Монголчууд адууныхаа үүлдэр угсааг сайжруулахын төлөө
“Тод магнай” сэтгүүл, сайт монгол адууг хурдны чиглэлээр үржүүлж өсгөх асуудлаар эрдэмтэн судлаачид, хурдан морь сонирхогч олон нийтийн санаа бодлыг уншигчдадаа цувралаар хүргэсэн билээ. Өнөөдөр тэр хэлэлцүүлгийг дүгнэж санал бодлоо хуваалцана уу хэмээн хурдан морь судлаач, доктор А.Баярмагнай гуайд хандсан юм.
Монголчууд таван төрлийн мал сүргээ олон мянган жил хариулан маллаж аж төрөх явцдаа мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар цаг ямагт анхаарч ирсэн билээ. Ялангуяа орчин цагийн шинжлэх ухаан дэлгэрэн хөгжсөн ХХ зууны хоёрдугаар хагаст энэ ажил улам эрчимжсэн байна. Тухайлбал, үхэр сүргээ “Сычёв”, “Сементаль”, “Талын улаан”, Казакийн цагаан толгойт”, “Хар тарлан”, “Шар тарлан” зэрэг гадаадын 13 үүлдрээр сайжруулан мах, сүүний ашиг шимийг нь эрс дээшлүүлсэн юм. Мөн хонь, ямаагаа үүлдэр сайжруулж “Хангай”, “Орхон” зэрэг хонины, “Гурван сайхан” зэрэг ямааны шинэ үүлдрүүд буй болгож, ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлжээ.
Адууныхаа үүлдэр угсааг сайжруулах талаар монголчууд маш эртнээс анхаарч эхэлсэн байна.
Оросын эрдэмтэн Лев Гумилев “Хүн гүрэн” номондоо хүннүчүүд буюу өвөг монголчууд “Давань” гэдэг газар алаг цоохор гүүг аваачиж тавихад тэр нутгийн зэрлэг азарга ирж хураан, улмаар шандас сайтай хүлэг морь гардаг тухай домгийг өгүүлсэн байдаг.
Чингис хааны ач хүү Хулагуг Багдадыг эзэлсний дараа Өгөдэй хаан тэдэнд “урт хүзүүтэй, өндөр биетэй аргамаг морьдыг Монголд авчрахыг” тушааж байжээ. Үүнээс үзэхэд одоогоос 800 орчим жилийн өмнө монгол нутагт араб адуу ирсэн байна. Энэ сүргийг нутагшуулж, монгол адуутай ардын селекцийн аргаар үржлийн ажил зохион байгуулж байсныг үгүйсгэх аргагүй.
Одоогоос 100 жилийн өмнө Монголд амьдарч байсан Шведийн иргэн Ларсон адууны аж ахуй эрхэлж байжээ. Тэр хүн бичихдээ монголчууд, ялангуяа өвөрмонголчуудын дунд Дундад Ази, Арабаас гаралтай адуугаар өөрсдийн адууг сэлбэн сайжруулах эрмэлзэлтэй, энэ талаар бодит алхам хийсэн хүмүүс байсныг дурдсан байна. Гүн Ларсон өөрөө олон адуутай байсан бөгөөд Хятад руу жил бүр агт гаргадаг байжээ. Тэр бас адуугаа англи, араб адуугаар цус сэлбэн сайжруулах оролдлого хийж үзсэн тухайгаа дэлгэрэнгүй бичсэн байдаг.
ХХ зууны эхээр буюу Богд хаант Монгол Улсын үед Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж зэрэг ноёд ихэс Оросын Томск хотоос цэвэр үүлдрийн, өндөр биетэй морьд авчруулан жуузандаа хөллөж байжээ. Үүнээс дууриал авсан Боржигин цэцэн ван Цэрэнсандав, Хардэл ван Доржцэрэн зэрэг хэд хэдэн ноёд цэвэр үүлдрийн өндөр морь авчирсан баримт байна. Тэр морьдыг Томскийн морин заводоос авчирч байсан учраас Монголд цэвэр үүлдрийн адууг “Тоомсог” хэмээн нэрлэж заншжээ.
Хүн төрөлхтөн дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээж, машин үйлдвэрлэж эхэлсэн цагаас адуу гэдэг амьтны хүний нийгэмд гүйцэтгэдэг бүх үүрэг /ан гөрөө, аялал жуулчлал, аян дайн, тээвэр, холбоо/ машинд шилжиж, моринд зөвхөн спортын буюу уралдах үүрэг нь үлджээ. Ийм учраас Европ, Америкт адууг зөвхөн хурдны чиглэлээр өсгөж үржүүлэх болов. Энэ бол XIX зууны сүүл үест хамаарах үйл явц юм.
Тэгвэл Монголд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав энэ үйл явцаас нэг ч их хоцролгүй 1890-ээд оноос адуугаа хурдны чиглэлээр сонгон үржүүлж эхэлсэн байна. Тэгэхдээ Оросын шинэ цэвэр үүлдрийн цөөн азарга авчирч адуу үржүүлгийн ажил зохион байгуулжээ.
1905 оны Орос-Японы дайны дараа Оросын өмч болсон Дорнод Хятадын төмөр замын хамгаалалтын морин цэргийн нэгтгэл, ангиудын агтны хангалтын морин заводын бие төлөөлөгч А.С.Холевинскийн гэгч малын эмч Монголын Сэцэн хан аймгийн бүх хошуугаар явж адуу малын судалгаа, арилжаа наймаа хийж явсан талаараа “Конное хозяйства Монголий” гэдэг ном бичиж, 1923 онд Ленинградад хэвлүүлсэн байдаг юм. Үүнээс үзэхэд Сэцэн ханы ноёд цэвэр үүлдрийн азаргыг тэндээс авчирсан байх бүрэн үндэстэй.
Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын дэргэд сүргийн адууг 1915 онд тоолсон данс бичиг дотор “Гайхамшигт ган хүлэг Номин цэнхэр азарга”, “Тонж хүлэг Өлгөр хүрэн азарга” гэж байгаа юм. Тэгтэл Хардэл бэйс өөрийн гараар зурсан “Өлгөр хүрэн”, “Номин цэнхэр” азаргануудын зургийг харсан хэн ч гэсэн, хэтэрхий зөрүүд хүн ч гэсэн “яавч цэвэр монгол азарга биш юмаа” гэж хэлэх нь тодорхой. Миний бодлоор “Өлгөр хүрэн” нь цэвэр цусны, “Номин цэнхэр” нь эрлийз буюу сайжруулсан монгол адуу юм. “Өлгөр” нь уралдаж байгаагүй, “Номин” нь 1908 оны даншиг наадамд түрүүлж, 1911 онд Сэцэн ханы наадамд айрагдаж байсан байгаа юм. Энэ хоёр азаргыг аль алиныг нь үржлийн ажилд ашиглаж байсан бөгөөд тухайн жилд /1915/ “Өлгөр” нь 11 гүү, “Номин” нь 12 гүү тус тус хурааж явсан баттай баримт байна. Тийм болохоор Хардэл бэйс М.Пүрэвжав адууныхаа зарим хэсгийг Оросын цэвэр үүлдрийн адуугаар цусыг нь сэлбэн сайжруулж байсан байна” гэсэн дүгнэлтэд яах ч аргагүй хүрч байгаа юм. Энэ нь ч Галшар адууны хурдлах нэгэн үндэс нь болж өгсөн хэрэг!
Мөн 1930-аад оны дунд үед Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөр-Баянголд БХЯ-ны харьяанд морин завод байгуулсан байна. Ийнхүү төрийн хөрөнгөөр, ЗХУ-ын тусламж дэмжлэгтэйгээр, шинжлэх ухааны арга зүйгээр ажиллах ийм байгууллага буй болгон ажиллуулсан нь монгол адууны үүлдэг угсааг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн хамгийн дорвитой арга хэмжээ болсон юм. Бараг гучаад жил ажилласан энэхүү морин заводын ажлын бодит үр дүн нь Оросын цэвэр үүлдрийн адуугаар цус сэлбэсэн Жаргалантын хурдан удмын адуу юмаа. Энэ адуу Монгол орны төвийн бүс нутагт тархаж 1960-аад оноос 2000-аад оныг хүртэлх хугацаанд Үндэсний их баяр наадамд илэрхий давамгайлсантай хэн ч маргахгүй ээ. Энэ ажлын давуу талыг сайн ойлгосон, Галшар нутгийн уугуул, Монголын Шинжлэх ухааны академийн анхны академичдийн нэг, эрдэмтэн М.Наваанчимэд тавиад оны сүүлчээр бичсэн “Монголын мал аж ахуйг 35 жил судалсан дүн” гэдэг бүтээлдээ, “...монгол адуугаа өөр зуур нь үржилд оруулахын зэрэгцээ гадаадын цэвэр үүлдрийн адуугаар цус сэлбэн сайжруулах нь зүйтэй” хэмээн дурдсан байгаа юм. Энэ бол монгол адууг цаашид хурдны чиглэлээр өсгөн үржүүлэхэд баримтлах шинжлэх ухааны үндэстэй чиг баримжааг зааж өгсөн хэрэг юмаа.
Мөн монгол адууг цус сэлбэн сайжруулах нь зөв зүйтэй болохын өөр нэгэн бодит жишээг дурдъя. Эдүгээ Монгол даяар нэрд гарсан, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, “Амгалан төрийн Ажнай шарга” цолтой Б.Наранхүүгийн шарга азарганы эх бол Галшар удмын шарга гүү юм. Түүнийг ОХУ-ын будённый үүлдрийн “Колизей” гэдэг азарганы төл “Тогоруу” нэртэй нэгдүгээр үеийн эрлийз халтар азарганд хураалгаад энэ алдарт шарга азарга, түүний ах нар гарсан юм. Шарга азарга Үндэсний их баяр наадамд 6 түрүүлж, 3 айрагдсан, нийтдээ улс, бүсийн уралдаанд 10 түрүүлж, 4 айрагдсан. Түүний ах шарга, хар үрээнүүд мөн Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдаж байсан. Амгалан төрийн Ажнай шарга азарганы энэ амжилт бол Монголын хурдан морины уралдааны бүх цаг үеийн түүхэнд огт гараагүй амжилт юмаа.
1990 оноос Монгол оронд ардчилал, зах зээлийн шинэ эрин үе эхэлсэн билээ. Нийгмийг бүхэлд нь хамарсан энэ өөрчлөлт шинэчлэлтийн хүчит давалгаа Монголын хурдан морины ертөнцийг ч хамран өрнөсөн юм. Хувийн өмчийг хуулиар зөвшөөрч, дамын наймаа гэдэг ойлголтыг мөн хуулиас авч хаясны үр дагаварт Монголд шинэ залуу бизнесчдийн хүчтэй давхарга бий болов. Тэр залуучуудын тодорхой хэсэг нь Монголын хурдан морины хөгжилд хөрөнгө хаяж эхэллээ. Тэд Дорнод Монголын хурдан удмын адуунаас хурдан морьд авч, уяж уралдуулахын зэрэгцээ гадаадын цэвэр үүлдрийн адуунаас худалдан авчирч нутгийн шилмэл адуугаа цус сэлбэн улам сайжруулж уралдуулах ажлыг хийх боллоо. Энэ ажлын өгөөж, үр шим нь шууд мэдрэгдэж, тэдний үүсгэн буй “шинэ монгол” адуу нь 2000-аад оноос хойших Үндэсний их баяр наадмын болон бүсүүдийн хурдан морьдын уралдааны түрүү, айргийн цуваанд шууд түрэн орж ирлээ. Тэдний энэ зоримог алхам, санаачилгыг төр засаг болоод шинжлэх ухааны байгууллагууд оновчтой бодлого, шинжлэх ухааны арга зүйгээр дэмжин туслах аваас 20-40 жилийн хугацааны дараа тодорхой амжилтанд хүрч, монгол адуун дээр суурилсан “шинэ монгол” гэдэг хурдны шинэ үүлдэг бүрэлдэн буй болж, Монголын хурдан морины уралдаанд шинэ үзэгдэл болж болох юм. Харин цус сайжруулсан монгол адууны түрүүчийг амжилт үзүүлж эхлэнгүүт “эрлийз бол үүлдэр биш” гээд байгаа нь тоогүй. Хэн ч одоохондоо тэднийг үүлдэр гээгүй.
Ийнхүү “шинэ монгол” үүлдрийн адуу буй боллоо гэхэд цаана нь уугуул монгол адууны удмын сан санаа зоволтгүй хадгалагдан үлдэх бүрэн бололцоотой. Учир нь монгол адуу тоо толгойн хувьд хамгийн олон, 2-3 саяд хүрдэг. Бидний монголчууд өнөөдөр уугуул монгол адуугаа уралдааны, уналганы, хүнсний, ийм гурван чиглэлээр эдлэн, ашиг шимийг нь хүртэж байна. Уралдааны морьдоо бид ердийн монгол адуун дундаасаа л шилэн сонгож байна. Тэгвэл гурван сая адууныхаа тодорхой багахан хэсгийг буюу хэдхээн мянгыг нь сонгож аваад хурдны үүлдрийн адуугаар сайжруулан үржлийн ажил зохион байгуулж, ерийн монгол адуунаас илүү хурдан адуу үүсгэж үржүүлээд, түүгээрээ уралдаж, наадаж болохгүй юу?!
Гурван сая адууныхаа үлдсэн хоёр сая их илүүг нь яг хэвээр нь байлгаад уналга, хүнсэндээ хэрэглэж болно биз дээ. Үүнд юунд нь монгол адууны удмын санг эвдчих гээд байгаа юм бэ?!
Монгол адууг гадаадын хурдны үүлдрийн адуугаар цус сэлбэн сайжруулах ажлыг эсэргүүцэн элдэв шалтаг тоочиж байгаа тодорхой хэдхэн хүн байна. Өөрөө аль 70-аад оны сүүлчээс морин тойруулгын цус сайжруулсан эрлийз морьдыг төрийн төсөвт хөрөнгөөр тэжээн уралдуулж, өндөр амжилт, их нэр алдарт хүрсэн нэгэн хүн анх 2002 онд “эрлийз морьдыг ялгаж уралдуулах” санал тавьсан юм. Яг тэр үед нь залуу бизнесменүүд гадаадаас цэвэр үүлдрийн болон цус сайжруулсан адуу авчирч эхэлж байсан. Энэ хүн зөвхөн өөрийнхөө амжилтыг л хадгалахыг бодсоноос юун монгол адууны удмын сан...
Энэ үед бас Монгол Улсын Ерөнхийлөгчид Арабын нэгэн орноос цэвэр араб үүлдрийн азарга, даага хоёр бэлэглэж, тэднийг Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн улсын зардлаар очиж авчраад адгуулж, маллаж, уяж, уралдуулж, үржлийн ажил зохион байгуулж эхэлсэн боловч дадлага туршлага, мэдлэг чадвар дутагдаад цөмийг нь үхүүлчихсэн билээ. Гэтэл хувийн хэвшлийнхэн болохоор энэ ажлыг тун сайн зохион байгуулаад анхнаасаа л зохих амжилтанд хүрээд нөгөө “эрдэмтэд” маань мэргэжлийнхээ үүднээс нөлөөлж “эрлийзийг тусад нь уралдуулах” шийдвэр гаргахад шууд нөлөөлдөг байна. Бизнесчид бас хоорондоо зөрчилдөөд энэ ажлыг оролдоод амжилт олж чадаагүй нь амжилттай яваадаа “сөрөг хүчин” болов. Бас зүүн чигийнхэн “эрлийзийг хасвал манай нутгийн адууны үнэ өндөр байна” гэж үзэв. Энэ нь Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлого бус, жалга довны бизнесийн эрх ашиг юм л даа. Эцэст нь Монголын бохир улс төр бүх юманд л хутгалддагаараа бас л энд оролцоод “эрлийзийг тусад нь уралдуулбал хөдөөгийнхнөөс сонгуулийн санал авч болох юм байна” гэж сүйхээлээд өндөр дээд түвшинд үүнийг дэмжив. Эдгээр нь хүндэтгэх шалтгаан огт бус, харин ч сэтгэлгээний хоцрогдол бөгөөд зарим зальтай хүмүүс хувийн амбиц, атгаг санаагаа “монгол адууны удмын санг хадгална” гэсэн сүржин үгээр халхавчилж байгаа хэрэг шүү дээ! Гэвч “хуучин юм ул болж, шинэ юм зул болдог” зүй тогтлын дагуу Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага солигдож, бодлого шинэчлэгдэж, монгол адууг хурдны чиглэлээр өсгөж үржүүлэх ажлыг дэмжих, шинжлэх ухааны арга зүйгээр удирдаж туслах чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд ажиллаж эхэлж байгаа нь сайшаалтай.
Өнөөдөр мэдээллийн хурд асар ихэсч, хүрээ нь хязгааргүй тэлж байгаа даяаршлын эрин үед ийм ховор чухал бололцоо нөхцөл бүрэлдэн буй болсныг дэлхийн хурдан морины ертөнцөд аль хэдийнээ олж харсан байна.
Дэлхийн адууны ууган үүлдрийн нэг, байгалийн чанараа огт алдаагүй монгол адуу, хүний ухамсаргүй үйл ажиллагааны үр дүнд буй болсон дэлхийн хамгийн хурдан Английн цэвэр цусны адуу хоёр бие биенээ сэлбэж сайжруулах үйл явц гадаад оронд өрнөвөл Английн нэрээр, манай оронд өрнөвөл Монголын нэрээр нэрших зүй тогтол харагдаж байна.
А.Баярмагнай
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна