Аймгийн Алдарт уяач Д.Гантөмөр: Эрийн хийморь морин дэл дээр сэргэдэг юм

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 09 -нд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяа, аймгийн Алдарт уяач Д.Гантөмөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Хэдийнээс эхлэн хурдан морины уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Би Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул байгаа юм. Багын хурдан морины унаач хүүхэд байж, олон айраг түрүүн эзэн болж байлаа. Гэхдээ сүүлд сургууль соёлын мөр хөөн нутгаасаа гарч, бизнест хүч үзэх болсон. Тэгтэл 2004 онд Булган аймгийн Орхон сумын уяач Очирболдтой танилцаж, тэр жилээ түүний шүдлэн үрээг Эрдэнэтэд түрүүлгэсэн нь морь руу орохын эхлэл байлаа. Бид ч сайхан найзууд болж, Дорноговийн Их хэт сумаас манай ах дүү нарын өгсөн морьдыг авчирч уяж эхэлсэн дээ. Түүнээс хойш долоон жил өнгөрсөн байна.
-Их хэтээс авчирсан морьд тань ямар амжилт гаргасан бэ?
-Тэр чинь 2005 он шүү дээ. Их хэтээс авчирсан морьдоо гурван сард нь Эрдэнэтэд авчирсан. Тэр жилээ Эрдэнэтэд азарга аман хүзүүдүүлж, шүдлэн  үрээ түрүүлгэсэн. Харин Очирболдын маань хязаалан түрүүлж, нэг шүдлэн үрээ нь дөрвөөр давхисан. Өөрөөр хэлбэл анхны жилээ хоёр түрүү, нэг аман хүзүү, нэг айраг хүртэж, тун ч өмтэй наадах нь тэр. Үнэхээр урам хайрласан жил байсан шүү. Морины уяа  сойлгыг тааруулж, уяж уралдуулна гэдэг олон зүйлээс хамааралтай. Нэг талаасаа  тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө байхад нөгөө талдаа уяачийн нөр их хөдөлмөр, эрдэм билэг, унаач хүүгийн ур чадвар  бас дээр нь тухайн өдрийн өнгө хүртэл нөлөөлдөг юм.
-Мэдээж сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадам тэр жилийн байсан уу?
-Тийм шүү, анхны наадам сэтгэлд хамгийн тод үлдсэн байна. Анх удаагаа морь сонирхож тэр жилээ азарга тэр тусмаа эцэг мал аман хүзүүлж, эмнэг үрээ түрүүлгэсэндээ үнэхээр их баярлаж байлаа. Ер нь морины уралдаан, наадам болгон өөр өөр. Зарим үед хүүхэд мориноосоо унах ч юм уу, морь дутуу эргэх ч байдаг юмуу тохиолдоно ш дээ. Гэхдээ томоохон наадмуудад ийм будлиан гарахаа байсан нь  хөгжлийн нэг хэлбэр юм даа.
-Уяаны эрдмийн А үсгийг заасан багш гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Монголын ард түмний олон зуун жилийн хөдөлмөр, өв соёл, уламжлалыг хадгалж байгаа спорт бол хурдан морины уралдаан юм шүү дээ. Эр хүн гэдэг сайн хүлэг, сайхан хурдан унаатай байх нь ёстой гэж боддог юм. Эзэн Чингис хаан маань хурдан хүлгийн нуруун дээр салхи дэрвүүлэн Монгол морьтойгоо дэлхийн дайдыг эзэгнэж явлаа. Эрийн хийморь морин дэл дээр сэргэдэг юм. Мориныхоо уяан дээр очоод зогсож байх ай даа мөн ч сайхан даа. Яг одоогоор өөрөө гардан уяхгүй байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн жишгээр л явна гэх үү дээ.
-Ямар ямар амжилтуудаараа аймгийн Алдарт уяач болж байв?
-Би ч шинэхэн цолтон байгаа юм. Эрдэнэтийн хэмжээнд авсан 16 айраг түрүүгээрээ энэ жил аймгийн Алдарт уяач болсон. Анхны уралдааныхаа тухай дээр өгүүлсэн дээ. Түүнээс хойш олон айраг түрүү хүртлээ.  Шүдлэн үрээ маань Эрдэнэтийн наадамд хоёр удаа аман хүзүү, шүдлэндээ, азаргандаа нэг нэг түрүү авсан. Ноднин Эрдэнэтийн 35 жилийн ойгоор азарга түрүүлгэсэн. Мөн Түвшинбаяр олимпийн аваргын наадамд бас түрүүллээ. Миний  нэг алаг морь бий. Дорноговь аймгийн Их хэт сумын уугуул Мөнхбатын унаган адуу байгаа юм. 
-Гаднаас хэр их адуу авч байна даа?
-Тува чиглэлийн хэдэн сайн  адуу бий. Бас Барга адуу ч байна. Гэхдээ адуугаа эрлийзжүүлээгүй. Монгол талын адуунууд ч байна. Монгол адуу холын зайд уралдах чадвартай, асар их тэсвэр хатуужилтай гээд давуу тал их бий. Тийм учраас Монгол адууны удам угшлыг тодорхой хэмжээгээр авч үлдэхийг хүсдэг. Харин англи, араб чиглэлийн адууг эрлийзжүүлэх сонирхолтой. Үндсэндээ нэг  хэсэг нь монгол адуугаараа, нөгөөх нь эрлийз чиглэлийн адуутай  байх нь зөв гэж боддог. Тэгж байж монгол морины чанар чансаа дээшилнэ гэж ярьдаг хүмүүстэй санал нэг явдаг л даа. Энд уяач хүний хувьд хэлэхэд энэ нэг, хоёрдугаар эрлийзээр нь ялгаж уралдуулж байгаа нь дутагдалтай санагддаг. Минийхээр эрлийз гэхээсээ илүү цэвэр импортоор орж ирсэн адууг л ялгаж уралдуулмаар байгаа юм. Нэг, хоёр гуравдугаар үеийн адуунд  ДНК-ийн шинжилгээ хийхгүй л бол ялгахгүй хэмжээнд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл импортоор орж ирсэн адууг нэг, Монгол нутагт төрсөн адуугаа нэг уралдуулах нь зөв гэж бодож байгаа саналаа хэлмээр байгаа юм.
-Тува, барга адуу монгол адуунаас хэр их ялгаатай вэ?
-Монгол адуу бие жижигтэй, тийм учраас эрлийз адуутай уралдуулахын тулд үржил селекци хийх шаардлагатай.  Сүхбаатарчууд  адууныхаа цусыг сэлбэх ажлыг сайн хийсэн нь өнөөдөр энэ зүгийн адуу хурдтай байхын эхлэл байлаа.
-Ярилцах сайхан байлаа. Баярлалаа.
-Хүний амьдралын өглөө болгон өөр өөр байдаг. Тэр өглөө бүр идээний дээдийг хүртэж, өглөө бүрийг жаргалтай угтаж байх нь амьдралын амт юм шүү. Хурдан морь сонирхдог, моринд хайртай Монголын нийт ард түмэндээ сэтгүүлийн хуудсаар дамжуулан эрүүл энхийг хүсэн ерөөе.

"Тод магнай" сэтгүүл №35

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна