Мандах, Өндөршил, Сайхан, Өлзийт, Буянт энүүхэн хавиар уралдсан даа. Морь мал уях талаар мэдэх зүйл тааруухан залуу бага насандаа Дархан хотын наадмаас түрүү, айраг авсандаа одоо болтол сэтгэл сэргэж баярлаж явдаг юм. Улсын наадамдаа очиж үзэж чадаагүй л байгаа. Очиж үзэх юмсан гэж бодогддог  юм шүү. Миний морь уяад очиж уралдах юу базаахав дээ, гэхдээ бас үзэж сонирхвол сайхан л байх. Өнөө цагт чинь зурагтаар харчихаар очиж үзсэн, үзээгүй бараг ялгаа ч үгүй юм шиг. Хүлээн авагчдаа чих тавьж сонсохоос зурагтаар нүдээр үзэх сайхан юм байна шүү дээ.
-Таныг шандаст хурдан хүлгэдийн хийморь мөнхөд ивээх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна