Аймгийн Алдарт уяач Б.Гантуяа: Цэнгэлийн саарлыг уг нь өөрөө уях санаатай нэлээд үнэтэй авсан

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 21 -нд

Өнөөдрийн зочин хийморилог уяачаас гадна хөдөлмөрч нэгэн. Түүнийг Балжирын Гантуяа гэдэг. Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1956 онд төрсөн. Нэгдлийн мал маллаж аймгийн Аварга малчин, "Энх сүрэгтэн"-ээр шалгарч байсан тэрээр 1993 онд малаа мянга хүргэж, Хэнтий аймгийн анхны мянгат малчдын нэг болжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор тус тус шагнаж байжээ. Тэрээр морь уяж хурд ирлэхийн зэрэгцээ уран мэхийг уралдуулан хүчийг үздэг сумын заан юм. Ингээд өмнөтгөлөө хойш тавьж зочныхоо  ярилцлагыг хүргэж байна. 
-Дөрөв дэх үеийн уяач гэсэн. Удам дамжин уяа эвлүүлсэн дээдсийнхээ талаар манай уншигчдад хууч дэлгээч?
-Дөрөв дэх үеийн уяач ч гэлээ эцгээсээ бусдыг сайн мэдэхгүй хүн дээ. Сураг дуулснаар миний эцгийн өвөө Тасран  гэж сайн уяач байсан юм гэнэ лээ. Тасрангийн хүү нь Дандар, Дандарын хүү нь Нацагдорж  гээд миний эцэг. Тасран гэдэг нь сайнгүй амьдралтай, Богдын морийг уядаг байсан юм гэсэн. Цагаан цоохор, хээр гэсэн хоёрхон зүсмийн адуутай хүн байж л дээ. Тэр цагаан адууг нь хүү Дандар нь их сайн давхиулсан юм гэдэг. Ямар сайндаа нутгийнхан нь “Дандар хэдэн цагаан адуугаа хүнээс ч асуухгүй, хэнд ч хэлэхгүй уяна” гэдэг байж. Яагаад тийм яриа гарсан гэхээр “Морь ямар байна вэ” гэхээр “ би юугаа мэдэхэв” гээд л саравчлаад зогсдог. Тэгж байтал өөрийнх нь  морь түрүүлээд ирдэг байсан юм гэнэ лээ. Харин манай эцэг Нацагдорж болохоор нэг азаргаа дааганаас нь эхэлж уяад найман жил тасралтгүй түрүүлгэж байсан хүн. Олон ч адуу цуглуулсан. 
-Уучлаарай, таны овог Балжир юм байна шүү дээ?
-Би өвөөгөөрөө овоглодог голомтны зээ нь байгаа юм. Аав ээж хоёрыг тусдаа гарахад намайг өгөөгүй юм гэнэ лээ. Тэрнээс би Нацагдорж гэдэг их хүү л дээ.
-Ээжийн талд морь уядаг хүн байв уу?
-Уяач байгаагүй.Харин лам, болон бөх бол байсан. Миний эмээ Равдан бол долоон хошуу даншиг наадмын начин Цэвэгжавын охин. Манай эмэг эх их том биетэй хүн байж билээ. Эмэгтэй хүн гэхэд надаас том биетэй шүү дээ. Тэр талаа дагаад миний төрсөн дүү Баатархүү гэж аймгийн Арслан  залуу бий.
-Та барилдах уу?
-Барилдана аа. Сумандаа хэд хэд түрүүлж, заан цол авсан. Мал, хүн хоёрт удам гэдэг удамшдаг.
-Аавынхаа дааганаасаа эхлээд олон түрүүлсэн хонгор азарганы талаар жаахан дэлгэрүүлээч?
-Босоо хонгор гэдэг юм. Ес уралдахдаа найм түрүүлж, нэг аман хүзүүдсэн юм гэнэ лээ.
-Танай өөрийн адуу юу?
-Жигээ Дамбадаржаагийн адуу. Манай аав дааганд нь авч байсан юм гэнэ лээ. Тэр Дамбадаржаа гэдэг хүн их сайн адуутай. Улс хувьсгалын хэдэн жилийн ойгоор гэдэг билээ дээ морь будилахад цагаан азарга нь хоёр хоногийн зайтай хоёр түрүүлж байсан юм гэнэ лээ.
-Жигээ адуутай юм байна. Өөр ямар ямар хурдан угшлууд байна?
-Манайхны дээдчүүлийн үе дамжсан  адуунууд байна. Дээр нь би Донир адуу буюу Донирын Дэмбэрэлийн адуунаас бас авсан. Мөн манай Хан Хэнтий төдийгүй  халх даяар хурд түгээсэн Өвгөн ноёны удмын адуу бий. Би ер нь адуу их цуглуулсан хүн байгаа юм.Байгаа хөрөнгөнийхөө талыг адуунд зориулсан гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Түүнийгээ дагаад адуу ч их өссөн. Манайх 600-гаад адуутай.
-Адуу сэтгэл зүрхээ зориулсан хүнээ заавал баясгадаг юм гэнэ лээ?
-Тэр үнэн байх шүү. Морь мал уяхыг сайшаадаггүй торгодог байх үед ч бид адуунаасаа нүүр буруулж байгаагүй.
-Торгуулж байсан уу?
-Нэг сарынхаа цалингаар шахуу торгуулж байлаа. Тэр үед манай сум нэгдлийн даргаар Буянхишиг гэж хүн ажиллаж байсан юм. Аймгийн наадамд яваад хоёр адуу айрагдуулж, сонин дээр нэр сум орныхоо нэрийг бичүүлээд бөөн баяр ирсэн чинь зөвшөөрөлгүй явсан гээд 200 төгрөгөөр торгочихсон. Бидний сарын цалин 250 төгрөг. Тэрний 200-г авчихна гэхээр хэцүү л байсан. Бидний үеийнхэн тэгж л адууны төлөө зүтгэж ирсэн улс. Морь уралдуулах байтугай дэл засах хүртэл хяналттай. Болоогүй байхад дэлийг нь заслаа гээд торгоно шүү дээ. Миний аав өөрөө баг даргын байсан болохоор дүрмээ сайн бариталана. Босоо хонгор нэг удаа аман хүзүүдсэн нь аймгийн наадамд юм. Тэгж хорьж цагддаггүй байсан бол илүү том наадамд амжилт үзүүлэх байсан байх.
-Танайхнаас танаас өөр морь уяж байгаа хүн бий юу?
-Батдорж, Лхагвадорж бид гурав уянаа. Хоёр дүү хоёулаа мянгат малчид.
-Уяачийнхаа гарааг хэдэн оноос эхэлж, ямар ямар амжилт үзүүлсэн талаараа жаахан дэлгэрэнгүй яриач?
-Намайг өсгөсөн өвөг эцэг маань лам хүн байсан гэж хэлсэн шүү дээ. Тийм хүний дэргэд байсан болохоор мориноос жаахан хөндий өссөн.Тэгээд 1968 онд анх морь уяж даагаа сумынхаа наадамд айрагдуулж байлаа. Манай өөрийн унага бор даага байсан юм. Арван хэдтэй жаахан хүүхэд сумын наадамд морь айрагдуулчихаад жигтэйхэн их баярласан. Дараа нь Боржигон болон Өвгөн ноёны бүсийн наадамд морь айрагдуулахдаа ч түүн шиг их хөөрөөгүй ээ. Түүний дараа 1971 онд сумынхаа наадамд соёолон морь аман хүзүүдүүлж,1973 онд азарга, соёолон айрагдуулсан.1974 онд Галшарын адууны ид  оргил үед сумынх нь наадамд Жамъяандавга гэдэг өвгөний хул алаг морь түрүүлж, миний хээр морь аман хүзүүдэж байлаа. Тэр үеэс уяачийнхаа хувьд илүү дөр суусан юм болов уу гэж дүгнэдэг юм. Дараа жил нь 1975 онд Баянхутаг сумандаа хязаалан үрээ дөрөвт оруулж,1976 онд соёолон, даага хоёроо түрүүлгэсэн. Тэрний дараа жил манай Баян-Эрхэт бригад аймгийн хэмжээнд шилдгээр шалгараад 60 төгрөгөөр шагнуулаад, түүнд зориулсан бригадын наадмын хоёр насны түрүүг авч, сумандаа дахиад түрүүлгэсэн.Шинэ болоод арваадхан хоногийн дараа тэгж сайхан наадаж байсан юм. Дараа жил нь гэхээр 1978 он болох нь ээ дээ. Сумандаа соёолон тавд оруулсан. Тэгээд 1980 онд хязаалан дөрөвт оруулаад, 1981 онд их морь түрүүлгээд, 1982 онд хүрэн морио дөрөвт оруулсан.
-Нэг үе айраг түрүү тасраагүй л юм байна?
-Тийм.1983 онд аймгийн 60 жилийн ойгоор аавтай ирж наадаад, эцэг маань Босоо хонгороо аман хүзүүдүүлж байлаа. 1983, 1984 онуудад би морь айрагдуулж чадаагүй юм. Харин 1985 онд аймгийн наадамд шүдлэн айрагдуулж Баянхутаг сумынхаа наадмаас дөрвөн айраг авсан. Жүмпэрэлийн буурал гэж авмал морио тавд оруулаад, цагаан соёолон морь дөрөвт оруулаад, хоёр шүдлэнгээ хоёр дөрвөөр оруулж байсан юм. 1987 онд болохоор аймгийн наадамд хээр соёолонгоо айрагдуулаад, 1988 онд Баянхутагтаа наадсан ч айраг авч чадаагүй.Тэрний дараа жил 1989 онд нэг их бороотой өдөр наадмаа хийгээд хүүхэд нь осгож, азарга зургаалсан.1990 онд болохоор соёолон үрээ аймагт аман хүзүүдүүлж, сүүтэй даага дөрөвт оруулаад, МНТ-ны 750 жилийн ойд очиж, соёолонгоо зургаад оруулж байлаа. Тэр намар нь Өвгөн ноёны нэрэмжит анхны наадам болж, азарга уралдалгүй, их морь уралдахад миний морь түрүүлж, аавын морь таваар давхин сайхан наадаж байлаа.1993 онд сумынхаа наадамд хоёр шүдлэн дараагаар нь оруулж, халтар даагаа гуравлуулж  гурван айраг авсан. 1994, 1995 онд айраг авч чадаагүй. 1997 онд болохоор шар азарга маань дөрөвт ороод, улаан морь маань аман хүзүүдсэн. Тэр жил улсын Алдарт уяач Энхсүхийн хонгор морь түрүүлж, бид урилгаар “Их хурд”-д явсан юм. Хархоринд очоод сар шахуу хүлээх зуураа тэндхийн наадамд соёолон, даага хоёроо түрүүлгээд.“Их хурд”-д болохоор азаргаа 18-аар, морио 30 гаргаж давхиулсан. Дараа жил нь 1999 оны Боржигоны бүсийн наадамд хүрэн азаргатайгаа очоод 630 –аад адуунаас дөрвөөр давхиулж, том наадмын анхны айргаа авч байлаа. Тэрний дараа жил мал зулгаах өвсгүй нөгөө айхтар ган гачиг болоод  отор нүүдэл гэсээр 2004 оныг хүртэл олигтой наадаж чадаагүй. 2004 онд  нутагтаа ирээд бас тааруухан наадсаан. Харин 2005 онд бор соёолон аман хүзүүдүүлсэн юм.Тэрний дараа оныг нь санадаггүй ээ аймагт халтар даага дөрвөөр давхиулж, 2011 онд их морь түрүүлгэсэн.
-Аймгийнхаа 90 жилийн ойд морь айрагдуулсан уу?
-Чадаагүй ээ.Арав гаргаж давхисан.Харин Баянхутаг, Мөрөн сумдын ойд их морь түрүүлгэсэн.
-Морь уясан цагаас хойш үзүүлсэн амжилт ийм байдаг байж. Яриагаа Цэнгэл Манлайн саарал азаргаар үргэлжлүүлье.Та зуучилж авч өгсөн гэдэг байхаа?

-Уг нь эхлээд өөрөө уях санаатай хамаг юмаа өгөөд авсан байсан юм. Тэр үед мөнгө төгрөг ч муутай байлаа.100 хонь, хоёр адуу, унаж явсан нэг супер 69-өө өгөөд дээр нь өвөрт байсан хоёр сая төгрөгөө нэмээд соёолон болдог өвөл нь аваад ирсэн.
-Өвгөн ноёны наадамд түрүүлсэнийх нь дараа авсан гэдэг санагдана?
-Тийм. Галшарт түрүүлсэн жилийнх нь өвөл аваад эндээ тэжээнэ гэж байтал Даваахүү Тод манлай машинтай давхиад ирсэн.”Ердөө хүн болгонд өгдөггүй азаргыг чи яаж авав”гээд л... Даваахүү гуай саарал азаргыг авахуулах гэж олон хүн явуулсан юм билээ. Тэгэхэд нь Юндэн өгөхгүй байж л дээ. Тэгээд надаас авна гээд 10 сая төгрөг гаргаад тавьчихсан. Би яахав тийм их мөнгө үзээгүй хүн чинь нөгөөдөхийг нь авмаар санагдаад тэгээд л зарчихсан./инээв/ Ний нуугүй хэлэхэд бас цаагуураа олны нүд орчихсон гээд эмээсэн юмаа. Хурдан морь хэцүү ш дээ. Тэгээд ч өмнө Даваахүү Тод манлайтай олон удаа наймаа хийчихсэн, сайн найзууд л даа. Дараа нь бие жаахан тааруу байхад “саарал азаргыг түрүүллээ” гээд Цэнгэл надад сая төгрөг бас өгсөн. Энэ алтан тууртын буян гэж сайхан шүү.
-Хүнд адуу авч өгөөд байдаг. Өөрөө ер нь хэр хурд цуглуулсан хүн бэ?
-Дээдчүүлийн юм байлгүй яахав. Аав маань хурдан цагаан азаргаа надад өгч, түүнийг нь 1973 оны өвлийн наадамд гуравт оруулж байлаа. Залуу онгироогоосоо болоод эрт хөлийг нь болиочихсон. Адуугаа сайжруулна гээд Цэнхэрмандалын Сандагдоржийн хар, Сүрэнхорын ногоон азарганы үр төлүүдээс авч байлаа.Мөн Даваахүү Тод манлайн Цолмон халтарын удмын адуу ч бий. Галшарын Бөгөн хулын угшилтай адуу ч бий. Түрүү чамд адуу овоо өсч байгаа гэсэн шүү дээ. Ийм удам угшилтай болохоор нь хайр хүрээд  гар хүрч чаддаггүй юм. Хүн амьтан харамч л гэх байх. Боржигоны бүсэд айрагдсан хүрэн азаргыг чинь би 200 хонь, нэг унааны сайхан морь хазааранд нь өгөөд авч байлаа шүү дээ. Би сайн адуунд үнэ хайрладаггүй ээ.
-Хүрэн азарга хаанахын адуу юм бэ?
-Манай Баянхутагийн улсын Аварга адуучин Дамбын Базарсүрэн гэж хүнээс. Сая Мөрөнгийн 90 жилийн ойд түрүүлдэг хүрэн морио бас 20 хэдэн саяар авсан. Мөрөнгийн Амармөнх гэж хүний адуу л даа.
-Анхны мянгат малчдын нэг гэсэн билүү?
-Хэнтий аймгийн анхны мянгат малчдын нэг. 1993 онд мянган малтай болсон. Би ер нь малын буянаар өдий зэрэгтэй яваа хүн л дээ.Нэгдлийн мал маллаж байхдаа аймгийн аварга малчин, Энх сүрэгтнээр шалгарч байлаа.Улсын сайн малчныг бүр хожуу 2007 онд авсан. Хүмүүс авах цаг чинь болсон гээд, хүүхдүүд шахаад тэгээд л тодорхойлолт өгсөн. Тэгээгүй бол би тэрийг тоодоггүй л дээ.
-Хөдөлмөр бүтээлээ зохих түвшинд нь үнэлүүлэх ёстой биз ээ?
-1980 хэдэн онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж, 2000 онд Алтангадас одон авсан. Яахав төр засгийн хишгийг хүртэж л явна.
-Хэдэн оны сумын заан бэ?
-1982 онд түрүүлээд авсан санагдана. Би сумынхаа баяр наадамд дөрөв түрүүлж, хоёр гурав шөвгөрчихсөн хүн шүү дээ.
-Хүүхдүүд барилдах уу. Морь уяж байна уу?
-Би хүү охин хоёртой. Хүү морь уянаа, охин эмч  мэргэжилтэй. Хотод ажилладаг юм.
-Хүүгээ хэр тоож байна?
-Хүний эцэг хүүхдээ тоох нь цөөн байхаа. Би ч гаднаа байнга л чамлаж байдаг юм./инээв/ Манай хэдэн дүү нар бол харин морио сайн давхиулж байгаа шүү.
-Биднийг зорин ирж ярилцсанд танд баярлалаа. Малын буян хишиг арвижих болтугай.
-За та бүхний ажил үйлс нар шиг дэлгэрч явах болтугай. Их сайхан үйл эрхэлдэг хүмүүс юм.
-Баярлалаа. Ерөөл бат оршиг.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна