Аймгийн Алдарт уяач Р.Цэрэн: Цагаан морио завсаргүй гурван жил түрүүлгэснээрээ их бахархдаг

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 19 -нд

Баянхутаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач, улсын сайн малчин Рагчаагийн Цэрэн өнөөдрийн зочноор уригдлаа. 1958 онд Батноров сумын нутаг Дунд бүрд хэмээх газар төрсөн тэрээр  уяачийн түүхээ ийн хүүрнэсэн юм.
-Цэрэн Алдарт товч намтраас яриагаа эхэлье?
-Миний эцэг Дэлгэрийн Рагчаа насаараа мал малласан малчин хүн. Бид эцэг эхээсээ наймуулаа. Аав маань мал маллан  үр хүүхэд биднийгээ өсгөж хүмүүжүүлсэн шиг манай хоёр дүү бид гурав удмаа даган мал маллаж байна. Би эцгээсээ зөвхөн мал маллах бус, бас морь уях арга ухааныг өвлөн авсан. Уяач гэж хамгийн мэдрэмжтэй хүнийг хэлдэг байх. Миний эцэг аз хийморь, мэдрэмжээрээ морь давхиулж явсан сайхан монгол эр. Би эцгийнхээ тэрхүү мэдрэмжийг өвлөн авч, айраг түрүү алдалгүй сайхан л наадаж явна. Морь уясан цагаасаа хойш жалга довны бага саг наадмуудыг оруулахгүйгээр аймаг, сумын наадмаас 18 түрүү, 22 айраг хүртсэн хүн. Тэр амжилтаараа 2014 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Уг нь энэ цолыг эрт авчих боломж байсан ч хэдэн малынхаа хойноос явж байгаад хэсэг зуур морио жаахан орхигдуулсан тал бий.
-Улсын сайн малчнаар шалгарч байсан гэлүү?
-Тиймээ. Аймгийн сайн малчин, улсын сайн малчин болсон. Бас Алтангадас одонтой. Манай эхийн талд Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Даргай Лувсан, Цэгмид нарын улсын сайн малчид бий. Одоо миний үр хүүхдүүдээс улсын сайн малчин болбол гурван үеийн сайн малчид төрөх юм даа.
-Рагчаа гуайн нэртэй ямар ямар хурдан хурц хүлгүүд байв. Яаж яаж давхиж байв?
-Миний аавын аав лам хүн байсан болохоор морь мал уяж байгаагүй юм билээ. Аав маань цэргийн алба хааж, офицер хүртлээ дэвшиж явсан хүн. Ер нь хожуухан мал дээр гарсан байх шүү дээ. Манай эцэг ер нь их сэргэлэн, ой тогтоолт сайтай, олонтойгоо хүн л дээ. Түвдэндорж аваргатай хүртэл их найз. Найзынхаа эцгийн овгийг нас жилтэй нь хэлнэ. Үг яриа цэцэн цэлмэг. Нэг харснаа мартахгүй.Тэр чанар нь морь уяхад нь их нөлөөлдөг байсан байх. Морь сайн уяхаас гадна их сайхан цэвэрхэн эдэлнэ, адуу танина. Манай Баянхутагт багачуулын хул гээд алдартай хурдан азарга байлаа. Би тэр азарганы үр хул хязаалан үрээг наймаа хийгээд аваад очсон эцэг маань үзчихээд “энэ хул азарга явахгүй ээ. Наймаагаа буц” гээд болдоггүй. Би болохоор найзаасаа санаа зовоод “эр хүн наймаагаа буцаахгүй” гээд зүтгээд байгаа. Тэгээд сүүлдээ аавд “өөр аятайхан үрээ байна уу хараад өгөөч” гэсэн явж үзчихээд эцэнхий, хөнгөлчихсөн хээр үрээг “ав” гэж байна. Тэгээд би найздаа “Энэ хээр үрээг чинь авъя. Гэхдээ хул азарганы наймаа буцахгүй ээ” гээд аавын хэлснээр хээрийг нь авсан.
-Хул үрээгээ уясан уу?
-Үгүй ээ, манай нутгийн Хагархай Самдаг гэдэг хүнд зарсан. Харин хээр үрээгээ уяад 1986 онд түрүүлгэж байлаа. Миний эцэг тэгэхээр битүү үрээг ч хараад таньдаг мэдрэмжтэй уяач байсан байгаа биз. Морь уяхдаа эдэлгээг их чухалчилна. Анхнаас нь зөв эдэл гэж захина.Тухайн үед тэжээл арчилгаа гэж байгаагүй ч бүтэн жилийн турш зөв унаж эдлэн уях морьдоо дасгалжуулдаг хүн байсан. Орчин цагийн уяа сойлго ч бидний мэдэх үеийнхээс өөр болж дээ. Сүүлийн үеийн залуус сүрхий сайхан уяж байна. Энэ тал дээр би аргагүй хоцорч байгаагаа мэдрээд л байгаа.
-1986 онд хээр морио түрүүлгэж анхны айргаа хүртсэн гэсэн. Түүнээс хойш ямархан амжилттай, яаж наадсан бэ?
-1996 оныг хүртэл арван жил сайхан наадсаан. Нэг наадмаас хоёр түрүү ч авч л байлаа. 1995 оны аймгийн наадамд нэг азаргаа түрүүлгээд, нөгөөг нь айрагдуулж л байлаа. Ер нь тэр 10 жилийн хооронд хориод айраг түрүү авсан шүү. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 80 жилийн ойд зургаан адуутай очоод хонгор морио түрүүлгэж, хээр морио дөрвөөр давхиулан, азарга тавд, соёолон гуравт, хязаалан болон даагаа аман хүзүүдүүлж байлаа. Хүний нутагт очоод тэгж олон адуу оруулчихаад их даруухан аятайхан байхгүй бол бас эвгүй юм билээ шүү./инээв/
-Тэгвэл өөрийнхөө суманд хэрхэн наадаж байв?
-Сумын 60 жилийн ойгоор гурван их морь мордуулж, цагаан нь түрүүлэн, хонгор нь гурвалж, хээр нь 11-д давхиж байсан. Мөн 1996 оны наадмаар хоёр азарга мордуулж, нэгийг нь түрүүлгэсэн. Бас нэг цагаан морио зургаад давхиулж,хязаалан үрээ нэлээд хол түрүүлсэн.
-Унаган адуу юу?
-Өмнөдэлгэр сумын Гожин саарлуудын угшилтай.Би соёолон болдог жил нь аваад 1991, 1992, 1993 онд сумандаа завсаргүй түрүүлгэж байлаа. Тэр үед уяачид нийлээд цагаан сараар нэг уралдаан хийдэг байсан юм. Тэр уралдаануудад нь ч бас түрүүлж байсан. Товчхондоо гурван жилийн зургаан уралдаанд зургууланд нь түрүүлсэн. Манай суманд миний насны болон надаас доош үеийн уяачид дунд нэг морийг завсаргүй гурав түрүүлгэсэн хүн байхгүй ээ.Ах нь тэрүүгээрээ их бахархаж явдаг хүн.
-Баянхутаг суманд хэд хэдэн бэсрэг угшил яригддаг.Танай адуунд аль аль нь байна?
-Минийхээр Донир, Жигээ адуунууд бол дээхэн үедээ орно. Хөхийн Гомбосүрэнгийн цагаан ч бас дээд үедээ орох байх. Харин дунд үедээ Уртын Дамдинжавын адуу орох юмуу даа. Хөхийн Гомбосүрэн гэж цагаан амтай  шар хээр голдуу адуутай, сайхан бор өвгөн байсан. Тэр өвгөний адуу Баянхутагаар сайн тарсан, надад ч бий. Би тэдний адууны даага, шүдлэн, хязааландаа суманд түрүүлчихсэн хавчиг хүрэн азаргыг авч  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 80 жилийн ойд таваар давхиулж байлаа. Одоо үр төлүүд надад бий. За мөн, манай сумын сайн угшлуудын нэг Жигээ адуу надад бий. Жигээ адууны гол цөм нь одоо Жамъяндорж гэж хүнд байдаг юм. Тэр угшлын олон адууг айрагдуулж, түрүүлгэсэн хүн л дээ. Одоо үр хүүхдүүд нь залгаад уяж байна.
-Ямар ч байсан хоёр бэсрэг угшил нь байдаг юм байна?
-Донир адуу ч бий. Аймагт түрүүлгэдэг бор халзан азарга бол Донир угшлын адуу. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр бор халзан азарга Уртын Дамдинжав гуайн хүргэн Батгүний шарга азарганы төл байгаа юм.
-Адуу малны наймаа нэлээд хийдэг дуулдсан. Тэр талаараа хуучлаач?
-2002 оны улсын наадамд гурваар давхисан хонгор шүдлэн бол миний бэлгэнд өгсөн адуу. Эх тал нь миний аавын адуу, эцэг тал нь Винтовын адууны гаралтай. 2002 онд Эрдэнэчулуун Тод манлайгаар морио уяулдаг Нэргүйбаатар гээд залуу надаас таван адуу авахаар нь бэлэг болгож өгсөн юм. Очоод улсын наадамд айрагдаж, давхар уяагаар Дундговийн 60 жилийн ойд гуравлаад, дараа жил нь Архангай аймгийн 80 жилийн ойгоор дөрвөөр давхисан байна лээ. Би тэр Нэргүйбаатарыг нь танихгүй л дээ. Гуанзанд цай ууж сууж байгаад л наймаа хийхээр болж надад цоо шинэ УАЗ-469 өгөөд явуулахаар нь “ямааны мах халуун дээрээ гээд сумынхаа Даваажав гэдэг хүнээс аймагт гурваар давхисан хонгор шүдлэн үрээг нь авч, таван адуундаа оруулаад дээр нь хонгор үрээгээ бэлэглэсэн юм. Тэгсэн бэлэгний үрээ нь айрагдаад, наймаа хийж авсан хонгор хязаалан нь түрүүлсэн. Мөн миний буурал азарганы төл хээр соёолон улсын наадамд гурваар давхиж байсан. Улсын наадмын хэмжээнд гэвэл энэ хэд байна. Харин аймгуудын наадамд айрагдаж түрүүлсэн гэвэл олоон олон. Миний бор халзан азарганы үр гүүнээс гарсан бор халзан үрээ баруун аймгуудын наадамд олон орсон. Өнгөрсөн жил гэхэд л Архангайн Чулуутын наадамд хол түрүүлсэн гэнэ лээ. Өвөл бас Сэлэнгэд соёолонд уралдаад түрүүлчихлээ дуулдсан.Тод манлай уяач Содномцогт байдаг юм.
-Хэнтий аймаг мянгат малчдынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг. Та хэдэн онд анх малаа мянга хүргэж байсан бэ? 
-Манай сум бүр Хэнтий аймаг дотроо мянгат малчдынхаа тоогоор тэргүүлдэг. Манайх хоёр мянга гаруй малтай. Нэг хүү маань бас мянгат малчин болчихсон. Хоёр дүүгийн нэг нь мянгат, нөгөө нь ч дөхөж л байна.Энэ олон малын маллагаа арчилгаа, ноос үс, төл бойжуулахаас эхлээд ажил ихтэй. Тэр ажлын хажуугаар морь уях зав зай гаргана гэдэг хэцүү. Тийм болохоороо миний дээр арван жил л тууштай уясан гэсэн юм шүү дээ.1996 оноос хойш хэсэг завсарлаад 2004 онд нэг уяад, тэрнээс хойш бас завсарлачихаад байна.Одоо ч би нэг их уяхгүй байгаа. Хүүхдүүд гайгүй зөв эдэлчихсэн юм байвал “за миний хүү өөрөө мэд тийшээ нэг яввал яв” гээд явуулдаг юм. Яваандаа боломж нөхцөл нь байвал уяна биз. Хамгийн гол нь одооны морины уяа бидний үеийнхтэй адилгүй болсон. Жилийн дөрвөн улиралд байнга адууныхаа дэргэд байгаа хүн л амжилт гаргадаг болж. Тийм болохоор би хүүхдүүдээ “морь уя” гэж нэг их шавдуулахгүй байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Халуун хошуут, бүлээн дэвсгэрт буянт малын тань хишиг арвижих болтугай.
-За баярлалаа. Та бүгдийн ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Уяач биднийг Монгол улс даяар таниулах цагаан мөртэй буянтай үйлст тань амжилт хүсье.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна