Ардын хувьсгалын их ойд ахиад битүү морь түрүүлгэнэ хэмээн бодлоон тунгаан сууна

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 17 -нд

Дундговь аймгийн Луус сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулуун нь 1959 онд Зүлэгт багийн нутагт төрж, өвөө эмээгийн гар дээр өсч эр цэргийн албанаас халагдаж ирээд хурдан хүлгийн сүүл шууснаас хойш 30 гаруй жил хурдан морьдын тоосонд хийморьтойхон явна. Эрдэнэчулууныг анх морь уяж эхлэхэд эмээ нь хазаар зангидаж өгсөн нь одоо ч түүнд бий. Тэр юм бүхэнд бэлэг бодно, түүнийг залуухан уяач байхад Говийн хүүхэн хутагт Тагарваа “чи сайн уяач болно” гээд гурван хазаар, нэг эсгий нэмнээ өгчээ. Тэр үед хувилгаанаар тодроогүй жирийн нэг саальчин байсан гэдэг.
Эрдэнэ болсон мал сүргээ маллаж эрдэнэт хүлэг морио төрийн түмэн эхээр цоллуулсан хөдөөний хөх уяач гэвэл Эрдэнэчулуун билээ. Зуны халуун, өвлийн жаварт мал сүргээ даган ногооны соргог, цасны хөнгөнд малчин монгол түмний нүүдлийн их соёлыг тэр чигээр нь хадгалж яваа айл бол тэднийх. Тиймээс “Нүүдэлчдийн араншин” киноны зургийг тэднийд авсан биз ээ. Эрдэнэчулууных сүүлийн 10 гаруй жил отроор 6 аймгийн 20 шахам суманд ханаа шийрлэн малаа хотлуулж, уяагаа хэцлэн морьдоо шон дүүргэн уяж наадмаас наадам дамжин хичнээн жилийг үджээ. Нүүдлээс тэр ердөө ч зүрхшээхгүй, униар татсан ногоо дөрөө шүргэх өвсөнд адуу сорлоод ирэхлээр нүүрэнд нь мишээл татаад хийморь нь сэргээд ирнэ. Аяны их тоосонд дарагдаж уруул нь омголдох ч сэтгэл нь үл омголдож уралдах наадамдаа яаж түрүүлгэхээ бодон уяан дээр суун морьдтойгоо л ярьж явна. 1997 онд Монголын гурав дахь их даншиг Зава Дамдин Дундговь нутагт зохиогдож, сүүдэр ташаарсан тэр наадамд унаган хээр даагаа түрүүлгэж их наадмын өмөө нээлээ. Түүний уяаны эрдэм жил ирэх бүр сайжирч жилээс жилд нас ахиулан түрүүлгэжээ. 1997 оны даншигт хээр даага, 1998 онд шүдлэн хязаалан, 1999 оны Говь шанхад соёолон аман хүзүүдүүлж, 2001 онд халтар морио, 2006 онд Даншиг хээр азаргаа аймагтаа түрүүлгэсэн Эрдэнэчулуун уяач Луус сумынхаа нэг жилийн наадмаас 5 түрүү, 2 айраг авчээ. Энэ нь түүний адууны чанарыг харуулж адуугаараа гоёх дуртай монгол хүний нэгэн бахархал болсон нь мэдээж. 2006 оны хавар “Нарны хүлэг” уяачдын холбооныхон Эрдэнэчулуун Манлайд дөрөө мултлан хоноглож, энэ жил аймагтаа түрүүлэх морьдыг тоолж энэ орно, тэр орно гэж дор бүрнээ ярих ч Эрдэнэчулуун уяачынхаас морь багтааж ярьсангүй ээ. Гэсэн ч тэрбээр аймгийнхаа наадмыг таван насны зургаан морьтой зорилоо. Даншиг хээр азарга, их халтар морь хоёроо сийрэгхэн түрүүлгэчихлээ. Нутгийнхан баяр хөөр болж, “Чи ирээгүй бол азарганы түрүүгээ алдах байлаа” гэхэд нь Дундговийн баруун талд сайн азарга, их нас, уяач гурав нэг айлд байдгийг та нар мартаж дээ гэж аатсан гэдэг. Үүнийгээ баталж соёолон, шүдлэн хоёроо бас л түрүүлгэж, даагаа айрагдуулан аймгийнхаа нэг жилийн наадмаас 4 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаараа 2006 онд Монгол Улсын оны шилдэг уяач болжээ. Энэ олон хүлгийн дундаас Бахархал хар морио анх хараад хурдыг нь таньж авъя гэхэд унаган эзэн Шагдарсүрэн “энэ зарахгүй адуу” гээд өгсөнгүй. Цааш явж хэд хэдэн айлын адуугаар орсон ч тэр хар адууг л би уяж чадна гээд эргэн ирж бүтэн өдөр шалж байж авсан гэдэг. 2007 он зун ногоо тааруу, гандуухан. Өнөө л отор нүүдэл. Ажил ихтэй ч урьд жил нь улсын шилдэг болчихсон, Говь шанхын ээлтэйг хэлэх үү, Говь шанх-1, 2-т очоод дөрвөн адуу багтаачихсан. Морьд хөнгөн, сэтгэл нэг л өөдрөг. Тиймээс л сэтгэл татсан Говь шанх-3 наадмаа зорилоо. Боржигон гэж өөрийгөө хүндэлдэг хүн бүхэн чуулж, зард гарч Халхад танигдсан хүлэг бүхэн хүрэлцэн иржээ. Их насны морьд мордоход газар газраас цугласан шандаст хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөлж морь будлиангүй сайхан эргэлээ. Газрын тэг дунд ороход л ганган хар морь нь толгой хаялан тасарч, эрчит дөрвөн хөлөөрөө газар эхээ илбэж, эрчлэн босох тоосоороо тэнгэр бурхнаа аргадаж говийн хөх зэрэглээг туучин Говь шанхын түрүү магнай боллоо.
Хүрээлсэн олон наадамчин хүлэг, уяач хоёрыг Хүй долоон худгийн торгон ногоон дэнжид хүндэтгэн залж байхад зарим нэгэн хүн хар морь улсын царгүй, говийн л морь гэж ам мэдэн ярьсан яриа хүн, хүлэг хоёрын чихэнд хүрчээ. Их нас түрүүлгэсэн хүн айл бүрийн хойморьт суудаг хойно суух бүртээ л төрийн наадам, төв цэнгэлдэх бодогдоно. 2008 оны зун морьдын уяа эвлэг, хүн, хүлэг хоёр эртний домогт буурал дэнжийг мөрөөсөн салхи сөрөн хойд зүгийг л харна. Их сунгаа болж гурван морь нь угсраагаараа, хар морь нь дөрвөллөө. Арал, ам хоёроо бодож хар морь, уяач хоёр Хүй мандлын дэнжийг зорилоо. Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд эргэлээ. Бал алаг, Егүзэр хээр, Мөнхбатын хүрэн гээд зартай морьд зарлагдаж, аралтай хэдэн морь ар дээр Цагаан хөтөл өгсөхөд зангараг зааж хар морь цээжний хэдтэй нийлж өндөр хүчдэл өнгөрөхөд л өнгөнд гаран түрүүлж төрийн наадмын түмэн эх болж хуран цугласан наадамчин олныг халуухан төөнөж цэнгүүлэв. Уяачийн нүдэнд баярын нулимс хурж, унаачийн чихнээ магтаалын үгс сонсогдож, Зууны манлайгаас эхлээд зуур таарсан бүхэн уяач, хүлэг хоёроор бахархаж, тэр жилийн наадмын чимэг нь тэр хоёр байлаа. Эрдэнэчулуун уяач унаган голдуу адуугаараа тасралтгүй 17 жил улс, бүс, аймгаас 9 түрүү, 24 айраг хүртжээ. Өөрөө хурдлуулаад зогсохгүй нутгийн олон залуусыг уяаны эрдэмд сургаж 3 хүнийг аймгийн алдарт уяач болгон өөрийн бий болгосон хурдан адуугаа нутгийн түмэндээ түгэээж байна. Аймгийн Алдарт Ганбаярт бэлгэнд өгсөн түүний унаган хээр даага 20 уралдаж, аймаг, сум, овоо тахилганы наадамд 20 удаа тоосоо өргөхдөө 7 удаа магнайдаа тоосгүй хурдалж, 6 аман хүзүүдэж, 4 удаа айргийн таваар хурдалж, шүдлэндээ 10 уралдаж, 7 айрагдаж улсын бүсэд нэг айрагдаж, нэг зургаалж, аймгийн наадмаас 1 түрүү, 1 айраг хүртсэн нь бас л нэгийг өгүүлэх шиг. Ийм л хурдан хүлгүүдийг бий болгон өөрөө өөрийгөө хурцалж Ардын хувьсгалын их ойд ахиад битүү морь түрүүлгэнэ гэж бодлоон тунгаан сууна.
Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна